Жишээ 1  
Чуулган сайнмэдээг түгээх үүрэг даалгавраа биелүүлэхээр ажиллаж байгаа тул төлөвлөгөө гаргах, баг бүрдүүлэх, хөтөлбөр боловсруулах, дэмжлэг олох шаардлагатай болдог. Эдгээр практик зорилгод үйлчлэх институтуудыг чуулган бүрдүүлдэг. Ихэвчлэн ийм байгууллагууд нь чуулган үүрэг даалгавраа биелүүлэхээр хөдөлгөгдөж, хүмүүс өөрсдийгөө зориулж эхлэх сүнслэг сэргэлтийн үед үүсч бий болдог.
Байгууллага, бүтцүүд шаардлагатай. Институт гэдэг нь энгийнээр хүмүүс ба нөөцийг урт удаан хугацаанд зохион байгуулалтад оруулахыг хэлдэг. Бүтэц байгууллагагүйгээр чуулганы барилга байгууламж, гадаад илгээлт, Библи болон бусад утга зохиол хэвлэлийн ажлууд, христитгэлийн сургуулиуд, боловсролын хөтөлбөрүүд, үйлчлэлийг дэмжих санхүүгийн дэмжлэг зэрэг нь ч байхгүй байх байсан. Орон нутгийн чуулган ч гэсэн институт бөгөөд хэсэг бүлэг хүмүүс үүнийгээ авч явж, зориулалт гаргахгүй л бол оршин тогтнох боломжгүй юм.
Хэрэв институт нь амжилттай байвал магадгүй олон хүнтэй, их төсөвтэй болж болох юм. Харин ийм институтийг удаан авч явахын тулд маш их хүчин чармайлт, зардал шаардагдана. Заримдаа тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүс институт байгуулах нь үндсэн зорилго гэж мэдэрч эхэлдэг. Тэд байгууллагынхаа анхны эрхэм зорилго үүрэг даалгаврыг биелүүлэхээс илүүтэй институтийг үргэлжлүүлэн авч явах гэж боддог.
Хэдийгээр институт шаардлагатай ч сайнмэдээний ач холбогдлын дагуу тэдгээрийг байнга үнэлж, шинэчилж байх ёстой юм.
Жишээ 2 
Үйлчлэл хийхэд мөнгө олох бололцоо байдаг тул зарим хүмүүс үйлчлэлийг бизнес байдлаар эхлүүлдэг. Үйлчлэлийн зардалд нэмэр болохын тулд алив зүйлийг зарах нь буруу биш бөгөөд үйлчлэлдээ санхүүгийн дэмжлэг хайх нь ч буруу зүйл биш юм. Гэхдээ тухайн хүн сайнмэдээг нэн тэргүүнд тавихаас илүүтэй мөнгөөр сэдэлжиж байвал түүний зүрх сэтгэл нь буруу бөгөөд ажил нь Бурханд таалагдахгүй (1 Петр 5:1-2, 2 Петр 2:3).
Симон байр суурьтай болж, ашиг орлого олохын тулд сүнслэг бэлгийг хүссэн боловч түүний зүрх сэтгэл буруу байсныг элч түүнд хэлсэн юм (Үйлс 8:18-23).
► Чуулганаа худалдахыг оролдох пасторын нөхцөл байдал яагаад буруу вэ? Чуулган гэж яг юу болох талаарх түүний ойлголт яагаад буруу байна вэ?
Жишээ 3 
Синкретизм бол христитгэлийг өөр шашны эсрэг тэсрэг итгэл үнэмшил, зан үйлтэй холих явдал юм. Шинэ гэрээний үеийн синкретизмийн жишээ бол самаричуудын шашин шүтлэг юм. Шүтээн шүтэж байсан харь үндэстнүүд Израилын нутаг дэвсгэрт нүүн ирснээр Израилын шашныг өөрсдийн шүтээнтэй хольж орхисон. Есүс тэд юуг мөргөн хүндэлдэг гэдгээ мэддэггүй гэж хэлсэн байдаг (Иохан 4:22).
Синкретизмийн өөр нэг жишээ бол Гаити улсын түүх юм. Гаити Францын колони байх үед Африк гаралтай боолуудыг христитгэлд орохыг тулган шаарддаг байв. Тэд хуучин шашнаа Ромын Католик шашинтай хольсон. Өнөөдөр олон гаитичууд сүнснүүдийг шүтдэг Вуду зан үйлээ хийсээр байгаа ч христитгэлийн бэлгэдэл тэмдэг зүүж, ариун хүмүүсийн нэрсийг хэрэглэсээр байна.
Заримдаа синкретизм нь христитгэл давамгайлж байсан үндэстнүүдтэй холбогдох нь ч бий. Хүмүүс ноёлж буй үндэстэнд таалагдахын тулд шашных нь зан заншлыг хүлээн зөвшөөрдөг ч, өөрсдийн анхны итгэл үнэмшлээ хадгалсаар байдаг.
► Христитгэл болон бусад шашин хоорондоо холилдсон ямар жишээг та мэдэх вэ?
Дэлхийлэг сэдэл нь синкретизм үүсгэх боломжтой. Хэрэв хүмүүс сайнмэдээг хүлээн авснаар санхүүгийн ашиг орлого, улс төрийн нөлөө, эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тааллыг олох зэрэг ашиг тустай гэж боддог бол итгэлд жинхэнээр ирэлгүй, харин христитгэлийн харагдах байдал өнгөн талыг л хүлээн зөвшөөрдөг байж болох юм. Улмаар тэд хуучин итгэл үнэмшил, дадал зуршлаа дагасаар байгаа ч христитгэлийн нэрээр тэднийг дууддаг. Хүмүүсийг буруу сэдлээр хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг алив зүйлсийг санал болгохгүй байх нь чуулганы сайнмэдээ тараалтад хамгийн үр дүнтэй.
Сайнмэдээг гадаадын илгээлтийн эзэд авчрах үед христитгэл нь харийн шашин мэт санагдаж магадгүй юм. Тийм ч учраас христитгэлийг нутаг орон, соёлдоо шингээж, өөриймсүүлэх нь маш чухал. Энэ нь цаашид харийн шашин шиг харагдах учиргүй. Нөгөөтэйгүүр илгээлтийн эзэд болон сайнмэдээг тунхаглагчид нь тухайн соёлын ямар нарийн ширийн зүйлс христитгэлтэй нийцэхгүй байгааг олж мэдэх хэрэгтэй. Энэхүү ялгааг таних нь хугацаа шаардсан, мөн орон нутгийн итгэгчдийн тусламжтайгаар хийгдэх ёстой үйл явц юм.
Жишээ 4 
Зарим тохиолдолд шашин нь тухайн үндэстний уламжлалт шашин гэж тооцогддог. Жишээлбэл, зарим үндэстний хүмүүсийн ихэнх нь муслим шашинтай байдаг. Өөр зарим үндэстний хувьд ихэнх хүн ам нь өөрсдийгөө Ромын католик шашинтай гэж үздэг. Ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийн шашны ёс суртахууны хэм хэмжээг яг дагаж мөрддөггүй. Зөвхөн хаа нэг шашны зан заншил байдлаар хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч тэд өөрсдийгөө энэхүү шашныг дагагчид гэж ярьдаг.
Олон хүмүүсийн хувьд тэдний нийгмийн харилцаа хүрээлэлд байгаа бүх сайн хүмүүсийг итгэгчид гэж үздэг учраас өөрсдийгөө Христэд итгэгч гэж дуудах нь бий. Гэхдээ тэд жинхэнээсээ гэмшээгүй хүмүүс юм. Тэд өөрсдийнхөө ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдсөөр байдаг.
Сайнмэдээ бол гэмшиж, Христэд захирагдах дуудлага юм. Хэрэв хүн өөртөө төвлөрсөн аминч байдлаа үхүүлж, жинхэнэ дагалдагч болохгүй л бол Түүний дагалдагч байж чадахгүй хэмээн Есүс өгүүлсэн байдаг (Лук 9:23).
Нүгэлт нийгэмд алдар нэртэй байхын тулд христитгэлийн нэрийг зүүж болохгүй. Нийгмийн хэвийн ёс суртахуун нь христитгэлийн ёс суртахуунаас ямагт доогуур байдаг тул Христэд итгэгч нь ертөнцтэй зөрчилддөг.
► Гэмшилгүй хэдий ч алдар нэртэй христитгэл танай нийгэмд хэрхэн илэрч байна вэ?
Жишээ 5 
Бүх итгэгчид бүх онол сургаал дээр санал нэгдэнэ гэж бид хүлээх хэрэггүй юм. Хэдийгээр тэд Библийг онол сургаалын эрх мэдэл гэж хүлээн зөвшөөрдөг ч итгэгчдийн хооронд ялгаа байдаг.
Заримдаа чуулганууд өөр бусад чуулгануудаас тэднийг ялгах онол сургаал дээрээ ихээхэн анхаардаг. Гэтэл тэдгээр сургаал нь христитгэлийн үндсэн онол сургаалтай адил хэмжээнд чухал биш байдаг. Хэрэв тэдгээр чуулганууд үндсэн сайнмэдээг заадаг л бол бусад чуулгануудыг жинхэнэ христитгэлтэй биш гэж хэлж болохгүй.
Чуулган бусад чуулгантайгаа тэмцэлдэж, өөрийн дүр төрхийг тогтоох ёсгүй. Энэ нь эхлээд сайнмэдээгээр, дараа нь чуулгандаа өөрийгөө зориулдаг гишүүдийн нөхөрлөлөөр батжих учиртай.
► Чуулган ямар үндэслэлээр бусад чуулганыг жинхэнэ христитгэлт гэж хүлээн зөвшөөрөх ёстой вэ?
Жишээ 6 
Үнэн зөв сургаалыг бусад үнэнтэй зөрчилдөхүйц хэмжээнд онцлох ч боломжтой. Чуулган нигүүлслийг онцолсноор Бурханд дуулгавартай байх хэрэгцээг багасгаж байж ч болох. Түүнчлэн чуулган итгэлд ирэх агшинг онцлохдоо дагалдагч болох үйл явцыг умартах ч боломжтой. Итгэлээсээ няцсан нэгэнд Бурханы итгэмжит байдлыг онцлохдоо чуулган итгэлээсээ урвах аюулыг сэрэмжлүүлэлгүй өнгөрөөж ч болно. Сүнслэг бэлгүүдийг өргөмжлөхдөө чуулган гүн гүнзгий сүнслэг байдал болон христитгэлийн зан чанарыг үл тоомсорлож магадгүй юм.
Онол сургаалын тэнцвэргүй байдал нь цаг хугацааны явцад илэрч, урт хугацааны үр дагаврыг бий болгодог. (1) Нүглийн талаар хайхрамжгүй хандах, (2) авралын баталгааг үгүйсгэх, (3) сайнмэдээнд хариу үйлдэхийг хүсэж буй хүний замд нэмэлт бэрхшээл учруулах, эсвэл (4) сайнмэдээг нуун дарагдуулах зэрэг аливаа сургаал нь тэнцвэргүй онол сургаал юм.
                                     
                                    
                                    
                                        
                                                                                                                                    
                                                
                                                     
                                                    Previous
                                                 
                                                                                    
                                                                                                                                    
                                                
                                                    Next