Хичээлийн зорилго
Энэ хичээлийн төгсгөлд суралцагчид амьдралын бүх нөхцөл байдал, бүх үед шударга байх амлалт гаргана.
Lesson
Playlist
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
Энэ хичээлийн төгсгөлд суралцагчид амьдралын бүх нөхцөл байдал, бүх үед шударга байх амлалт гаргана.
Абрахам дэлгүүрт ажилладаг байв. Нэг өдөр хариулт мөнгөө дутуу өгснөө анзаарчээ. Гэтэл үйлчлүүлэгч хэдийн яваад өгсөн байв. Тэр эмэгтэй нэлээд хол хөдөөгийн бүсэд амьдардаг учраас түүнтэй дахиж мөд уулзахгүй гэдгээ Абрахам мэдэж байсан. Хэдийгээр хариулт бага мөнгө байсан боловч, тэр мөнгө мөнөөх эмэгтэйд хэрэгтэй байх гэж санаа зовлоо. Түүнээс гадна тэр эмэгтэй Абрахамыг санаатайгаар тэр мөнгийг авсан гэж бодуузай хэмээн бодсон тул тэр өдөр дэлгүүрээ хаагаад мөнгийг буцааж өгөхөөр хэдэн бээр газар явган алхжээ. Иймэрхүү нөхцөлд тэр дандаа ингэж хариуцлагатай ханддаг учраас найзууд нь түүнийг “Шударга Аби” гэж нэрлэдэг байжээ. Хожим нь тэрээр хуульч болж, засгийн газарт ажилласан юм. Түүний шударга байдал бусдын хүндэтгэлийг хүлээж, эцэстээ тэрээр АНУ-ын ерөнхийлөгч болсон билээ.
Бурхан хэзээ ч худал хэлдэггүй гэж Библид хэлдэг (Тит 1:2, Еврей 6:18). Түүний мөн чанар үргэлж тогтвортой, хувиршгүй (Иаков 1:17) юм. Бурхан зөвхөн ашигтай үед л үнэнийг хэлдэг биш, мөн Тэрээр сайн үр дүнгийн төлөө ч худал хэлэхгүй. Бурханы Үг бол туйлын үнэн, найдаж болох үг гэдэгт бид итгэлтэй байж болно. Түүний үнэн бидэнд аюулгүй байдлыг өгдөг (Дуулал 40:11, Дуулал 91:4).
► Хэрэв та Бурхан үргэлж үнэнийг хэлдэг гэдэгт итгэдэггүй байсан бол Бурхантай харилцах харилцаа тань ямар байх байсан бол?
Бурхантай харилцах харилцаанд үнэн ямар чухал болохыг бодож үзээрэй. Бурхан биднийг Түүнд өөрсдийгөө бүрэн зориулахын төлөө дуудсан. Хэрэв бид бүрэн итгэж чадахгүй бол бүрэн зориулж чадахгүй.
Бурхан биднийг үргэлж үнэн ярьдаг байгаасай гэж хүсдэг. Худал хэлдэг хүн Бурханы мэлмийд зөвт бус (Сургаалт үгс 12:22).
Зарим хүн заргаа авахын тулд шүүхэд худал хэлдэг. Мөнгөтэй зарим хүн бусдын өмч хөрөнгийг авахын тулд худал мэдүүлэг өгчихөөд шүүгчийг хахуулдах явдал ч гардаг (Иаков 2:6). Хөрөнгөтэй зарим хүн худал үгээ баталгаажуулахын тулд хээл хахууль өгч, шударга ёсыг тойрч, гэмгүй хүмүүсийг буруутгадаг (Иаков 5:1, 6).
Таны зөв гэж бодогдож байлаа ч, худал гэрчлэх нь нүгэл юм. Библид ямар ч онцгой нөхцөл байсан ч, худал гэрчийг буруутгадаг (Гэтлэл 20:16; Сургаалт үгс 6:16-19, Сургаалт үгс 14:25, Сургаалт үгс 19:5, 9). Хэрэв хор хохирол учруулахгүй, эсвэл сайн юмны төлөө бол худлаа хэлж болно гэж олон хүн боддог байх. Харин Библид үүнийг зөвшөөрдөггүй. Худлаа хэлж болох цаг үе гэж хэзээ ч байдаггүй гэдгийг Библи сургадаг.
Итгэгчид ямар ч тохиолдолд үнэнийг ярьдаг байх ёстой. Бидний харилцаанд үнэн зайлшгүй чухал (Ефес 4:25).
Ефес 4:15 эшлэлд үнэнийг ярих нь сүнслэг өсөлтөд хэрэгтэй гэжээ.
Колоссай 3:9-д худлаа хэлэх нь бидний тайлж орхисон нүгэлт амьдралын нэг хэсэг юм гэжээ.
Бурхан худалч хүмүүсийг шүүж, буруутгах болно. Бурханы хууль зааварт аймшигтайгаар буруушаасан зүйлсийн жагсаалтад худал хэлэх нь багтсан байна (1 Тимот 1:10, Илчлэл 22:15). Бүх худалч хүн тамын галд шидэгдэнэ (Илчлэл 21:8). Худалч хүмүүс Бурханы хотод орж чадахгүй (Илчлэл 21:27).
► Нэг суралцагч Сургаалт үгс 11:1 эшлэлийг бүлэгт уншина.
Энэ эшлэлд жимс, ногоо, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн жинлэдэг хэмжүүрийн багажийн тухай ярьж байна. Зарим хүн илүү мөнгө авахын тулд жин хэмжүүрээ өөрчилсөн байдаг. Харин Бурхан ийм шударга бус байдлыг үзэн яддаг гэж энэ эшлэлд хэлж байна.
Түүнчлэн аливаа бүтээгдэхүүн зарахдаа бодит байдлыг нь худал хэлэх, эсвэл гажгийг нь нууж зарах буруу. Мөн худалдан авсан барааныхаа жинхэнэ үнийг худлаа хэлж, илүү үнээр зарах гэж оролдох ч бас буруу.
Мөнгө төлөхөөс зайлсхийж, хуурамч бичиг баримт дээр гарын үсэг зурах ч зөв зүйл биш. Ашиг олохын тулд хүмүүсийг хуурч байгаа дарга, захиралдаа туслах ч буруу.
► Таны ажигласнаар хүн хуурч мэхэлдэг өөр ямар ямар арга хэлбэрүүд байдаг вэ?
Буруу муу хүмүүс зээлж авсан мөнгөө буцааж төлдөггүй гэж Библид хэлдэг (Дуулал 37:21, Сургаалт үгс 3:28). Зарим хүн зээлж авчихаад эргүүлж төлөх үүрэг хариуцлагаа ер ухамсарладаггүй. Харин төлөх ёстой бүхнээ заавал төлж барагдуулах ёстой гэж Библид заажээ (Ром 13:7-8).
Ер нь амласнаа биелүүлж, хэлсэндээ хүрэхийг шударга байдал гэдэг. Дуулал 15-д Бурхантай зөв харилцаатай хүний тухай ингэж дүрсэлж байна. Өөрт нь хохиролтой байсан ч, амлалтаа биелүүлэх нь ийм хүний нэг зан чанар юм (Дуулал 15:4).
Түүнчлэн ажилд орчихоод хийх ёстойгоо хийхгүй, ажил олгогчоо хуурдаг бол, энэ ч бас шударга бус байдал мөн (Ефес 6:5-6).
Ажилчин хүн ажил олгогчийнхоо эд юмсыг хумслах нь буруу (Тит 2:9-10).
Худалдан авалт хийчихээд барааныхаа үнийг хуурамчаар нэмж, баримт падаан бичих буруу. Ажилтан, худалдааны зөвлөхүүд бараа зарахдаа зарах үнийг нь нэмж хэлээд, үнэ нэмэгдсэн мэтээр хууран мэхэлж мөнгө завшвал буруу.
Ажил олгогчид амласан цалин хөлсөө ажилчдадаа төлөхгүй бол буруу (Иаков 5:4).
Хэн нэг хүний хаяж гээсэн юмыг өөртөө авах нь буруу. Боломжтой бол эзэнд нь буцааж өгөх ёстой (Дэд хууль 22:1).
Хэрэв та бусдын хөрөнгө, нөөцийг (ажил олгогч юмуу чуулганы үйлчлэл) хариуцан удирдаж байгаа бол, мөнгө эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашиглах нь буруу.
Зарим газар оронд хүмүүс овгийн ахлагчийнхаа халамж дор амьдардаг. Хүмүүс ахлагчдаа үнэнч байж, ахлагч нь хүмүүсийнхээ хэрэгцээнд туслах ёстой гэж тэд үздэг. Ийм нийгэмд олонх нь хувийн өмчгүй байх бөгөөд газар мэтийн хамгийн чухал өмч тухайн овгийн мэдэлд байна. Тиймээс удирдагчид эдгээр нөөцийг хүн бүрд ашигтай байхаар хуваарилах ёстой. Хэн нэгэн хүнд хэрэгцээ гарвал овгийн нөөцөөс хэрэглэх ёстой гэж тэд үздэг.
Гидеон ширэнгийн нэгэн тосгонд төржээ. Түүний гэр бүл болон тэр хавийн айлууд тосгоны эзэмшлийн газар дээр ногоо тариалж, хоол хүнсээ олдог байв. Түүнчлэн ширэнгэн ойгоос янз бүрийн хэрэгцээтэй зүйлсээ олж авна. Тэдний хэн нь ч байшин барилаа ч газраа эзэмшиж чаддаггүй байжээ. Хүнд бэрх үе ирэхэд айлууд бие биедээ тусална. Тосгоны ахлагч нь яг л эцэг хүн шиг байсан бөгөөд хүмүүс түүнийг өөрсдийнх нь хэрэгцээний төлөө санаа тавих ёстой гэж найддаг байжээ.
Гидеон насанд хүрээд мод бэлтгэлийн компанид ажилд оров. Тиймээс ажлынхаа ойролцоо амьдрахаар тосгоноосоо явлаа. Тэрээр сар бүр цалин авах боловч заримдаа хангалттай хоол хүнс ч үгүй байх нь элбэг. Учир нь цалингаа яаж зарцуулахыг Гидеон мэддэггүй байсан юм. Харин дарга нь түүнд хоол өгнө гэж бодсон бөгөөд хүн бүх зүйлийг өөрийнхөө мөнгөөр худалдаж авах ёстой гэж дарга нь хэлэх үед Гидеон маш их гайжээ. Удалгүй Гидеоны эгч өвдөж, эмч хэрэгтэй болов. Гидеон даргаасаа мөнгө гуйсан боловч дарга тусалсангүй. Үүнд Гидеон маш их уурласан байна. Түүний бодлоор дарга нь Гидеоны хүнд асуудал дээр тусламж үзүүлэх ёстой байв. Харин даргын хувьд цалингаа тавих нь л Гидеоны өмнө хүлээсэн цорын ганц хариуцлага хэмээн хэлжээ. Даргыгаа хангалттай туслаагүй гэж үзсэн учраас Гидеон ажлаасаа гарч, зарим нэг багаж хэрэгслийг хулгайлан тосгон руугаа явжээ.
Гидеон хожим нь эхнэр хүүхэдтэйгээ хот руу нүүж, хүнсний том дэлгүүрт ажилд оров. Гидеон даргаасаа хүүхдийн сургуулийн төлбөр төлж өгөхийг гуйхад дарга нь төлж өгсөнгүй. Зарим үед гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах мөнгө түүнд хүрэлцдэггүй байжээ. Тэрээр хоол хүнс зардаг дэлгүүрт ажилладаг учраас дэлгүүрийн бараанаас гэртээ авч харьж болно гэж бодсон байна. Гэхдээ дарга нь зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан учраас хоол хүнсний бараанаас нууцаар авдаг болжээ.
Зарим ажилчид ажил олгож байгаа хүмүүсийнхээ ямар хариуцлага хүлээх, юуг хүлээхгүй талаарх хязгаарыг сайн ойлгодоггүй. Тэд ажилчныхаа бүх хэрэгцээг хариуцах нь ажил олгогчийн үүрэг гэж боддог аж. Тиймээс ажлын хөлснөөс гадна олон төрлийн тусламж гуйдаг. Хэрэв хэрэгтэй зүйлийг нь өгөхгүй бол, хулгайлаад авах нь зөв гэж тэд боддог. Яагаад гэвэл ажил олгогч нь ажилчдынхаа хэрэгтэй зүйлийг өгөх өртэй гэж тэд үздэг.
► Нэг суралцагч Тит 2:9-14 эшлэлийг бүлэгт уншина.
Дээрх эшлэлд ажилчин хүн ажил олгогчоосоо хулгай хийх ёсгүй гэдгийг сануулж байна. Харин 10-р эшлэлд шударга байдал нь христитгэлийг сайхан харагдуулна гэжээ. Улмаар дараагийн эшлэлд нигүүлслээр өөрчлөгдсөн хүний амьдрал ямар байх ёстойг дүрсэлж байна.
Шударга байдал зөвхөн мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудал биш.
Калеб хамтран ажиллагчтайгаа өглөөний 8:00 цагт уулзана хэмээн тохирчээ. Гэвч өглөө оройтож босоод, цайгаа уусаар бүтэн цаг гаруй хоцорч очив. Тэгээд хамтран ажиллагч хүндээ жолооч нь оройтож ирсэн учраас хоцорсон гэж хэлжээ. Харин хамтран ажиллагч нь үүнд ер гайхсангүй. Калебын бүх найзууд түүнийг хэлсэндээ хүрдэггүйг мэддэг аж.
Калеб хоёр асуудал дээр шударга бус хандсан байна.
1. Тэр амласандаа хүрээгүй.
2. Хоцорсон шалтгааныхаа талаар худлаа хэлсэн.
Хүмүүс таныг ямар нэг ажлыг хийнэ, эсвэл ямар нэг газарт цагтаа очно гэж хэлэхэд итгэдэг үү? Та өөрөө бас тэгж хэлж байхдаа өөртөө итгэдэг үү? Хэрэв та ямар нэг юм амласан л бол, түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргана гэж давхар амлаж байгаа хэрэг. Амлалт өгчихөөд амласандаа хүрэхийн төлөө зүтгэхгүй байх нь буруу юм.
Хэрэв та амласандаа хүрээгүй бол уучлал гуйх ёстой. Мөн яагаад амлалтаа биелүүлж чадаагүй шалтгааныхаа талаар худал хэлэх ёсгүй.
Түүнчлэн алдаа гаргачихаад байгууллагынхаа хүмүүст алдаагаа тохох нь буруу. Хүмүүс таны алдаа байсныг мэдэх үедээ танд итгэхээ болино.
Итгэл даасан удирдагч хүн хүмүүсийг өөрийнхөө санаагаар дагуулахын тулд худлаа ярих гэж оролдохгүй. Стивен Кови “Бусдын итгэлийг төрүүлэх замаар үр дүнд хүрэхийг удирдахуй гэнэ” гэж хэлжээ.[1]
Олон хүн гэр бүл, садан төрлийнхөндөө худал хэлэх буруу гэж үздэг атлаа бусад хүмүүст худал хэлж болно гэж боддог. Зарим хүн өөрийгөө илүү цалин авах ёстой гэж үздэг учраас ажил олгогчоосоо мөнгө, эд зүйлс хулгайлдаг. Зарим хүн баячууд юмуу, гадаадын хүмүүсийн юмыг хулгай хийх нь зөв зүйл гэж боддог. Харин зарим нь өөр үндэстэн, эсвэл нийгмийн өөр давхаргын хүнтэй ажил хэргийн харилцаа үүсгэх үедээ шударга бус хэлцэл хийдэг.
Есүс хөршөө өөрийн адил хайрла гэсэн (Марк 12:31). Нэгэн хуульч Есүсээс “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” гэж асууж байсныг санаарай (Лук 10:29). Тэр хуульч ямар төрлийн хүмүүсийг бид хайрлах ёстой талаар тодорхойлж өгөхийг Есүсээс хүссэн. Тиймээс Есүс “Сайн самари хүний тухай” сургаалт зүйрлэлийг ярьсан юм (Лук 10:30-37). Энэ бол анх удаа тааралдсан, өөр гаралтай хоёр хүний тухай түүх. Тэд өмнө нь ямар ч харилцаатай байгаагүйгээс гадна, тэдний үндэстнүүд хоорондоо зөрчилддөг байжээ. Самари хүн нөгөө хүний өмнө хүлээх ёстой ямар нэг хариуцлага байхгүй байсан ч, хэцүүдсэн тэр хүнд тусалсан юм. Есүс энэ түүхээр дамжуулан бидний хайрлах сэтгэлийн гадуур үлдэх ёстой хүн гэж байхгүй болохыг онцолжээ.
Бид хэнд шударга хандахаа өөрсдөө шийдэх ёсгүй. Зөвхөн сонгосон хүмүүстээ л шударга хандах ч ёсгүй. Бидний шударга бус байдал нөгөө хүнийг хохироохгүй байлаа ч, бид тэгж болохгүй. Яагаад гэвэл бид шударга байдлаараа Бурханд таалагдахыг хүсдэг (Үйлс 24:16, мөн Филиппой 1:10, 2 Коринт 5:9 эшлэлийг үз).
Та ямар хүн байхыг хүсэж байна вэ? Бурхан таныг ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?
Хэн нэгэн хүн таны эелдэг харьцааг хүртэх эрхгүй мэт санагдаж болох ч, Бурхан таныг эелдэг байгаасай гэж хүсдэг. Хэн нэгэн хүн таны шударга байдлыг хүртэх эрхгүй мэт санагдаж болох ч, Бурхан таныг шударга байгаасай гэж хүсдэг. Хэн нэгэн хүн таны хайрыг хүртэх эрхгүй мэт танд санагдаж болох ч, Бурхан таныг хайрласан учраас, тэр хүнийг та бас хайрлаасай гэж хүсдэг.
► Суралцагчид 1 Петр 2:21-23, мөн 1 Петр 3:8-12 эшлэлийг бүлэгт уншина.
Бусдын гаргасан зан авираар та өөрийнхөө зан чанарыг битгий тодорхойлуул. Хүн танд худал хэллээ гээд та худал хэлэх ёсгүй. Хүн таны юмыг хулгайллаа гээд та өөрөө хулгай хийж болохгүй. Хүн танд бүдүүлэг хандаж ч болно. Гэсэн ч та хүндэтгэлтэй хандах ёстой юм.
Эдгээр жишээ нь бүгд бодит явдал бөгөөд нэрс болон зарим дэлгэрэнгүй мэдээллийг нь өөрчилсөн болно. Бүгд хулгай хийх, худал хэлэх юмуу хоёуланг нь хавсарсан жишээнүүд юм.
Ангийн удирдагчид зориулсан тэмдэглэл: Суралцагчид жишээ бүрд юу болсон талаар сайн ойлгосон эсэхийг шалгаарай. Жишээнд дурдагдаж байгаа үйлдэл яагаад буруу гэдгийг суралцагчдаас асууж, тайлбарлуулаарай.
1. Иаков үйлдвэрт ажилладаг. Тэр үргэлж цэвэрлэгээний материал, багаж хэрэгсэл, жижиг сажиг зүйлсийг гэр лүүгээ авч явдаг. Үйлдвэр угаасаа цэвэрлэгээний материал нэмж өгөхийг мэддэг учраас тэгдэг байжээ.
2. Петр нэгэн том компанид том машины жолооч хийдэг байв. Заримдаа машинтайгаа явж байгаад замын хажууд “Дизель худалдаж авна” гэсэн зар байхыг хардаг байв. Бага зэргийн түлш зарлаа гээд компани мэдэх боломжгүй учраас тэр машинаа зогсоож, бага зэрэг түлш зарчихдаг байжээ.
3. Естер ажилладаг компанийхаа компьютерын тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг хариуцдаг байв. Тэрээр дэлгүүрийн борлуулалтын ажилтнуудтай хуйвалдан худалдан авалтын үнийг өндөр бичүүлээд, зөрүү мөнгийг нь өөрөө авчээ.
4. Том хотын нэгэн цэцэрлэгт нэг хүн шатсан гэрлийн чийдэн зардаг. Худалдан авч байгаа хүмүүс нь тэр чийдэн ажиллахгүй гэдгийг мэднэ. Гэхдээ тэд худалдан аваад оффистоо аваачиж, сайн чийдэнг шатсан чийдэнгээр сольчихдог байжээ.
5. Амос бол сургуулийн захирал. Нэг өдөр нэгэн аав ирээд тооны хичээл дээр хүүдээ сайн дүн өгүүлэхийг хүсжээ. Тэгээд Амост мөнгө өгсөн байна. Амос тэдний хүүхдэд сайн дүн тавихыг тооны багшаас шаарджээ.
6. Aндрей бол их сургуулийн профессор. Түүний цалин бага. Тэрээр шалгалт маш хүнд байх учраас хариуг өөрөөс нь худалдаж авахгүй л бол хэн ч тэр шалгалтыг давахгүй гэж оюутнууддаа хэлжээ.
7. Аарон бол улсын сургуулийн захирал. Нэг өдөр сайнмэдээний үйлчлэлийн байгууллагад ажилладаг Филип гэх найз нь тэр сургуульд түрээслүүлэх өрөө байгаа эсэхийг асуужээ. Аарон үнэ тохирч, Филип мөнгөө сар бүр төлөх болов. Тэр мөнгийг Аарон хэзээ ч орлогод бүртгээгүй ажээ.
8. Филип сайнмэдээний нэгэн байгууллагад ажилладаг. Байгууллага нь өрөө түрээслэх шаардлагатай байсан тул тэрээр сургуулийн захирал, найз Аарон дээрээ очиж гуйсан байна. Тэд үнээ тохиролцсон боловч Филип байгууллагадаа илүү өндөр үнэ хэлжээ. Ингээд тэр сар бүр Ааронд түрээсээ төлөөд илүү мөнгийг нь өөртөө авдаг байв.
9. Сет шинэ байшин хэрэгтэй байгаа нэгэн сайнмэдээний үйлчлэлийн байгууллагад ажилладаг. Байгууллага нь барилга барих компани олохыг Сетэд даалгажээ. Сет хэд хэдэн барилгын компанитай ярьж үзсэн боловч, хамгийн сайн үнэ санал болгосон компанийг биш, харин байгууллагаас авах барилгын зардал мөнгөнөөс өөрт нь хувь өгөхийг амласан компанийг сонгожээ.
10. Бенжамин машинаа үзлэгт оруулах шаардлагатай байв. Гэвч зарим гэрэл нь ажиллахгүй байсан учраас үзлэгт тэнцэхгүй нь тодорхой байлаа. Тэгээд машинтайгаа үзлэгийн талбайд очтол, үзлэгт орж, бичиг баримтаа авахаар хүлээж буй машинуудын урт дараалал үүссэн байв. Үүдний ойролцоо зогсож байсан нэг хүн мөнгө өгвөл дараалал харгалзахгүй шууд үзлэгийн хуудсыг бөглөж өгнө гэж хэлэв. Бенжамин хэлсэн мөнгийг нь төлөөд тэр дороо баримт бичгээ авч чаджээ.
11. Симон машинаа зогсоолоос авахаар очжээ. Гэтэл зогсоолын ажилтан төлбөр нэхэв. Симон тэр ажилтанд арай бага мөнгө өгөөд, хариуд нь зогсоолын төлбөрийн баримт авахгүй гэжээ. Ингээд нөгөө ажилтан төлбөрийн баримтыг дараагийн машинд өгч, харин Симоны өгсөн мөнгийг өөртөө үлдээжээ.
12. Анна шалгалтдаа сайн бэлдээгүй байв. Тэгээд ангийнхаа онц сурлагатны хажууд суугаад шалгалтын хариуг нь хуулахыг хүсжээ.
13. Исаиа төрийн өмчийн том аж ахуйд трактор жолоодон газар хагалж байв. Тэрээр ажлаа эрт дуусгахыг хүсжээ. Тиймээс анжисны хошууг дээш өргөж, хөрсийг хагалах ёстой хэмжээнээс нь илүү гүехэн хагалав. Ингэснээр трактор илүү хурдан ажиллажээ. Мэдээж талбайг хагалсан мэт харагдаж байгаа ч, хөрсийг зохих ёсоор нь гүн хагалаагүй учраас ургац сайн ургаагүй.
14. Нэгэн сайнмэдээний байгууллага пастор Майклыг нэг чуулган руу илгээжээ. Сайнмэдээний байгууллага сар бүр түүнд цалин явуулж байв. Гэтэл пастор Майкл үйлчилж байгаа чуулганаасаа бас цалин авахыг хүсжээ. Тиймээс үйлчлэлийн байгууллага нь түүнийг дэмжихээ больсон гэж чуулганыхандаа хэлсэн байна.
15. Элизабетийн гэрт хулгай орж, мөнгөө алдав. Тэрээр энэ тухай найз нартаа ярихдаа хулгайчийг олон эд зүйл авсан гэж хэлсэн. Үнэндээ Элизабетэд байгаагүй эд зүйлсийг ч бас алдсан мэтээр ярьжээ. Найзууд нь түүнийг өрөвдөөд алдсан зүйлсээ дахиж авах мөнгө цуглуулж өгсөн байна.
16. Жэйсон бол жижиг тосгоны захирагч, бас тэр тосгоныхоо чуулганы удирдагч хүн юм. Тэндхийн хүмүүс боловсролгүй, бүдүүн бараг хүмүүс боловч, тосгон харин их том газартай байжээ. Гэтэл хотын бизнес эрхлэгчид ирээд тариалангийн төсөл хэрэгжүүлэх газар худалдан авах хүсэлтээ гаргажээ. Жэйсон тосгоны бүх газрыг зараад мөнгөөр нь хотод өөртөө байшин бариулжээ.
17. Фэйрфилдийн олон нийтийн чуулган жил бүр “Оны хүндэт ээж”-г шалгаруулдаг байв. Тэд Рэйчилийг чуулганд нь хандив өгнө гэдгийг мэдсэн учраас Рэйчилийг сайн ээжийн жинхэнэ үлгэр дуурайл хэмээн тооцож, хүндэт ээжээр шалгаруулав. Энэ хүндэтгэлийн дараа Рэйчил тэр чуулганд хандив өргөж, шинэ хаалга авахад нь тусалжээ. Дараа жил нь тэр эмэгтэй мөнөөх хотоос нүүсэн боловч, чуулганыхан нь дахиад л түүнийг “Оны шилдэг ээж”-ээр шалгаруулахаар шийджээ.
18. Бартолмэй нэгэн сайнмэдээний үйлчлэлийн байгууллагад жолооч хийдэг. Тиймээс орой бүр байгууллагын машиныг авч аюулгүй газар байрлуулдаг байв. Заримдаа машинаа зогсоолд байрлуулахаас өмнө хүн хүргэх, эсвэл бараа зөөхөд машиныг хувьдаа ашигладаг байжээ.
Энэ түүх зохиомол боловч олон газар ийм явдал тохиолдсон байдаг.
Borol хотын итгэгчид зэргэлдээх аймагт нь маш олон ядуу хүн амьдардаг бүс нутаг байгааг олж мэджээ. Тэр нутгийн хүмүүс Ibanese гэх угсаатан байв. Ibanese угсаатнууд хэдэн үеэрээ эрт дээр үеийн байдлаар амьдарч, эмнэлгийн болон боловсролын тусламж үйлчилгээ авч чаддаггүй байжээ. Олонх нь хангалттай хоол хүнсгүй, зарим нь бүр өлсгөлөнд нэрвэгдсэн байв.
Ингээд Borol-ын итгэгчид Ibanese хүмүүст туслахаар мөнгө цуглуулав. Тэд чуулганаасаа төлөөлөгчид явуулж, бусад бүс нутгийн чуулгануудаас ч бас хандив гуйжээ.
Borol-ын итгэгчид Ibanese хүмүүст машин машинаар дүүрэн хоол хүнсний бараа илгээж эхэллээ. Тэр хүнсийг тараах ажлыг Ibanese-ийн чуулганы удирдагчдад хариуцуулав.
Харин Ibanese-ийн чуулганы удирдагчид ирсэн хүнсийг зарж борлуулахаар худалдааны цэгүүд байгуулжээ. Ингээд зөвхөн мөнгөтэй хүмүүс л хүнс худалдан авч, харин өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст юу ч очсонгүй. Зарим хүнсийг нь илүү үнэ төлж чадах өөр улсад зарахаар гадаад руу ачуулжээ. Олсон ашгийг чуулганы удирдагчид найзуудтайгаа хувааж авсан байна.
Харин Borol-ын итгэгчид хүнсийг яг хэрэгтэй байгаа хүмүүст нь үнэгүй өгөхийг шаардаж байв. Ibanese-ийн чуулганы удирдагчид жолоочтой ачааны машин түрээслэх, туслах хүмүүсийн цалин гэх мэт зардлыг тусгасан хүнс тараах ажлын төсөв боловсруулжээ. Ингэхдээ гарах зардлыг ердийнхөөс илүү өндөр тогтоож, илүү мөнгийг нь өөрсдөө авчээ. Borol-ын итгэгчид тайлан шаардах үед Ibanese-ийн чуулганы удирдагчид худлаа тайлан явуулжээ.
Тэдний шударга бус үйлдлийг илрүүлэх бүрдээ Borol-ын итгэгчид бухимдан урам нь хугардаг байв. Тэд Ibanese-ийн өөр удирдагчидтай холбоо тогтоож, энэ ажил дээр туслалцаа авах гэж оролдсон боловч мөн адил асуудлуудтай тулгарчээ. Ингээд Borol-ын олон итгэгчид хандив өгөхөө болив. Зарим нь өгсөөр л байлаа. Цөөн хэдэн Ibanese пастор Borol-ын итгэгчдийн дэмжлэгээр сайхан машин, орон байртай болжээ. Тиймээс бусад пасторууд нь атаархаж, Borol-ын итгэгчидтэй холбоо тогтоохыг хүссэн байна. Харин өлсгөлөнд нэрвэгдсэн алслагдсан нутгийн хүмүүсийн олонх нь хэзээ ч тусламж авч чадаагүй юм.
Воррен Баффет бол Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал байсан хүн. Тэрээр Walmart-ын эзэмшиж байсан McLane гэх түгээлтийн компанийг худалдан авахыг хүсжээ. Худалдан авах үнэ 23 тэрбум доллар болов. Ердийн үед ийм том наймаа хийхийн тулд бүх бичиг баримтыг шалгасаар хэдэн сарыг зарцуулдаг. Харин Воррен Баффет Walmart-ын удирдлагуудтай ганц удаа уулзаад, шууд гэрээ байгуулсан аж. Тэрээр өмчийг шалгуулахаар хэн нэгнийг явуулаагүй. Хожим тэрээр “Би бүх зүйлийг Walmart-ын удирдагчдын хэлсний дагуу байгаа гэдэгт итгэсэн. Үнэхээр ч тийм байсан” гэж хэлсэн байдаг. Энд удирдагчид бие биедээ итгэж байсан учраас энэхүү асар том худалдан авалтын гэрээ хэлэлцээр маш хурдан дууссан байна.[1]
Одоо өмнө өгүүлсэн жишээний тухай бодоорой. Тэд итгэл даах хүмүүс байгаагүй учраас тэдний хэн нь ч ийм төрлийн гэрээ хэлэлцээр байгуулж чадахгүй. Яагаад гэвэл бүх зүйлийг нь шалгах гэсээр асар их цаг хугацаа, зардал мөнгө зарцуулагдах байсан.
► Зайлсхийхэд хэцүү шударга бус ямар зан заншил танай соёл уламжлалд байдаг вэ?
► Үүнийг өөрчлөхийн тулд та ямар дадал зуршлыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
Тэнгэрлэг Эцэг минь,
Та бол зөвт байдал хийгээд үнэний Бурхан учраас Таныгаа хүндэтгэн магтъя. Та бидэнтэй үргэлж үнэнээр харилцдаг учраас баярлалаа.
Таны тогтоосон шударга байдлын хэм хэмжээг дагах хүчийг бидэнд өгөөч. Хэлж ярьж, хийж байгаа бүх зүйлдээ үнэнч шударга байх зарчмуудыг хэрэгжүүлэхэд Та бидэнд туслаач.
Биднийг хангаж, замчилж өгдөг Эцэг минь болсонд баярлалаа. Та биднийг анхааран халамжилна гэдэгт бид итгэж найдахыг хүсэж байна.
Амен
(1) Дараах даалгавар тус бүр дээр нэг догол мөр бич.
Бурханы зан чанар (үнэн) болон Бурханаас бидэнд тавьсан хэм хэмжээ (шударга байх) хоёрын уялдаа холбоог тайлбарла. Бурхан яагаад биднийг бүхий л харилцаандаа үнэн шударгаар хэлж ярьж байхыг шаарддаг вэ? Үүнийг тайлбарлана уу!
Библи шударга байдлын талаар юу хэлсэн байдгийг товч дүгнэж бич. Дүгнэлтдээ багадаа 3 эшлэл ашиглаарай.
Шударга ба шударга бус байдал бусадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар багадаа 4 жишээ авч тайлбарла.
(2) Үнэнч шударга байдлын талаарх Библийн зарчмыг өөрийнхөө нутгийн соёл уламжлал дунд танилцуулах толилуулга бэлтгэ. Бурханы хэм хэмжээний талаарх Библийн үндэслэлийг тайлбарлаад, тодорхой нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлж болохыг тайлбарла.
13 lessons · Монгол хэл
Your print request has been recorded. Your download should begin shortly.
Download Print-Ready FileFree to print for ministry use. No changes to content, no profit sales.
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom.
Questions? info@shepherdsglobal.org
$21.99 each
Added to Cart
By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others