Израилын газрын зураг
Энэхүү Израилын газрын зургийг анхны хичээлийн үеэр болон курсын туршид судална уу.
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Randall McElwain
Энэхүү Израилын газрын зургийг анхны хичээлийн үеэр болон курсын туршид судална уу.
Энэ хичээлийн төгсгөлд суралцагч:
(1) Бидний үйлчлэлийн үлгэр дуурайл нь Есүс гэдгийг таньж мэдэх болно.
(2) Өөрийн дуудсан хүмүүсээ бэлтгэдэг Бурханы хэмжээлшгүй эрх мэдэлд талархах болно.
(3) Бурхан өөртөө сонгосон үүрэг хариуцлага бүхий дуудлагад нь буулт хийх болно.
(4) Сорилтыг ялан дийлэх Есүсийн арга замыг дагана.
Матай 1-4, Лук 1-3 болон Иохан 1-р бүлгүүдийг унших.
Бурхан дуудсан хүмүүсээ дуудсан үйлчлэлд нь бэлтгэдэг.
Энэ курсээр бид Есүсийг өнөөгийн үйлчлэлийн үлгэр дуурайл болгон суралцах болно. Есүс “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” (Иохан 13:15) хэмээжээ. Есүсийн дэлхий дээрх амьдрал дагалдагчдад нь үлгэр дуурайл болсон.
Паул энэ зарчмыг ойлгосон. Филиппой хотын итгэгчид хоорондоо зөрчилдөж байгааг сонсоод Паул Есүсийн жишээг онцлон тэмдэглэжээ. “Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай” (Филиппой 2:5). Хэрэв эдгээр Христэд итгэгчид Есүсийн үлгэр дуурайлыг дагавал, тэдний даруу байдлаар чуулган дахь зөрчил шийдвэрлэгдэнэ гэдгийг Паул мэдэж байсан.
Еврей сэтгүүлч Давид Плоцыг Африк руу аялж явахад онгоц нь Малавийн нисэх буудалд саатжээ. Тэнд нэгэн Африк пастор Плоцтой танилцаж, гэртээ аваачин, хоёр өдрийн турш цай хоолоор дайлж зочлохдоо түүнд Есүс Мессиагийн талаар гэрчлэн ярьжээ. Хожим нь Давид Плоц “Би энэ хүний итгэдэг аль ч зүйлд нь итгэдэггүй, гэхдээ түүний итгэл үнэмшил нь намайг бишрүүлсэн. Түүний дотор Христ хөдөлж байгааг мэдэрсэн. Тийм ч учраас тэр харийн хүнийг хүлээн авч, гэртээ зочилж, хооллож хувцасласан юм” хэмээн өгүүлжээ. Бид Есүсийн үлгэр дуурайлыг дагахаар дуудагдсан гэдгийг энэ Африк пастор ойлгосон байлаа.
Энэ курс нь Есүсийн амьдралыг цогцоор нь судлах хичээл биш, харин өнөөгийн бидний үйлчлэлд үлгэр дуурайл болох Есүсийн амьдралын хэсгүүдэд төвлөрч суралцана. Бид Есүсийн үлгэр дуурайлаар үйлчлэлээ хэрхэн хийхийг сурах болно.
Энэхүү эхний хичээлээр Есүсийн үйлчлэлийн бэлтгэл үеэс суралцана. Энэ нь Бурхан дуудсан хүн бүрээ дуудсан үйлчлэлдээ бэлтгэдэг зарчмыг харуулдаг.
► Гэр бүлийнхээ гарал үүсэл, бага насны амьдралаа бодож үзээрэй. Бурхан таны амьдралын өнгөрсөн туршлага, гарал үүслийг хэрхэн үйлчлэлд бэлтгэхэд ашигласан бэ?
Сайнмэдээн дэх угийн бичгүүд нь хэмжээлшгүй эрх мэдэлтэй Бурхан Есүсийг төрөхөөс олон зуун жилийн өмнөөс Зарцынхаа замыг бэлтгэж байсныг харуулдаг. Есүсийг төрөхөөс өмнө Бурхан түүний ирэх замыг бэлдсэн юм.
Угийн бичгүүд нь “Есүс хэн байсан бэ?” гэсэн асуултад хариулдаг бөгөөд Абрахам, Давидын ач холбогдлыг тусгадаг. Абрахам нь Есүсийн удам угсаанд чухал байр суурь эзэлдэг. Учир нь Бурхан “Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно” (Эхлэл 12:3) хэмээн Абрахамд амлажээ. Энэхүү амлалт нь Назарын Есүсээр дамжин биелсэн юм.
Давидын сэнтий мөнхөд тогтоно хэмээн Бурхан амласан учраас угийн бичигт Давид чухал байр суурийг эзэлдэг (2 Самуел 7:16). Давид хаан ширээнд сууснаас хойш 500 гаруй жилийн дараа Есүс мэндэлжээ. Матай, Лук бичээчид Давидад өгсөн амлалтын биелэл нь Есүс юм гэдгийг өгүүлжээ.
Есүс Давидын Хүү болой (Матай 1:1-17)
Грек Шинэ гэрээнд, Матайн Сайнмэдээний эхний хоёр үг нь Матайн цаг үеийн уншигчдад Эхлэл номыг сануулах байдлаар бичигдсэн (Эхлэл 2:4, Эхлэл 5:1). Эхлэл ном бүтээлийн дээгүүрх хэмжээлшгүй эрх мэдэлтэй Бурханыг танилцуулдаг шиг Матай бүхий л түүхийн туршид хэмжээлшгүй эрх мэдэлтэй Бурханыг танилцуулдаг. Матайн Сайнмэдээн дэх угийн бичиг нь Израилын бүхий л түүх Мессиаг төрөхөд чиглэгдсэн болохыг харуулдаг.
Матайн угийн бичигт 14 нэр бүхий гурван бүлэг нэрсийг тэмдэглэсэн байдаг. Энэ нь иудейчүүдийн санаж тогтооход хялбар нийтлэг бичлэгийн арга юм. Эдгээр тогтсон бүлэг нэрс нь суралцагчдад нэрсийн урт жагсаалтыг цээжлэхэд тусалдаг. Матайн удам судрыг уншигчид энэ жагсаалтанд Абрахамаас Иосеф хүртэлх бүх өвөг дээдсийг оруулаагүй гэдгийг мэдэж байсан. Матайн Сайнмэдээнд “Эцэг болой” гэсэн хэллэг давтагддаг бөгөөд энэ нь аль ч удам угсааг хэлж байх боломжтой. Иудейчүүдийн угийн бичигт зарим үеийг алгасан тэмдэглэх нь нийтлэг үзэгдэл юм. Матай Есүсийн удам угсааны чухал ач холбогдолтой хүмүүст анхаарал хандуулж, бусад нэрсийг оруулалгүй тэмдэглэжээ.
Матай зарим удам угсааг оруулалгүй, харин оронд нь нэлээн сонирхолтой нэрсийг багтаасан. Матай эдгээр нэрсийг зорилготойгоор сонгожээ. Жишээлбэл, Матай дөрвөн эмэгтэйн нэрсийг жагсаан бичсэн. Энэ нь иудейн угийн бичигт ердийн бус зүйл байв. Эдгээр жагсаалтад буй эмэгтэйчүүд нь хүмүүсийн боддог сайн, зүй зохистой гэсэн хүлээлтэд тэнцэхгүй хүмүүс байв. Рахаб, Рут хоёр харь хүмүүс байсан бол Тамар, Рахаб, Батшеба нь бэлгийн ёс бус ичгүүртэй харилцаанд нэр холбогдсон байлаа.
Үүнтэй адил жагсаалтад буй зарим эрчүүд ч гутамшигт зүйлсэд нэр холбогджээ. Иуда Тамарыг ичгүүрт байдалд оруулсан. Иекониагийн удам угсаа Израилын хаан ширээнээс хасагджээ (Матай 1:12, Иеремиа 22:30). Хамгийн сонирхолтой нь, Матай Давидыг агуу амжилтуудаар нь бус, харин Уриагийн эхнэрээс төрсөн Соломоны эцэг хэмээн тодорхойлсон байдаг.
Эдгээр нэрс нь Есүсийг нүгэлт хүн төрөлхтөнтэй хамт байгаагаар танилцуулдаг. Бурхан Хүүгээ өөгүй төгс гэр бүлээр дамжуулан энэ дэлхийд төрүүлээгүй, харин эгэл жирийн нүгэлт хүмүүсийн үр удам болгон авчирчээ. Иудейн удирдагчид Есүсийн төрөлтийг нэр хүндгүй төрөлт хэмээн шоолж, зохисгүй нэгэн хэмээн Түүнээс татгалзсан юм (Иохан 8:41, 48). Бурхан нүгэлт удам угсаанаас гаралтай хүнийг ч агуу зорилгоо биелүүлэхийн тулд ашиглаж болно гэдгийг Матай харуулан бичжээ.
► Манай соёлд хүний гарал үүсэлтэй холбоотой ямар зүйлс тухайн хүнийг доогуур үнэлэхэд хүргэдэг вэ?
Бурхан голдуу хүмүүсийн хүлээлтэд хүрэхээргүй гарал үүсэлтэй нэгнийг өөртөө үйлчлүүлэхээр дууддаг. Гэр бүлийн нөхцөл байдал, гарал үүслээсээ болж ашиглагдах боломжгүй хүн гэж байдаггүй. Хүнийг бага дорд гэж үзэхэд хүргэдэг тухайн хүний гэр бүлийн нөхцөл байдал, гарал үүслийн зарим зүйлс нь Бурханд огт хамаагүй ч байх боломжтой.
Есүс Адамын Хүү болой (Лук 3:23-38)
Матай “Иудейчүүдийн хаан”-ы угийн бичгийг Абрахамд хамааруулж тэмдэглэсэн. Харин Лук Есүсийн угийн бичгийг Адамд хамааруулан бичжээ. Энэ нь Лук Есүсийг “Хүний хүү” хэмээн онцолсонтой нийцдэг. Лукийн угийн бичигт Есүсийн хүмүүн чанарыг онцлон бичсэн байдаг. Лук энэхүү угийн бичгээ Есүс соригдсон түүхийн өмнөхөн бичжээ. Энэ нь уншигчдад эхний Адамын бүтэлгүйтсэн талбарт хоёр дахь Адам болох Есүс амжилтыг олсон гэдгийг сануулдаг.
Матай 1-р бүлэг болон Лук 3-р бүлэг дэх Есүсийн угийн бичиг өөр ялгаатай бичигдсэн. Матай Абрахамаас Соломон хаанаар дамжуулан Иосеф хүртэл тэмдэглэжээ. Лукийн хувьд Иосефоос Натан (Давидын хөвгүүдийн нэг) хүртэл ухраан улмаар Адам хүртэл тэмдэглэсэн байна.
Угийн бичгүүд нь Абрахамаас Давид хүртэл адил бичигдсэн ч. Харин Давидаас Иосеф хүртэл хоёр удам угсаа өөр өөрийн шугамыг дага. Энэхүү ялгаа нь Матай Иосефын удам угсааг тодруулж тэмдэглэсэнтэй, харин Лук Мариагийн[1] удам угсааг тодруулан бичсэнтэй холбоотой юм.
Матайн Сайнмэдээн дэх Иосефийн хааны угсаа гарвалыг хөөвөл Соломон хүртэл үргэлжилдэг. Энэ нь Матайн Сайнмэдээн дэх “Есүс бол Хаан” хэмээх сэдэвтэй яв цав тохирдог. Энэ нь Иосефоор дамжин ирэх ёстой Есүсийн хууль ёсны угсаа гарал юм.
Лукийн Сайнмэдээн дэх Мариагийн угсаа нь Давидын хүү Натанаас гаралтай бөгөөд “бие махбодын” угсаа гарлыг тэмдэглэжээ. Энэхүү угийн бичиг нь Лукийн Есүсийг “Хүний Хүү” хэмээн онцлон харуулахыг зорьсон сэдэвтэй нь яв цав тохирдог. Үүнийг харуулахын тулд Лук Мариагаар дамжин ирсэн Есүсийн бие махбодын угсаа гарлыг тэмдэглэжээ. Иудейчүүдийн угийн бичигт эмэгтэй хүний удам угсааг тогтоохдоо ч эрэгтэй нэрийг ашигладаг байсан тул тэрээр “Иосефын хүү” гэсэн хэллэгээр эхлүүлжээ.
Мариагийн угсаа гарал нь Давидтай цусан төрлийн холбоотой бол, Иосефын удам угсаа нь Соломоноор залгамжилсан хаан ширээний эрхийг олгодог.
Есүс Бурханы Хүү болой (Иохан 1:1-18)
Иоханы Сайнмэдээ нь тэнгэрлэг угийн бичгээр эхэлдэг бөгөөд Есүсийг Бурханы Хүү байсан хэмээн танилцуулдаг. “Есүсийн амьдрал нь… Түүнийг төрөх мөчид эхлээгүй. Тэрээр тодорхой үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд урьд өмнө оршин байсан төлөв байдлаасаа энэ дэлхийд ирсэн юм.”[1]
Хуучин гэрээнд Израилын ард түмэн Бурханы оршихуйг Асрын дээгүүр бүрхэх үүл байгаагаар хардаг байжээ. Одоо Бурхан бидний дунд Есүс Христийн бодгаль байдлаар амьдарч байна (Иохан 1:14). Бурханы тэнгэрлэг алдар нь одоо хүний дүрээр илчлэгдсэн.
Үг мөнхөд оршин байсан: “Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв” (Иохан 1:1). Эцэг Хүү хоёр өнө мөнхийн нөхөрлөлд амьдарч байсан.[2] Тэгвэл Есүс яагаад бидний ертөнцөд ирсэн юм бэ? Эцэгийг илчлэн харуулахын тулд. Эцэгийг хэн ч хараагүй, харин Есүс Түүнийг бидэнд мэдүүлсэн юм (Иохан 1:18). Бид Есүсийг харахдаа Эцэгийг хардаг (Иохан 14:9).
Өнөөдөр олон хүн Есүсийг хайрт найз, харин Эцэгийг хатуу шүүгч мэтээр дүрсэлдэг. Гэсэн хэдий ч Иохан 1-р бүлгээс Есүсийн зан чанар нь Эцэгийн зан чанартай адилхан гэдгийг харж болно. Бид Есүсийг харахдаа, Эцэгийг хардаг.
Есүс ойролцоогоор НТӨ 5 онд Иудейн Бетлехемд төржээ.[1] Ромын хүн амын тооллого явагдсан учраас Иосеф Бетлехем рүү аялсан. Тооллогын зорилго нь Ромын хяналтад байдаг бүс нутгуудын татварын бүртгэлийг хангах явдал байв.
Ромчууд хүмүүсийг ажиллаж, амьдарч буй хотод нь бүртгэдэг нийтлэг аргатай байжээ. Гэсэн хэдий ч, бослого тэмцэл гаргахдаа түргэн иудейчүүдтэй эв найртай байхын тулд Ром Иудейн бүс нутагт иудей хүмүүс өөрсдийн төрөл төрөгсдийн гэртээ бүртгүүлдэг аргыг хэрэглэхийг нь зөвшөөрчээ. Үүнээс улбаалж Иосеф, Мариа хоёр Назараас Бетлехем хүртэл 100 км замыг туулсан. Хэдийгээр зөвхөн өрхийн тэргүүн эрэгтэй хүн бүртгүүлэх шаардлагатай байсан ч Иосеф Мариаг Бетлехемд авчирчээ. Магадгүй Иосеф Мариаг Назарын жижиг тосгонд хов жив ярьдаг хөршүүдтэй нь үлдээхийг хүсээгүй бололтой.
Бурхан зорилгоо биелүүлэхийн тулд дэлхийн үйл явдлуудаар дамжуулан ажилладаг. Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд Бурханыг мэдэхгүй харийн хаанаар иудейчүүдийн хүн амын тооллогыг “сонгуулжээ”. “Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх” (Сургаалт үгс 21:1). Бурханы хаанчлалын ажилчдын хувьд энэ нь хэдийгээр хорон муу хүмүүс бүгдийг хяналтдаа байлгаж байгаа мэт харагдаж болох ч Бурхан зорилгоо биелүүлдэг гэдэгт итгэх итгэлийг өгөх учиртай.
Энэхүү татварын тооллого нь Есүсийг төрөхөд Бурхан дэлхийг хэрхэн бэлтгэснийг харуулдаг олон жишээнүүдийн нэг юм. Бурхан Грекийн эзэнт гүрний соёл уламжлал, Ромын эзэнт гүрний эрх зүйн тогтолцоо, Иудейн итгэл үнэмшил дэх шашны зарчмуудыг ашиглан, бидний ертөнцийг Мессиагийн төлөө бэлтгэжээ. Энэ талаар судлахын тулд Shepherds Global Classroom байгууллагын Шинэ гэрээтэй танилцах нь[2] курсын 1-р хичээлийг үзнэ үү.
Хоньчдын айлчлал (Лук 2:8-20)
Есүсийг төрсөн талаарх мэдээг хамгийн түрүүнд хүлээн авсан хүмүүс бол Бетлехемийн гадна хонио манаж байсан хоньчид байв. 1-р зууны үеийн ихэнх иудейчүүд хоньчдод таагүй ханддаг байснаас үзвэл энэ нь үнэхээрийн сонин содон үзэгдэл байлаа. Хоньчид нийгэмд маш доогуур байр суурьтай байсан тул Иудейн шүүх тэдний гэрчлэлийг хүлээж аваагүй. Лук “Хэрэв хоньчдыг хүлээн авсан юм бол Бурханы хаанчлалд өөр хэнийг ч хүлээн авах боломжтой!” хэмээн хоньчдын талаар онцлон бичжээ. Тэнгэрэлч нар “Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” (Лук 2:10) хэмээн өгүүлсэн.
Сайнмэдээ нь дан ганц үндэстэн (Израил) эсвэл нийгмийн аль нэг анги давхаргаар хязгаарлагддаггүй. Сайнмэдээ бүх хүмүүст зориулагдсан. Энэ сэдэв Лукийн Сайнмэдээний бүх хэсэгт агуулагддаг. Лук нийгмээс гадуурхагдсан хүмүүст Есүс үйлчилж байгаа талаар Закхай, самаричууд, эмэгтэйчүүдэд үйлчилсэн түүхүүдийг онцлон өгүүлсэн байдаг.
Мэргэдийн айлчлал (Матай 2:1-12)
Матайн Сайнмэдээ нь анх иудей хүмүүст зориулагдан бичигджээ. Харин Лук бүх хүмүүсийн төлөөх Есүсийн сургаалд анхаарлаа хандуулсан байдаг. Матай тэнгэрлэг хаанчлалын талаарх Есүсийн сургаалыг анх онцлон бичсэн. Матай хоньчдын оронд зурхайч, мэргэдийн айлчлалыг харуулахыг зорьжээ. Энэхүү айлчлал нь Есүсийн гэрийнхэн байнгын амьдрах гэр оронтой болсны дараа, магадгүй Түүнийг төрснөөс хойш хэдэн сарын дараа тохиосон болов уу (Матай 2:11). Энэ нь хоёр нас хүрээгүй эрэгтэй нялх хүүхдүүдийг алах Херодын тушаал гарсан цаг үетэй ч тохирдог.
Зурхайч мэргэд нь од эрхсийн онцгой содон зүй тогтлыг гярхай ажиглаж судалдаг хүмүүс байжээ. Тухайн цаг үед аялах нь аюултай байсан ч тэд тэнгэрт үзэгдсэн хачирхалтай тэмдгийг судалж мэдэхээр алс холын аялалд гарчээ.
Мэргэд Иудейн хааныг логикийн хувьд олж болох газар хэмээн Йерусалимд анх иржээ. Херод өөрийн боломжит өрсөлдөгчийн талаарх мэдээг сонсоод тэр өөрөө төдийгүй Йерусалим даяар түүнтэй хамт түгшин сандарчээ (Матай 2:3). “Иерусалим даяар” гэсэн хэллэгээр хожим Йерусалимд шашны удирдагчид Есүсийг үгүйсгэж эсэргүүцэхийг урьдчилан дүрсэлжээ.
Мэргэдийн айлчлал нь Мессиаг харь үндэстнүүдэд харуулах анхны танилцуулга байв. Энэ тэмдгээс болж түгшиж санаа зовнисон хүмүүсээс ялгаатай нь мэргэд энэхүү тэмдэгт итгэлээр хандсан юм. Есүс зөвхөн Иудейн хаан байхаар бус, бүх үндэстний хаан болон ирсэн.
Есүсийг хүндлэхээр хэдэн мэргэд ирснийг Матай өгүүлээгүй. Харин уламжлалд гурван мэргэн гэж хэлэгдсэн нь Матай 2:11-д өгүүлдэг гурван бэлэг өгсөн үйл явдлаас улбаатай. Бэлэг тус бүр нь Есүсийн үйлчлэлийн зарим хэсгийг төлөөлдөг.
Алт нь хаанд зориулагддаг бэлэг. Гэсэн хэдий ч Есүс хаан сэнтийнээс бус, загалмай дээрээс хаанчлах болно.
Гүгэл нь тахилчид зориулагддаг бэлэг. Тахил өргөхөд гүглийг үнэртэн болгож ашигладаг байжээ. Есүс бүх хүмүүсийг Бурханы оршихуйд орох боломжтой болгосон тахилч болж ирсэн.
Мирр нь нас барсан хүнийг тослоход зориулагддаг. Есүс бүх хүний төлөө амиа өргөхөөр төрсөн юм.
Есүсийг төрөхөөс өмнө тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж, Бурханы төлөвлөгөөг илчилсэн. Мэргэдийн айлчлалын дараа тэнгэрэлч Иосефыг Египет рүү зугтахыг анхааруулав. Тэрээр гэр бүлийн хамт Херодыг нас барах хүртэл (ойролцоогоор НТӨ 4) Египетэд байжээ.
Агуу Херод олон талаараа үр нөлөөтэй захирагч байв. Тэр иудейчүүдийг хүндэлдэг төдийгүй тэдний хоол ундтай холбоотой хууль дүрмийг ч дагадаг нэгэн байж. Мөн тэрээр Есүсийн амьдарч байсан цаг үеийн туршид үргэлжилсэн Сүмийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. НТ 25 оны үед тохиосон өлсгөлөнгийн үеэр Херод өөрийн мөнгөөр Иудейн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хоол хүнс авч өгч байжээ.
Гэсэн хэдий ч Херод аймшигтай харгис хэрцгий хүн байжээ. Тэр өөрийн эхнэрүүдийн нэг Мириамне болон түүний ээж Александраг өөрийнх нь эсрэг хуйвалдсан гэж сэжиглээд хороосон. Херод гурван хүүгээ нас бие гүйцэх үед нь өөрт нь аюул заналхийлэл авчирна гэж үзээд мөн хороож байжээ. Түүн шиг харгис хэрцгий хүний хувьд Бетлехемийн нялх хүүхдүүдийг алах нь гайхахаар зүйл биш юм. Албан тушаалаа хадгалж авч үлдэхийн тулд хэдэн зуун хүүхдийг хөнөөх нь түүнийг бага зэрэг ч эвгүйцүүлсэнгүй.
Херодын харгислал түүнийг үхэх хүртэл нь үргэлжилжээ. Түүний үхэл ойрхон болсон үед тэр Йерусалимын тэргүүлэх иргэдийг баривчилж, өөртэйгээ хамт үхүүлэхийг тушаажээ. Ингэснээр түүний нас барах өдөр гашуудлын өдрийн баталгаа болно гэж тэр итгэж байв (Харин оронд нь Херодын бэлэвсэн эхнэр хоригдлуудыг сулласнаар энэ өдөр нь Палестин даяар тэмдэглэлт өдөр болж хувирчээ).
Херодыг нас барсны дараа түүний эзэмшил газар нутгийг гурван хүү нь хуваан захирчээ. Антипас Галил болон Переаг, Филипп Палестины зүүн хойд бүс нутгийг, Архел нь Иудей, Идум болон Самарийг тус тус захирчээ. Эртний түүхчид Архелын талаар тэр эцгийнхээ бүх сул талуудыг авсан ч, ганц ч сайн шинж чанарыг нь өвлөж аваагүй гэж өгүүлдэг.
Иудейчүүд түүнд дургүйцэж, Цезарьт гомдол мэдүүлсэн учраас НТ 6 онд түүнийг захирагчийн албан тушаалаас чөлөөлжээ. Түүнээс хойш Иудейг Понти Пилат зэрэг Ромын захирагчид захирах болсон байна.
Херодыг нас барсны дараа Иосефыг Израил руу буцаж ирэхийг зааварлахын тулд тэнгэрэлч түүний зүүдэнд дахин үзэгдсэн. Гэсэн хэдий ч Архел эцэг Херодын адил аюултай байсан тул Иосеф Бетлехем рүү буцахын оронд гэр бүлээ Назарт аваачжээ.
► Жон Весли бага байхдаа шатаж буй гэрээсээ гайхамшгаар аврагджээ. Бурхан түүнийг онцгой зорилгын төлөө хамгаалсан гэдэгт тэр итгэдэг байв. Весли өөрийгөө “галаас авагдсан цуцал” (Зехариа 3:2) гэж хэлэх дуртай байжээ. Ангийнхаа гишүүдийг Бурхан хэрхэн гайхамшигтай арга замаар эсвэл хангамжаар үйлчлэлд нь хамгаалж тусалсан талаар түүхээ ярихыг урамшуулаарай.
Есүсийн үйлчлэл нь Хуучин гэрээний эш үзүүллэгүүдийг биелүүлсэн талаар Матай бусад Сайнмэдээнүүдээс илүү олон удаа дурджээ. Матай иудейчүүдэд хандан бичихдээ Есүс бол амлагдсан Мессиа байсан гэдгийг харуулахыг зорьжээ:
Есүс онгон бүсгүйгээс төрсөн (Матай 1:22-23) Исаиа 7:14-ийн биелэл.
Есүс Бетлехемд төрсөн (Матай 2:5-6) Мика 5:2-ын биелэл.
Египетийг зорьсон аян (Матай 2:14-15) Хосеа 11:1-ийн биелэл.
Бетлехемийн нялх хүүхдүүдийг хөнөөсөн (Матай 2:16-18) Иеремиа 31:15-ын биелэл.
Йерусалимд орж ирсэн (Матай 21:1-5) Зехариа 9:9-ийн биелэл.
Эш үзүүллэгийн биелэл тал дээр тайлбарлахад төвөгтэй жишээ Матай 2:23-д гардаг. Матай “Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. Назарынх гэж Тэр дуудагдах болно гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.”
Төвөгтэй зүйл нь Мессиаг Назарынх гэж нэрлэх тухай Хуучин гэрээний эш үзүүллэг тэмдэглэгдээгүйтэй холбоотой. Энэ эшлэл хоёр утга санааг тодруулсан байх боломжтой:
1. Есүсийн цаг үед Назар нь бусдын анхааралд өртөхөөргүй жижиг тосгон байв (Иохан 1:46). Иудейчүүд өөрсдийн Мессиаг худалдааны бүс нутаг болох Галилаас бус, харин Иудейгээс ирнэ гэсэн хүлээлттэй байжээ (Иохан 7:41, 52). Харин үнэн хэрэгтээ Есүс Назар мэт үл тоомсорлогддог газраас ирснээр Исаиа 49:7 болон Исаиа 53:3 зэрэг эшлэлийн биелэл болжээ.
2. Исаиа 11:1-д Мессиаг “мөчир” байх болно хэмээн эш үзүүлжээ. Мөчир гэдэг еврей үг нь (незер) “Назар” гэдэг үгтэй маш төстэй сонсогддог. Матайн иудей уншигчдын хувьд энэ нь үг холбох аргаар бичигдсэнийг төвөггүй ойлгодог байсан байх.
Баптисч Иохан Есүсийн үеэл байв. Иоханы түүх түүний эцэг Захариа үндэстнийхээ өмнөөс утлага уугиулж байснаас эхэлдэг бөгөөд энэ нь тахилч хүний хамгийн хүндтэй үүргүүдийн нэг юм (Лук 1:9).
Захариа энэхүү ариун үүргээ гүйцэтгэж байх үед утлагын тахилын ширээний баруун талд тэнгэрэлч үзэгдсэн. Өргөл өргөх үед нь энд Бурхан зогсож байсан хэмээн Иудейн уламжлалд өгүүлсэн байдаг. Хүү гуйсан Захариагийн залбирал хариултаа авсан гэдгийг тэнгэрэлч Габриел түүнд хэлжээ.
Елизабет хүүхэд төрүүлэх нас өнгөрсөн тул Захариа тэнгэрэлчийн амлалтад эргэлзсэн. Захариа итгэлгүй байснаасаа болоод Иоханыг төрөх хүртэл ярьж чадахгүй байжээ. Захариа тахилч, Бичвэрийг судалдаг хүн байсан учраас Хуучин гэрээнд өгүүлэгддэг Ханна болон Рахелын түүхийг мэддэг байх ёстой төдийгүй эхнэр Елизабетынх нь хэвлийг Бурхан гайхамшигтайгаар нээх болно гэсэн амлалтад итгэх ёстой байв.
Үүнээс 30 жилийн дараа Иохан үйлчлэлээ эхлүүлжээ. Тэрээр Йерусалимд тахилчаар үйлчлэхийн оронд Иудейн цөлд эш үзүүлэгчээр үйлчилсэн юм. Иохан Мессиагийн өмнө замыг бэлдэхээр илгээгдсэн нэгэн байв. Иоханыг номлоход хүмүүс “Иохан амлагдсан Мессиа мөн үү?” гэж асуудаг байжээ. Харин тэр тэдэнд “Надаас илүү хүчирхэг Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй” (Лук 3:16) гэж хариулсан юм. Боолын хамгийн дорд үүргүүдийн нэг нь эзнийхээ шаахайг арчлах байсан ч Иохан “айсуй нэгэн надтай зүйрлэшгүй агуу тул би энэ дорд үүргийг ч гүйцэтгэх зохисгүй” хэмээжээ. Иохан даруугаар үйлчлэх үлгэр дуурайлыг харуулсан.
Бичвэрийн бүхий л хэсгээс Бурхан хэн нэгэнд замыг бэлтгэхийн тулд хүмүүсийг ашиглаж байгаа тухай харж болно. Барнаб, Паулын жишээг харцгаая. Саул Христэд итгэгчдийг хавчиж байх үед Барнаб хэдийн чуулганд танигдсан нэр хүндтэй удирдагч болсон байлаа. Чуулганыг хавчдаг түүнд бараг итгэх хүн байхгүй үед Барнаб Паулд итгэл хүлээлгэсэн. Тэднийг анхны илгээлтийн аяллаа эхлүүлэх үед Үйлс номд “Барнаб, Саул нарыг” (Үйлс 13:2) гэж тэмдэглэсэн бол, удалгүй тэднийг “Паул, Барнаб нарыг” (Үйлс 13:43 болон түүнээс хойш) хэмээн дурдах болжээ. Барнаб эхэндээ багийнхаа удирдагч байсан бол, тэр Паулыг удирдагч болоосой гэж хүсжээ.
Заримдаа таны үүрэг оролцоо баптисч Иохан эсвэл Барнабынхтай адил өөр хэн нэгний замыг бэлтгэх байж болох юм. Бурхан таныг хаана ч ашиглахаар сонгосон бай, та хамгийн сайнаараа үйлчлээрэй. Хэрэв Бурхан танд туслах үүргийг оногдуулсан бол тэрхүү үйлчлэлээс бүү татгалзаарай. Бурхан таныг хамгийн үр нөлөөтэйгээр ашиглаж чадна гэдэгт та итгээрэй.
Өөрийн дагалдагчдыг Есүс рүү чиглүүлснээр баптисч Иохан даруу байдлаа харуулсан (Иохан 1:35-37). Багшаа хүндэлдэг, олон дагалдагчидтай байх нь рабби хүний зорилго байтал баптисч Иохан өөрийн дагалдагчдыг илүү агуу багш руу хандуулжээ. Өөрөөсөө агуу нэгнийг бусдад заах нь түүний ажил үүрэг гэдгийг Иохан сайн ойлгож байв. Түүний дагалдагчид Есүсийг дагахаар одохыг тэр харж байлаа. Түүний зорилго бол өөрийнх нь алдар нэр бус, харин Бурханы хаанчлал байсан юм. Христэд итгэгч удирдагчдын хувьд бидний зорилго бол өөрсдийн амжилт бус, харин хүмүүсийг Есүс рүү чиглүүлэх явдал гэдгийг хэзээ ч мартах ёсгүй.
► Матай 3:1-6 эшлэлийг унших.
Иохан гэмших тухай номлож байсан. Өнөө цагт зарим хүмүүс гэмшлийг зөвхөн оюун бодлоо өөрчлөх гэж хэлдэг. Өөрсдийгөө итгэгч гэж үздэг олон хүмүүст өөрчлөгдсөн амьдралын тэмдэг маш бага харагддаг.
Харин “гэмших” гэдэг нь оюунлаг шийдвэрээс хавьгүй илүү утга учиртай. Шинэ гэрээний бичээчид “гэмших” гэдэг үгийг Хуучин гэрээний эш үзүүлэгчдийн адилаар ашигласан. Энэ нь амьдралаа бүрэн өөрчлөх гэсэн үг юм. Шинэ гэрээнд гэмшлийг:
Өөрийн бодол санаа, итгэл үнэмшлээ өөрчлөх болон
Өөрийн үйлдэл, амьдралын хэв маягаа өөрчлөх гэж хэлдэг.
Хэдэн жилийн өмнө гэм нүгэлтэй амьдралаараа алдартай Америкийн нэгэн поп дуучин “Би Христэд итгэгч болсон, Сүнсээр ч дүүрсэн. Би өмнө нь хийдэг байсан зүйлээ хийсээр байгаа ч одоо би Христэд итгэгч болсон. Хэрэв би энэ хорвоог орхивол тэнгэрийн улсад очих болно” гэж ярьж байжээ. Энэ хүний “гэмшлээс” амьдралынх нь хэв маягт орсон ямар ч өөрчлөлт байсангүй. Энэ нь жинхэнэ гэмшил биш юм.
Гэмшил нь бидний амьдралын хэв маягийг өөрчилдөг хэмээн Иохан сургасан. Иохан баптисм хүртэхээр ирсэн хүмүүсээс гэмшилд зохистой байдлаар биеэ авч явахыг шаарддаг байв (Лук 3:8). Баптисм нь “Би итгэж байна, тиймээс одоо надад баптисм хүртээ” гэдэг хоосон зан үйл байж таарахгүй. Баптисм нь жинхэнэ гэмшил болон өөрчлөгдсөн амьдралыг гэрчлэх ёстой.
Сорилтыг даван туулсан Есүсийн ялалт нь биднийг сорилттой тулгарах үед үлгэр дуурайл болдог. “Есүс ... диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв” (Матай 4:1). Олны төлөөх үйлчлэлээ эхлэхийн өмнөхөн Есүс соригдсон. Бусдад зааж номлохоосоо өмнө Есүс Эцэгийнхээ хүсэлд бүрэн дуулгавартай байдлаа харуулсан юм.
Матай Есүсийн соригдсон түүхийг Түүний баптисм хүртсэний яг дараахан тохиож байгаагаар өгүүлдэг. Хамгийн хүнд хэцүү сорилтууд ихэвчлэн бидний сүнслэг ялалтын дараа тохиолддог. Елиа Кармел уулан дээрх ялалтынхаа дараахан цөхрөнгөө барж, эргэлзэхэд хүрсэн (1 Хаад 18-19).
Лук Есүсийн удам угсааг Адамд хамааруулсныхаа дараахан Түүний соригдсон түүхийг өгүүлдэг. Адам бүтэлгүйтсэн ч, харин Хүний Хүү Есүс ялалт байгуулсныг Лук харуулдаг (Лук 3:38). Есүс хүн төрөлхтөнтэй өөрийгөө адилтгаж, эгэл жирийн итгэгчид ч нүглийг хэрхэн ялан дийлж чадахыг үлгэрлэн харуулжээ.
[1]Сорилтууд
Чулууг талх болгох сорилт
Есүсийг тэнгэрлэг хүч чадлаа ашиглан чулууг талх болгохын тулд Сатан сорьсон юм. Есүсийг Эцэгтээ найдахын оронд өөрийн эрх ашгийн төлөө хүч чадлаа ашиглахад Сатан уруу татжээ. Есүс хооллох эрхээ Эцэгтээ дуулгавартайгаар өгсөн юм.
Анхны Адам идэх ёсгүй хоолыг идэхээр уруу татагдаж, Бурханд дуулгаваргүй хандсан бол хоёр дахь Адам итгэмжит байжээ.
Сүмийн орой дээрээс үсрэх сорилт
Есүсийг Сүмийн орой дээрээс үсрүүлэхээр Сатан сорьсон (Кидроны хөндийгөөс 91м өндөр). Хүүгээ хамгаалах амлалтаа биелүүлэхийг Эцэгээс шаардах нь хүмүүсийг алмайруулах байв.
Эцэгийнх нь амлалтыг шалгахын тулд Есүсийг Сатан сорихдоо Дуулал 91:11-12 дахь амлалтыг эш татжээ. Хэрэв энэхүү сорилтод Есүс автсан бол Эцэгээ өөрийн зарц болгож, өөрийнхөө хүлээлт шаардлагыг Түүнд тулгах байлаа.
Есүс Дуулал 91 дэх амлалтыг буруу нөхцөл байдалд ашиглахаас татгалзсан юм. Есүс Сатанд “Бурхан ЭЗЭНээ бүү сорь” гэсэн Дэд хууль 6:16 эшлэлээр хариулжээ. Бурханы хүүхдүүдийн хувьд бид Бурханы хүч, эрх мэдлийг өөрсдийн зорилгод ашиглахыг шаардаж болохгүй.
“Би эрхээ хамгаалж, хүч чадлаа нотлох болно” гэж хэлдэг хүмүүст бид алга ташдаг. Гэвч жинхэнэ хүч чадал нь хүний хүслээ Бурханы хүсэлд орхиход оршдог гэдгийг төгс Хүмүүн харуулсан юм.
- Г. Кэмпбел Морган-аас авсан
Зарим Христэд итгэгчид “Номд буй амлалт бүхэн минийх” гэж хэлдэг. Бичвэр дэх амлалт бүр үнэн боловч бид “Энэ амлалт энэ нөхцөл байдалд хамаатай юу?” гэж үргэлж асуух ёстой. Дуулал 91-д буй амлалт нь Түүний цөлд тулгарсан нөхцөл байдлын төлөөх Бурханы хүсэл биш гэдгийг Есүс мэдэж байсан юм. Бид Бурханы хүчийг захирах гэж оролдохын оронд харин жинхэнэ итгэлээр Бурханы амлалтыг сахиж байгаа гэдэгтээ хэрхэн баттай байж чадах вэ?
(1) Бид Бурханы Үгийг мэдэх ёстой.
Библи дэх амлалтын хам сэдэв, амлалттай холбоотой нөхцөл байдлуудын талаар илүү ихийг мэдэх тусам бид үүнийг нөхцөл байдалдаа хэрэгжүүлж болох, болохгүйг сайн дэнсэлж чаддаг болдог.
Зарим амлалтууд нь тодорхой нөхцөл байдалд, тодорхой хүмүүст өгөгдсөн байдаг. Хуучин гэрээнд хэрэв Израил гэрээндээ үнэнч байвал биет ерөөлүүдийг өгнө гэж Бурхан амласан байдаг. Тэдний газар нутагт үр жимс ихээр боловсорч, агуулах сав нь дүүрч, цэрэг арми нь ялалт байгуулах гэх мэт. Шинэ гэрээн дэх амлалтууд нь ихэвчлэн сүнслэг ашиг тустай холбоотой өгөгдсөн. Зарим хүмүүс үүнийг сурахдаа сэтгэл дундуур байж болох ч, бид үүнд баярлах учиртай. Материаллаг хөгжил дэвшил нь зөвхөн түр зуурын үнэ цэнтэй бол, харин сүнслэг хөгжил дэвшил нь мөнхийн үнэ цэнтэй. Бурханд найддаг итгэл нь Бурхан бидний хүслийг биелүүлэхийн тулд бус, харин Тэр амлалтаа өөрийн арга замаар биелүүлнэ гэдэгт итгэдэг.
(2) Бид ерөнхий болон тодорхой амлалтуудыг ялган таних ёстой.
Бид ерөнхий амлалтыг уншихдаа Бурхан бидний тодорхой нөхцөл байдалд амлалт өгч байгаа эсэхийг асуух хэрэгтэй. Зарим амлалтууд нь ерөнхий ч, бүгдэд зориулагдаагүй байдаг.
Дуулал 103:3-д “Бүх өвчнийг чинь илааршуулдаг” хэмээн Бурханыг магтан алдаршуулсан. Зарим итгэгчид энэ эшлэлийг Бурхан итгэгч хүн бүрийн бүх өвчнийг эдгээх амлалтыг өгсөн гэж итгэдэг. Гэсэн хэдий ч, Бичвэр бидэнд бие махбодын өвчин болгон эдгэрдэг гэж харуулдаггүй. Паул эдгэрэхийн төлөө залбирахад Бурхан “Үгүй” гэж хэлсэн (2 Коринт 12:7). Заримдаа Бурхан хүүхдүүдийнхээ өвчнийг эдгээхийг сонгодог бол заримдаа тэдэнд зовлон зүдгүүрийг үүрэхийн тулд нигүүлсэл өгөхийг сонгодог ажээ.
Хаанд өчсөн гурван еврей залуу хүү адил бид хариу үйлдэх ёстой юм. Небухаднезар хаан галт зууханд тэднийг хаяна гэж сүрдүүлэхэд тэд “Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв” (Даниел 3:17-18). Бурханд тэднийг чөлөөлөх хүч байгаа гэдгийг тэд мэдэж байсан. Хэдий Бурхан өөр замыг сонгосон байсан ч тэд Түүнд итгэмжтэйгээр үйлчлэхэд бэлэн байв.
Бурхан хүүхдүүдээ бие махбодын зовлонгоос чөлөөлж чадна, гэхдээ Тэр үргэлж ийм замыг сонгодоггүй. Бурхан Библийн амлалтыг танд тусгайлан зориулсан гэдгийг тодорхой болгох хүртэл та Түүний хийхээр сонгосон зүйлд итгэж найдаарай. Элч Иохан “Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ” (1 Иохан 5:14-15) гэсэн амлалтыг өгчээ.
Библийн амлалт бүр минийн тодорхой нөхцөл байдалд хамаатай гэж бид бодож болохгүй. Итгэл нь “би Түүний хүслийн дагуу асуух болно” гэж хэлдэг. Би амлалт бүрийг хувийн амлалт гэж хүлээж авах ёсгүй. Харин үүний оронд энэ амлалт миний нөхцөл байдалд зориулагдсан эсэхийг асуух хэрэгтэй юм.
(3) Бид Есүсийн нэрээр залбирах ёстой.
Есүс “Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ” (Иохан 14:13) гэж амласан юм. Есүсийн нэрээр залбирна гэдэг нь таны залбирал Есүсийн чухалчилдаг зүйлс, Түүний хүсэл ба зан чанартай нийцэж байхыг хэлдэг. Бурханд алдрыг авчрах зүйлсийн төлөө Есүс залбирдаг байжээ. Бид ч бас ийнхүү залбирах ёстой. Хэрэв бидэнд жинхэнэ итгэл байвал, бид өөрсдийн хүслээс илүү Бурханы алдрыг эрэлхийлэх болно.
Эцэгийг алдаршуулахын төлөө залбирна гэдэг нь бидний амьдрал дахь Бурханы эцсийн зорилгод захирагдаж байна гэсэн үг юм. Бурхан Израилд “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна” (Иеремиа 29:11) хэмээн амласан юм. Энэхүү амлалт нь Израил Вавилоны цөллөгт 70 жил байх үед өгөгдсөн амлалт гэдгийг бид санах хэрэгтэй. Вавилонд боолчлогдох нь ч Бурханы ард түмэнд сайн сайхныг авчрах болно; Зовлон зүдгүүр дундаа ч Израил Бурханыг дуудахад Тэр тэднийг сонсох болно.
Энэ амлалт өнөөдөр бидэнд хэрэгжих боломжтой юу? Хариулт нь тийм! Бурханы зан чанар өөрчлөгддөггүй. Тэр хүүхдүүддээ сайн сайхныг авчирдаг. Тохиолдож буй бүх зүйл сайхан байх албагүй ч амьдралд тохиолдох бүх зүйлд Бурхан өөрийн зорилгыг хэрэгжүүлдэг гэдгийг бид мэддэг учраас Есүсийн нэрээр итгэлтэйгээр залбирч чадна.
Сорилтууд (үргэлжлэл)
Дэлхийн хаанчлалуудыг санал болгосон
Сатаны эцсийн сорилт нь Есүстэй тохиролцож, Түүнд ирээдүйн хаанчлалдаа загалмайгүйгээр хүрэх арга замыг санал болгосон явдал юм. Есүс Сатаны өмнө өвдөг сөгдөөд, загалмайн зовлонг туулахгүй өнгөрч болох байв. Харин Есүс түүнд Дэд хууль 6:13, “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” (Матай 4:10) хэмээн хариулсан юм.
Сорилтыг ялан дийлсэн Есүсийн ялалт
Сорилт дунд Есүсийн харуулсан үлгэр дуурайлаас суралцахдаа бид Есүсийг бүрэн дүүрэн хүн байсан гэдгийг санах учиртай. Тэр “… харин нүгэлгүй атлаа бүх талаар…” соригдсон юм (Еврей 4:15).
► 1 Коринт 10:13 болон Еврей 4:15 эшлэлийг унших. Сорилтын талаар эдгээр эшлэлд юу гэж заасан бэ?
1 Иохан 2:16-д сорилт нь махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал зэргээс үүдэлтэй болохыг элч харуулжээ. Есүс энэ бүх талбарт соригдсон билээ.
Есүсийг өлссөн үед Сатан махбодыг нь талхаар сорьжээ.
Сатан Есүст дэлхийн хаанчлалуудыг үзүүлж, нүдийг нь сорьсон.
Сатан, Есүсийг олон түмнийг алмайруулах гайхалтай үйл хийхэд сорьж, амьдралын бардамналд уриалав.
Сорилтыг ялан дийлсэн Есүсийн үлгэр дуурайл биднийг соригдох үед загвар болдог. Сорилтыг ялан дийлэхэд Есүсийн ашигласан гурван хэрэгслийг анзаарч хараарай.
Ариун Сүнсний хүч
Есүс Ариун Сүнсний удирдамжийн дагуу алхсан. Сүнс өөрөөр нь хийлгэхийг хүссэн зүйлийг Тэр хийсэн. “Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн…” (Лук 4:1).
Есүс дэлхий дээрх үйлчлэлийнхээ туршид Ариун Сүнсний хүчээр үйлдэж байв. Тэр Сүнсний хүчээр чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан (Матай 12:28). Бурхан “… Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм” (Үйлс 10:38).
Есүс дэлхий дээрх үйлчлэлээ Ариун Сүнсний хүчээр хийсэн. Хэрэв бид сорилтын эсрэг хүчтэй зогсохыг хүсвэл Ариун Сүнсний хүч чадал дотор амьдрах ёстой.
Залбирлын хүч
Есүс 40 хоног мацаг барьж, залбирсны дараа сорилтод орсон. Залбирал Түүнийг сүнслэг тулаанд бэлтгэжээ. Дараагийн хичээлээр бид Есүсийн амьдрал ба үйлчлэлд залбирал чухал байр суурьтай байсан талаар сурах болно. Хэрэв Есүс залбиралд түшиглэж байсан бол бид ч залбирахгүйгээр сүнслэг ялалтыг хүлээх боломжгүй биш үү?
Залбирлын амьдралдаа анхаарахаа больсон үед Сатан ихэвчлэн бидэн рүү довтолдог. Хэрэв бид амин чухал залбирлын амьдралаа анхаарч хадгалахгүй бол сорилтын өмнө сул дорой байх болно гэдгийг тэр мэддэг.
Үгийн хүч
Есүс сорилт бүрд Бичвэрийн үгсээр хариулсан. Тэр эдгээр Бичвэрийг яаж мэдсэн бэ? Еврей хүүхдүүдийн бага насны боловсролын нэг хэсэг нь “Тора”-г цээжлэх байжээ. Есүс соригдох үедээ Бичвэрийн үгсийг маш хурдан санажээ.
Христэд итгэгчид бид Бурханы Үгийг зүрх сэтгэлдээ суулгах ёстой юм. Сорилтын үед Бичвэр бидэнд уруу татлагатай нүүр тулах хүчийг өгөх болно.
Сорилттой тулгарахдаа Есүс бидэнд байдагтай адил хэрэгслийг ашиглажээ. Бид Есүсийн адилаар Сүнс, залбирал, Үгийн хүчээр сорилттой нүүр тулах хэрэгтэй. Эдгээр зэвсэггүйгээр бид Сатаны дайралтад бүдрэх болно.
Эртний Христэд итгэгчид Есүсийг Бурхан байсан гэдэгт нийтээрээ санал нэгддэг байлаа. Хэдийгээр Ариус зэрэг тэрс үзэлтнүүд Есүсийн Бурхан чанарыг үгүйсгэж байсан ч ортодокс итгэгчид Есүсийг Бурхан байсан хэмээн заадаг байжээ.
Түүнчлэн ортодокс христитгэл нь Есүсийг бүрэн дүүрэн хүн байсан гэж заасан. Энэ онол сургаалыг ихэвчлэн тэрс үзэлтнүүд үгүйсгэдэг байв. Өнөө цагт ч олон эвангелчүүд Есүсийн хүмүүн мөн чанарыг нухацтай авч үздэггүй. Олон итгэгчид Есүсийг бүрэн дүүрэн Бурхан байсан гэж үздэг ч, Түүний хүмүүн мөн чанар нь бодит байгаагүй гэж хэлдэг. Есүс хүний биеийг зээлснээс биш, бүрэн дүүрэн хүн байгаагүй гэж тэд үздэг.
Зарим номлолын жишээ дүрслэлүүд нь энэхүү худал санааг дэмжихэд хувь нэмэр болдог. Зарим номлогчид тариачны дүр эсгэж аялдаг хааны тухай домгийг өгүүлдэг. Гэсэн хэдий ч Есүс хүний дүр эсгэсэн Бурхан байгаагүй юм. Тэр бидний нэг хэсэг болж ирсэн.
Есүсийн хүмүүн чанарын талаарх онол сургаал нь бидний христитгэлийн амьдрал туршлагад чухал ач холбогдолтой юм. Хэрэв Есүс бүрэн дүүрэн хүн байгаагүй бол Түүний амьдрал бидний хувьд бодит загвар байх боломжгүй. Нэгэн теологич үүнийг “Хэрэв Есүс үнэхээр бидэнтэй адил биш бол бид түүн шиг байхаас чөлөөлөгдөнө”[1] хэмээн өгүүлсэн байдаг.
Олон хүн санаатай нүгэлд бид байнга бүдэрдэг гэж итгэдэг. Харин эгэл жирийн итгэгчид ч Ариун Сүнсний хүчээр нүглийг ялж чадна гэдгийг Есүс хүмүүн чанараараа харуулсан юм.
Хэрэв Есүс эвдэрч сүйдсэн хүн төрөлхтөн бидний нэг хэсэг болсон бол, мөн Тэрээр Сүнсний хүч хэрэгтэй бидний хэрэгцээг мэдэрсэн бол, бидэнтэй адил соригдсон юм бол сорилтыг даван туулсан Түүний ялалт нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн ялалт байгуулахыг харуулдаг. Ариун Сүнсээр дамжуулан бид ялалтын амьдралаар амьдарч чадна.
► Есүсийн Бурхан чанарын тухай онол сургаал эсвэл Түүний хүмүүн чанарын талаарх онол сургаал хоёрын аль нь танд ойлгоход хэцүү байна вэ? Эдгээр онол сургаал нь бидний итгэлийн амьдрал ба үйлчлэлд хэрхэн чухал болох талаар ярилцана уу.
Энэхүү хичээлээр бид Бурхан Есүсийн үйлчлэлийн замналыг хэрхэн бэлтгэсэн талаар үзлээ. Түүний удам угсаагаар, Ромын эзэнт гүрнээр, гайхамшигт төрөлтөөр, баптисч Иоханы үйлчлэлээр, тэр ч байтугай сорилтоор дамжуулан Бурхан Есүсийн замыг бэлтгэжээ.
Бид энэхүү үнэнийг Библиэс дахин дахин олж хардаг. Паулын жишээнээс олж харж болно. Тэр Ромын Тарс хотод өссөн бөгөөд хүүхэд ахуй цагаасаа харь үндэстний найз нөхөдтэй байжээ. Ихэнх иудейчүүдээс ялгаатай нь Паул харь үндэстнүүдтэй учир зүйгээ амархан олдог байжээ.
Паулын эцэг нь Ромын иргэн байсан учраас тэр Ромын иргэн гэсэн эрхэм хүндтэй эрхийг олж авсан байна. Харин түүний ээж иудей хүн байсан учраас Паул Хуучин гэрээний Бичвэрүүдэд бага наснаасаа сургагджээ. Тэр оюуны өндөр чадавхитай нэгэн байсан бөгөөд агуу рабби Гамалиелын дор еврейн теологид суралцжээ. Ром гаралтай тэрбээр Грек хэл болон Грекийн гүн ухаантнуудын онол сургаалыг ч судалсан.
Ийм угсаа гаралтай хүнийг Бурхан харь үндэстнүүдэд илгээлтийн эзэн болгон дуудсан нь гайхах зүйл биш юм. Төрсөн цагаас нь Бурхан Паулыг харь үндэстнүүдийн төлөөх анхны Элч болгон бэлтгэжээ. Энэ үйлчлэлд зориулж Бурхан түүнийг хэрхэн бэлтгэсэн талаар бодож үзээрэй:
Ромын иргэншил нь Паулыг чөлөөтэй аялах боломжтой болгосон.
Паул еврей, грек хэл сурсан нь түүнд Шинэ гэрээний хамгийн гүн гүнзгий номуудыг бичих багаж хэрэгсэл болжээ.
Паул Грекийн гүн ухааныг судалсан нь түүнийг Афин зэрэг газруудад Грекийн сэтгэгчидтэй мэтгэлцэхэд бэлтгэл болжээ.
Магадгүй та “Бурхан надад Паул шиг өндөр боловсрол мэдлэг өгөөгүй. Надад сайн сайхан гэр бүл ч байхгүй” гэж хэлж болох юм. Гэхдээ энэ нь зүгээр! Та тэгвэл 1-р зууны чуулганы өөр нэгэн удирдагчийг хараарай.
Симон загасчилж, загасны наймаа хийж өсжээ. Түүнд Паулын адил боловсрол, оюуны чадвар байсангүй. Үнэндээ ойлгоход хэцүү зарим зүйлийг Паул бичсэн гэж хожим нь Петр өгүүлсэн байдаг (2 Петр 3:15-16). Гэвч Бурхан Петрийг хүчирхэг байдлаар ашигласан юм. Паулын гүн гүнзгий үгсэд дарагдсан хүмүүс Петрийн энгийн номлолыг ойлгож чадна.
Бурхан таныг үйлчлэх талбарт тань бэлтгэсэн. Хэрэв та өөрийн бэлтгэл сургуулилалт, мэдлэг боловсрол, Бурханы танд өгсөн бүх зүйлийг Түүний төлөө зориулбал Тэр таныг зорилгынхоо төлөө ашиглах болно. Бурхан дуудсан хүмүүсээ дуудсан үйлчлэлд нь бэлтгэдэг.
(1) Энэ хичээлээр бид сорилтыг ялан дийлсэн Есүсийн үлгэр дуурайлыг харсан. Доор өгөгдсөн эхний хүснэгтэд сорилтыг ялан дийлж чадсан гурван хүний жишээг Библиэс жагсаана уу. Сорилттой тулгарахад тэдэнд хүч өгсөн нэг зүйлийг анзаарч хараарай. Дараа нь сорилтод бүдэрсэн хүмүүсийн гурван жишээг Библиэс жагсаан бичнэ үү. Тухайн тохиолдол бүрд тэднийг бүдрэхэд хүргэсэн нэг хүчин зүйлийг тодорхойл.
(2) Жагсаасан жишээн дээрээ үндэслэн сорилтын талаар номлол эсвэл Библийн хичээл бэлтгэ. Есүсийн үлгэр дуурайл болон хүснэгтэд жагсаасан жишээнүүдээ оруулаарай.
Хэвлэж болох PDF-ийг эндээс авах боломжтой.
Сорилтыг ялан дийлсэн | Бичвэр | Ялахад юу нөлөөлсөн бэ? |
---|---|---|
Иосеф (бэлгийн харилцааны цэвэр ариун байдал) | Эхлэл 39-р бүлэг | Бурханд төвлөрсөн (Эхлэл 39:9) |
Сорилтод бүдэрсэн | Бичвэр | Ялагдахад юу нөлөөлсөн бэ? |
---|---|---|
Петр (Есүсийг үгүйсгэсэн) | Лук 22:54-62 | хэт өөртөө итгэлтэй байдал (Лук 22:31-34) |
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.
Questions? Reach out to us anytime at info@shepherdsglobal.org
By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.