Др. Ховард Хендрикс[1] Даллас Теологийн Семинарт 60 гаруй жил багшилсан хүн юм. Багшлах хугацаандаа тэрээр 10,000 гаруй оюутнуудад хичээл заажээ. Түүний хамгийн нөлөө бүхий номуудын нэг нь “Багшийн хуулиуд” нэртэй жижиг ном юм. Эдгээр хуулиуд нь Есүсийн заах арга барилд үндэслэгджээ. Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлснээр та илүү үр нөлөөтэй багш болох болно.
Багшийн хууль
Багшийн хууль : Өнөөдөр өсөхөө боливол, маргааш багшлахаа болино.
Др. Хендрикс “Та хуучин цөөрөм эсвэл урсгал горхины алинаас нь ус уухыг илүүд үзэх вэ?” гэж асуусан байдаг. Урсгал цэнгэг ус нь тогтоол, өмхий уснаас хавьгүй дээр юм.
Зарим багш нар заадаг хичээлтэйгээ холбоотой шинэ ном уншилгүй, шинэ санаа олж авахгүй олон жил явдаг. Тэдний зааж сургах нь яг л тогтоол, өмхий устай цөөрөм адил болж хувирдаг. Пасторууд Бурханы Үгийн талаар шинэ ойлголттой болохын тулд байнга суралцдаг шиг багш нар бид үргэлжлүүлэн суралцсаар байх ёстой юм.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Нэг суралцагч танаас “Багшаа, та хамгийн сүүлд Библиэс юу сурсан бэ?” гэж асуусан гэж төсөөлье. Харин таны хариулт энэ долоо хоног, энэ сар, энэ жил, эсвэл бүр эрт дээр үеэс ирэх үү? Та Бурханы Үгийн талаарх мэдлэгээ өдөр бүр нэмэгдүүлж байна уу?
Боловсролын хууль
Боловсролын хууль : Хүмүүсийн суралцах арга зам нь та хэрхэн заахыг тодорхойлдог.
Есүс хоньчдод хонины тухай, загасчдад “хүмүүсийг загасчлах” талаар, худгийн дэргэд уулзсан эмэгтэйд усны тухай ярьж зааж байсан. Үр нөлөөтэй багш нь суралцагч бүрийнхээ хэрэгцээнд тохируулж заадаг гэдгийг Есүс мэддэг байжээ.
[2] Др. Хендрикс багшлахыг хөл бөмбөгийн дасгалжуулагчийн ажилтай зүйрлэн ярьдаг. Дасгалжуулагч тоглоом тоглодоггүй. Харин тэр тоглогчдыг догдлуулж, чиглүүлдэг. Үүний нэгэн адил шилдэг багш бүх ажлаа лекцийн аргаар хийдэггүй. Шилдэг багш суралцагч нэг бүрийг үр дүнтэй сурахад нь урам зоригоор тэтгэдэг.
Мика Библийн сургуулийн оюутан байлаа. Багш бүх оюутнуудыг шалгалтанд бэлдэхийн тулд тэмдэглэлээ анхааралтай хөтлөхийг хүсжээ. Харин Мика тэмдэглэл хөтлөхийг хүссэнгүй. Үүний оронд тэр багшийг лекц унших үед дэвтэртээ зураг зурдаг байв. Багш нь Микаг хичээлээ сонсохгүй байна гэж бодов. Хэд хэдэн удаа тэр “Мика, зураг зурахаа болиод миний зааж байгаа зүйлийг бичээрэй” гэж хэлж үзэв. Мика багшийнхаа асуусныг хийх гэж оролдсон ч тэр маш их бухимдаж байлаа.
Дараа нь багш Др. Хендриксийн “Боловсролын хууль”-ийг санасан. Тэгээд тэр “Мика, туршилт хийцгээе. Хичээл дээр миний ярьсан зүйлийг харуулж чадвал чи зургаа зурж болно” гэж хэллээ. Энэхүү туршилт амжилттай болсон юм. Мика үгсийг зураг болгон хувиргаж сурчээ. “Хүмүүсийн суралцах арга зам нь та хэрхэн заахыг тодорхойлдог” учраас багш өөрийн хүлээлтээ өөрчлөхөд суралцжээ.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Танай ангид бусад суралцагчдаас арай өөр байдлаар сурдаг хүн бий юу? Түүнийг илүү үр дүнтэй суралцахад нь та хэрхэн тусалж чадах вэ?
Үйл ажиллагааны хууль
Үйл ажиллагааны хууль : Хамгийн их оролцоо нь хамгийн их суралцах боломжийг олгодог.
[3] Өөрийнх нь зааж буй хичээлийг дагалдагчид нь хэрэгжүүлэх ёстой гэдгийг Есүс мэдэж байлаа. Тэр тэднийг үйлчлэлийн аялалд илгээх, цугласан олонд талх, загас тараахыг тушаах, залбирахын тулд эзгүй газарт аваачих зэргээр сурсан зүйлээ хэрэгжүүлэх боломжийг олгодог байсан. Үр дүн нь юу байв? Элч нар дэлхийг орвонгоор нь эргүүлсэн хүмүүс хэмээн нэрлэгджээ (Үйлс 17:6).
Сэтгэл зүйчид хэлэхдээ:
Бид сонссон зүйлийнхээ 10 хүрэхгүй хувийг санадаг.
Бид харж, сонссон зүйлийнхээ 50 хүрэхгүй хувийг санадаг бол
бид харж, сонсож, хийдэг зүйлийнхээ 90 хүртэлх хувийг санадаг.
Идэвхтэй оролцоо нь илүү ихийг сурахад нөлөөлдөг.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Дараагийн хичээлээ бэлдэхдээ таны заах зарчмыг суралцагчид хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааг бэлтгэ.
Харилцааны хууль
Харилцааны хууль : Жинхэнээсээ зааж сургая гэвэл бид суралцагч нартайгаа холбогдох ёстой (гүүр тавих).
Багш, пасторууд бид харилцааны ажил хэрэг явуулдаг хүмүүс билээ. Бидний ажил зүгээр мэдээлэл дамжуулахаас илүү өргөн. Бид сонсогчдод үнэнийг хүргэдэг. Харилцаа холбоо нь нийтлэг ойлголцлыг шаарддаг. Бид суралцагчидтайгаа холбогдож ойлголцохын тулд гүүр тавих шаардлагатай.
Суралцагч нартайгаа гүүр тавих үлгэр жишээг Есүс өгчээ. Есүс самари эмэгтэйтэй харилцахад үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн олон саадуудтай тулгарсан. Есүс еврей, харин эмэгтэй самари хүн байв. Есүс эрэгтэй, тэр эмэгтэй байлаа. Есүс нэр хүндтэй рабби байсан бол эмэгтэйн өнгөрсөн амьдрал ёс суртахууны асуудалтай байжээ. Есүс эдгээр саадыг даван хэрхэн гүүр тавьж чадсан бэ? Есүс нийтлэг ойлголтыг барьж авсан. Тэд хоёулаа цангаж байв. Махбодын хэрэгцээ нь амьдралыг өөрчлөх уулзалтын гүүр болжээ (Иохан 4:1-42).
Др. Хендрикс харилцаа холбоо нь гурван түвшнийг хамарсан байх ёстой хэмээн бичжээ:
1. Мэдлэг – миний мэддэг зүйл. Энэ бол харилцааны хамгийн энгийн түвшин.
2. Хүсэл тэмүүлэл – миний мэдэрч буй зүйл. Энэ бол илүү гүнзгий харилцааны түвшин.
3. Үйлдэл – миний хийдэг зүйл. Ийм түвшний харилцаа суралцагч нарыг маань өөрчилдөг.
Жоел Африкт семинарын зохион байгуулагчийн ажил хийдэг байхдаа нэгэн чинээлэг хандивлагчтай уулзаж, алсын хараа зорилгоо танилцуулжээ. Харин тэр хандивлагч Жоелын төсөөлж байснаас их хэмжээний санхүүг санал болгосон. Хандивлагч Жоелыг гайхшруулан өгөөмөр хандсаны учир вэ? Семинарын зохион байгуулагч маань гурван түвшний харилцаа холбоог бий болгож чадсан. Үүнд:
1. Мэдлэг – Тэр Африкт семинарын сургалт явуулах хэрэгцээ шаардлага байгааг мэдсэн.
2. Хүсэл тэмүүлэл – Тэр Африкт чуулганы удирдагчдыг сургахыг хүсэж байв.
3. Үйлдэл – Тэрээр Африкт амьдралаа өнгөрөөж, чуулганы удирдагчдыг бэлтгэхийн тулд маш их золиос зориулалт гаргажээ. Жоел Африкт юу хийж байгаагаа ойлгуулж чадсан.
Үр нөлөөтэй зааж сургахын тулд бид хичээлдээ дуртай, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Хүүхдийн цуглаан болон Ням гарагийн сургалтын үеэр ангид ийм яриа өрнөж байна гээд төсөөлж үзье:
Багш: “Өнөөдөр бид Иохан 6-р бүлгээс 5,000 хүнийг хооллосон талаар суралцах болно.”
Суралцагч: “Надад нэг асуулт байна. Библид зөвхөн эрчүүдийн тоог бичсэн байна. Яагаад тэр вэ?”
Багш: “Би мэдэхгүй байна. Энэ тийм ч чухал биш л дээ. Зүгээр л хичээлдээ анхаар.”
Библийн сэтгэл хөдөлгөм түүх гэнэт уйтгартай санагдаж эхэлнэ. Есүс 20,000 хүнийг цөөхөн талх, загасаар яаж хооллосныг мэдэхдээ хүүхдүүд дуртай байх болно. Бид энэ түүхийг ийм уйтгартай болгох гэж үү? Энэ багш мэдлэгийг ойлгуулж хүргэхгүй байна. Тэрхүү еврей бичээчид яагаад зөвхөн эрчүүдийг тоонд оруулж бичсэн талаар нэмэлт материалыг судалсангүй. Багш сэтгэл хөдөлгөм түүхийг мэдрэхгүй, хүсэл сонирхолгүй заажээ. Энэхүү хичээл багшийн өөрийнх нь амьдралд бага ч болтугай өөрчлөлт авчраагүй бол суралцагч нарынх нь амьдралд өөрчлөлт авчрах магадлал бага юм.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Хичээлээ бэлдэж байхдаа өөрийнхөө ертөнц болон суралцагчдынхаа ертөнц хоорондын зай ялгаатай байдлыг бодож цэгнээрэй. Суралцагч нартаа гүүр тавихад цаг гарга. Хичээлээ суралцагчдынхаа сонирхолтой холбох арга замыг хайж ол.
Зүрх сэтгэлийн хууль
Зүрх сэтгэлийн хууль : Үр нөлөөтэй зааж сургах нь толгойноос толгойд бус, харин зүрхнээс зүрхэнд явагддаг.
Есүсийг уулан дээрх номлолоо дуусгахад олон түмэн Түүний сургаалыг биширч, Тэр хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв (Матай 7:28-29) гэв. Есүсийн сургаал Түүний зүрх сэтгэлээс гарч, сонсогчдынх нь сэтгэл зүрхэнд хүрчээ.
Сайнмэдээний номуудад Есүсийн өр нимгэн сэтгэлийг дахин давтан харуулдаг. Түүний өр нимгэн зүрх сэтгэл нь хүмүүст хүрч байв. Түүний зүрх сэтгэл тэдний зүрх сэтгэлд хүрсэн. Үр нөлөөтэй заахад туслах зүйлсийн талаар Ховард Хендрикс бичжээ.
Багшийн зан чанар нь суралцагчид итгэлцлийг төрүүлдэг.
Хэрэв суралцагч нь багшийнхаа зан чанарт итгэдэг бол түүний зааж буй зүйлд ч итгэлтэй байдаг. Пастор, багш бидний хувьд энэ итгэлцлийг хэзээ ч үгүй хийх ёсгүй. Дахин сэргээхэд хамгийн хэцүү зүйл бол итгэлцэл юм. Ухаалаг христэч удирдагчид тэднийг ёс суртахууны болон ёс зүйн уналтад хүргэж болзошгүй бүхнээс холуур явдаг. Таны зан чанар суралцагчдад итгэлцлийг төрүүлэх ёстой.
Багшийн өр нимгэн сэтгэл суралцагчид урам зориг нэмдэг.
Суралцагч багшийнхаа энэрэнгүй сэтгэлийг мэдэрвэл сурах урам зоригтой болдог. Есүс тэднийг хайрладаг гэдгийг мэдсэн учраас дагалдагчид Түүнийг дагасан. Хэрэв та суралцагч нараа хайрладаггүй бол тэдний танаас сурах хүсэл эрмэлзэл нь бага байх болно.
Др. Хендрикс хүүхдүүдэд заадаг багш нартай ярилцах үеэрээ “Хэрэв Жоанна шинэ гуталтай болсон бол та түүний шинэ гутлыг анзаарах хэрэгтэй. Эс бөгөөс тэр таны шинэ хичээлийг хэзээ ч сонсохгүй!” гэжээ. Та суралцагчдаа анхаарал хандуулсны дараа л (таны хайрын улмаас) тэд таны зааж буй хичээлийг сурахад бэлэн байх болно.
Багшийн заах агуулга суралцагчид ойлголтыг авчирдаг.
Суралцагч сурах хүсэл эрмэлзэлтэй болсны дараа л та агуулгаа заахад бэлэн болно. Тэдний итгэлийг олж авсны дараа та өөрийн зүрх сэтгэлээс тэдний зүрх сэтгэлд ярьж чадна.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Та суралцагч нартаа хайртай юу? Хамгийн чухал нь та тэдэнд хайртай гэдгийг тэд мэддэг үү? Бурханаас танд илгээсэн суралцагч нартайгаа сэтгэлээсээ хэрхэн илүү сайн холбогдож чадах вэ?
Урам зоригийн хууль
Урам зоригийн хууль : Суралцагч сурах хүсэлтэй болж зөвөөр өдөөгдөх үед зааж сургах нь хамгийн үр дүнтэй явагддаг.
Өдөөлт (сэдэлжүүлэх) гэдэг үгийг сонсохдоо олон багш нар амттан, гэрчилгээ, дүн эсвэл суралцагчдын урмыг сэргээх бусад аргуудын талаар боддог. Эдгээр шагнал нь буруу биш бөгөөд залуу хүмүүсийн сонирхлыг татахад тусалж чадна. Гэхдээ эдгээр урамшуулал нь жинхэнэ зорилгод хамааралгүй юм. Шагнал авахын төлөө ажиллаж байгаа суралцагчийн хувьд суралцаж байгаа үнэнээрээ өөрчлөгдөх магадлал бага байдаг. Тэгэхээр багш хүн суралцагчийнхаа дотоод сэдлүүдэд хандан ярих нь илүү дээр юм.
Др. Хендрикс зарим дотоод сэдлүүдийг нэрлэжээ. Үүнд:
Эзэмшил . “Энэ бол миний чуулган. Үүнийг өсгөхийн тулд би зочдыг урих болно.”
Хэрэгцээ . “Сорилтыг ялан дийлэхийн тулд надад Бурханы Үг хэрэгтэй. Тиймээс би Бичвэрийг цээжлэх болно.”
Хүлээн зөвшөөрөл . “Би багшдаа хайртай, түүнийг баярлуулахыг хүсэж байна. Тиймээс би хичээлээ судлах болно.”
Эдгээр сэдэл нь амттан эсвэл дүнтэй харьцуулбал хамаагүй удаан настай. Эдгээр сэдэлжүүлэх хэрэгслүүдийг ашигласнаар бид суралцагчдыг урт удаан хугацааны туршид суралцахад нь урамшуулдаг.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Суралцагч нараа сэдэлжүүлэх зүйлсийн жагсаалт гарга. Суралцахын ашиг тусын талаар та тэднийг хэрхэн өдөөх вэ?
Бэлэн байдлын хууль
Бэлэн байдлын хууль : Суралцагч, багш хоёулаа хангалттай бэлтгэсэн үед зааж сургах нь хамгийн үр дүнтэй байдаг.
Энэ нь танай чуулганы ердийн Ням гарагийн хичээл шиг сонсогдож байна уу?
Багш: “Өнөөдөр бид Ефес 5-р бүлгээс сурах болно. Библиэ нээцгээнэ үү.”
Суралцагчид бодохдоо: “Бид яагаад Ефес 5-р бүлгийг судлах хэрэгтэй вэ?”
Багш Ефес 5-р бүлгийг нэг цаг орчим заалаа. Тэр бол сайн багш. Хичээлийн төгсгөл хэсэг ойртож, суралцагчид Паулын сургаалаас урам зориг авч байна. Хичээл дуусч, суралцагчид гэртээ харилаа. Долоо хоногийн дараа бид дахиад дараах яриаг сонсож болох юм:
Багш: “Өнөөдөр бид Ефес 6-р бүлгээс сурах болно. Библиэ нээцгээнэ үү.”
Суралцагчид бодохдоо: “Бид яагаад Ефес 6-р бүлгийг судлах хэрэгтэй вэ?”
Суралцагчид хичээл эхлэхээс өмнө Ефес 6-р бүлгийг сурсан бол хичнээн сайн байх байв! Хичээлд ирэхдээ тэд асуултуудаа жагсаан бичээд ирсэн бол хичээл илүү үр дүнтэй байх байсан уу? Мэдээжийн хэрэг! Та үүнийг яаж гүйцэлдүүлж чадах вэ? Профессор Хендрикс суралцагч нартаа хичээлдээ бэлтгэх даалгавар өгөхийг санал болгож байна. Жишээ нь:
Суралцагчийг дараагийн долоо хоногт судлах хичээлээ бодохуйц тийм даалгавар өг. “Ирэх Ням гарагаас өмнө Үйлс 19-р бүлгийг уншаад Паул Ефес дэх чуулганыг хэрхэн эхлүүлж байсныг мэдэж авах.”
Хичээлтэй холбоотой нэмэлт мэдээллийг олж авахуйц даалгавар өг. “Ирэх Ням гарагаас өмнө Ефес дэх Артемисийн сүмийн талаар Библийн толь бичгээс уншиж мэдэх. Энэ нь Паул Ефес 6:10-20-д сүнслэг тулааныг онцолсныг тайлбарлахад туслах болно.”
Суралцагчид бие даан суралцах чадвараа хөгжүүлэхүйц даалгавар өг. “Ефес 6-р бүлгийг энэ долоо хоногт өдөр бүр нэг удаа уншина. Уншиж байхдаа энэ бүлгийн талаар асуух нэг асуулт бичээд ирээрэй. Ирэх Ням гарагт бид чиний асуултын дагуу ярилцах болно.”
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
► Заах дараагийн ангидаа тэрний дараагийн хичээлд бэлтгэх даалгавар өг. Даалгавар нь тэднийг судлах хичээлээ илүү сайн ойлгоход бэлтгэж байгаа эсэхийг нягтлаарай.
[1] Энэ хэсэг дэх материалыг Howard Hendricks,
Teaching to Change Lives (Colorado Springs: Multnomah Books, 1987) номоос ашиглав.
[2]
“Зааж сургахын эцсийн шалгуур нь та юу хийдэг, хэр сайн хийдэг тухай биш, харин суралцагч юу хийдэг, хэр сайн хийдэг тухай юм.”
- Др. Ховард Хендрикс
[3]
“Би сонсдог… тэгээд мартдаг.
Би хардаг… тэгээд санадаг.
Би хийдэг… тэгээд ойлгодог.”
- Хятад зүйр үг
Previous
Next