Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Audio Course Purchase

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 9: Өв үлдээх нь

2 min read

by Randall McElwain


Хичээлийн зорилго

Энэ хичээлийн төгсгөлд суралцагч:

(1) Дагалдагчид ба чуулганд Есүсийн өгсөн сүүлчийн өвийн талаар ойлгох.

(2) Есүсийн үлдээсэн өв, үүрэг даалгаврын чухлыг үнэлэх.

(3) Үйлс ном дахь дагалдагчдаар дамжуулан Есүсийн үйлчлэл үр нөлөөтэй үргэлжилсэн гэдгийг ойлгох.

(4) Түүний үйлчлэлийн өвийг үлдээх бодит алхмуудыг хөгжүүлэх.

Үйлчлэлийн зарчим

Биднийг байхгүй болоход ард үлдэх зүйл маань бидний үйлчлэлийн шалгуур болно.

Танилцуулга

Тимот олон жил нэр хүндтэй пастороор ажиллаад, тэтгэвэртээ гарах дөхөж байлаа. Нэг хүн түүнээс “Та тэтгэвэрт гарахдаа чуулганаа хэрхэн бэлтгэж байна вэ? Танай чуулганы ойрын 10 жилийн алсын хараа юу вэ?" гэхэд Тим "Би энд байхгүй учраас намайг явсны дараа яах нь надад хамаагүй" гэжээ. Энэ пастор үйлчлэлийн чухал зарчмыг ойлгоогүй хүн байна. Биднийг явсны дараа чуулганд юу болох нь бидний үйлчлэлийг хэмждэг эцсийн шалгуур юм.

Энэ пасторыг Натантай харьцуулъя. Натан 25 жил үйлчлээд гэнэт нас баржээ. Натан эдгээр он жилүүдэд нутгийн чуулгандаа хэд хэдэн үйлчлэлийг хариуцаж байв. Тэрээр орон гэргүй хүмүүст зориулсан үйлчлэл, мансуурч донтогсдод нөхөн сэргээх хөтөлбөрийг бий болгож, бизнесийн удирдагчдад хүрч ажиллах ажлыг зохион байгуулжээ. Натаны оршуулга дээр мансуурагсдад зориулсан нөхөн сэргээх үйлчлэлийн ахлагч “Өнгөрсөн сард Натан бид хоёр уулзаад, ирэх жилийн төсвөө хэлэлцсэн” гэж ярихад, орон гэргүй хүмүүсийн үйлчлэлийн ахлагч, гэр бүлүүдийг түр сууцаар хангах шинэ барилгынхаа хар зургийн талаар ч мөн ярьжээ. Натан үйлчлэлийнхээ ирээдүйг сайтар төлөвлөсөн байв. Тэр ардаа өв үлдээжээ.

Энэхүү сүүлийн хичээлээр бид дагалдагч нартаа зориулсан Есүсийн сүүлчийн сургаал, дагалдагч нарт өгсөн Түүний сүүлчийн даалгавар болон Түүнийг дээш өргөгдсөний дараа дагалдагчдын гүйцэтгэсэн үйлчлэлийн талаар судална. Бид ардаа өв үлдээх тухай суралцана.

► Хэрэв та өнөөдөр энэ хорвоог орхивол ямар өв үлдэх бол?

  • Гэр бүлдээ үлдээх өв чинь юу вэ?

  • Нийгэмдээ үлдээх өв чинь юу вэ?

  • Үйлчлэлдээ үлдээх өв чинь юу вэ?

Есүсийн дээш одохын өмнөх захиас

Иохан 13-16-р бүлгийг Хуучин гэрээний Иаков, Мосе, Иошуа, Давид нарын сүүлчийн захиастай харьцуулж болно.[1] Есүсийн “Салан одохын өмнөх захиас’ нь Түүний хамгийн гүн гүнзгий утгатай, дотночилсон сургаал байсан юм.

Иохан 13:1 дээр энэхүү сүүлчийн сургаалын хэсгийг “Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь... Есүс мэдээд” хэмээн эхлүүлжээ. Хэрэв та 48 цагийн дотор үхнэ гэдгээ мэдсэн гэвэл үйлчлэлийг чинь үргэлжлүүлэх хүмүүст юу захиж хэлэх вэ? Эдгээр үгс нь таны дагалдагчдын хувьд хамгийн чухал зүйл байх болно.

Сүүлчийн зоог дээр Есүс дагалдагч нараа бүрэн хайрлах хайраа үг ба үйлдлээрээ (тэдний хөлийг угаах) харуулсан юм. Есүс “дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав” (Иохан 13:1) гэжээ. “Эцсээ хүртэл” гэдэгт хоёр санаа агуулагдаж байна.

1. Энэ бол Есүс тэдэнтэй хамт байх эцсийн мөч хүртэл тэднийг хайрласан гэсэн үг.

2. Энэ бол Есүс тэднийг туйлын ихээр хайрласан гэсэн үг. Есүс бүрэн хайрласан.

► Иохан 13:31-14:31 эшлэлийг унших.

Есүсийн захиас дахь тушаал ба амлалт

Тушаал: Бие биенээ хайрла (Иохан 13:34).

“Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна” Хайрлахаас илүүгээр хэрүүл тэмцлээрээ танигдсан тэдгээр дагалдагчдын хувьд энэ нь хэцүү тушаал байлаа.

Гэхдээ энэ яагаад шинэ тушаал гэж? Хуучин гэрээнд хүртэл Бурханы ард түмэнд “хөршөө... хайрла” гэж хэлсэн биш үү. Тэгэхээр хайрын тухай Есүсийн сургаалд хоёр шинэ зүйл байна.[2]

Эхнийх нь, Есүс хайрлах тушаалыг хэрхэн гүйцэтгэх үлгэр дуурайлыг өөрөө үзүүлсэн юм. Тэд Есүсийн адил хайрлах ёстой байв. Тэдний хөлийг даруугаар угаасны дараа Есүс “Би та нарыг яаж хайрласны адилаар та нар бие биенээ хайрла” гэсэн юм. Тэрбээр даруу сэтгэлээр үйлчилдэг хайрыг бодит болгож харуулсан. Дагалдагчид тэр үед ч, одоо ч Есүсийн адил хайрлах ёстой. Энэ хайр бол үйлчлэхээр алчуур аваад босдог хайр. Энэ хайр бол урвагчийг ч хайрладаг хайр. Энэ хайр үхэх хүртлээ хайрладаг хайр юм.

Хоёр дахь нь, Христэд итгэгчдийн дундах хайр бол Есүсийн сургаал үнэн гэдгийг харуулах ер бусын гэрчлэл юм. “Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ” (Иохан 13:35). Дараа нь Есүс “тэд төгс нэг болж, ингэснээр Та Намайг илгээсэн гэдгийг дэлхий мэдэх болно” гэсэн юм (Иохан 17:23). Чуулганы хайр ба эв нэгдэл бол Есүсийн сургаалыг гэрчлэх гэрч билээ.

Олон итгэгчийн хувьд итгэдэггүй хөршөө хайрлах нь алдаа дутагдлаар дүүрэн итгэгч ах дүүгээ хайрлахаас хамаагүй хялбар байдгийг мэдсэн байдаг. Гэхдээ Христэд итгэгчид бидэнд бие биенээ хайрлах тушаал өгөгдсөн. Элч Иохан 50 жилийн дараа чуулганд энэ тушаалыг сануулсан юм.

Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ (1 Иохан 4:20-21).

Есүс сүүлчийн сургаалдаа бие биенээ хайрлах тушаалыг өгчээ. Энэ тушаал бол Түүний тунхагласан энэхүү сургаал дахь бүх зүйлийн үндэс суурь юм.

Тушаал: Зүрхээ бүү шаналга, итгэ (Иохан 14:1).

Петр сурсан зангаараа Есүсийн яриаг тасалж “Эзэн, Та хаашаа явах юм бэ?” гэж асуухад Есүс түүний үгүйсгэлийг урьдаас өгүүлжээ. Тэгээд Тэр Петрт, бусад дагалдагчдад, мөн өнөөгийн бидэнд хандан “Зүрхээ бүү шаналга” гэсэн юм.

Иохан 13:38 эшлэлээр бүлэг төгсдөг учраас бид ихэвчлэн Иохан 14:1 эшлэлийг шинэ агуулга эхэлж байгаа мэт уншдаг. Гэхдээ Иохан 14:1 бол Петрт өгсөн хариултын нэг хэсэг юм. Үүнийг ингэж уншаарай.

Петр ээ, чи намайг гурван удаа үгүйсгэнэ. Чи бодож байгаагаасаа илүү сул дорой. Гэхдээ бүү цөхөр. Петр ээ, удалгүй Намайг баривчлагдах үед айсандаа зугтаж одох чамд болон та нарт зориулсан найдварын үг Надад байна. Зүрхээ бүү шаналга. Бурханд итгэ, бас Надад итгэ.

Петрийн бүтэлгүйтлээс үл хамааран, түүнд зориулсан найдварын мэдээ Есүст байгааг Петр мэдэх хэрэгтэй байлаа. Дагалдагчдын айдсаас үл хамааран, тэдэнд зориулсан найдварын мэдээ Есүст байгааг тэд мэдэх хэрэгтэй байлаа. “Зүрхээ бүү шаналга” гэх энэ үг одоо цаг дээр байна. Есүсийн сэрэмжлүүлэг болон шашны удирдагчдын эсэргүүцлээс болоод дагалдагчид айдастай байсан. Тиймээс Есүс “Зүрхээ шаналгахаа боль. Бурханд итгэ... бас Надад итгэ” гэж хэлсэн юм.

Үйлчлэлийн дарамтаас болж шаналж зовохоос зайлсхийх цорын ганц зам нь итгэх юм. Дэлхий даяар урам нь хугарсан пасторууд Даваа гарагтай золгодог. Урьд өдөр нь таныг итгэмжтэй номлоход, чуулганы хэн нэг нь уурлаж байсан байх. Таныг гэмшлийн тухай номлоход хэн ч хариу үзүүлээгүй. Та үл итгэгчдийг урьсан, гэвч хэн ч ирсэнгүй.

Зарим улсад чуулганууд засгийн газрын эсэргүүцэл дор байна. Зарим улс оронд Исламын дайчид чуулганд заналхийлдэг. Түүнчлэн зарим улсад хэн ч анхаарал хандуулдаггүй нийгмийн ялгаатай байдал чуулганыг заналхийлж байна. Гэхдээ Есүс “Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, бас Надад итгэ” гэж хэлсэн юм.

Амлалт: Би бол зам (Иохан 14:6).

Есүс дагалдагч нартаа орон байр бэлдэхээр явна хэмээн тэднийг урамшуулсан. Тэгтэл Томас яриаг нь нь тасалж “Эзэн, Таны хаашаа явахыг бид мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ?” гэв.

Есүсийн хариулт нь христэч амьдралын чухал зарчмыг заадаг. Тэрээр “Би тийшээ явах гэж байна” гэж хэлээгүй, харин “Би бол зам” гэж хэлсэн юм. Есүс ямар нэг чиглэл заагаагүй, харин Өөртөө хандуулсан юм. Эцэг рүү хүрэх зам Христээр дамжина гэдгийг Бичвэр үүнээс илүү тодорхой яаж хэлэх билээ. Либерал теологичдын хэлдгээс тэс өөрөөр, Бурханд хүрэх цорын ганц зам бол Тэр өөрөө гэдгийг Есүс тодорхой мэдэгдсэн.

Амлалт: Та нар агуу үйлсийг хийнэ (Иохан 14:12-14).

Есүс “Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно” гэж амласан. Эдгээр үйлс нь үнэхээр гайхалтай учраас биш, харин өргөн цар хүрээтэй учраас агуу байгаа юм. Есүсийн газар дээрх үйлчлэл тодорхой бүс нутгийн хүрээнд хязгаарлагдаж байсан бол, одоо Есүсийн илгээсэн Сүнсний тусламжтайгаар чуулган дэлхий даяар агуу үйлсийг хийж байна.

Есүс цааш нь “Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ” гэсэн. Энэ амлалтад хоёр нөхцөл тавигдаж байна.

(1) “Миний нэрээр гуй.”

Энэ бол залбирлын төгсгөлд "Есүсийн нэрээр" гэж хэлэхээс илүү зүйл. Энэ бол Есүс бидний хүслийг биелүүлж өгөх тухай шидэт хэллэг ч биш. Харин Библийн туршид Бурханы нэр нь Бурханы зан чанарыг төлөөлдөг. Тиймээс “Есүсийн нэрээр залбирах" гэдэг бол Есүсийн зан чанар болон хүсэлд нийцүүлэн залбирах гэсэн үг.

Есүсийн нэрээр залбирах нь Хүүгийн эрх мэдлээр Эцэгт очно гэсэн үг юм. Мосе ЭЗЭНий нэрээр ярихаар Фараон дээр очихдоо (Гэтлэл 5:23) өөрийг нь илгээсэн Бурханы эрх мэдлээр очсон. Тиймээс Есүсийн нэрээр залбирна гэдэг нь Есүсийн зөвшөөрөл, эрх мэдлээр залбирна гэсэн үг. Бид Эцэг Бурхан руу бидний төлөө “зуучлан залбирахын тулд үргэлж амьд” байдаг Хүүгийн зуучлалаар очдог (Еврей 7:25).

(2) “… Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд.”

Бидний залбирал Бурханы алдрын төлөө байх ёстой. Иаков зарим нэг “гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг” хүмүүст анхааруулга өгчээ (Иаков 4:3). Есүсийн амлалтыг дурдах үедээ бид өөрсдийнхөө зорилгын төлөө биш, харин Бурханы алдрын төлөө залбирч байгаа эсэхээ сайн мэдэж байх ёстой.

Тушаал: Тушаалуудыг минь сахь (Иохан 14:15).

Есүсийг хайрлах хайраа хэмжиж болох жишгийг Есүс бидэнд өгчээ. Тэр нь “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэсэн үг билээ. Иохан энэ тушаалыг санаж, эхний захидалдаа “Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ” гэсэн байдаг (1 Иохан 2:5). Өнөөгийн зарим номлогчдын хэлдэг шиг тушаалыг нь зөрчин амьдарч болно гэж Есүс дагалдагч нартаа хэзээ ч зааж байгаагүй. Хайр бол дуулгавартай дагах хүслээс харагддаг.

Амлалт: Тэр та нарт Туслагчийг илгээнэ (Иохан 14:16).

Иохан 14:16 эшлэлд буй “Туслагчийг” хэмээн орчуулж байгаа үг бол хэн нэгнийг өмгөөлөхөөр ирж байгаа өмгөөлөгч гэсэн утгатай. Энэ бол бэрхшээлтэй хүнд үед тайтгаруулахаар ирэгч туслагч, тайтгаруулагчийг зааж байгаа үг юм.

Есүс Эцэг “... та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна” гэж хэлсэн. Энэ нь Ариун Сүнсний үйлчлэл Есүсийн үйлчлэлтэй адил гэдгийг зааж байна. Сүнс бол эзэн биегүй хүч биш, харин Есүс адил бодгаль нэгэн юм.

Туслагч бол “та нартай хамт… бөгөөд та нарын дотор” оршдог үнэний Ариун Сүнс юм. (Иохан 14:17). Тэрээр “та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно” (Иохан 14:26) гэсэн. Түүний үйлчлэл бол Есүсийн хэлсэнчлэн маш хүчирхэг бөгөөд “Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй” хэмээн Тэр батламжлан өгүүлсэн (Иохан 16:7).

Есүс явах нь дагалдагч нарт ямар ашиг тустай байв? Үүнийг Роберт Коулмэн ийнхүү тайлбарлажээ.

Есүс бие махбодын хэлбэрээр тэдэнтэй хамт байхад Сүнсэнд найдах хэрэгцээ бага байна гэж харсан [дагалдагчид]. Тиймээс ч дагалдагчид Есүсийн амьдралын бодит байдлыг гүн гүнзгий дотноор мэдэж чадахгүй байв. Харин Түүнийг явсны дараа тэдэнд нүдэнд харагдах дэмжлэг байхгүй болсон. Ингээд тогтож үлдэхийн тулд тэд Есүсийн Эцэгтэйгээ холбоотой дотно харилцааны нууцад суралцах ёстой болжээ. Хэрэгцээнээсээ болоод тэд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм дотно нөхөрлөлөөр Христтэй холбогдсон юм.[3]

Усан үзмийн модтой холбогдох амьдрал

► Иохан 15:1-16:37 эшлэлийг унших.

Есүс хамгийн хүчирхэг дүрслэлийнхээ нэг болох “Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ” хэмээх үгээ энд хэлжээ. Хуучин гэрээнд Израилыг байнга л усан үзмийн модтой зүйрлэдэг.[4] Гэхдээ Израил үндэстэн нүглээсээ болоод энэхүү үзмийн модыг тариалсан Бурханы зорилгыг биелүүлж чадаагүй юм. Харин Израил материаллаг талаараа хөгжин дэвжих тусмаа хуурамч бурхдад тахилын ширээ босгосон юм (Хосеа 10:2). Израил бусад үндэстнийг ерөөх үр жимс ургуулахын оронд зэрлэг усан үзэм ургуулжээ[5] (Исаиа 5:2). Израил маш их нүгэл үйлдсэн тул Бурхан энэ усан үзмийн модыг түлш болгон шатаахаас өөр юу ч хийж чадахгүй болсон байв (Езекиел 15:1-6).

Есүс жинхэнэ усан үзмийн мод адил ирсэн. Тэрээр Израил үндэстний хийж чадаагүй зүйлийг гүйцэлдүүлэхээр иржээ. Тэр үндэстнүүдэд ерөөл болох Израилын дуудлагыг биелүүлэхээр ирсэн юм.

Есүс дагалдагч нартаа өөрийгөө усан үзмийн мод, тэд бол мөчир гэдгийг хэлсэн бөгөөд Есүсийн захиас тодорхой байв. Үр жимстэй байх нь Түүний дотор байх бидний хүсэл эрмэлзлээс бүрэн шалтгаална.

Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй (Иохан 15:5).

Усан үзмийн модноос салангид байвал дагалдагчид юу ч хийж чадахгүй. Бид ч бас тэр модноос салангид байснаар юу ч хийж чадахгүй. Хэрэв бид үйлчлэлээ өөрсдийнхөө хүч чадлаар хийх гэж зүтгэвэл урам хугаралт, хүчгүй байдлыг амсаж сүйрэхээс өөр гарцгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл бид хэзээ ч өөрсдөөсөө үр жимс ургуулж чадахгүй.

Үзмийн модтой тасралтгүй харилцаатай байхаас бидний сүнслэг амьдрал хамааралтай. Хэрэв хэн нэг нь үзмийн модтой холбоотой байж чадахгүй “байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана” (Иохан 15:6). Энэ эшлэл сэрэмжүүлэг мэт боловч басхүү гайхалтай урам зориг ч бас мөн. Бид үзмийн моднос салангид байвал хэрэггүй, үнэ цэнгүй. Хэрэв бид усан үзмийн модтой тасралтгүй холбоотой байвал бидэнд амь ба үр жимс бий болно. Бидний сүнслэг амьдрал бидний хүч чадалд түшиглэдэггүй. Бид “Усан үзмийн модонд” амьдардаг.

Энэ сэдвийг Еврей номд мөн өгүүлдэг. Бидний агуу тэргүүн тахилч Есүс, Бурханд ойртон очигсдын төлөө “зуучлан залбирахын тулд үргэлж амьд” байдаг (Еврей 7:25). Тусгаарлагдсан мэт мэдрэмжтэй, зүдэрч байгаа пасторуудыг Ховард Хендрикс ийнхүү урамшуулжээ. “Хэрэв чиний төлөө залбирах хэн ч байхгүй бол, Христ чиний төлөө залбирч байгааг хэзээ ч бүү март. Тэр бидний зуучлагч, бидний сүнслэг амьдралын эх сурвалж юм.”

Есүс дагалдагч нартаа хандан усан үзмийн модтой холбогдож амьдрах ёстой гэдгийг сануулсан. Пастор, чуулганы ахлагчийн үйлчлэлийг та өөрийнхөө хүчээр хийдэггүй. Та усан үзмийн модны хүч дотор, хүч чадалгүй үед чинь таны төлөө зуучлан залбирдаг агуу Тэргүүн Тахилчийн хүч дотор амьдардаг.

Есүс сүүлчийн захиас сургаалынхаа үлдсэн хэсэгт дагалдагч нартаа дахин бие биенээ хайрлахыг заасан юм. Тэрээр тэднийг энэ дэлхийн үзэн ядалттай тулгарахад нь бэлтгэжээ. Дэлхий Есүсийг үзэн ядсан, дэлхий Есүсийн дагалдагчдыг ч үзэн ядах болно гэдгийг Тэр мэдэж байв.

Дараа нь Есүс Ариун Сүнсний ажлын талаар илүү ихийг тайлбарлажээ. Энэ ярианы эхэнд Тэрээр Ариун сүнсийг илгээнэ гэж амласан. Тиймээс энэ хэсэгт Ариун Сүнсний ажлын талаар илүү ихийг заажээ. Сүнс дэлхийг буруутгаж, харин дагалдагч нарыг бүх үнэн рүү хөтлөх болно. Тэрээр Хүүг алдаршуулах болно гэжээ.

Ингээд Есүс тун удахгүй явах тухайгаа тэдэнд тайлбарлав. Бэрхшээл дунд амар тайван байх талаар Тэр дахин ярьжээ. Энэ ярианы эхэнд “Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ” гэж тушааж байсан (Иохан 14:1). Тэрээр энэхүү яриагаа “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа” гэх урам зоригийн үгээр төгсгөсөн (Иохан 16:33).

Аль ч тохиолдолд бидний найдвар бол зөвхөн Христ гэдгийг анхаараарай. Бид Христэд итгэдэг бол санаа зовох хэрэггүй юм. Харин Христ дэлхийг ялсан учраас бид зүрх зоригтой байх болно. Усан үзмийн мод доторх амьдрал бол итгэж болох газар юм. Бидний итгэл найдвар нь энэ ертөнцийн нөхцөл байдалд тулгуурладаггүй. Харин энэ нь ертөнцийг ялан дийлсэн Христ дээр суурилдаг.


[1]Эхлэл 49, Дэд хууль 32-33, Иошуа 23-24, 1 Шастир 28-29
[2]Darrell L. Bock, Jesus According to Scripture (Grand Rapids: Baker Book House, 2002), 498
[3]Robert Coleman, The Mind of the Master (Colorado Springs: WaterBrook Press, 2000), 29
[4]Дуулал 80:8-9, Исаиа 5:1-7, Исаиа 27:2-6, Хосеа 10:1-2
[5]“Зэрлэг” гэдэг үг нь арчилж ургуулсан, таримал усан үзмийн амтлаг чанарын оронд “гашуун” амттай гэсэн санааг агуулдаг.

Сайтар ажиглах нь: Сүүлчийн зоог

Мишна бол эртний иудейн уламжлалт бичвэр юм. Мишнагийн нэг хэсэгт иудейчүүд хэрхэн Алгасал баярын зоогийг сахиж байсныг тэмдэглэсэн байдаг.[1] Сүүлчийн зоогийн үеэр Есүс болон дагалдагч нар нь 2,000 жилийн турш мөрдөгдсөөр ирсэн энэ уламжлалыг дагасан бололтой.

Эхлээд устай хольсон дарс аягална. Энэ аягыг барих ерөөлийн залбиралд Гэтлэлийн үед өгөгдсөн “Би та нарыг гаргасан” гэх ерөөл багтана.

Хоёр дахь аяга нь мөн устай хольсон дарс боловч хараахан аягалахгүй. Тэгээд хамгийн залуу хүн нь “Энэ шөнө яагаад бусад шөнөөс ялгаатай байгаа юм бэ?” гэж асуудаг. Эцэг нь энэ үед израилчууд Египетээс гарсан түүхийг ярьж өгнө.

Ингээд түүхийг ярьсны дараа гэр бүлээрээ Алгасал баярын Халлел буюу Дуулал 113-114-ийг аялгуулан уншина. Дараа нь “Би та нарыг тэдний боолчлолоос аварсан” гэх амлалтай цуг хоёр дахь аягыг ууна.

Ерөөлийн залбирлын дараа хоол авчирна. Баярын зоогт гашуун ногоо, исгээгүй гамбир, хурганы мах, халуун ногоо, цагаан цуу бүхий амтлагчуудаар хийсэн сүмс зэрэг багтана. Гэрийн эзэн гараа угаагаад гамбираа хугалж, хэсэг гамбирыг гашуун ногоотой сүмсэнд дүрээд иднэ. Тэгээд талархал өргөж, хурганы махнаас хэсгийг иднэ. Тэгээд гэр бүлийн гишүүн бүр ийнхүү иднэ.

Гурав дахь аяга дарсыг барихдаа Алгасалын амлалт болох “Би та нарыг аварна” гэх амлалтаар ерөөнө.

Дөрөв дэх аяга дарсыг барихдаа Алгасалын амлалт болох “Би та нарыг үндэстэн болгоно” гэх амлалтаар ерөөнө.

Ингээд гэр бүлээрээ Алгасалын Халлел дуу буюу Дуулал 115-118-г аялгуулан уншина.[2]

Алгасалын зоогийн үеэр еврейчүүд Бурхан хэрхэн Израилыг боолчлолоос аварсныг санан дурсдаг. Гэхдээ хамгийн чухал нь Мессиа тэднийг бүрмөсөн чөлөөлнө гэсэн Бурханы амлалт биелэхийг ихэд хүлээж байгаа хүлээлт юм.

Сүүлчийн зоог барьсны дараах өдөр нь Есүс Алгасалын төгс хурга болж, цовдлогдсон билээ. Загалмай дээр авралын амлалт бүрмөсөн биелэгджээ.


[1]Мессиад итгэдэг еврейчүүдийн Алгасал баярын зоогийн тухай видеог та https://www.youtube.com/watch?v=bVolBDlWloQ, линкээр үзээрэй. 2021 оны 3 сарын 22-нд нээлттэй байсан. Илүү дэлгэрэнгүйг http://www.crivoice.org/haggadah.html,-с үзээрэй. Мөн 2021 оны 3 сарын 22-нд нээлттэй байсан.
[2]Энэ хамгийн сүүлийн Дуулал бөгөөд Есүс дагалдагч нартайгаа Гетсемани цэцэрлэг рүү явахын өмнө үүнийг дуулжээ (Матай 26:30).

Тэргүүн тахилчийн залбирал

► Иохан 17-р бүлгийг унших.

Есүсийн дагалдагчидтайгаа залбирсан сүүлчийн залбирал нь дагалдагчид болон өнөөгийн чуулганд үлдээсэн Түүний өвийг ойлгоход тун чухал ач холбогдолтой залбирал юм. Энэ залбирлыг "Есүсийн ариунаас ариун залбирал” гэж нэрлэдэг. Энэ бол Есүсийн хамгийн гүнзгий дотно залбирал байв.

Есүсийн өөрийнхөө төлөө залбирсан (Иохан 17:1-5)

Эцэгтээ хандаж Есүс, “Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач” гэж залбирсан. Дагалдагчид энэ залбирлыг тухайн үед ойлгоогүй боловч, тун удалгүй Ромын загалмай дээр энэ залбирлын хариу болох цочирдом үнэнтэй тулгарсан билээ.

Зовлонгийн долоо хоногийн Даваа гарагт Есүс, “Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна” гэж хэлж байсан. Үүнийг Иохан “Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ” гэж тайлбарласан байдаг (Иохан 12:32-33). Есүс ялалтаар алдаршуулагдаагүй, харин ялагдлаар алдаршуулагдсан юм. Тэрээр загалмайгаар алдаршуулагдсан билээ.

Есүс дагалдагчдынхаа төлөө залбирсан (Иохан 17:6-19)

Есүс дагалдагч нарынхаа төлөө гурван зүйлийг залбирсан. Эцэг тэднийг өөрийнх нь нэрээр хамгаалахын төлөө, бас дагалдагчид ёр муугаас хамгаалагдахын төлөө, мөн Эцэг үнэнээр тэднийг ариусгахын төлөө залбирсан юм.

Есүс бүх итгэгчдийн төлөө залбирсан (Иохан 17:20-26)

Есүс ирээдүйд өөрт нь итгэх хүмүүсийн төлөө залбирсан. Тэрээр итгэгчдийг нэг байхын төлөө залбирсан бөгөөд энэхүү нэгдэл нь дэлхийд гэрчлэл болно гэдгийг илэрхийлж, “Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ” гэж хэлжээ.

Есүс ертөнцийн төлөө залбираагүй. Харин “Би ертөнцийн төлөө бус харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна” гэсэн юм (Иохан 17:9). Есүс өөрт нь итгэдэг хүмүүсийн төлөө залбирсан. Тэрбээр биднийг нэгдмэл байдал болон үр жимстэй байдлаараа энэ дэлхийд гэрчлэл болохын төлөө залбирчээ.

Зорилгыг нь энэ дэлхийд гүйцэлдүүлэх хэсэг бүлэг итгэгчид бол Есүсийн өв юм. Хуучин гэрээнд Бурхан Израилыг бүх үндэстэнд ерөөлийг нь хүргэх хэрэгсэл байлгахын тулд ерөөсөн юм (Эхлэл 12:1-3). Харин Шинэ гэрээнд Бурхан чуулганыг бүх ард түмэнд ерөөлийг нь хүргэх хэрэгсэл байлгахын тулд ерөөжээ. Бүх үндэстэнд ерөөл болох үүргээ биднийг биелүүлээсэй хэмээн Есүс бидний төлөө залбирсан.

Есүсийн дагалдагч нартаа өгсөн сүүлчийн захирамж

► Матай 28:16-20, Марк 16:15, Лук 24:44-49, Үйлс 1:6-11 эшлэлийг унших.

Удирдагч хүний алсын хараагаа хэрхэн хуваалцах чадвараас түүний удаан үргэлжлэх нөлөө их хамаарна. Есүс бол тууштай бөгөөд дагалдагч нартаа урам зориг өгөхөөр алсын хараагаа хуваалцдаг удирдагчийн үлгэр дуурайл юм. Түүний алсын харааны ачаар дагалдагчид нь Ромын эзэнт гүрэн даяар Бурханы хаанчлалын мэдээг түгээхэд бүх амьдралаа зориулжээ.

Сайнмэдээний номууд Есүсийн захирамжид гурван даалгавар багтсан талаар өгүүлдэг. Даалгавар бүр агуу захирамжийн өөр өөр талыг онцолсон байна. Матай агуу захирамжид шаардлагатай эрх мэдлийг чухалчилсан бол Марк уг захирамжийг “хамаг бүтээлд” тунхаглахын чухлыг онцолжээ. Харин Лук элч нарын номлох сургаалын агуулгыг нэгтгэн дүгнэсэн байдаг.

Есүсийн өгсөн сүүлчийн захирамж буюу агуу захирамж бүтнээрээ Матай 28:18-20-д бий.

Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.

Агуу захирамжийн гол тушаал нь “дагалдуулагтун” юм. Энэхүү тушаалыг биелүүлэхийн тулд бид явж, шинэхэн итгэгчдэд баптисм хүртээж, залуу итгэгчдэд заах шаардлагатай. Эдгээр үйл ажиллагаа нь “дагалдуулагтун” гэх гол тушаалыг дэмждэг. Сайнмэдээ тараах, нийгэмд үйлчлэх, боловсрол болон үйлчлэлийн бусад бүх талбар нь “дагалдагч бэлтгэх” бидний тэргүүн зорилгоор хөтлөгддөг. Бид дагалдагч бэлтгэх захирамжийг хүлээн авсан хүмүүс.

Хоньчлох зорилго

Америкийн пастор Эд Марккуарт олон жил коммунист шоронд хоригдож байсан Румыны пастор Ричард Вурмбрандтай оройн хоол иджээ. Хоолны үеэр Вурмбранд Марккуартын чуулганы нэг гишүүнээс "Танай пастор сайн пастор мөн үү?" гэж асуув. Өнөөх гишүүн “Тиймээ” гэв. Вурмбранд “Тэр яагаад сайн пастор вэ?” гэж асуухад нөгөө хүн “Сайн номлодог болохоор” гэжээ. Вурмбранд “Дагалдагч бэлтгэх тал дээр тэр юу хийдэг вэ?” гэж асуужээ. Энэ асуулт пастор Марккуартын бүхэл үйлчлэлийн чиглэлийг өөрчилсөн гэдэг. Тэрээр:

“Бүх пасторуудад зориулсан Бурханы зорилго бол Есүс Христийг хайрладаг, Есүс Христийг дагадаг, Есүс Христийг Эзэн гэж нэрлэдэг хүмүүсийг Есүс Христийн дагалдагч болгох ажил юм. Бид хүмүүсийг Христ Есүсийн дагалдагч болгох гэж л дуудагдсан. Тэрнээс биш чуулганы гишүүд болгох гэж биш, цуглааны сургалтад хамруулах гэж биш, чуулганы барилгын төлөө биш, харин хүмүүсийг Христ Есүсийн дагалдагч болгохоор бид дуудагдсан. Үүнд л хамаг учир байгаа юм”[1] гэж хэлсэн юм.


[1]Edward Markquart “Pentecost: Go, Go, Go, Go, Go”, номлолоос. Дараах хаягаар үзээрэй. https://www.sermonsfromseattle.com/pentecost_go_go_go_go_go.htm, 2022 оны 11 сарын 7-нд хандсан.

Сайтар ажиглах нь: Есүсийн өгсөн үүрэг даалгавар

Есүсийн үйлчлэлийн сүүлийн долоо хоногт болсон үйл явдал нь бүх үндэстэн, угсаатан, бүх ард түмнээс бүрдсэн хаанчлалыг бий болгох эрхэм зорилгыг харуулж байна. Түүний сүүлийн долоо хоногийн үйл явдлууд нь Түүний бүх үндэстэнд хандсан захирамжийг илэрхийлдэг.

  • Есүс хот руу илжиг унаад орсон. Матай, Иохан номуудад Зехариагийн эш үзүүллэгээс эш татаж, “Харагтун, танай хаан даруухнаар илжиг унаад ирж явна” гэсэн байна. Зехариа энэ хааны хаанчлалыг “Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис” хүрнэ хэмээн дүрсэлсэн байдаг (Матай 21:5, Зехариа 9:9-10).

  • Есүс Сүмийн харь үндэстнүүдийн талбайг цэвэрлэх үедээ Исаиа номоос эш татаж, “‘Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно’ гэж бичигдсэн бус уу?” (Марк 11:17, Исаиа 56:7-аас эш татсан) гэсэн юм. Иудейн удирдагчид иудейн шашинд дагаар орсон харь үндэстнүүдийн цуглаж залбирдаг хэсгийг мөнгө солигчид болон тагтаа зарагчдын наймааны зах болгосон байв.

  • Дагалдагч нар Мариаг үнэт тос дэмий үрсэн хэмээн зэмлэх үед Есүс “Үнэнээр Би та нарт хэлье. Сайнмэдээ бүх ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно” гэж хэлсэн (Марк 14:9).

  • Чидун уулан дээрх сургаалдаа Есүс “Хаанчлалын... сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ” хэмээн эш үзүүлсэн байдаг (Матай 24:14). Хаанчлалыг зөвхөн сонгогдсон ард түмэнд зориулагдсан гэж бодсон эдгээр иудей дагалдагч нарт Есүс сайнмэдээ бүх дэлхийд тунхаглагдана гэж хэлсэн юм.

Хуучин гэрээний эш үзүүлэгчид ч Мессиаг бүх үндэстний төлөө ирнэ хэмээн харуулсан байдаг. Есүс олны өмнөх үйлчлэлийн сүүлийн долоо хоногтоо Бурханы хаанчлалд бүх үндэстний хүмүүс багтана гэдгийг зааж сургажээ. Энэ амлалт чуулганаар дамжин биелэгдэх ёстой байв.

Есүсийн үлдээсэн өв: Үйлс ном дахь чуулган

Христийн амьдралын тухай олон ном Түүний дээш өргөгдсөн үйл явдлаар төгсдөг. Харин Есүсийн үйлчлэл зөвхөн загалмай юм уу, хоосон булш руу хөтөлдөггүй. Түүний үйлчлэл мөн Пэнтекост руу дагуулдаг. Дагалдагч нартаа хамт байх өөр нэг Туслагчийг илгээнэ хэмээн Есүс амласан юм (Иохан 14:16). Энэхүү амлалт Үйлс номд биелжээ. Үйлс номд гардаг хоёр үйл явдал Есүсийн өв биеллээ олсныг харуулдаг.

Пэнтекостын өдөр чуулган мэндлэв

► Үйлс 1:4-11, Үйлс 2:1-41 эшлэлийг унших.

Түүнийг өргөгдөхийн өмнөхөн дагалдагчид “Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү?” гэж асуужээ. Тэд Есүсийг газар дэлхийн буюу улс төрийн хаанчлал байгуулна хэмээн найдаж байв. Тэдний бодлоор амилал нь газар дэлхийн хаанчлалыг бий болгох боломжийг улам бэхжүүлсэн хэрэг байв. Ромчуудыг түлхэн унагаахын тулд хүчээ ашиглах нь Есүсийн хийх ёстой бүх зүйл хэмээн тэд боджээ. Харин Есүс,

Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв (Үйлс 1:7-8) гэсэн.

“Хаанчлалын цаг хугацаа та нарын хэрэг биш” гэж Есүс хариулаад, “Харин та нар Миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болж үйлчил. Гэхдээ явахаасаа өмнө жаахан хүлээж бай” гэсэн юм. Лук номд Есүс “Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд” гэж хэлжээ (Лук 24:49).

Алгасал баяраас хойш 50 хоногийн дараа дээд өрөөнд цугласан 120 дагалдагч дээр Ариун Сүнс бууж, амлалт биелэв. Тэд иудейн Пэнтекост баярт оролцохоор цугласан олон үндэстний хүмүүсийн хэлээр ярьжээ (Үйлс 2:4, 6-11). Энэ үйл явдал Христийн чуулган бүх үндэстнээс бүрэлдэх төлөвлөгөө биелснийг бэлгэддэг.

Үйлс 2-р бүлэгт дурдсан үндэстнүүдийн жагсаалт нь бидэнд Эхлэл 10-р бүлэгт дурдсан жагсаалтыг санагдуулдаг. Бурхан Эхлэл 11-р бүлэгт даян дэлхийн нэгдсэн хаанчлалыг Бабелд байгуулах гэсэн хүний оролдлогыг зогсоож, хэлийг нь хутгалдуулсан тухай өгүүлдэг. Харин Үйлс 2-р бүлэгт Бурхан хэлний будлианыг өөрчлөх байдлаар хаанчлалаа байгуулж эхэлжээ.

Пэнтекост бол Есүсийн амласан “эдгээрээс агуу ажлуудын” эхлэл байв (Иохан 14:12). Есүсийн өвийн биелэлт дөнгөж эхэлж, улмаар элч нарын үйлчлэл дээр амлагдсан Ариун Сүнс ажиллаж эхэлжээ. Энэ цаг үеэс чуулган Бурханы хаанчлалыг байгуулах Бурханы агуу зорилгыг биелүүлж эхэлсэн юм. Петрийн номлолд тодорхой дурдсанаар Хуучин гэрээний амлалтууд чуулганаар дамжин биелэгдэж эхэлжээ.

Жон Стотт Пэнтекостын өдрийн дөрвөн онцлогийг ийнхүү тайлбарлажээ.[1]

  • Пэнтекостын өдөр бол Есүсийн газар дэлхий дээрх авралын үйлчлэлийн сүүлчийн үйл хэрэг байсан.

  • Пэнтекостын өдөр элч нарыг агуу захирамжид бэлтгэсэн.

  • Пэнтекостын өдөр Сүнсний шинэ эрин үе эхэлсэн. Хуучин гэрээний туршид Ариун Сүнс Бурханы үйлчлэгчдийг үйлчлэлийн онцгой үед хүчирхэгжүүлдэг байсан. Харин Пэнтекостын дараа бүх газар оронд байгаа болон бүх цаг үеийн итгэгчид Сүнсний үйлчлэлээс ашиг тус хүртэх боломжтой болсон.

  • Анхны христитгэлийн сэргэлт Пэнтекостын өдөр эхэлсэн юм.

Пэнтекостын нөлөөг Үйлс номын бусад хэсгээс мөн харж болно. Пэнтекост баярын тэмдгүүд онцгой байв. Баяр хөөр, итгэгчдийн нөхөрлөл, мөргөл хүндэтгэлийн эрх чөлөө, гэрчлэх зориг, үйлчлэлийн хүч зэрэг нь Ариун Сүнсний хүч доторх үйлчлэлийн ердийн нотолгоо болсон юм.

Анхны чуулган дахь өдөр тутмын амьдрал

► Үйлс 2:42-47 эшлэлийг унших.

Есүсийн өв биелснийг харуулсан хоёр дахь үйл явдал Үйлс 2-р бүлгийн төгсгөлд гарч байна. Энэ хэсэг анхны чуулганы итгэгчдийн өдөр тутмын амьдралыг харуулдаг.

Тэргүүн тахилчийн залбиралдаа Есүс дагалдагчдынхаа эв нэгдлийн төлөө залбирч байсан. Тэр “Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд” гэсэн юм (Иохан 17:22). Энэ залбирлын хариулт Үйлс 2-р бүлгээс харагддаг. “Итгэсэн бүгд хамтаараа байцгаан” тэд бүгд “нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж,” Бурхан “аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт” нэмж байв.

Үйлс номд буй “нэг сэтгэлээр” гэх үг нь анхны чуулганы эв нэгдлийг илэрхийлнэ. Иудей ба харь үндэстний хүмүүсийг нэгтгэсэн чуулганыг байгуулах хэцүү боловч, иудейн удирдагчдын хавчлага, элч нарын дундах хувийн зөрчилдөөн дунд чуулган нэгдмэл байдлаа хадгалж үлдсэн. Бүхий л бэрхшээлийн эсрэг Есүсийн “... тэднийг нэг байлгахын тулд” гэсэн залбирал биеллээ олсон юм.

► Үйлс 2:42-47 дахь зураглал танай чуулгантай адил харагдаж байна уу? Та Ариун Сүнсний хүч дотор үйлчилж байна уу? Хэрэв үгүй бол, Ариун Сүнс таны үйлчлэлд болон танаар дамжуулан ажиллахад саад болох зүйл юу байна вэ? Дуулгаваргүй байдал уу? Эв нэгдэлгүй байдал уу? Итгэл дутагдаж байна уу? Та үйлчлэлдээ Сүнсний шинэ цутгалтыг хэрхэн харж болох вэ?


[1]John W. Stott, The Message of Acts (Westmont, Illinois: InterVarsity Press, 1990), 60-61

Хэрэгжүүлэлт: Өв үлдээх нь

Тэтгэвэрт гарсан удирдагчид үйлчлэлдээ өв үлдээх, удирдлагаа орхих бэлтгэл болон шилжилтийн үеийн сургамжийнхаа талаар дараах зүйлсийг хуваалцсан юм.[1]

(1) Ирээдүйн төлөвлөгөөг өв болгон үлдээдэг удирдагчид

Барилгачин хүнээс “Та юу барьж байна вэ?” гэж асуусан гээд төсөөлье. Барилгачин “Одоохондоо мэдэхгүй байна. Би юу болохыг харахыг хүлээж байна” гэвэл та гайхан цочирдох биз.

Барилгачин хүн барилгаа барихаас өмнө эцсийн бүтээгдэхүүнээ төлөвлөдөг. Үүнчлэн өв үлдээдэг удирдагчид ардаа юу үлдээхийг хүсэж байгаагаа мэддэг юм.

Сайн төгсгөдөг удирдагчид ардаа юу үлдээхээ сайн мэддэг. Тэд үйлчлэлээ сохроор явуулдаггүй бөгөөд “Бурхан намайг миний үйлчилж байгаа энэ газар, үүнийг хийлгэхээр дуудсан” гэж итгэдэг хүмүүс юм.

[2]Есүсийн өв бол чуулганыг удирдах хэсэг дагалдагчид байв. Үйлчлэлийнхээ эхнээс л Есүс тэдгээр эрчүүдийг өөрийнхөө өв болгон бэлтгэхийн тулд хангалттай цаг, хүч зарцуулдаг байсан.

Хэрэв та өв үлдээхийг хүсэж байгаа бол, та ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Харамсалтай нь, олон хүн зорилгодоо анхаарал хандуулалгүйгээр амьдралаа бүтээдэг. Хэрэв та тэдний 30, 50, бүр 70 насанд нь “Та ямар амьдралыг бүтээж байна вэ?” гэж асуувал тэд "Би мэдэхгүй байна. Би юу болохыг харахаар хүлээж байна” гэж хариулах болов уу.

(2) Өв үлдээдэг удирдагчид шилжилтэд хянуур бэлтгэдэг

Дуусах шатандаа яваа томоохон барилгын төслийн ажилтантай та уулзсан гэж төсөөлье. Хана нь боссон, дээвэр дууссан, ашиглалтад орох ойрхон байна. Тэгээд та “Барилга дуусахад ямар ямар ажил үлдсэн бэ?” гэж асуулаа гэж бодъё.

Хэрэв та “Би мэдэхгүй, би хамаг цагаа сүүлчийн алхмуудыг бодож өнгөрүүлдэггүй” гэсэн хариулт сонсвол шууд цочирдон гайхна. Мэдээж тэгэхгүй! Барилгачин хүн өөрөөс нь илүү урт наслах зүйл хийж үлдээдэг. Тэрээр алхам бүрээ хянамгай төлөвлөдөг. Тиймээс “Энэ өдөр бид барилгыг дуусгана. Тэгээд эзэн нь нүүж ирнэ” гэж хэлж чаддаг. Шилжилтийн үеийн бүх зүйл төлөвлөгдсөн байдаг.

Өв үлдээдэг удирдагчид шилжилтэд хянамгай бэлтгэдэг юм. Боломжтой бол хэзээ үйлчлэлээ шилжүүлэхээ урьдчилан төлөвлөж, байгууллагынхаа залгамжлагчийг сонгон, залгамжлагчийгаа шинэ үүрэг хариуцлагад бэлтгэх боломжийг олгодог. Зарим тохиолдолд өмнөх удирдагч нь зөвлөгөө заавар өгөх боломжтой байх үед шинэ удирдагчийг бие даан шийдвэр гаргаж эхлэх хүртэл явж байгаа болон ирж байгаа удирдагчид түр хугацаанд үүргийг нь хуваалцаж болно.

Өв үлдээдэг удирдагчид үйлчлэлээ шилжүүлэх үйл явцад бэлтгэдэг. Явж байгаа үр нөлөөтэй удирдагчид Бурхан ирээдүйд хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байдаг ба, тэд хүмүүсийг дараагийн удирдагчийн дор сайн ажиллахад нь бэлтгэдэг. Тэд тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс аюулгүй байдлыг мэдэрч байгаа эсэхийг анхаардаг. Нэгэн удирдагч “Ажиллагсад намайг явсныг мэдрэхгүй байхаар тийм жигд үйл ажиллагаатай болгох нь миний зорилго байсан” гэж бичжээ.

(3) Өв үлдээдэг удирдагчид хэзээ явахаа мэддэг.

Удирдагчид үүргээ залгамжлагч нартаа шилжүүлээд, харамсахгүй явахад бэлэн байх ёстой. Хуучин удирдагчид зөвлөгөө өгөхөд бэлэн байх ёстой ч, залгамжлагч нь асуусан үед л үүнийг хийх хэрэгтэй.

Энэ курсээр Есүс чуулганыг удирдуулахаар дагалдагчдыг хэрхэн бэлтгэж байсныг бид үзлээ. Есүс бүр анхнаас нь тэднийг хянамгай сургаж байсан юм. Дараа нь тэднийг үйлчлэлд явуулж, эргээд үнэлж дүгнэхээр буцаан цуглуулж байсан. Сүүлчийн зоогийн үеэр Есүс тэдэнд үйлчлэлийн талаарх сүүлчийн заавраа өгчээ. Дээш өргөгдөхийн өмнө Есүс тэдэнд сүүлчийн агуу захирамж бүхий сүүлчийн санамжаа өгсөн юм. Есүс шилжилтийн үеийн төлөө хянамгай бэлтгэжээ.

Харамсалтай нь шилжилтийн асуудалд төдийлөн анхаарал хандуулдаггүй христэч удирдагчид олон байдаг. Тэд “Би солигдох хүртлээ ажлаа хийнэ. Дараа нь юу болох нь өөр хүний асуудал” гэдэг. Мэдээж, гэнэтийн өвчин, үхэл, эсвэл үйлчлэлийн томоохон өөрчлөлт зэрэг нөхцөл үүсэх үед шилжилтэд хангалттай бэлтгэх боломжгүй байж болно. Гэхдээ боломжтой бол, бид ажил үүргээ дараагийн удирдагчид шилжүүлэх ажилд хянамгай бэлтгэх ёстой. Энэ бол ирээдүйдээ өв үлдээхийн төлөө авч хэрэгжүүлэх чухал алхмуудын нэг юм.


[1]Энэ хэсгийн ярилцлагыг дараах удирдагчид өгсөн.
Dr. Michael Avery, God’s Bible School and College, Cincinnati, OH ерөнхийлөгч асан.
Rev. Paul Pierpoint, Hobe Sound Bible Church пастор, FEA Missions, Hobe Sound, FL, ерөнхийлөгч асан.
Rev. Leonard Sankey, тэтгэвэрт гарсан пастор, хэд хэдэн илгээлтийн байгууллагуудын удирдагч асан
Dr. Sidney Grant, FEA Missions, Hobe Sound, FL, ерөнхийлөгч асан.
[2]

“Та өөрийнхөө өвийг амьдралынхаа төгсгөлд биш, харин өдөр бүр барьж байгуулдаг.”

- Алан Вейс

9-р хичээлийн даалгаврууд

Эдгээр зааврыг ашиглан 3-5 хуудас эссээ бичнэ.

(1) Таны христитгэлийн амьдрал, үйлчлэлд нөлөөлөхүйц өв үлдээсэн үйлчлэлийн удирдагч, эсвэл гэр бүлийн гишүүнийхээ талаар бодоорой. Таны амьдралд үзүүлсэн тэдний нөлөөг дүгнэсэн нэг хуудас бичээрэй. Дараах хоёр асуултад хариул.

  • Тэд таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Тэд ийм нөлөө үзүүлэх юу хийсэн, эсвэл хэлсэн бэ?

(2) Та энэ хорвоог орхихдоо ямар өв үлдээмээр байна вэ? Хариултаа тодорхой илэрхийлээрэй. Энэ талаар 1-2 хуудас бич.

  • Та гэр бүлдээ ямар өв үлдээмээр байна вэ?

  • Та нийгэмдээ ямар өв үлдээмээр байна вэ?

  • Та үйлчлэлдээ ямар өв үлдээмээр байна вэ?

(3) Даалгавар 2-т байгаа гурван асуултын хувьд та ардаа өв болгон үлдээхийн тулд одоо дагаж мөрдөхийг хүсэж байгаа үйл ажлаа тодорхойл. Хариулт 1-2 хуудас байна.

Бичсэн хуудсаа хадгалаад, дараагийн 6 сарын туршид долоо хоног бүр дахин уншиж байгаарай. Тэгээд хойч үедээ үлдээх өвөө төлөвлөхдөө үүнийгээ ашиглаарай.