Христийн мэндэлсэн өдөр нь Есүс онгон эмэгтэйгээс төрснийг онцлон тэмдэглэдэг. Учир нь Есүс Ариун Сүнсээр эхийн хэвлийд бүрэлдсэн юм (Лук 1:34-35, унших). Хэдийгээр Есүс эмэгтэй хүнээс төрснийхөө хувьд хүн боловч Тэр мөн Өөрийн бүтээсэн дэлхий ертөнцдөө орж ирсэн Бүтээгч, Бурхан байсан юм. Есүсийг нялх байхад ээж Мариа нь өөрийг нь бүтээсэн Нэгэнийг тэвэрчээ. Энэ нь үнэхээр гайхалтай төдийгүй үнэн билээ.
Бурханы хөвгүүд  гэсэн хэллэгээр итгэгчид болон тэнгэрэлч нарыг нэрлэдэг (Иохан 1:12; Иов 1:6) бол харин Есүс үүнээс маш онцгой тул Бурханы хүү юм (Иохан 3:16). Тэр Эцэгийн мөн чанарыг бүрэн хуваалцдаг цорын ганц Нэгэн. Тэрээр бүрэн дүүрэн Эцэгийн дүр төрх бөгөөд Эцэг шигээ Бурхан билээ (Еврей 1:2-3, унших).
Бурханы мөн чанар ба хүмүүн мөн чанар хамтдаа бодгаль Есүст нэгджээ. Үүнийг биежилт  гэж нэрлэдэг. Энэ нь Бурхан хүний биеийг авч, хүн болсон гэсэн үг юм. Есүс орчлон ертөнц дээрх цорын ганц Бурхан-хүн учраас Тэр биднийг аварч чадах цорын ганц Нэгэн билээ.
Есүс бол Хүн 
Шинэ гэрээний Есүсийг жинхэнэ хүн байсныг таних нь тийм ч хэцүү биш. Тэрээр эхийн хэвлийд бүрэлдэж, өсөж торнин, суралцаж, хүн болж төлөвшсөн (Лук 2:52, унших). Тэр ядарч, унтаж, соригдож үзсэн бөгөөд нүглээс бусад хүмүүсийн хийдэг бараг бүх зүйлийг хийсэн (Еврей 4:14-15). Тэр үхлийг хүртэл амссан. Тэрбээр бидний нэг болсноороо хүн төрөлхтөнтэй ижилссэн юм (Иохан 1:14, унших).
► Есүс хүн гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал вэ?
Есүс хүн учраас:
1. Тэр золиос болж зовж, үхэж чадах байв  (Ефес 5:2, Еврей 7:26-27). Хэрэв Тэр хүн биш Бурхан байсан бол бие махбодын хувьд зовж шаналах, үхэх боломжгүй байсан.
2. Түүний зөвт байдал биднийг зөвт болгож, амийг өгч чадна.  Бүх хүн төрөлхтнийг төлөөлсөн анхны хүн Адам нүгэл үйлдэж, Бурханаас тусгаарлагдсан. Энэ нь бүх хүмүүст үхлийг авчирсан юм. Есүс нүгэлгүй амьдарч, Бурханы бүх шаардлагыг биелүүлэв. Өөртэйгөө нэгдсэн бүх хүнд Тэр мөнх амийг өгдөг. Түүнийг Бичвэрт сүүлчийн Адам гэж нэрлэсэн байдаг (1 Коринт 15:22, 45-49; Ром 5:17-19).
3. Тэр биднийг Бурханы өмнө төлөөлөх тахилч байж чадна.  Биднийг зуучлагчийн хувьд Тэр зөвхөн бидний төлөө харилцаад зогсохгүй, биднийг жинхэнээсээ төлөөлдөг. Биднийг Бурхантай эвлэрүүлэхийн тулд Тэр хүн байх ёстой болжээ (Еврей 2:17, унших). Түүний тахилчийн үүрэг нь мөнхийн авралыг өгдөг (Еврей 5:9, Еврей 10:5-7). Есүсийн хүмүүн мөн чанар нь сайнмэдээний чухал хэсэг юм (1 Иохан 5:1, унших).
[1] Ангийн удирдагчийн тэмдэглэл: Есүс хүн байсан талаарх Библийн баримтуудыг энэ хичээлийн төгсгөлд буй “Есүсийн хүмүүн чанарын талаарх Бичвэрийн нотолгоо” хэсгээс үзнэ үү. 
Есүс бол Бурхан 
Есүс Өөрийгөө Бурхан гэж хэлсэн. 
Библийн Есүс нь хүн боловч зөвхөн хүн биш юм. Тэрээр мөн орчлон ертөнцийн цорын ганц хязгааргүй (хэмжээлшгүй) Бурхан билээ. Есүс Өөрийнхөө талаар тийнхүү хэлсэн байдаг. Тэрээр “Би болон Эцэг нэг юм” (Иохан 10:30) гэж хэлсэн. Түүнийг ингэж хэлэх үед иудейчүүд Тэр Өөрийгөө Бурхантай адил тэнцүү гэж хэллээ гэж ойлгосон тул Түүн уруу чулуу шидэцгээжээ. Харин Есүс тэдэнд “Үгүй, та нар намайг буруу ойлгож байна, Би үнэхээр Бурхан биш гэж” хариулсан уу? Үгүй. Есүс тэдний тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр Өөрийгөө Бурхан Эцэгтэй адил тэнцүү гэж заасан юм.
Есүс “Абрахамаас өмнө ч Би байгаа” (Иохан 8:58) гэж хэлэхдээ Өөрийгөө бие даан Өөрөөрөө оршдог орчлон ертөнцийн Бурхан Гэтлэл 3:14 дэх “Би байгаа” юм гэж зарласан. Түүний энэхүү мэдэгдлийн төлөө иудейчүүд дахин чулуу шидэхээр оролджээ (Иохан 8:59).
Есүс газар дэлхий дээр тэнгэрлэг үйлсийг гүйцэтгэжээ  
Есүс газар дэлхий дээр байхдаа тэнгэрлэг үйлсийг гүйцэтгэжээ. Тэр мөнхийн амьдралыг өгч (Иохан 10:28, унших), нүглүүдийг уучилсан (Марк 2:10). Эдгээр нь зөвхөн Бурханы хийж чадах зүйл юм.
Есүс саа өвчтэй хүнийг эдгээж, нүглийг нь уучилснаар газар дээр нүглүүдийг уучлах эрхтэй (Марк 2:5, 10-12) гэдгээ нотолсон. Нэг үйлдэл нөгөө үйлдлийнхээ нотолгоо болж байсан нь Есүс Бурханаар тослогдсон жирийн нэг эш үзүүлэгчийн хувьд эдгээх гайхамшгийг үйлдээгүй болохыг харуулдаг. Есүст эдгээх болон уучлах тэнгэрлэг эрх мэдэл ба хүч байсан.
Есүс мөн “Амилал ба амь бол Би байгаа юм” (Иохан 11:25) гэж хэлснийхээ дараа Лазарыг амилуулсан юм. Энэ нь мөн л Бурхан гэдгийг нь харуулж байгаа бурханлаг үйлс байв. Зөвхөн Бурханы хүч л хүн бүрийг үхэгсдээс амилуулж чадах учраас зөвхөн Бурхан л Өөрийгөө амилал гэж хэлж чадна. Есүс Өөрийгөө Амь өгөгч гэж зарлаад дараа нь Лазарт амийг өгсөн нь Өөрийгөө хэн болохыг харуулж буй үйлдэл юм. Энэхүү үйл явдлаар Есүс Өөрийгөө бусад эш үзүүлэгчид болон Бурханы хүчээр хүмүүсийг үхэгсдээс амилуулсан элч нараас тодорхой ялгаж чадсан. Тэдний хэн нь ч өөрсдийгөө гайхамшгуудыг үйлдэх эрх мэдэлтэй гэж мэдэгдэж байгаагүй юм. Тэд зүгээр л Бурханы зэмсэг байв. Иохан 5:21-д Есүс, Эцэг үхэгсдийг амилуулдаг шиг Хүү ч бас амилуулдаг гэж хэлсэн.
Есүс гайхамшгуудаа үйлдэхдээ Өөрийн алдрыг илчилсэн (Иохан 2:11). Энэ нь Эцэгээс ирсэн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл, үнэнээр дүүрэн байв (Иохан 1:14). Эдгээр гайхамшгууд нь Бурханы Хүүгийн сүр жавхлант хүчийг харуулж, Тэр Бурхан гэдгийг баталжээ.
Есүс бол Бүтээгч бөгөөд Тэтгэгч. 
Элч Иохан болон Паулын хэлснээр, Есүс бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг хамтад нь байлгадаг бөгөөд бүх зүйл Түүний төлөө оршин байгаа юм (Иохан 1:3; Колоссай 1:17, унших). Үүнийг Бурханаас өөр хэн ч хэлж чадахгүй нь тодорхой.
► Есүс Бурхан гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал вэ?
Есүс Бурхан учраас,
1. Түүний золиос бүхий үхэл нь хязгааргүй үнэ цэнтэй бөгөөд дэлхийн нүглийг уучлахад хангалттай юм (1 Иохан 2:2).
2. Түүнд биднийг аврах хүч бий; Тэр бол зам, үнэн, амь мөн (Иохан 14:6).
3. Бид Эцэгийг мөргөн хүндэтгэдэг шигээ Түүнийг мөргөн хүндэтгэх ёстой (Иохан 5:23, унших).
Хэрэв бид Есүсийг Бурхан гэж харж чадахгүй бол Түүнийг Бурхан гэж хүндлэхгүй. Хэрэв бид Эцэг ба Хүүг хоёуланг нь Бурхан гэж хүндлэхгүй бол аврагдах боломжгүй.
Христитгэл нь зөвхөн Есүсийн сургаал ба үйлсээс гадна онцгой бодгаль Есүс дээр суурилдаг. Тэр зөвхөн авралын мэдээг дамжуулдаг багш биш юм. Тэр Өөрөө Аврагч, зөвхөн Тэр Бурхан-хүн бөгөөд Аврагч байж чадах байв.
Ангийн удирдагчийн тэмдэглэл: Есүс Бурхан гэдгийн Библийн баримтуудыг энэ хичээлийн төгсгөлд буй “Есүсийн Бурхан чанарын талаарх Бичвэрийн нотолгоо” хэсгээс үзнэ үү. 
Есүс бол нэг бодгаль 
Хэдийгээр Есүст Бурханы бүх мөн чанар болон хүний бүх мөн чанар байдаг ч Тэр хоёр бодгалийн нэгдэл биш юм. Хоёр мөн чанар нь Түүний дотор нэг бодгальд төгс зохицдог. Есүс бол цорын ганц Бурхан-хүн бөгөөд үйлс бүрийг нь Түүний бүрэн дүүрэн хүн, бүрэн дүүрэн Бурхан чанарынх нь үүднээс ойлгох ёстой юм. Чуулган Есүсийн доторх хоёр мөн чанарыг бие биенээс нь салгаж болохгүй гэж үргэлж сургасаар ирсэн хэдий ч тэдгээр нь мөн чанараа алдах хэмжээнд хоорондоо холилддоггүй.[2] 
Есүсийн мөн чанарыг Ариун Бичвэрийн мөн чанартай харьцуулах нь тустай байж болох юм. Есүсийн адил, Библи нь бүрэн тэнгэрлэг мөн бүрэн хүний ном билээ. Хүний ном болохын хувьд энэ нь бусад номуудтай адил шинж чанарыг агуулдаг ч ямар ч алдаа мадаггүй гэдгээрээ онцлогтой. Харин тэнгэрлэг ном болохын хувьд өөр ямар ч номд байдаггүй тийм шинж чанаруудыг өөртөө агуулдаг. Үүнтэй адил, Есүс хүний болон Бурханы чанарыг хоёуланг харуулдаг. Библи нь тэнгэрлэг шинж чанарыг агуулдаг учраас бусад номуудаас доогуур гэж бид үздэггүй. Үүний нэгэн адил, Есүс Өөрийн Бурхан чанарын хүрээнд үйлдэх нь Түүнийг хүмүүн бус болгохгүй. Түүнчлэн Есүс хүмүүн чанараараа үйлдэх нь Түүнийг Бурхан бус болгодоггүй.
Онол сургаалын нийтлэг алдаанууд 
Хүмүүс Христийн талаар ярихдаа гаргадаг онол сургаалын нийтлэг алдаанууд нь:
	
	Есүс Бурхан гэдгийг үгүйсгэх
	 
	
	Есүс хүн гэдгийг үгүйсгэх
	 
	
	Түүний хүмүүн болон Бурхан чанарын аль нэгийг багасгаж, чухал биш гэж үзэх
	 
	
	Христийн бодгалийн нэгдмэл байдлыг үгүйсгэх
	 
 
Дээрх алдаанууд бүгд Түүний биежилтийг үгүйсгэж байгаа юм. Биежилт нь бидний авралд зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд хэрэв хүн биежилтийг үгүйсгэвэл тэрээр худал сайнмэдээ, хуурамч авралд итгэхээс өөр замгүй болно.
 
[1] 
“Эцэг Би гэдэг хэллэгийг ашигласан шиг Христ ч мөн адил ашигласан юм. Учир нь энэ нь Тэр цаг хугацаанаас ангид, тасралтгүй оршсоор байгааг илэрхийлдэг.”
- Иохан Хрисостом
 
[2] Калседоны тунхаг (НТ 451), 15-р хэсэгт Христийн хоёр мөн чанар нь өөрчлөгддөггүй, хуваагдалгүй, салшгүй, төөрөгдөлгүй гэж хэлсэн байдаг.
 
                                     
                                    
                                    
                                        
                                                                                                                                    
                                                
                                                     
                                                    Previous
                                                 
                                                                                    
                                                                                                                                    
                                                
                                                    Next