Бэлгийн харилцааны талаарх мэдээлэл хүүхдүүдийн чихэнд сонсогдож, нүдэнд өртөж байдаг. Тэд буруу, зөвийн талаар янз бүрийн хүмүүсийн бодлыг сонсож байдаг. Хүүхдүүд эрт орой хэзээ нэгэн цагт бэлгийн мэдрэмж, хүсэл, уруу таталттай тулгардаг тул итгэгч эцэг эхчүүд тэдэнд Бурхан бэлгийн харилцааны талаар юу хэлснийг тайлбарлаж өгөх нь чухал. Хүүхдүүд бэлгийн харилцааны талаарх нарийн зүйлсийг мэдэх шаардлагагүй, учир нь тэд гэрлэх насанд хүрээгүй бөгөөд тэднийг сорилтонд оруулах боломжтой.
Хүүхдүүд Бурханы төлөвлөгөөг болон дуулгавартай байх үүргээ мэдэх хэрэгтэй. Тэд уруу таталттай тулгарах болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэд Бурханд дуулгавартай байж, гэрлэх хүртлээ бэлгийн хүслээ хянах хэрэгтэй.
Дараах материал нь хүүхдүүдэд бэлгийн харилцааг нарийвчлан ярихгүйгээр христэч үзэл баримтлалыг заахад хэрэгтэй. Энэ нь хүүхдүүдтэй ярилцаж буй мэт энгийн байдлаар бичигдсэн.
Хүүхэдтэй ярилцах нь
► Эхлэл 2:7, 18-24 эшлэлийг хүүхэдтэйгээ хамт уншаарай.
Энэ хэсэгт Бурхан анхны эрэгтэй, эмэгтэй хүнийг хэрхэн бүтээж, онцгой харилцаатай болгосон тухай өгүүлдэг.
Бурхан гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох онцгой харилцаа болгон бүтээсэн. Гэрлэсэн хосууд бие биедээ онцгой хайртай байдаг. Тэдний харилцааны нэг хэсэг нь зөвхөн хоёулханаа бие биеэ нэгтгэх буюу бэлгийн харилцаанд орох онцгой таашаал амсах юм. Бурхан бэлгийн харилцааг нөхөр, эхнэрт таашаал өгөх, заримдаа эхнэрийг жирэмсэн болгох зорилгоор бүтээсэн.
Бэлгийн харилцаа нь ийм онцгой таашаал өгдөг учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенийхээ биеийг харах, хүрэх, бие биедээ анхаарал тавих гэсэн төрөлхийн хүсэлтэй байдаг.
Библид Бурхан, бэлгийн харилцаа нь нөхөр, эхнэрийн хувьд зөв бөгөөд сайн зүйл гэж хэлсэн. Бурхан мөн гэрлээгүй хүмүүс хоорондоо бэлгийн харилцаатай байх нь маш буруу гэж хэлсэн. Бурхан бидэнд дараах дөрвөн шалтгааны улмаас бэлгийн харилцааны талаар дүрмийг өгчээ:
(1) Бэлгийн таашаал нь гэрлэлтэд зориулагдсан.
Бурхан бэлгийн харилцааг гэрлэлтийн онцгой хэсэг болгон бүтээсэн. Хэдийгээр ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн иймэрхүү байдлаар таашаал авах боломжтой боловч, энэ таашаал нь гэрлэлт дунд маш онцгой байдаг, учир нь нэг нь нөгөө хүндээ бүрэн зориулагдсан байдаг. Гэрлээгүй хүмүүсийн хувьд бэлгийн харилцаа нь Бурханы төлөвлөсөн харилцаа биш учраас утга байхгүй. Иймд гэрлэх нас болоогүй хүн бэлгийн харилцаанд орох ёсгүй. Хүмүүс гэрлэх амлалт өгч, олон нийтийн өмнө гэрлэх ёслол хийх хүртлээ бэлгийн харилцаанд орох ёсгүй. Хүн зөвхөн өөрийнхөө хостойгоо л бэлгийн харилцаанд орох учиртай.
(2) Бэлгийн дур хүслүүд маш хүчтэй байдаг.
Бэлгийн дур хүсэлтэй байх нь буруу биш, учир нь Бурхан тэдгээрийг бүтээсэн. Гэхдээ Бурханы хүсдэггүй зүйлд дур хүслээ зориудаар өдөөх нь буруу. Үүнээс болж:
Гэрлэлтээс бусад тохиолдолд хүн бэлгийн дур хүслийг хүчтэй болгох зүйлсийг хийх ёсгүй, тухайлбал бусдын биеийг зориудаар харах эсвэл бодох гэх мэт.
Гэрлэлтээс бусад тохиолдолд хүн бэлгийн дур хүслээ нэмэгдүүлэхийн тулд бусдад хүрэх ёсгүй.
Хүн буруу зүйл хийхийг төсөөлөх ёсгүй.
Хүн буруу зүйл хийж буй хүмүүсийг харах, таашаал авахын тулд зураг эсвэл видео үзэх ёсгүй.
Хүн бусдыг буруу зүйл хийхийг хүсэх эсвэл буруу зүйл хийхээр төсөөлөх боломжтой байдлаар хувцаслах ёсгүй.
Хүн буруу зүйл хийхийг хүссэн зан авир гаргах эсвэл тийм үгээр ярих ёсгүй.
(3) Бидний хүслүүд биднийг удирдаж чадахгүй.
Амьтад өөрсдийн мэдрэмж, хүслээрээ удирдуулдаг. Бид амьтан биш; бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс. Иймээс бид юу хийх ёстойгоо бодож, дараа нь зөв сонголт хийх ёстой. Бид өөрсдийн мэдрэмж, хүслээр удирдуулж болохгүй. Заримдаа бид хүссэн зүйлээ хийх нь зөв байдаг ч, заримдаа үгүй. Бидний хүсэл нь бэлгийн харилцаа зөв гэж хэлж чадахгүй. Бид өөрсдийн мэдрэмжээ дагахын оронд Бурханы Сүнсний тусламжтайгаар Библиэс Бурханы зааврыг харж, дагах ёстой.
(4) Бэлгийн харилцаа нь заримдаа хүүхэдтэй болгодог.
Хүүхдүүд хайрын харилцаанаас ирдэг байхаар Бурхан бүтээжээ. Тэрээр хүүхдүүдийг өөрсдийг нь хайрлаж, халамжилдаг гэр бүлд өсөж торнихоор бүтээсэн. Эцэг, эх нь гэрлээгүй хүмүүсийн хүүхэд нь насанд хүртлээ эцэг эхтэйгээ хоёулантай нь байж чаддаггүй.
Дээр дурдсан дөрвөн баримтыг ойлгосноор Бурханыг дагах хүсэлтэй, хамгийн сайхан амьдралыг хүсдэг хүмүүс Бурханы зааврыг дагах болно. Ингэснээр тэд уруу татлагыг эсэргүүцэх чадвартай дадлуудыг Бурханд дуулгавартай байхын тулд өөрсөддөө бий болгоно.
Хүүхдийн залбирал
Хайртай Бурхан минь,
Намайг (хүү эсвэл охин байлгаж) бүтээсэнд баярлалаа. Гэрлэлтийн төлөөх таны онцгой, сайн төлөвлөгөөнд баярлалаа. Намайг насан туршдаа танд хайртай, дуулгавартай байхад туслаач. Та миний хийж буй бүхнийг хардаг, миний бодож буй бүхнийг мэддэг. Амьдралын талаарх таны зааврыг үргэлж дагаж мөрдөхөд надад туслаач. Би бодол болон үйлдлээрээ таныг баярлуулахыг хүсэж байна. Найзууддаа сайн үлгэр дуурайл болж, танд дуулгавартай байхад надад туслаач. Зөв цагтаа, намайг том болоход, таны хүссэн (нөхөр эсвэл эхнэр) хүн байхад надад туслаач. Би танд хайртай, Бурхан минь!
Амен
Previous
Next