Ефес 5:25, 28-д хэлэхдээ, “Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла… Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие шиг хайрлах ёстой…”
Нөхөр нь эхнэрээ хайрлаж буйгаа байнга хэлж байх ёстой бөгөөд тэр үүнийг мэдэж байгаа гэж бодох ёсгүй юм. Мөн үг ярианаас илүүтэйгээр хайраа илэрхийлэх ёстой. Эхнэрийнх нь хувьд чухал байдлаар тэр хайраа харуулах ёстой. Нөхөр нь өөрийнхөө хувьд чухал байдлаар хайраа илэрхийлсэн учраас эхнэр нь хайрлагдсанаа мэдрэх байх гэж бодох ёсгүй. Учир нь эхнэрийнх нь хэрэгцээ түүнийхээс өөр юм.
(1) Нөхөр нь аюулгүй байдлыг хангах замаар эхнэрээ хайрладаг.[1]
Эхнэр хүн нөхөр нь түүнийг бие махбодын болон сэтгэл санааны хувьд хамгаалдаг гэдгийг мэдэхийг хүсдэг. Нөхөр нь хөршүүдтэйгээ үүссэн аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэх ёстой. Нөхөр хүн гэр нь аюулгүй газар гэдгийг баталгаажуулах ёстой. Эхнэрийг нь хүмүүс (тэр байтугай хамаатан садан нь) шүүмжлэх үед тэр түүнийг өмгөөлөн ярих ёстой. Эхнэрээ өөртөө захируулахын тулд нөхөр хүн цохих эсвэл ямар нэгэн байдлаар бие махбодын хохирол учруулах ёсгүй. Тэрээр гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв нөхөр нь мөнгө санхүүгийн асуудалд хайнга ханддаг бол эхнэр нь түүнийг гэр бүлийнхээ хэрэгцээг анхаардаггүй гэж мэдэрдэг.
Нөхрүүдэд зориулсан санхүүгийн зөвлөгөө:
Мөнгөний асуудал бол гэрлэлтийн хамгийн том зөрчилдөөний нэг шалтгаан юм. Нөхрүүд ээ,
Ашиг олохын тулд ямар нэгэн хууль бус, ёс суртахуунгүй зүйл хийхээс татгалз. Та Бурханы эрх мэдэл дор байгаа гэдгээ санаарай.
Аравны нэгээ чуулганд өгөөрэй. Бурхан таныг хангана гэдэгт та итгэж байгаа учраас тэр юм.
Ажил эрхлэх хамгийн сайн сонголтыг хайгаарай. Гэхдээ одоохондоо тааламжгүй ажил хийхэд ч бэлэн байх хэрэгтэй.
Ажил эрхэлж байгаа эсэхээс үл хамааран, өдөр бүр өөртөө болон бусдад туслах ажил олж хийгээрэй.
Өнөөдөр мөнгө зээлж, маргаашийн мөнгөө бүү зарцуул.
Таашаал авахын тулд мөнгө зарцуулахдаа эхнэр, хүүхдүүдээ хамруулж байгаарай.
Байрны түрээс гэх мэт ердийн зардлуудад зориулж тогтмол хуримтлал үүсгээрэй.
Тав тухтай байдалд мөнгө зарцуулахын оронд нөхцөл байдлаа сайжруулахын тулд хөрөнгө оруулалт хий.
(2) Нөхөр нь өөрийгөө эхнэртээ үнэнчээр зориулж хайрладаг.
Нөхөр хүн өөрийгөө ёс суртахууны хувьд цэвэр байлгаж, эхнэртээ хангалуун байх ёстой. “Энхрийхэн марал, гоолигхон согоон адил эхнэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж, эгнэгт түүний хайранд чи хөлчүүрэх болтугай!” (Сургаалт үгс 5:19). Хэрэв нөхөр нь өөр эмэгтэйчүүдтэй зохисгүй, ёс бус харилцаатай байвал эсвэл бусармаг зугаа цэнгэлд оролцдог бол эхнэр нь хайрлагдахгүй байгаагаа мэдэрдэг.
(3) Нөхөр нь эхнэрээ ойлгохыг хичээх замаар хайрладаг.
Нөхөр нь эхнэрээ үргэлж ойлгож чадахгүй байж болох ч тэрээр түүнийг сонсож, танихад цаг гаргах ёстой. Бичвэр нөхрүүдэд хандан, “Нөхрүүд ээ... мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар… Амийн нигүүлслийг хамтран өвлөгчийнх нь хувьд…” (1 Петр 3:7) гэж хэлдэг. Хэрэв нөхөр нь эхнэрийнхээ мэдрэмж, үзэл бодлыг дорд үзвэл тэрээр хайрлагдахгүй байгаагаар мэдэрдэг. Нөхрийнх нь хэлсэн үгс логикгүй санагдаж байсан ч хамаагүй, тэрээр санааг нь зовоосон асуудлыг ойлгохоор хичээхийг нөхрөөсөө хүсдэг.
Учир нь Бурхан эр нөхрийг өрх гэрийн тэргүүн байхаар бүтээсэн (Ефес 5:23) бөгөөд орон гэрээ удирдах хариуцлага нь түүнийх юм (1 Тимот 3:4-5). Гэсэн хэдий ч нөхөр, эхнэр хоёр ихэнх шийдвэр дээр санал нийлэх хүртлээ ярилцаж хэлэлцэх цаг гаргах ёстой. Нөхөр нь эхнэрийнхээ мэдрэмж, үзэл бодлыг харгалзан үзэхгүйгээр ямар нэгэн зүйлийг хурдан шийдэх учиргүй. Хэрэв тэд ямар нэг асуудал дээр санал нийлж чадахгүй бол нөхөр нь шийдвэр гаргах шаардлагатай болж болох ч нэгдмэл байж чадаагүйд нөхөр нь харамсах ёстой. Ихэвчлэн нэгдмэл биш байдал нь нөхөрт өгөх сэрэмжлүүлэг болдог. Ихэвчлэн эмэгтэйчүүд илүү ялгах чадвар, мэргэн ухаантай байдаг бөгөөд эрчүүдийг сайн шийдвэр гаргахад энэ нь хэрэгтэй юм.
► Нэг суралцагч Ефес 4:2-3, 15-16 эшлэлийг бүлэгт уншина. Эдгээр эшлэл нөхөр, эхнэрийн харилцаанд хэрхэн хэрэгжих боломжтой вэ?
(4) Нөхөр нь эхнэрээ үнэлж хайрладаг.[2]
Олон эхнэрүүд нөхрүүд нь тэдний хийж буй ажлыг үнэлдэггүй гэж мэдэрдэг. Нөхөр нь эхнэртээ талархлаа илэрхийлэх ёстой. Гэр бүлийнхээ төлөө гаргаж буй түүний хүчин чармайлтыг нөхөр хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр бусад хүмүүсийн дэргэд эхнэрээ хэзээ ч шүүмжлэх ёсгүй.[3] Нөхөр эхнэрийнхээ зан чанар, сэтгэл татам байдал, чадварыг магтах ёстой. Тэрээр эхнэрээ гоё хувцаслахад нь чадах чинээгээрээ туслах ёстой. Нөхөр нь түүний гадаад төрхөд санаа тавихгүй байх үед эхнэр нь хайрлагдахгүй байгаагаар мэдэрдэг.
Нөхөр нь эхнэрээ шүүмжлэх үедээ түүнийг хувь хүн талаасаа хангалтгүй гэж бодоход хүргэж, урмыг нь хугалдаг. Паул итгэгчдэд “хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг” (Тит 3:2) хэлсэн байдаг. Хэрэв шүүмжлэх шаардлагатай бол эхнэрээ үнэлэх үнэлэмж нь шүүмжлэлээс нь илүү их гэдгийг нөхөр маш болгоомжтойгоор батлах ёстой. Нөхөр эхнэрээсээ илүү сайн эмэгтэйчүүдийн жишээг дурдахаас зайлсхийх ёстой.
(5) Гэр бүлийн харилцаандаа цаг гаргаснаар нөхөр нь эхнэрээ хайрладаг.
Хамтдаа амьдралыг хуваалцах нь ярилцах цагийг шаарддаг. Харилцаа нь үгээр гүнзгийрдэг (Сургаалт үгс 16:24, Сургаалт үгс 20:5). Эхнэр нөхөр хоёр өдөр тутмын амьдралаа дүүргэдэг зүйлсийн талаар ярилцах ёстой. Тэд нөхөрлөл, мэдрэмж, хүсэл, санаа зовоосон асуудлуудынхаа талаар ярилцах учиртай. Нөхөр нь ярилцаж, сонсоход цаг гаргах үед эхнэр хайрлагдаж байгаагаа мэдэрдэг. Нөхөр ажлаасаа ядарч ирэхдээ ярилцах эсвэл гэрийн асуудлын талаар сонсох хүсэлгүй байж болох ч энэ хэрэгцээг үл тоомсорлож болохгүй. Хэрэв нөхөр нь бие махбодын дотно харилцааг хүсдэг ч, сэтгэл санааны дотно харилцаанд бэлэн биш бол эхнэр өөрийгөө ашиглагдсан, хайрлагдахгүй байгаагаар мэдэрдэг.
(6) Нөхөр нь эхнэрийнхээ сул талуудад тэвчээртэй хандсанаар хайрладаг.
1 Петр 3:7-д “Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн, та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар…” Ихэнх эмэгтэйчүүд ихэнх эрчүүд шиг бие махбодын хувьд хүчтэй биш байдаг. Мөн ихэнх эмэгтэйчүүд ихэнх эрчүүдээс илүү сэтгэл санааны зовиур, дарамтад өртөмтгий байдаг. Эр нөхөр эхнэрээ тайтгаруулж, урамшуулдаг байх учиртай. Тэрээр эхнэрийнхээ стрессийг хэрхэн тайлахад суралцах хэрэгтэй. Эхнэр нь ядарсан, стресстэй эсвэл санаа зовсон үед түүнд шаардлага тавихаас зайлсхийх ёстой.
(7) Нөхөр нь эхнэрийнхээ практик хэрэгцээг хангаснаар хайрладаг.
Яг л эрэгтэй хүн ажилдаа зориулсан хамгийн сайн хэрэгсэл, ажил хийх сайн газартай байхыг хүсдэг шиг, эхнэртээ сайн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Гэр оронд нь засаж янзлах зүйл, эхнэрийнх нь хэрэглэдэг зүйлс хангагдсан байгаа эсэхийг нөхөр шалгах ёстой.
Нөхрүүд эхнэрүүдээ хайрлах үед гарах үр дүн
Ихэнх нөхрүүд эхнэрээ хайрлах үед эхнэрүүд нь баяр хөөр, хамтын ажиллах хариу үйлдэл үзүүлдгийг олж мэддэг. Эмэгтэйчүүд нөхөр нь өөрт нь үнэнч байж, дээр дурдсан арга замуудаар хайраа илэрхийлэх үед аз жаргалтай болдог. Нөхрүүд эхнэрээ хайрлах үедээ гэрлэлтээсээ хамгийн их зүйлийг хүлээн авдаг (Ефес 5:28). Гэсэн хэдий ч эрчүүдэд үр дүн баталгаа болохгүй. Үүнд хамаарахгүй тохиолдлууд бий. Эрэгтэй хүн хүссэн зүйлээ авахын тулд хайраа харуулах ёсгүй. Тэрээр өөрийнхөө хэрэгцээнд санаа тавихын оронд Бурханыг баярлуулах, эхнэрийнхээ хэрэгцээг хангахын тулд хайраа илэрхийлэх учиртай.
Зарим эхнэрүүд өнгөрсөн туршлагаасаа болж сэтгэл санааны хохирол амссан байж болох бөгөөд нөхрийнхөө хайранд хурдан хариу үйлдэл үзүүлэхгүй байж болно. Хайрыг илэрхийлэх эдгээр дадал нь хэдхэн өдөрт турших техник биш юм. Нөхөр нь Бурханд болон эхнэртээ өөрийн зүрх сэтгэлд буй хайрын улмаас эдгээр арга замуудаар хайраа тууштай илэрхийлсээр байх ёстой. Христ чуулганыг өөрийгөө зориулсан шийдвэр ба итгэмжит байдлаараа хайрласан юм.
[1] Энэхүү үнэнтэй холбоотой Библийн олон эшлэл бий. Ефес 5:28-31, Колоссай 3:19 (сэтгэл санааны хамгаалалт), 1 Тимот 5:8 (бие махбодын хангамж), Нехемиа 4:13-14 (бие махбодын хамгаалалт) болон 1 Тимот 2:14 (сүнслэг хамгаалалт).
[3] Гэрлэлтийн хам сэдэвт энэ нь Ефес 4:29-32, Ефес 5:25-29 ба Матай 7:12 эшлэлийн бидэнд хэлсэн зааврын хэрэгжүүлэлт болдог.
Previous
Next