Есүсийг дагах нь
► Есүсийн дагалдагч байна гэдэг ямар утгатай вэ?
Зарим хүн Христэд итгэгч хүнийг сайн хүн гэж боддог. Зарим нь итгэгч байхыг тодорхой зүйлд итгэдэг гэсэн утгаар хардаг. Гэхдээ иймэрхүү хүмүүсийн олонхийн амьдралд итгэл үнэмшил тийм ч их өөрчлөлт авчирдаггүй.
Өөр заримынх нь хувьд үнэнд арай илүү ойр байна. Тэд хүн Христэд итгэгч болох үед заавал нэгэн өөрчлөлтийн цаг үе байх ёстой гэдгийг мэддэг. Христийг чин үнэнээсээ хүлээн авсан бол юу ч болсон бай, тэнгэрийн улсад очих баталгаатай хэмээн олон хүн итгэдэг аж.
Христийг чин үнэнээсээ хүлээн авах ёстой гэдэг нь үнэн. Итгэлийн хариуд Бурханы өршөөлөөр уучлал ирдэг гэдэг нь ч үнэн. Итгэгч хүн Бурханд дуулгавартай амьдардаг нь ч үнэн юм. Гэвч Есүсийн дагалдагч байна гэдэг нь энэ бүхнээр хязгаарлагдахгүй.
Итгэх нь л Христэд итгэгч байх цорын ганц шалгуур болбол юу болох вэ? Тэгвэл энэ нь итгэгчид Бурханы тушаалуудыг заавал биелүүлэх албагүй гэсэн үзэл буюу антиномианизмд хүргэдэг. Ингээд үнэгүй нигүүлсэл маань нүглийг зөвтгөсөн, дүр эсгэсэн, төсөөллийн нигүүлсэл болж ойлгогддог байна.
Иймэрхүү төсөөллийн нигүүлслийг сурталчилдаг чуулганы гишүүд нь чуулганд хамрагддаг атлаа нүгэл дундаа амьдардаг аж. Тэдний пасторууд болон бусад удирдагчид нь чуулганы хүмүүсээс илүү дээр амьдралтай байж болох ч, нүгэлт зуршилтай байх нь бий. Тэдний хувьд нигүүлслээр аврагдсан учраас Бурханд бүрэн дуулгавартай амьдрах шаардлагагүй ажээ. Тэд хүмүүсийг Христийн дуулгавартай байдалд авчир гэж Есүсийн чуулганд өгсөн үүрэг даалгаврыг умартдаг. Чуулган бол итгэдэггүй хүмүүсийг итгэгч болгож, Бурханы ариун мөргөн хүндлэгч болгох онцгой үүрэгтэй бөгөөд өөр оршин тогтнох шалтгаан чуулганд үгүй юм.
Түүнчлэн Бурханыг дуулгавартай дагах ёстой гэж үздэг чуулгануудад ч өөр алдаа дутагдал байдаг. Тэд өөрсдийнхөө зөв гэж үзсэн шаардлагын дагуу амьдралаа тохируулсан байдаг бөгөөд Христтэй адил сүнс сэтгэл тэдэнд байдаггүй. Тийм хүмүүс хатуу ширүүн, өршөөлгүй байдаг тул даруухан бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр уучлал гуйж чаддаггүй. Тэд бас бусдыг шүүхдээ гаргууд. Цөөхөн хүнд л итгэдэг. Өөрсдийнхөө зөв гэдэгт хэзээ ч эргэлздэггүй мэт. Түүнчлэн асуулт болгонд хариулдаг бөгөөд өөрсөдтэй нь санал нийлээгүй хүмүүсийг үл хүндэтгэдэг. Тэдэнд алдагдсаныг аврах халуун сэтгэл байхгүй, харин үзэл бодлоо хамгаалах асар их хичээл зүтгэл бий. Тэд өөрсдөдөө сэтгэл ханасан хүмүүс тул өөрчлөлт хийх төлөвлөгөөгүй ажээ.
Ийм хүмүүс Есүсийг үнэхээр мэддэг болов уу? Есүс шиг байхыг хүсдэг болов уу?
Үнэндээ итгэгч байна гэдэг Есүсийн дагалдагч байна гэсэн үг юм.
Дагалдагч байна гэж юу гэсэн үг вэ? Христэд дуулгавартай байна гэсэн үг үү? Хамгийн багаар бодоход тийм гэдэг нь эргэлзээгүй. Есүс Агуу захирамжийг өгөхдөө “газар сайгүй явж, дагалдагч бэлтгэ, шинэ дагалдагчдад Есүсийн тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг заа” хэмээн тушаасан юм (Матай 28:19-20). Есүсийн тушаалыг дагах нь дагалдагчийн хийх бүх зүйл биш.
Еврей раббичуудын шавь нар багштайгаа хамт амьдарч, сургаал номлол төдийгүй, амьдралын хэв маягийг нь бас суралцдаг байжээ. Тийнхүү шавь нар хандлага, эрхэм зүйлсээ суралцах явцдаа олдог байв.
Есүс дагалдагчдыг дуудахдаа “ирж, Намайг дага гэлээ”[1] гэж хэлсэн нь ийм утгыг агуулж байсан. Тэрбээр одоо ч дагалдагчдыг сайнмэдээгээр дамжуулан ийнхүү дуудсаар байна.
[2]Тэгвэл яаж дагалдагч болох вэ?
Эхлээд та Есүст итгэх ёстой. Итгэхгүйгээр Есүсийг дагах шалтгаан байхгүй юм.
Та явж буй чиглэлээ өөрчлөх хэрэгтэй. Төрөлхийн Есүсийн дагалдагч гэж байхгүй, харин бид бүгд эхлээд өөр өөрийнхөө замаар явж байсан. Тиймээс та өөрийнхөө замыг бус Есүсийг дагах эсэхээ шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл таны замд ямар нэг юм буруу байгааг та өөрөө харсан гэсэн үг. Үүний дараа гэмших ёстой. Та нүгэлдээ харамсахгүйгээр Есүсийг дагах боломжгүй. Хэрэв та нүглээ хаяхын төлөө хангалттай харамсаагүй бол та өөрийнхөө замаар явсаар байгаа гэсэн үг.
Хүн Есүсийн уучлалыг мэдрэхэд Түүнтэй харилцаа үүсгэж эхэлдэг. Ингээд Түүнийг илүү ихээр мэдэж эхлэх ба Түүн шиг байхыг хүсэх болно.
► Нэг суралцагч Матай 16:21-25–г ангид уншина.
Есүс дагалдагчидтайгаа ярилцаж байхдаа айсуй үхлийнхээ тухай дурдаж байна. Петр энэ үгэнд цочирджээ. Петрийн бодлоор Есүст зовлон, үхэл огт тохирохгүй байв. Тиймээс Есүсийн үгийг сөрж, үхлийн тухай бодлыг нь хориглохыг хичээсэн.
Есүс Петрийг зэмлээд, Бурханы юмсыг ойлгохгүй байна гэж хэлсэн юм. Есүсийн дагалдагч байхын тулд хүн өөрийгөө үгүйсгэн загалмайг үүрч, Есүсийг дагах ёстой гэжээ. Энэ бол үхлийг өөртөө хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Энэ нь жинхэнэ дагалдагч байхын эсрэг зүйлс болох өөрийгөө хангах, өөрийгөө өргөмжлөх, өөрийгөө хамгаалах хүний төрөлх мөн чанар, төрөлх хандлагын эсрэг зэмлэл байлаа.
► Хүний төрөлх мөн чанар яагаад дагалдагч байхын эсрэг байдаг вэ?
Дагалдагчид зовлон шаналал, үхлийг өөрсдөдөө тохиолдохгүй гэж үзэж байв. Тэд Есүсийг дагах нь ямар утгатай болохыг хараахан ойлгоогүй байсан хэрэг. Уучлал хүртэхийн тулд танаас ямар ч зардал гарахгүй боловч, Христийг дагахын төлөө та бүхнээ зориулах ёстой юм. Есүсийг дагаснаар тасралтгүй Түүнийг эрэлхийлж, зүрх сэтгэлээ даруусгаж, өөрчлөгддөг.
► “Христийг дагахад танаас өртөг золиос шаардагдана” гэдэг үгийг тайлбарлана уу.
Загалмайг үүрнэ гэдэг бол Бурхантай мөнхөд хамт байх харилцааны төлөө ямар нэг зүйлийг үхүүлнэ гэсэн утгатай. Энэ бол дотор хүнээ үхүүлэх, бүрэн эрхт байдлаа үхүүлэх явдал бөгөөд зөвхөн гадна байдлаараа хүлцэнгүй байх биш, харин зүрх сэтгэлээрээ бүхлээрээ даруусна гэсэн үг. Ийм дарууслыг Есүсийн хаанчлалд орох шаардлага гэж тодорхойлжээ.
Анхны дагалдагчдын адилаар өнөөдөр ч олон хүн дагалдагч байх гэж ямар утгатайг ойлгоогүй явж байна. Чуулганууд гэмшээгүй хүмүүст нигүүлслийг санал болгож байна. Ингэснээр Христийг хүлээж авч байгаа хүмүүсийг зөв замаар эхлүүлэхгүй, ирж буй зүйлсэд бэлтгэхгүй байна. Энэ бол жинхэнэ итгэгчдийн амьдралаас маш их ялгаатай, өөр зам юм.
Германы пастор Диетрих Бонхоферыг Адольф Гитлерийн тушаалаар цаазаар авчээ. Тэрээр Дагалдагч байхын үнэ өртөг (The Cost of Discipleship) хэмээх номдоо ингэж бичжээ.
Үнэтэй нигүүлсэл бол талбайд нуугдсан эрдэнэ мэт. Үүний төлөө хүн дуртайяа явж, байгаа бүхнээ зарна. Худалдаачин бүх бараагаа зараад худалдан авах тийм агуу үнэтэй сувд мэт. Энэ бол Христийн засаглал хаанчлал бөгөөд хүн үүний төлөө өөрийг нь бүдрүүлдэг нүдээ ухаж хаях зүтгэл, дагалдагч нар загасчилж байсан тороо орхиод Түүнийг дагадаг тийм л дуудлага юм. Биднийг ийнхүү дагахыг уриалдаг учраас энэ нигүүлсэл ийм агуу үнэтэй байгаа юм.
Есүсийг дагана гэдэг нь Есүстэй адил болох юм. Түүнд бүрэн бууж өгсөн учраас өөрийгөө үхүүлнэ гэсэн үг. Зүгээр л зарим зүйлсийг буруу хийхээ болих биш, харин Есүсийн хүссэнээр тэднийг бүрэн орхино гэсэн үг. Есүс цэвэр ариун байдлаараа, өрөвч нинжин сэтгэлээрээ, өршөөлөөрөө юу хийх байсныг бид ч хийхийг эрмэлздэг.
Зүрх сэтгэл маань эсэргүүцээд байхад бид зүгээр л зөвийг хийгээд байж чадахгүй. Тиймээс зүрх сэтгэл маань ч адилхан байгаасай гэж хүсдэг. Есүс хэнийг ч үзэн ядаагүй. Түүнтэй дайсагнах сонголтыг хийсэн хүмүүс байсан хэдий ч Тэр Өөрөө харин хэнтэй ч дайсагнаагүй юм. Загалмай дээр байхдаа ч Тэр өршөөж уучилсан билээ.
Христийн жинхэнэ дагалдагчид хонзогнодоггүй. Тэд муу хандаж байхад хариуд нь сайн ханддаг, хараах үед нь ерөөдөг байсан. Тэд өөрсдийгөө уучлалаар хязгаарлаж байгаагүй. Үүний оронд хувийн эрхээ огоорч, оронд нь үйлчилж байсан юм.
Дагалдагч хүн өөрийгөө огоорч амьдрахаас өөр газаргүй. Амиа аврахыг хичээдэг хүн алдана, амиа өгөх хүн үүнийгээ аварна (Марк 8:35).
► Хүмүүсийг дагалдагч болгон бэлтгэх замаар хэрхэн аврал руу дуудах вэ?
“Есүс Христ бидний дотор өмнө нь хаанчилж байсан алив шүтээнийг зайлуулж, Өөрөө хаанчлахыг шаарддаг. Энэ бол Христийг хүлээн авснаар ирдэг үнэнч байдал, бүр багаар бодоход эхлэл нь юм. Христ зөв газраа эзэлсний дараа бүх юм өөрчлөгдөж эхэлдэг”
- Дэлхийн сайнмэдээний төлөөх Лузанны зөвлөл,
Вилловбанк тайлан