[1] Өнөө үед олон эвангелийнхэн хүн бүр нүгэлтэй, хүн бүр Бурханы өмнө шүүгдэнэ гэж хэлэх дургүй болжээ.
Хүмүүсийг муу гэж хэлэхийг тэд хүсдэггүй.
Тэд сөрөг зүйлийн оронд эерэг зүйлс ярихыг хүсдэг.
Тэд энэ дэлхийн зүйлсийг анхаардаг хүмүүст хандан ярьдаг учраас мөнх авралаас даруйхан ирэх ашиг тусыг ярихаас биш, мөнхийн ашиг тусын талаар ярихаа больжээ.
Тэд Бурханы хуулийг сайн зүйл биш, харин авралын дайсан, үйлсээр аврагдахыг хүсдэг хүмүүсийн хувьд л чухал гэж хэлдэг. Гэтэл Библид хууль сайн бөгөөд ариун (Ром 7:12-14); Бурханы тааллыг хайдаг хүмүүс нь Бурханы удирдамжийг амьдралынхаа туршид даган мөрдөхийг хичээдэг (Дуулал 119:1-8) гэсэн байна.
Бурханы хэмжүүр нь бидний хувьд биелүүлэх боломжгүй, учир шалтгаангүй зүйл бөгөөд бид нүглийнхээ төлөө өөрийгөө буруутгах хэрэггүй гэж тэд хэлдэг.
Гэтэл хүн үнэхээр гэм буруугүй бол үнэнээсээ гэмшиж чадахгүй шүү дээ. Тэр буруу зүйл хийсэн гэдгээ мэдэхгүй бол хийсэн зүйлийнхээ төлөө харамсахгүй. Хэрвээ хүн өршөөл хүсэх үедээ өөрийгөө үнэхээр гэм буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол зүгээр л алдаа гаргасныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож буй хэрэг юм.
Үл итгэгчид төрөхдөө нүгэлт мөн чанартай төрснийхөө төлөө буруутгагдахгүй, харин Бурханы эсрэг тэрслүү хандлага, санаатай нүглүүдийнхээ улмаас шүүгдэнэ (Иуда 15).
Бурхан бол хайр, өршөөлийн Бурхан гэж олон хүн итгэдэг. Гэхдээ Бурхан шударга шүүгч гэдгийг тэд мартчихдаг. Хэзээ нэг өдөр Бурхантай уулзвал, гэмшээгүй байсан ч Бурхан өөрсдийг нь өршөөнө гэж санадаг. Хагас дутуу ойлгож сонссон сайнмэдээ нь тэдэнд нүглээ илүү тухтай үргэлжлүүлэх хөшүүрэг болдог.
Орчин үед олон эвангелийнхэн хэрвээ та итгэвэл амьдрал чинь өмнөхөөсөө илүү аз жаргалтай байх болно гэж онцолдог болжээ. Нүгэлдээ сэтгэл ханадаггүй мөртлөө Бурханд хангалуун байгаа гэж тэд хэлдэг. Хүн хайр, амар тайван, баяр хөөрийг амсах болно, хүн бүрийн төлөөх гайхалтай төлөвлөгөө Бурханд бий, хэрвээ та Түүнийг дагавал тэр төлөвлөгөө амьдралд тань биеллээ олно гэх мэтээр ярьцгаадаг.
Эдгээр амлалтууд буруугаар ойлгогдож болох юм. Бурхан хайр, амар тайвныг өгдөг боловч итгэгчид болон Бурханыг эсэргүүцэгчдийн хооронд зөрчилдөөн үүсч болно (Матай 10:34-36). Бурхан баяр хөөр өгдөг гэхдээ хавчлага ч үүнтэй зэрэгцэн өгөгдөж болох юм (1 Тесалоник 1:6). Түүнд хүн бүрд зориулсан гайхалтай төлөвлөгөө байдаг ч зарим хүн хүнд хэцүү зовлон бэрхшээлийг туулж ч болох юм (2 Коринт 11:24-27). Хэрвээ хэн нэгэн Түүнд итгэхдээ амьдралын минь нөхцөл байдал өмнөхөөсөө сайжирна гэж бодсон бол магадгүй тэр сэтгэлээр унаж ч болно. Христэд итгээд зарим хүмүүс хатуу ширүүн зовлон дундуур туучдаг.
Христийн дагалдагчийн хувьд бид хэцүү бэрхийг тууллаа ч Бурхантай хамт амьдрах нь гайхалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурханд үйлчлэх нь гайхалтай амьдрал гэж бид хэлдэг. Хэдий тийм боловч ихэнх үл итгэгчдэд гайхалтай амьдрал гэгч яг юу болох талаар зөв ойлголт байдаггүй. Хэрвээ та тэднээс гайхамшигтай амьдралыг төсөөлөөд хэлээч гэвэл тэд эд хөрөнгө, мөнгө, эрх чөлөө, амар тайван бусад сайн сайхан зүйлсүүдийг хэлэх байх. Тэд Христийн дагалдагчдын өртсөн хавчлага, дарамт нь гайхалтай амьдрал байдаг гэж ойлгохгүй. Тиймээс та үл итгэгч хүнд Христийг дагавал гайхалтай амьдрах болно гэвэл магадгүй тэр таны юу амлаж байгааг ойлгохгүй байх.
Өөр нэг асуудал бол сайнмэдээны талаарх буруу ойлголт юм. Өөрийгөө шийтгүүлэх нүгэлтэн гэж ойлгоогүй хүн сайнмэдээг хүлээн авах боломжтой. Нүгэл нь маш ноцтой гэдгийг ухаараагүй учраас тэр хүн үнэнээсээ гэмшдэггүй. Тийм хүний хувьд нүглээс чөлөөлөгдөх авралыг бус өөр төрлийн ашгийг эрж хайдаг. Тэр өөрийгөө аврагдсан гэж бодож болох ч үнэндээ аврагдаагүй юм.
Иймэрхүү хүмүүс жинхэнээсээ итгээгүй байдаг учраас авралын ашиг тусыг амьдралдаа хүртэхгүй. Тиймээс богино хугацаанд итгэлээр амьдраад урам хугарч бууж өгдөг.
Хуурамч сайнмэдээний хамгийн муу үр дагавар нь тухайн хүн урам хугарахаас гадна ирээдүйд сайнмэдээг бараг дахиж хүлээн авдаггүй.
Илүү сайхан амьдрал амладаг сайнмэдээний асуудлыг дүгнэж хэлбэл:
1. Бурхан амлаагүй зүйлсийг амладаг.
2. Үл итгэгчдэд буруу ойлголт өгдөг.
3. Сонссон хүн нь жинхэнээсээ итгээгүй байдаг.
4. Хүсэн хүлээсэн ашиг тусаа хүртдэггүй.
5. Ирээдүйд сайнмэдээг хүлээн авах магадлал тун бага.
► Нэг суралцагч Үйлс 14:21-23-ыг ангид уншина. Элч нар шинэ итгэгчдэд юуг туулна гэж хэлсэн бэ?
Есүс Христэд итгэсэн итгэлийн чинь улмаас та нарыг хүмүүс үзэн ядах болно мөн төгсгөл хүртэл тэвчихгүй бол аврагдахгүй гэж дагалдагч нартаа анхааруулсан бөгөөд үүнийг сайнмэдээний гурван бичээч тэмдэглэн үлдээжээ (Матай 10:22, Марк 13:13, Лук 21:17). Тиймдээ ч Христийн арван нэгэн дагалдагч алагдсан түүхтэй.
Сая сая Христэд итгэгчид итгэлийнхээ улмаас амиа алдсаар байна. Энэ нь зөвхөн эрт үед л хамаатай асуудал биш. Итгэлийнхээ төлөө амиа алдсан Христэд итгэгчдийн тал хувь нь 20-р зуунд тохиожээ.
Хэрвээ хүн амар амгалангийн төлөө бус авралын амлалтаас болоод христитгэлийг хүлээж авсан бол хүнд хэцүү амьдралд бууж өгөхгүй. Тэрээр мөнхийн авралын төлөө сорилт бэрхшээлийг тэвчихэд бэлэн байна. Сорилт бэрхшээл нь авралыг илүү үнэ цэнтэй болгодог.
► Христийн дагалдагчид яагаад сорилтыг тэвчдэг вэ?
 
[1] 
“Шинэ итгэгч болсон хүн хуучнаа бүхэлд нь орхидог бөгөөд үүнийг үхэлтэй адилтгаж үздэг. Бид Христтэй хамт цовдлогдсон. Загалмайгаар дамжуулан бид бурхангүй ертөнц, үүний үзэл санаа, хэм хэмжээг үхүүлсэн юм”
- Дэлхийн Сайнмэдээний төлөөх Лузанн зөвлөл, 
Вилловбанк тайлан 
 
                                     
                                    
                                    
                                        
                                                                                                                                    
                                                
                                                     
                                                    Previous
                                                 
                                                                                    
                                                                                                                                    
                                                
                                                    Next