Ажлын талаарх үзэл баримтлал
Зарим соёлд хүмүүс, тэр ч байтугай залуу, эрүүл чийрэг хүн хүртэл суугаад ажил хийхгүй байх нь түгээмэл байдаг. Хэдийгээр тэдэнд хэрэгцээ байгаа, мөн бусдын төлөө хариуцлага хүлээсэн ч гэсэн тэдэнд ажиллах урам зориг байдаггүй. Тэд сайн цалинтай ажилд орвол л ажиллана гэж хэлдэг. Тэд бага цалинтай ажил хийх эсвэл доод түвшний ажил мэт санагдах ажил хийхийг хүсдэггүй. Хэрэв хувьдаа ашиг олохгүй л бол орчноо сайжруулахын тулд ажиллахыг хүсдэггүй.
Заримдаа ажилд орсон хүмүүс ажилтай болсондоо баяртай байдаг. Магадгүй тэдний хувьд ихэнх хүмүүс сайн ажил олж чаддаггүй тийм оронд амьдардаг байж болно. Тэд компанийнхаа дүрэмт хувцсыг өмсөж, ажлынхаа байр сууриар бахархах дуртай байдаг. Гэвч тэд өөрсдийн байр суурийг эдэлж байхдаа ажил олгогч эсвэл үйлчлүүлэгчдэд хэрхэн үйлчлэх талаар бодолцож үздэггүй. Тэд компанийн нэг хэсэг болсондоо бахархдаг ч, яагаад ажилд орсон болохоо ухаардаггүй.
Ажиллахаас татгалздаг хүмүүсээс ялгаатай нь зарим хүмүүс карьер эсвэл мөнгө олоход хэт их анхаардаг. Магадгүй тэд өөрсдийн амьдарч байсан нөхцөлтэйгээ харьцуулбал хамаагүй өндөр цалинтай ажилд шилжсэн байж болно. Тэд аль болох их ажиллаж, мөнгө олохыг хүсдэг. Тэд Бурхан болон гэр бүлтэйгээ харилцаагаа хөгжүүлэх гэх мэт амьдралын бусад чухал талбаруудыг үл тоомсорлодог.
Нийгэм дэх хүмүүс эдгээр зүйлсийг хийж болох ч, итгэгчид өөрсдийн ахуй соёлд хэвийн зүйлсийг зүгээр л хийдэг байж таарахгүй. Үүний оронд тэд Бурхан юу гэж хэлснийг олж мэдээд, Түүнд дуулгавартай байх ёстой. Библид ажил, хичээл зүтгэл, үр бүтээлтэй байдлын талаар их зүйлийг өгүүлдэг.[1]
Ажлын үүсэл
Бурхан бүтээлч (Дуулал 104:24) бөгөөд үр бүтээмжтэй (Дуулал 104). Бурхан үргэлж ажиллаж, хувь хүний амьдрал болон бүх цаг үеийн туршид дэлхийн үйл хэрэгт оролцсоор байдаг (Иохан 5:17). Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэднийг өөрийн дүр төрхөөр, өөрийгөө тусган харуулах байдлаар бүтээжээ. Тэр хүмүүсийг бүтээлийнхээ бүтээлч, үр бүтээмжтэй менежер байхыг хүссэн. Бурхан хүн төрөлхтөнд газар, далай, тэнгэрийн бүх амьтдын дээгүүрх эрх мэдлийг өгчээ (Эхлэл 1:26). Тэр хүмүүсийг дэлхийн нөөцийн менежер, итгэмжлэгдсэн хүмүүс болгосон (Эхлэл 1:28-30).
Ажил бол хүний амьдралд зориулсан Бурханы загвар төлөвлөгөөний нэг хэсэг юм. Эхнээсээ л Бурхан хүмүүст өндөр хариуцлага өгчээ. Түүний бидэнд өгсөн ажлыг итгэмжтэйгээр хийсэн эсэхээ бид Түүнд тайлагнах болно.
Сургаалт үгс номын зарчмууд
Сургаалт үгс ном нь тусгайлан залуу хүмүүст зориулагдан бичигдсэн бөгөөд тэднийг мэргэн ухаантай байж, зөв зан байдалд явахыг сургадаг. Сургаалт үгс номд ажлын талаар их зүйлийг өгүүлдэг.
► Суралцагчид Библийн эшлэл бүрийг бүлэгт уншина.
Сургаалт үгс 6:6-11, Сургаалт үгс 10:5. Шоргоолж нь хүмүүсийн хувьд сайн жишээ юм.
Тэд хэн нэгэн тэднийг ажиллахад албадахгүй байсан ч хичээл зүтгэлтэй ажилладаг . Хэн ч тэдэнд юу хийх, хэрхэн хийхийг хэлдэггүй ч, тэд бүтээмж өндөр байдаг. Албадуулахгүйгээр ажиллах ёстой гэдгийг бид шоргоолжноос сурдаг. Бурхан бидний хэрэгцээг ийнхүү хангадаг учраас бид ажиллахыг хүсэх ёстой.
Тэд ажиллах цаг болоход ажилладаг . Ажиллах цаг, бусад зүйлийг хийх, амрах цаг гэж бий. "Би яг одоо юу хийх ёстой вэ?" гэж асуух нь тустай байж болно.
Тэд ажиллах боломж байхад ажилладаг . Улирал солигдож, нөөц хуримтлуулах боломж өнгөрөн одож болно. Бидний боломжууд ч ирж, мөн оддог. Бид одоо байгаа боломжоо ашиглах ёстой, эс тэгвээс энэ нь дэмий үрэгдэнэ.
Тэд өөртөө хэрэгтэй хоол хүнсээ дараа идэхийн тулд ажилладаг . Ажиллах цаг болоход бид унтаж эсвэл амрах ёсгүй. Хэрэв бид сайн ажил хийх ёстой үедээ залхуурвал, ирээдүйн хэрэгцээгээ хангаж чадахгүй. Бид маргаашийн хэрэгцээг хангахын тулд өнөөдөр ажиллах ёстой.
Сургаалт үгс 19:15, Сургаалт үгс 20:4, Сургаалт үгс 12:24. Бурхан энэ дэлхий дээр бидний сонголтууд бодит үр дагавартай байхаар тогтоожээ (Галат 6:7).
Хэрэв бид биеийн хувьд үргэлж залхуу байхыг сонговол, бид биеийн хувьд сул дорой болно. Хэрэв бид бодол санаандаа үргэлж залхуу байхыг сонговол, сурах, бодох, шүүн тунгаах чадвар маань буурна.
Хэрэв бид ажиллах боломжтой үедээ ажиллахаас татгалзвал, Бурхан биднийг хоолгүй байх ёстой гэж хэлдэг (2 Тесалоник 3:6-12 эшлэлийг унш).
Хэрэв бид хичээл зүтгэлтэй байвал, Бурхан бидний боломжуудыг нэмэгдүүлж, илүү том хариуцлагаар ихэвчлэн шагнадаг.
Бурхан бидний сонголтын ерөнхий үр дагаврыг тогтоосон. Бид үр дагаврыг сонгодоггүй, харин юу хийхээ сонгодог!
Сургаалт үгс 14:23, Сургаалт үгс 20:6 . Зарим хүмүүс өөрсдийгөө маш ухаалаг гэж боддог ч, ажиллахаас татгалздаг. Тэд хэрхэн хийх ёстой талаар мөрөөдөж, ярих дуртай ч, өөрсдөө юу ч хийдэггүй. Бурхан биднийг зүгээр л ярихаас илүүтэйгээр бодитоор ажиллахыг хүсдэг. Тэр биднийг хариуцлага хүлээж, хэлсэн зүйлээ итгэмжтэйгээр биелүүлэхийг хүсдэг.
Сургаалт үгс 15:19. Заримдаа хүмүүс аливаа зүйлийг хэрхэн хийх тал дээрээ залхуу ханддаг. Хэдийгээр тухайн арга сайн үр дүнд хүргэхгүй байсан ч, тэд хялбар аргыг сонгодог. Магадгүй тэд бага зардалтайгаар ямар нэгэн зүйл хийж байгаа ч, хийж байгаа зүйл нь цаг хугацааны туршид тогтвортой байж чадахгүй. Магадгүй тэдний аргачлал бага хүчин чармайлт шаардаж болох ч, эцсийн бүтээгдэхүүн нь чанар муутай байх боломжтой. Магадгүй тэд бэрхшээлүүдийг даван туулж, зөвийг хийх хүсэлтэй байхын оронд бусад хүмүүсийн шахалтад бууж өгдөг ч байх боломжтой.
► Хүмүүс ямар нэгэн зүйлийг хийх аргачлалдаа залхуу ханддаг жишээг та санаж байна уу?
Энэхүү сургаалт үг нь бид хийдэг зүйлдээ болон хэрхэн хийх тал дээрээ залхуу хандах нь хожим бидэнд болон бусад хүмүүст асуудал үүсгэдэг гэдгийг сургамжилдаг. Харин бид зөвийг хийх үед сайн үр дүнгээр шагнагддаг. Бид одоо хянамгай, гүнзгийрүүлэн хийх ёстой бөгөөд ингэснээр хожим хамгийн сайн үр дүнг эдлэх болно.
► Залхуурал нь хожим бэрхшээл, зовлонд хүргэсэн жишээг та санаж байна уу? Итгэмжит байдал, хичээл зүтгэл сайн үр дүнд хүргэсэн жишээг та санаж байна уу?
Сургаалт үгс 12:11, Сургаалт үгс 21:20, Сургаалт үгс 28:19. Залуучууд аа, Бурхан та нарт хүч чадал, эрүүл мэндийг өгөхдөө эдгээрийг үнэ цэнгүй зүйлд үрэхийн тулд өгөөгүй юм. Тэр та нарт биеийн болон оюун ухааны чадамжуудаа сайн удирдахыг итгэж даалгасан. Тэрээр та нарт Түүнд үйлчлэх боломжуудыг олгосон. Итгэмжит үйлчлэгч байх нь өөрийгөө хянахыг шаарддаг. Та зугаацах таашаал авах хүсэл бүрийг биелүүлж чадахгүй. Та Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд эрч хүч, нөөц, цаг хугацаандаа төвлөрөх хэрэгтэй болно.
Бурхан танаас өөрийн хэрэгцээ, гэр бүлийнхээ хэрэгцээ (1 Тимот 5:8) мөн тусламж авах зохистой боловч өөр хэн ч байхгүй хүмүүсийн хэрэгцээг хангахыг хүсэж хүлээдэг (1 Тимот 5:3-16, Ефес 4:28, Иаков 1:27, Иаков 2:15-16).
1 Тесалоник 4:11-12-д хэлэхдээ,
Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилд анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрмэлз. Ингэснээр та нар гаднынхны өмнө зохистой явах бөгөөд ямар ч юмаар дутахгүй.
Энэ бол итгэгчдэд зориулсан Бурханы хүсэл юм.
► Итгэгчид ямар төрлийн ажил хийхэд бэлэн байх ёстой вэ? Байр суурь чухал уу? Хэрэв тийм бол, ямар байдлаар эсвэл аль хүртэл?
Бид ажлын тухай сэдвийг санхүүгийн талаар ярилцахдаа үргэлжлүүлэх болно. Энд Бурхан биднээс ажиллахыг хүсдэг хамгийн чухал шалтгаануудын талаар, үүнд өөрийн болон бусдын хэрэгцээг хангах талаар ярилцлаа. Ажил бол хоол хүнс, хувцаслах зэрэг үндсэн хэрэгцээг хангахын тулд Бурханаас өгөгдсөн ердийн арга зам юм (1 Тимот 6:8). Олон газар оронд хүмүүс ажиллаж мөнгө олдог бөгөөд үүнийгээ материаллаг хэрэгцээндээ зарцуулдаг. Зарим газарт хүмүүс мөнгөний оронд хоол хүнс, эд хөрөнгө, эсвэл үйлчилгээ зэргээр цалинждаг. Аль ч тохиолдолд Бурхан хүмүүсийн хэрэгцээг тэдний ажил хөдөлмөрөөр хангаж байна.
[1] Энэ сэдвийн талаар дэлгэрүүлж дараах хичээлийг үзнэ үү.
Practical Christian Living , 3-р хичээл, Shepherds Global Classroom.
Previous
Next