► Авралын итгэлтэй хүн юунд итгэдэг вэ?
Авралын итгэлтэй хүн дараах хэдэн зүйлд итгэдэг.
(1)  Өөрийгөө зөвтгөх юуг ч хийж чадахгүй. 
Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно (Ефес 2:8-9).
 
Аврагдахын тулд хийж чадах юм (үйлс) байхгүй, бүр өчүүхэн ч байхгүй гэдгийг тэр ухаарсан байдаг.
(2)  Христийн тахил золиос түүнийг уучлахад хангалттай. 
[1] Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ (1 Иохан 2:2).
 
Эвлэрүүлэл  гэдэг нь биднийг уучлал хүртэх боломжтой болгож буй тахил золиос гэсэн утгатай. Биднийг уучлахын төлөө Христийн өргөсөн тахил золиосоос өөр юуг ч нэмэх шаардлагагүй.
(3)  Есүс нүгэл, үхлийг ялан дийлж, үхлээс амилсан. 
Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно (Ром 10:9).
 
Нүгэл, үхлийг ялах цорын ганц зам нь Есүсийн амилал байлаа. Есүс эргэж амилснаараа нүгэл, үхлийн аль алиныг бүрэн ялсан гэдгээ баталсан юм.
(4)  Бурхан түүнийг итгэлийнх нь үндсэн дээр л уучилсан. 
Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ (1 Иохан 1:9).
 
Аврал авахад нэмэлт шаардлага бий гэж үзэх юм бол, хүн зөвхөн нигүүлслээр биш харин үйлсийн оролцоотой аврагдана гэж бодоход хүрнэ.
Баталгаа 
► Аврагдсан гэдгээ хүн яаж баттай мэдэх вэ?
Зарим хүн мэдрэмжиндээ тулгуурладаг. Гэхдээ мэдрэмж өөрчлөгддөг, бас төөрөлдүүлдэг. Аврагдсан гэдгээ баттай мэдэж болно хэмээн Библи бидэнд хэлж байна (1 Иохан 5:13). Бурхан биднийг хүлээн авсан гэдэгт бид итгэлтэй байж болно. Бид айдастай амьдрах ёсгүй, яагаад гэвэл биднийг Бурханы хүүхэд болж үрчлэгдсэн гэдгийг Бурханы Сүнс бидэнд баталдаг. Биднийг Бурханы хүүхэд болсныг Ариун Сүнс бидний сүнстэй хамт гэрчилдэг хэмээн Элч Паул хэлжээ (Ром 8:15-16).
Энэ нь бүрэн баталгаатай тул бид Шүүлтийн өдрөөс айх ёсгүй юм (1 Иохан 4:17, унших). Зарим хүн өөрийгөө тэнгэрийн улсад хүлээн зөвшөөрөгдөх байх гэж би найддаг гэж хэлдэг. Гэхдээ бидэнд үүнээс илүү сайн баталгаа бий. Аврал хүн төрөлхтөнд чиглэгдсэн гэдэгт ерөнхийдөө итгэх нь хангалттай бус, харин аврагдсан гэдгээ хувь хүн өөрөө мэдэх ёстой юм.
Өөрчлөгдсөн амьдрал нь тухайн хүний аврагдсаны нотолгоо боловч, тэрхүү нотолгоо нь эхний мөчид харагдахгүй. Авралын үр дүн харагдахад хугацаа хэрэгтэй. Тиймээс гэмшсэн цаг мөчид өөрчлөгдсөн амьдрал нь авралын баталгааны үндэс болж чадахгүй. Авралд хүргэх Библийн арга замыг дагасан бол итгэгч хүн аврагдсан гэдэгтээ баттай байж чадна. Хэрэв хүн үнэхээр гэмшиж, Библид заасны дагуу итгэж л байгаа бол Бурханы уучлалыг хүртэж, Бурханы хүүхэд болсон гэдэгтээ итгэлтэй байх эрхтэй.
Хэрэв хүн үнэхээр гэмшээгүй мөртлөө аврагдсан гэдгээ мэдрэхийг хүсвэл тэр хүн төөрөлдөж, өөрийгөө хуурах болно.
Хэрэв хүн (1) үнэхээр гэмшвэл, (2) Бичвэр дэх Бурханы амлалтад итгэвэл, (3) Сүнсний гэрчлэлийг хүлээн авсан бол, тэр хүн хууртагдахгүй. Энэхүү баталгаа нь Бурханы Үгэнд суурилсан, туйлын найдвартай үг юм. Бурхан үргэлж амлалтаа сахидаг.
 
[1] 
“Авралын итгэл нь түшдэг итгэл бөгөөд Аврагчид бүрэн найддаг итгэл юм.” 
—Жон Стотт
 
                                     
                                    
                                    
                                        
                                                                                                                                    
                                                
                                                     
                                                    Previous
                                                 
                                                                                    
                                                                                                                                    
                                                
                                                    Next