Хэвлийд бүрэлдэх үеийн хүүхдийн хөгжил
► Нэг суралцагч Дуулал 139:13-18 эшлэлийг бүлэгт уншина.
Энэ эшлэлд Бурхан биднийг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас төдийгүй, бидний бие дүр төрхөө олохоос ч өмнө (16-р эшлэл) мэдсэн гэж хэлсэн байдаг. Бурхан таныг төрөхөөс ч өмнө таныг мэддэг байсан бөгөөд танд зориулсан төлөвлөгөө Түүнд байжээ.
Эрэгтэй хүний эр бэлгийн эс эмэгтэй хүний өндгөн эстэй нийлэх мөчид хүүхэд бүрэлддэг. Тэр мөчөөс шинэ хүн, шинэ хүний амьдрал оршин тогтнодог! Тухайн хүний бүх генетикийн мэдээллийг агуулсан цоо шинэ эс бий болдог. Үр тогтсоноос хойш 24 цагийн дотор тухайн эс хоёр эс болон хуваагддаг. Эдгээр эс тус бүр нь дахин хоёр эс болон хуваагддаг. Эс бүр хоёр хуваагдах тусам эсийн тоо олширсоор байдаг. Ойролцоогоор нэг долоо хоног өнгөрөхөд олон эсээс бүрэлдсэн хүүхэд эхийн хэвлийн дотор бэхлэгдэж, тэндээ өсөж хөгжсөөр байдаг. Эс бүр нь тухайн хүнийг бүтээх "код" (ДНХ) агуулдаг. Эсүүд кодын зааврыг дагаж, биеийн хэсэг бүрийг бүрэлдүүлдэг.
3 долоо хоног өнгөрөхөд хүүхдийн нугас болон тархи бүрэлдэж эхэлдэг. 4 долоо хоног өнгөрөхөд хүүхдийн нүд, гар бүрэлдэж, зүрх ажиллаж эхэлдэг. 12 долоо хоног болоход хүүхдийн биеийн бүх чухал эрхтэн бүрэлдэж тогтдог.
Хүүхэд бүрэлдсэнээс 14 долоо хоног өнгөрөхөд хүүхдийн өвөрмөц хурууны хээ бүрэн бүрэлдэж тогтдог. 16-24 долоо хоног өнгөрөхөд эх нь хэвлийд байгаа хүүхдээ хөдлөхийг нь мэдэрдэг. Ойролцоогоор 26-28 долоо хоног өнгөрөхөд хүүхдийн уушги амьсгалах хэмжээнд хангалттай хөгждөг бөгөөд хүүхэд ойролцоогоор 0.9 кг жинтэй болдог. Хүүхэд хэвлийд бүрэлдсэнээс хойш 38-40 долоо хоногийн дараа төрдөг. Хүүхэд бүр бүтээгч Бурханы бүтээсэн гайхамшигтай, онцгой бүтээл юм.
► Нэг суралцагч Номлогчийн үгс 11:5 эшлэлийг бүлэгт уншина.
Бурхан хүүхдийг эхийн хэвлийд хэрхэн бүтээж, бүрэлдүүлж, хөгжүүлдэг нь үнэхээр гайхамшигтай юм. Хүмүүс энэ үйл явцыг болон үүнтэй холбоотой бүхнийг хэзээ ч бүрэн ойлгож чадахгүй. Гэсэн хэдий ч, бүх тив, нийгэм, ахуй соёлыг хамруулаад хүний хөгжил яг ижил дараалал, загварыг дагадаг. Бүтээгчийн загвар төгс төгөлдөр юм!
► Нэг суралцагч Иов 10:8-12 эшлэлийг бүлэгт уншина.
Эдгээр эшлэлд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх, хөгжих үйл явцыг Иов жишээгээр тайлбарласан байдаг. Бүтээгч Бурхан амьдралын эзэн гэдгийг Иов бидэнд хэлдэг.
Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн үнэ цэн
Эхлэл 1:26-27 ба Эхлэл 9:6 эшлэлд бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг хэлдэг. Бүх хүний амь эрхэм нандин билээ. Тийм учраас ямар ч хүнийг хөнөөх нь нүгэл юм (Эхлэл 9:5, Гэтлэл 20:13).
Езекиел 16:20-21, 36, 38-д Бурхан хүүхдийн амийг таслахыг хүссэн хүмүүсийн эсрэг хүчтэйгээр өгүүлсэн. Тэрээр израилчуудад хандан шүтээнүүдэд хүүхдээр тахил өргөхийг хориглож, тэднийг маш хатуу цээрлүүлэх болно гэдгийг тунхагласан.
Исаиа 46:3-4-д Бурхан хүний хөгжлийн үе шатуудад хүн төрөлхтнийг хэрхэн халамжилдаг тухайгаа ярьж байна:
Иаковын гэр ээ, Израилын гэрийн үлдэгсэд ээ, бүгд Намайг сонсогтун. Та нарыг эхийн хэвлийд байхаас Би тээсэн. Төрөхөөсөө та нар Надаар өргүүлсэн. Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би үүрч явах болно. Би бий болгосон, Би тээнэ. Би үүрнэ, аварна.
Ямар гайхалтай амлалт вэ!
Бүх хүн, үүнд төрөөгүй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон онцгой хэрэгцээт хүмүүс, ахмад настнууд багтана. Хүний үнэ цэн нь түүний юу хийж чадах эсэхээс, эсвэл тэр ганцаараа амьд үлдэж чадах эсэхээс хамаардаггүй. Харин хүн бүр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас үнэ цэнтэй юм.
Библи бидэнд хүүхэд бүр бүрэлдсэн цагаас эхлэн Бурханы нүдэнд үнэ цэнтэй гэдгийг хэлдэг (Дуулал 139:13-18). Үүний улмаас хэвлийд бүрэлдсэн мөчөөс эхлэн хүн болдог гэдгээ бид мэддэг. Жирэмслэлтийг үр хөндөлтөөр санаатайгаар зогсоох нь хүнийг алах явдал юм.
Христийг дагадаг хүмүүс хэвлийд байгаа хүүхдийн амийг хамгаалж, эхчүүдэд үйлчлэхийн тулд дор хаяж дөрвөн аргаар ажиллах ёстой.
1. Тэд хэвлийд байгаа хүүхдийг хөнөөхөөс хамгаалах хууль тогтоомж, шүүхийн шийдвэр гаргахад нь улс үндэстнийхээ засгийн газар, шүүхийн тогтолцоонд нөлөөлөх ёстой.
2. Тэд үр хөндөлт нь цорын ганц сонголт гэж мэдэрч буй жирэмсэн эмэгтэйчүүдэд практик тусламж үзүүлж, хүүхдийнхээ амийг хамгаалах боломжтой гэдгээ мэдрэхэд нь туслах ёстой.
3. Тэд хүсээгүй нялх хүүхдүүдийг асрах ёстой.
4. Тэд өнгөрсөн үеийн үр хөндөлтийн гэм буруугаас болж зовж буй эмэгтэйчүүдэд нигүүлсэл, сүнслэг тусламжийг үзүүлэх ёстой.
Төрөөгүй хүүхдэд санаа тавих нь
Эхийн хэвлийд тээгдэж буй хүүхэд мөнхийн хувь тавилантай гэдгийг ойлгох нь чухал юм. Тэр хүн үүрд орших болно. Үүний улмаас эцэг эхчүүд хүүхдээ амьдралынх нь бүх талбарт буюу бие махбод, оюун санаа, нийгмийн/сэтгэл санаа, сүнслэг байдлаар халамжлах ёстой!
► Нэг суралцагч Матай 18:2, 10 эшлэлийг бүлэгт уншина.
Эрэгтэй хүний зан байдал нь хэвлийд байгаа хүүхдийнх нь эрүүл мэндэд нөлөөлж болно. Тэр ч байтугай анх удаа аав болох боломжийг ч үгүй хийж чадна. Архи, хар тамхи, эсвэл тамхи татах нь эр бэлгийн эсийг гэмтээж, үргүйдэл (үр тогтоох боломжгүй) эсвэл зулбах (жирэмслэлтийн үедээ амьгүй болох) магадлалыг нэмэгдүүлдэг.
Жирэмсэн эх хортой бодис, тухайлбал мансууруулах бодис (жороор олгодог эсвэл хууль бус), архи, тамхи зэргийг хэрэглэх нь хэвлий дэх хүүхдийг байнга гэмтээх боломжтой. Ийм бодисууд нь хүүхдийн хөгжилд саад болж, хүүхдийг бие махбодын эсвэл сэтгэцийн асуудалтай төрөхөд хүргэдэг.[1]
Хэвлийд байгаа хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үеүүдийн нэг бол эрхтэн, эд эсүүд анх бүрэлдэж эхлэх үе буюу ялангуяа жирэмсний 3-4 долоо хоногийн хооронд юм. Энэ үедээ олон эмэгтэйчүүд хүүхэд бүрэлдсэнийг хараахан мэддэггүй!
► Нэг суралцагч 1 Коринт 10:31 эшлэлийг бүлэгт уншина.
Хэдийгээр эх нь хэвлийд байгаа хүүхдийнхээ эрүүл мэндийг хянаж чадахгүй ч, тэрээр сайн хооллож, хортой бодисоос зайлсхийж, хүүхдэдээ чадах чинээгээрээ туслах ёстой. Бурхан хүүхдийг үнэ цэнтэй гэж хэлсэн бөгөөд бид тэдэнд ингэж хандсанаар Бурханыг алдаршуулдаг.
Төрөх хүртлээ амьдраагүй төрөөгүй нялх хүүхдийн хувьд харамсалтай. Төрөөгүй хүүхдийн эндэл нь ихэнхдээ эхийн хийсэн зүйлээс болдоггүй. Эцэг эхчүүдийн хувьд энэ нь маш их өвдөлт гарз хохирол байдаг учраас бусад итгэгчид тэр үед тэднийг тайвшруулахыг хичээх учиртай.
Төрөх үе
Хүүхэд төрөхтэй холбоотой зарим ахуй соёлын ялгаатай ёс заншил байж болох ч, хүүхэд төрүүлэх талаарх олон зүйл дэлхийн хаа сайгүй эмэгтэйчүүдэд ижил байдаг. Эхлэл 3:16-д Бурхан: “эмэгтэйд өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ...”
Олон зуун жил өнгөрсөн ч Бурханы үг дэлхийн хаа сайгүй үнэн хэвээр байна. Адам, Ева хоёрын анхны нүглийн үр дагавар нь төрөх үйл явцад мэдрэгдсэн хэвээр байна. Тэр ч байтугай Есүсийг төрүүлсэн эх Мариад ч энэ хамаатай байсан бөгөөд тэрээр төрөлтийн өвдөлтийг мэдэрчээ.
[1] Greg Cook & Joan Cook,
The World of Children , 3rd ed. (Pearson Education, 2013), 85.
Previous
Next