Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Audio Course Purchase

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 6: Есүс ба Бурханы хаанчлал

2 min read

by Randall McElwain


Хичээлийн зорилго

Энэ хичээлийн төгсгөлд суралцагч:

(1) Сайнмэдээний номууд дахь Бурханы хаанчлалын утга учрыг ойлгох.

(2) Бурханы хаанчлалын өнөөгийн ба ирээдүйн шинжийг таньж мэдэх.

(3) Уулан дээрх сургаалдаа Есүсийн заасан хаанчлалын амьдралын зарчмыг дагах.

(4) Хаанчлалын тухай Есүсийн сургаалт зүйрлэлүүдийг зөвөөр тайлбарлах.

(5) Дагалдагч байхын тулд Есүсийн сургасан нөхцлүүдэд захирагдах.

Үйлчлэлийн зарчим

Бид энэ дэлхийд Бурханы хаанчлалыг төлөөлөх элчин сайдаар үйлчилдэг.

Танилцуулга

Бурханы хаанчлал бол Шинэ гэрээний үндсэн сэдэв юм.[1] Хаанчлал гэх энэ нэр томьёо Матай номд 54 удаа, Марк номд 14 удаа, Лук номд 39 удаа, Иохан номд 5 удаа дурдагджээ.[2]

Есүсийн сургаалт зүйрлэлийн бараг тал нь Бурханы хаанчлалын талаар заадаг. Тэрээр хаанчлалын тухай номлосон. Тэрбээр хаанчлалын хүчийг харуулахын тулд хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулдаг байв. Есүсийг дээш өргөгдсөний дараа анхны чуулган хаанчлалын талаар үргэлжлүүлэн номложээ (Үйлс 8:12, Үйлс 28:23).

Энэхүү хичээлээр бид Есүсийн үйлчлэл дэх Бурханы хаанчлал болон өнөөгийн үйлчлэл дэх хаанчлалын нөлөөний тухай суралцана. Энэхүү курсын төгсгөлд Бурханы хаанчлалын талаарх Нигер улсад номлогдсон нэгэн сургаалыг оруулсан. Энэ дэлхий дээрх үйлчлэлд хаанчлалын тухай мэдээ хэрхэн нөлөөлж буйг уг номлолд өгүүлэх болно.


[1]Энэ хичээлд зориулсан эх сурвалжууд:
D. Matthew Allen, “The Kingdom in Matthew.” (1999). https://bible.org/article/kingdom-matthew вебсайтаас харах боломжтой, 2021 оны 3-р сарын 22-ны байдлаар
Darrell L. Bock, Luke: Baker Exegetical Commentary on the New Testament. (Grand Rapids: Baker Books, 1994-1996)
J. Dwight Pentecost, The Words and Works of Jesus Christ. (Grand Rapids: Zondervan, 1981)
Martyn Lloyd-Jones, Studies in the Sermon on the Mount. (Grand Rapids: Eerdmans, 1959)
[2]Матай номд ихэвчлэн “тэнгэрийн хаанчлал” гэж дурдсан бол Лук номд “Бурханы хаанчлал” гэж дурджээ. Матай номын анхны уншигчид нь иудейчүүд байсан учраас Бурханы нэрийг хэлэхээс зайлсхийж, “тэнгэрийн хаанчлал” гэх нэр томьёог ашигласан байна. Тиймээс Матай номд “Бурханы хаанчлал” гэх үгийг ихэвчлэн “тэнгэрийн хаанчлал” гэж орлуулсан юм. Энэхүү хичээлээр би Матай номоос эш татсан хэсгүүдээс бусад тохиолдолд “Бурханы хаанчлал” гэх үгийг ашиглана.

Бурханы хаанчлал

Бурханы хаанчлалын талаар суралцахад танилцуулга болдог хоёр асуулт бий.[1]

1. Бурханы хаанчлал гэж юу вэ?

2. Бурханы хаанчлал хэзээ байгуулагдсан бэ?

Бурханы хаанчлал гэж юу вэ?

► Үйлс 1:1-8 эшлэлийг унших.

Есүс амилсныхаа дараа 40 хоногийн туршид дагалдагч нартайгаа хамт байж, Бурханы хаанчлалын тухай ярьсан юм. Есүсийг дээш өргөгдөхөөс өмнөхөн дагалдагчид нь “Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү?” гэж асуужээ. Дагалдагчдын хүлээлт нь:

1. Даруй бий болох хаанчлал: “энэ цагт.” Тэд Есүсийг тэр даруй хаанчлалаа байгуулна гэж бодсон.

2. Улс төр, газар нутгийг хамарсан хаанчлал: “сэргээх.” Тэд Есүсийг Ромын эзэнт гүрнийг нурааж, Израилын улс төрийн эрх мэдлийг сэргээнэ гэж найдсан.

3. Үндэсний хаанчлал: “Израильд хаанчлалыг.” Тэд Есүсийг Хуучин гэрээний Давидын угсааны хаад шиг үндэстнээ захирна гэж найдаж байсан.[2]

Есүс хариуд нь “Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно” гэсэн юм.

Есүсийн хариултаас Түүний хаанчлал дараах байдлаар харагдаж байна.

1. Цаг хугацаагүй хаанчлал: “Эцэг... тогтоосон тэр цаг, үеийг.” Есүсийн хаанчлал хүний цагаар бус, харин Эцэг Бурханы товлосон цагаас хамаарна.

2. Ер бусын хаанчлал: “Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг.” Есүсийн хаанчлал улс төрийн эрх мэдэлд бус, харин Ариун Сүнсний хүчинд тулгуурлана.

3. Даян дэлхийн хаанчлал: “дэлхийн хязгаар хүртэл.” Есүсийн хаанчлал бүх үндэстнийг хамарна. Зөвхөн Израилаар хязгаарлагдахгүй.

Есүс дагалдагч нартаа цаг хугацааны талаар мэдэх шаардлагагүй, харин үүний оронд Ариун Сүнсийг хүлээн авах, дэлхийн төгсгөл хүртэл Түүний гэрч байх гэсэн хоёр зүйлд санаа тавих ёстой гэсэн.

[3]Бурханы хаанчлал хэзээ байгуулагдсан бэ?

Теологичдын дунд Бурханы хаанчлалын талаар гурван үндсэн үзэл бий.

Хаанчлал ирнэ.

Зарим теологичид эцсийн цаг үед, Есүс газар дэлхий дээрх мянган жилийн засаглалаа эхлэх үед хаанчлал байгуулагдана хэмээн үздэг. Эдгээр хүмүүс хаанчлалын улс төр, газар нутгийн шинжийг онцолсон Матай 24-25-р бүлэг зэрэг эшлэлүүдийг дурддаг.

Хаанчлал ирсэн.

Бусад теологичид нь Есүсийг газар дэлхий дээр байх үед хаанчлал байгуулагдсан гэж үздэг. Тэд “Тэнгэрийн хаанчлал айсуй” мөн “Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна” (Матай 4:17 ба Лук 11:20) зэрэг эшлэл Есүсийн хэлсэн үгийг онцолдог аж. Хаанчлалын талаарх энэхүү үзэл нь хаанчлалын сүнслэг мөн чанар болон Бурхан итгэгчдийн зүрх сэтгэлд засаглах зэрэгт анхаарал хандуулдаг.

Хаанчлал аль хэдийн ирсэн ч, хараахан бүрэн гүйцэд болоогүй байна.

Хаанчлал нь одоогийн ба ирээдүйн шинж чанарыг агуулдаг гэж олон теологичид үздэг. Энэ үзлээр бол Есүсийг газар дэлхийд байх үед хаанчлал эхэлсэн бөгөөд чуулганы үйл ажиллагаагаар дамжуулан үргэлжилж, улмаар Христ бүхнийг захирахаар ирэх үед бүрэн гүйцэлдэх юм.[4] Христ эргэн ирээд бүх засаглал, бүх эрх мэдэл, хүчийг устгасны дараа хаанчлалыг Бурхан Эцэгт шилжүүлнэ (1 Коринт 15:24). Үүгээр Бурханы хаанчлал бүрэн гүйцэд байгуулагдах аж.

► Хаанчлалын талаарх эдгээр үзлийн алийг нь та баримталдаг вэ? Эдгээр нь тус бүрдээ үйлчлэлд ямар бодит нөлөө үзүүлэх вэ?

Энэ хичээлээр бид хаанчлалын биелсэн болон хараахан биелж гүйцээгүй шинж чанаруудыг авч үзнэ. Хаанчлал нь дараах шинж чанаруудыг агуулдаг.

  • Хаан: Есүсийг төрөх үед мэргэд ирснээс эхлэн, загалмай дээр цовдлогдох хүртлээ Тэр хаан байсан юм.

  • Эрх мэдэл: Есүс гайхамшиг, мөн үхлийг ялсан ялалтаараа эрх мэдлээ харуулсан.

  • Хууль: Есүс уулан дээрх сургаалаараа хаанчлалынхаа хуулийг хураангуйлж айлдсан.

  • Нутаг дэвсгэр: Түүний хаанчлал даян дэлхийн өнцөг буланг хүртэл үргэлжлэх бөгөөд бүх ард түмэн, бүх үндэстний хүмүүсийг хамарна хэмээн Есүс заасан.

  • Ард түмэн: Хаан Есүсийн авралд багтаж, Түүнд захирагддаг хүмүүс Есүсийн хаанчлалын иргэд юм.


[1]Scot McKnight, “What and Where is the Kingdom of God?” хэмээх Бурханы хаанчлалын тухай видео хичээлийг http://www.seedbed.com/where-is-the-kingdom-of-god/ (Accessed March 22, 2021.)-ээс үзээрэй.
[2]John Stott, The Message of Acts (Westmont, Illinois: InterVarsity Press, 1990), 41
[3]

“Хаанчлал ирсэн, хаанчлал ирж байна, хаанчлал хараахан ирээгүй.”

- Мартин Лойд-Жонс

[4]Тайлбарлагчид Есүсийн газар дэлхий дээрх үйлчлэлийн үеэр хаанчлал эхэлснийг тооцон “Хаанчлалын эхэн” гэх нэр томьёог хэрэглэдэг. Харин “Хаанчлалын төгсгөл” гэх нэр томьёогоор Христийн эргэн ирэлтээр хаанчлал гүйцэлдэхийг илэрхийлдэг.

Хаанчлалын талаарх амлалт

► Матай 3:1-12 эшлэлийг унших.

Шинэ гэрээнд Бурханы хаанчлалын тухай хамгийн анх баптисч Иоханы номлолд дурдагдсан байдаг. Хуучин гэрээний хамгийн сүүлийн эш үзүүлэгчийн хувьд Иохан Израилын удирдагчдын хоёр нүүрт байдлыг буруушааж байлаа. Харин Шинэ гэрээний эхний элчийн хувьд тэрээр “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” (Матай 3:2) хэмээн Хааны замыг бэлтгэсэн юм. Энд буй “айсуй” гэх үг хаанчлал тун ойрхон ирснийг зааж байна. Хараахан ирээгүй, гэхдээ тун ойр гэсэн үг. Иохан айсуй хаанчлалыг эхлүүлэх Мессиагийн ирэлтэд Израилыг бэлтгэсэн юм.

Удалгүй Иохан баривчлагдаж, харин Есүс үйлчлэлээ эхэлжээ. Тэрээр Галил даяар явж тэнгэрийн хаанчлалын сайнмэдээг тунхаглаж байв (Матай 4:23). Баптисч Иоханы адилаар Есүс ч “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” (Матай 4:17) хэмээн тунхагласан юм.

► Матай 10:5-42 эшлэлийг унших.

Есүс хаанчлалын талаарх сургаалыг Израилын гэрийн төөрсөн хоньдод номлуулахаар арван хоёр дагалдагчаа илгээв. Баптисч Иохан, Есүс хоёрын адилаар тэд ч “Тэнгэрийн хаанчлал айсуй” (Матай 10:5-7) хэмээн номлосон.

Дагалдагчдын үйлчлэл Багшийнхаа үйлчлэлтэй адил байлаа. Тэд Есүсийн нэгэн адил хаанчлалыг тунхаглаж, хүмүүсийн бодит хэрэгцээг хангах ёстой байв. Тэд Есүсийн адилаар өвчтэйг нь эдгээж, чөтгөрүүдийг хөөсөн нь Бурханы хаанчлал Сатаны ноёрхлыг нураасныг харуулах тэмдэг байсан юм. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулан, уяман өвчтөнүүдийг цэвэрлэж, чөтгөрүүдийг хөөхөөр төлөөний хүмүүсээ илгээсэн (Матай 10:8).

Хаанчлалын эхэн

► Матай 12:22-32 эшлэлийг унших.

Хаанчлалын амлалт шинэ зүйл биш. Хуучин гэрээний эш үзүүлэгчид ирээдүйн хаанчлалыг амлаж байв. Гэхдээ Есүс тэрхүү хаанчлалыг ирээдүйн найдвар биш, харин даруй ирэх бодит байдал хэмээн тунхагласан билээ. Өөрөөр хэлбэл, Есүс тэрхүү хаанчлалын эхлэлийг тунхагласан хэрэг. Есүс хаана байна, Бурханы хаанчлал тэнд байлаа.

Есүс чөтгөрүүдээс дээгүүрх хүч чадлаараа Сатаны хаанчлалыг ялан дийлэх Хааны эрх мэдлээ харуулсан юм. Чөтгөрт эзэмдүүлсэн хүнийг чөлөөлөх үед фарисайчууд Есүсийг чөтгөрийн ханхүү Беелзебүлийн хүчээр чөтгөрүүдийг зайлуулж байна гэжээ. Харин Есүс Бурханы хүчээр Сатаны хаанчлалыг эзэлж байгаа гэдгээ илэрхийлэн “Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна” (Матай 12:28) хэмээн хариулжээ. Есүс Сатаны хаанчлал руу халдан довтолсон юм.

► Матай 11:1-24 эшлэлийг унших.

Есүсийн үйлдсэн гайхамшгууд нь хаанчлалын эхэн үеийн шинж тэмдэг байв. Есүсийн гайхамшгуудыг Иохан номд тэмдэг гэх нэр томьёогоор илэрхийлжээ. Гайхамшгууд нь Есүсийг Бурхан гэдгийг болон шинэ хаанчлалыг илэрхийлсэн тэмдэг байсан юм.

Баптисч Иохан “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхагласан. Тэрээр Израилд авралыг авчрах улс төрийн хаанчлалыг хүлээж байв. Гэтэл Иохан шоронд орж, үхэлтэй тулгарчээ. Тиймээс дагалдагч нараа явуулж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” (Матай 11:3) гэж асуулгасан байна. Есүсийн үйлчлэл нь газар дэлхийн хаанчлалыг байгуулах улс төрийн Мессиаг хүлээж байсан Иоханы горьдлоготой нийцэхгүй байлаа.

Харин Есүс авралын үйл хэргийнхээ талаар ийн хариулжээ:

Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй (Матай 11:4-6) гэв.

Есүс Мессиагийн талаарх урьдаас өгүүлсэн тэмдгүүд гүйцэлдэж байгааг Иоханд сануулсан. Хэдийгээр Есүс Иоханы хүч чадал, эр зоригийг магтсан ч, тэнгэрийн хаанчлалд хамгийн бага нь Иоханаас агуу гэж хэлжээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Есүс хаанчлалын давуу эрх бүхий шинэ гэрээг байгуулахаар ирсэн юм. Шинэ гэрээний хамгийн өчүүхэн итгэгч хүртэл Хуучин гэрээний агуу хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй давуу эрхийг эзэмшсэн. Шинэ гэрээний итгэгчид Хуучин гэрээний амлалтууд биелж байгааг үзсэн юм. Амлагдсан хаанчлал тийнхүү эхэлжээ.

Хаанчлал дахь амьдрал: Уулан дээрх сургаал

Сайнмэдээний номуудад буй Есүсийн хамгийн урт сургаал нь Уулан дээрх сургаал юм. Энэхүү номлолын сэдэв бүхэлдээ Бурханы хаанчлал байв. Үүнийг хэд хэдэн эшлэлээс харж болно.

  • Хамгийн эхний “ерөөлтэй еэ” нь Тэнгэрийн хаанчлал бол сүнсэндээ ядуу хүмүүсийнх юм (Матай 5:3). Хамгийн сүүлчийн “ерөөлтэй еэ” нь Тэнгэрийн хаанчлал бол зөвт байдлын төлөө хавчигдах (Матай 5:10) хэмээн өгүүлсэн. Энэ хоёр санаа бусад “ерөөлтэй еэ” сэдвүүдийг зангидаж, энэ сургаалын гол сэдэв нь тэнгэрийн хаанчлал юм гэдгийг харуулдаг.

  • Есүс хуулийг тайлбарлах эрх мэдлээ илэрхийлсэн (Матай 5:21-48). Энэ бол хаанчлалын хуулийг тайлбарлаж, батлах Хааны эрх мэдлийг харуулсан үйлдэл юм.

  • Есүс дагалдагч нартаа “Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” (Матай 6:9-13) хэмээн залбирахыг заасан. Бид Бурханы хаанчлалыг дэлхий дээр улам дэлгэрүүлэхийн төлөө залбирахаар дуудагдсан юм. Бурханы хүмүүс Уулан дээрх сургаалын дагуу амьдрах үед хаанчлал тэлж, Бурханы эрх мэдэл хаанчлалын шинэ иргэдэд хүрдэг.

  • Номлолын төгсгөлд Есүс тэнгэрийн хаанчлалд ороход хүчит үйл дангаараа хангалтгүй, харин Эцэг Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс л тийш орно (Матай 7:21) хэмээн заасан.

Уулан дээрх сургаалыг унших зарчим

Бид Уулан дээрх сургаалыг уншихдаа гурван зарчмыг санах ёстой.

(1) Уулан дээрх сургаалын тушаалуудыг дагалаа гээд тэнгэрийн хаанчлалын иргэн болно гэсэн үг биш.

Бид “Ингэж амьдарвал Христэд итгэгч болно” гэж бодох ёсгүй. Харин “Христэд итгэгч учраас ингэж амьдрах учиртай” хэмээн хаанчлалын иргэний амьдралын удирдамж болгож, энэ сургаалыг унших ёстой. Бид зөвхөн нигүүлслээр аврагдсан. Бурханы хаанчлалын иргэн болсны хувьд бид Түүний тушаалуудыг дагах ёстой.

(2) Уулан дээрх сургаал нь үл итгэгчдэд бус, дагалдагчдад зориулагдсан.

Энэ бол Бурхангүй улс нийгмийн үндсэн хууль биш. Таны үл итгэгч хөршүүд эдгээр зарчмаар амьдрахаас татгалзаж байгаад та гайхах хэрэггүй. Учир нь энэ сургаал хүний хаанчлал дахь амьдралыг биш, харин Бурханы хаанчлал дахь амьдралыг тодорхойлдог.

(3) Уулан дээрх сургаал итгэгч хүн бүрд зориулагдсан.

Олон хүн Уулан дээрх сургаалын шаардлагуудаас зайлсхийхийг оролдож, үүнийг жирийн итгэгчдэд хамаагүй гэж хэлдэг. Зарим нь “Энэ хууль ирээдүйн мянган жилийн хаанчлалынханд зориулагдсан” гэдэг. Өөр зарим нь “Энэ бол цөөн хэдэн гэгээнтнүүдэд зориулагдсан, ихэнх итгэгчид энэ тушаалуудыг дагаж чадахгүй” гэж хэлдэг. Харин зарим нь “Энэхүү сургаал нь Бурханы тушаалыг бид хэзээ ч гүйцэлдүүлж чадахгүй гэдгийг харуулж байна. Бид Бурханы шаардлагуудыг хэзээ ч биелүүлж чадахгүй гэдгээ ойлгож байгаа учир зөвхөн нигүүлсэлд найдахаас өөр аргагүй” гэх нь ч бий.

Гэхдээ анхны чуулганыхан Уулан дээрх сургаалыг итгэгч бүрийн удирдамж болгож байлаа. Иаков ба 1 Петр захидлуудад энэхүү сургаалын олон тушаалыг давтан өгүүлсэн байна. Есүс ч Бурханы ариун чанарын хэм хэмжээг бууруулахыг хүссэнгүй. Харин фарисайчуудын доогуур жишгийн оронд илүү өндөр жишгийг дагалдагч нар нь баримтлаасай хэмээн хүсэж “та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй” (Матай 5:20) гэжээ.

Бурханы хаанчлал дахь амьдрал

► Матай 5-7-р бүлгийг унших.

Хэрэв Есүс газар дээрх үйлчлэлийнхээ үеэр Бурханы хаанчлалыг эхлүүлсэн бол, бид одоо Бурханы хаанчлалд амьдарч байгаа гэсэн үг. Уулан дээрх сургаалд тэнгэрийн хаанчлалын иргэний зан чанарыг дүрсэлсэн. Одоо уг сургаалын сэдвүүдийн тоймыг энд товчлон оруулъя.

(1) Бурханы хаанчлалын үнэт зүйлс нь энэ дэлхийн үнэт зүйлстэй зөрчилддөг.

Энэ дэлхийн ямар ч удирдагч ядуу байх, гашуудах, эрхээсээ татгалзахыг ерөөлтэй зүйл гэж үзэхгүй. Ерөөлтэй еэ гэгдсэн тэдгээр зүйл нь Есүсийн үеийн Ромын эзэнт гүрний болон өнөөгийн бидний дэлхий ертөнцийн үнэ цэнийн эсрэг зүйлс юм. Бурханы хаанчлал хүний хаанчлалаас өөр.

(2) Бурханы хаанчлалын иргэд энэ дэлхийд нөлөөлөх ёстой.

Есүсийн үеийн эссенчүүд зөвт хүмүүс нийгмээс холдож, тусгаар байж, Бурханы хаанчлалыг байгуулах ёстой гэж үздэг байв. Харин Есүс “Үгүй ээ, та нар дэлхийд амт оруулах давс байх ёстой, тэнгэр дэх Эцэгт алдрыг авчрах гэрэл байх ёстой” гэсэн юм. Бурханы хаанчлал нь үндсэндээ сүнслэг хэдий ч, хаанчлалын иргэдийн ач тусыг манай дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм хүртэх учиртай.

[1]Бид Бурхангүй нийгэмд гэрэл давс болж яваа олон итгэгчийн жишээг дурдаж болно. Их Британи дахь боолын худалдааг халахын тулд Вильям Вилберфорс парламентыг удирдсан. Методист сэргэлт нь Английн нийгмийн бүх давхаргад шинэчлэл авчирсан, Вильям Кейри Энэтхэгт нялх хүүхдийг хөнөөх болон бэлэвсэн эхнэрийг шатаах сати гэх зан үйлийн эсрэг тэмцсэн. Христэд итгэгчид олон оронд бичиг үсэг сургах, эмнэлэг, асрамжийн газруудыг байгуулах, ядууст туслах зэрэг үйл ажиллагааг явуулсаар иржээ.

(3) Бурханы хаанчлалын иргэд Эцэгийн хайрыг харуулахын тулд Хуулийн наад захын шаардлагуудыг давуулан үйлддэг.

Есүс хуулийг хүчингүй болгох гэж бус, харин гүйцэлдүүлэх гэж иржээ. “Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм” (Матай 5:17). Аливаа зүйлийг гүйцэлдүүлнэ гэдэг нь бүрэн гүйцэд болгох эсвэл дуусгах гэсэн утгатай. Есүс хуулийг хүчингүй болгох гэж бус, харин хуулийн цаадах сүнслэг утгыг илчлэх гэж ирсэн. Дараах зургаан жишээгээр хаанчлалын иргэдийн зөвт байдал нь хуулийн багш ба фарисайчуудынхаас давж гарах ёстой гэдгийг Есүс харуулсан юм.

Хууль Хаанчлалын иргэд
Хууль хүн хөнөөхийг хориглосон. Хаанчлалын иргэд
уур хилэн хэмээх үндсэн сэдлийг авч үздэг.
Хууль завхайрлыг хориглосон. Хаанчлалын иргэд
эмэгтэй хүнийг тачаалын сэдлээр харж болохгүй.
Хууль
“цуцлалтын бичиг” өгөхийг шаардсан.
Хаанчлалын иргэд салах шалтаг хайх бус, харин гэрлэлтээ хадгалах арга замыг эрэлхийлдэг.
Хууль хуурамч тангарагийг хориглодог. Хаанчлалын иргэдийн хувьд
“За эсвэл үгүй” байх нь хангалттай.
Хууль өс хонзонгийн хязгаарыг заасан.
(“нүдийг нүдээр”)
Хаанчлалын иргэд
өс хонзонгоор бус, хайраар үйлддэг.
Хууль хөршөө хайрлахыг шаарддаг. Хаанчлалын иргэд дайснаа хүртэл хайрлах ёстой.[2] Тэд тэнгэрлэг Эцэгийн хайр, өршөөлийг тусган харуулдаг (Лук 6:36).

(4) Хаанчлалын иргэд бусдыг баярлуулахаас илүүгээр Бурханыг баярлуулахад анхаардаг.

Фарисайчууд хүмүүст өгөөмөр харагдахыг хүсдэг байв. Харин хаанчлалынхан нууцаар өгдөг. Хоёр нүүртнүүд сэтгэл хөдөлгөм залбирлыг нь сонсоосой гэж хүсдэг бол, хаанчлалын иргэд энгийнээр, чин сэтгэлээсээ залбирдаг. Фарисайчууд удаан мацаг барьсныхаа төлөө бусдын хүндлэлийг хүсдэг байсан бол, хаанчлалын иргэд Эцэгийн өгөх шагналын төлөө мацаг барьдаг.

(5) Хаанчлалын иргэд эд баялагт найддаггүй, хэрэгцээндээ санаа зовнидоггүй.

Үүний оронд тэд Эцэгийн хангамжинд найддаг.

(6) Хаанчлалын иргэд бусдыг шүүдэггүй.

Гэхдээ хуурамч багш нарыг муу үр жимсээр нь ялгахын тулд болгоомжтой байдаг.

(7) Хаанчлалын иргэд итгэлтэй залбирдаг.

Тэнгэрт байгаа Эцэг Өөрөөс нь гуйсан бүгдэд сайн зүйлсийг өгнө гэдэгт итгэдэг учраас хаанчлалын иргэд итгэлтэй залбирдаг! (Матай 7:11)

(8) Хаанчлалын иргэд хоёр л зам бий гэдгийг ойлгодог.

Өргөн ба нарийн хаалга бий. Мөн сайн ба муу мод гэж байдаг. Мэргэн бас мунхаг барилгачин гэж бий. Хаанчлалын иргэд эдгээрийг ялгадаг.

[3]Хаанчлалын зарчмаар амьдрах нь

Бид Уулан дээрх сургаалын зарчмаар хэрхэн амьдрах вэ? Гол түлхүүр нь Матай 5:48 юм. Хаанчлалын иргэд тэнгэрлэг Эцэг шигээ байхаар дуудагдсан бөгөөд Есүсийн сургаал энгийн боловч хэцүү юм. Есүсийн сургаалаар амьдрахад зөвхөн Бурханы нигүүлсэл л биднийг хүчирхэгжүүлдэг. Бид өөрсдийн хүчээр энэ сургаалын шаардлагыг биелүүлж амьдрах боломжгүй. Зөвхөн Сүнс л хаанчлалын амьдралыг боломжтой болгодог.

Уулан дээрх сургаалыг номлохдоо бид энэ зарчмыг ойлгох учиртай. Хэрэв бид үүнийг зөвхөн хууль гэдэг талаас нь номлох юм бол хүмүүсийг бухимдуулж, урмыг нь хугалах болно. Бид үүнийг Бурханы нигүүлслээр хангагдсан, Хүүгийн золиосоор худалдан авагдсан, Ариун Сүнсээр хүчирхэгжсэн хаанчлалын амьдралын жишээ загвар болгон номлох үед л Уулан дээрх сургаал үнэхээр сайнмэдээ, “сайн мэдээ” болдог.

► Уулан дээрх сургаалыг уншсаны дараа дараах асуултуудын дагуу ярилцаарай.

  • Номлолын аль сургаал нь танай нийгмийн итгэгчдийн хувьд хамгийн хэцүү вэ?

  • Христэч удирдагчийн хувьд энэ номлолын аль сургаал нь танд хамгийн хэцүү вэ?


[1]

“Зүрхэндээ цэвэр ариун хүн Бурханыг харахаас гадна, Бурханыг нийгэмдээ харуулах бичиг үсэг нь болдог.”

- Леон Хинсон

[2]Израилчуудад Хуучин гэрээ “дайснаа үзэн яд” гэж тушаагаагүй. Хуучин гэрээний талаарх буруу ойлголтуудын нэг нь энэ юм.
[3]

“Уулан дээрх сургаал нь биднийг болзолтой хайрлах, хонжоо хайж хайрлах, жинхэнэ зөвт байх дуудлагыг үл ойшоохоос сэрэмжлүүлдэг. Харин энэ сургаал нь Бурхан шиг өршөөл, өгөөмөр сэтгэл, талархал, халуун хайрыг харуулах уриалга юм.”

- Даррел Бок

Хаанчлалын нууц: Хаанчлалын талаарх сургаалт зүйрлэлүүд

Номлол сургаалын мэдэгдлүүдээс илүүтэй түүхүүдийг хүн санаж тогтоодог гэдгийг еврей багш нар мэддэг байжээ. Тиймээс еврей багш нар сургаалт зүйрлэлийг түгээмэл ашигладаг байв. Есүс ч Бурханы хаанчлалын гүн гүнзгий үнэнийг ярихын тулд сургаалт зүйрлэлийг ашиглажээ.

Үйлчлэлийнхээ эхэн үед Есүс сургаалт зүйрлэл ашигласнаар өрсөлдөгчидтэйгөө шууд зөрчилдөхөөс зайлсхийж, дагалдагч нартаа номлож байв. Хожим нь Есүс Йерусалим дахь шашны удирдагч нартай шууд нүүр тулсан ч, үйлчлэлийнхээ эхний жилүүдэд гол анхаарлаа дагалдагчдыг сургах ажилд хандуулсан юм.

Олон хүн сургаалт зүйрлэлийг сонсдог ч, тэд ойлгодоггүй байв. Тэд сонсовч ойлгохгүй, харавч ер ухаарахгүй байжээ (Матай 13:14). Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хатуурсан байлаа. Тиймээс эш үзүүлэгч Исаиа:

... энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг (Исаиа 6:9-ийг Матай 13:15-д эш татсан).

Тиймээс Есүс чих нь нээлттэй хүмүүст зориулан сургаалт зүйрлэлээр зааж байсан юм.

Матай 13–р бүлэгт хаанчлалын нууцуудын тухай цуврал сургаалт зүйрлэл бий (Матай 13:11). Эдгээр сургаалт зүйрлэл нь Бурханы хаанчлалын мөн чанарыг Есүсийн дагалдагчдад илчлэхийн зэрэгцээ, сургаалын ихэнхийг үл итгэгч удирдагчдаас нууцалсан байв.

► Цааш үргэлжлүүлэхийн өмнө Матай 13:1-52 болон Лук 19:11-27 эшлэлийг уншаарай. Сургаалт зүйрлэл бүрийг судлах явцдаа дараах хүснэгт дээр тэдгээрийг нэг юм уу, хоёр өгүүлбэрээр дүгнээрэй. Сургаалт зүйрлэл бүр дээр өнөөгийн үйлчлэлд хэрэгжүүлж болох нэг санааг олоорой. Эхний сургаалт зүйрлэлийг жишээ болгон бөглөсөн байгаа.

Хэвлэж болох PDF-ийг эндээс авах боломжтой.

Хаанчлалын талаарх сургаалт зүйрлэл
Сургаалт зүйрлэл Сэдэв Өнөөгийн үйлчлэлд зориулсан сургамж
Тариачин

“Үрийг” сонссон хүний хариу үйлдэл үр дүнг тодорхойлно.

Би номлож, зааж байхдаа үр дүнг нь Бурханд даатгах ёстой. Би ургацыг хариуцахгүй, харин үрийг итгэмжтэйгээр тарих үүрэгтэй.
Үрийн сүүл    
Гичийн үр    
Хөрөнгө    
Нуусан эрдэнэс    
Үнэт сувд    
Загасны тор    
Гэрийн эзэн    
Арван маанэ    

Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:3-9, 18-23; Лук 8:5-18)

Цуврал сураалт зүйрлэлийн эхнийх нь болох энэхүү зүйрлэл нь “үрэнд” хариулах бидний хариу үйлдэл ургацын үр дүнг тодорхойлно гэдгийг заадаг. Тэнгэрийн хаанчлалд зарим нь итгэж, үр жимсээ гаргах бол зарим нь итгэхээс татгалзаж, зарим нь эхэндээ хариу үйлдэл хийх боловч унах болно.

Энэхүү сургаалт зүйрлэлийг хөрсний тухай сургаалт зүйрлэл ч гэж хэлж болно. Учир нь энд өөр өөр тариачдын тухай биш, харин өөр өөр хөрсний тухай өгүүлдэг. Жишээ бүрд үр ч, тариачин ч адилхан, харин хөрс ялгаатай байна. Биднийг хаанчлалын тухай мэдээг тунхаглах үед зарим хүн хүлээж авахдаа муу байж болно. Бид үүнд гайхах, эсвэл сэтгэлээр унах ёсгүй. Зарим сонсогч нь үржил шимтэй хөрс байх бол, зарим нь Үгийн эсрэг сэтгэлээ хатууруулна гэж Есүс хэлсэн.

Лук ном дахь Тариачны сургаалт зүйрлэлийн дүгнэлтэд “Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв” (Лук 8:18) гэсэн нь энэхүү зүйрлэл үнэнийг хэрхэн сонсох тухай өгүүлснийг харуулж байна. Хүн үнэнд эерэгээр хариулах үед илүү их үнэнийг хүлээн авдаг. Есүс номлолдоо бусад сургаалт зүйрлэлүүдийг ярихаас өмнө хэрхэн үр шимтэй хөрс мэт сонсох талаар сонсогчдодоо заажээ.

Үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30, 36-43)

Иудейчүүд Бурханы хаанчлалыг хорон муу хүмүүс дээр даруйхан шүүлт буулгах хаанчлал гэж бодож байв. Харин Есүс итгэгч ба үл итгэгчид энэ дэлхийд хамтдаа амьдрах тэр үеийн төлөө дагалдагчдыг бэлтгэж байсан. Энэхүү түүхэнд дэлхийг тариан талбайгаар зүйрлэжээ (Матай 13:38). Зөвхөн үеийн төгсгөл болоход л тэнгэрэлч нар үрийн сүүлийг зулгааж шатаана (Матай 13:40). Бурханы хаанчлал хүний цагаар бус, Бурханы цаг хугацааны дагуу өсөж хөгжих болно.

Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)

Есүсийн газар дээрх үйлчлэлийг харсан хэн ч дэлхий даяар чуулган байгуулагдана гэж төсөөлөөгүй. Дагалдагч нар нь боловсролгүй, ядуу, дээр нь айдастай байв. Тэдэнд харизм, нийгмийн байр суурь, улс төрийн эрх мэдэл аль нь ч байсангүй. Тэд яг л өчүүхэн гичийн үр мэт байлаа. Гэвч өчүүхэн гичийн үр том мод болж ургахтай адил, Бурханы хаанчлал дэлхий даяар түгсэн юм.

Есүсийг сонсогчид Бурханы хаанчлалыг гичийн үртэй адилтгаж байгааг нь гайхаж байв. Иудей рабби нар Бурханы хаанчлалыг хүч чадал, алдар суутай ирнэ гэж найдаж байсан. Тэд нүгэлтнүүд шүүгдэхийг үзнэ, мөн Ромын эсрэг цэргийн бослого гарна хэмээн хүлээж байлаа. Иудейчүүдийн шинэ хаанчлал байгуулагдахад түлхэц болох нийгмийн өөрчлөлтийг тэд хүлээж байв. Гэтэл Есүс хаанчлалын эхлэлийг тавихдаа хэний ч нүдэнд үл анзаарагдам байдлаар дагалдагч нараа бэлтгэж байсан.

Шинэ гэрээг унших үедээ бид 1-р зууны үеийн Иудей нь өчүүхэн, ямар ч нөлөөгүй байсныг мартаж болох юм. Иудей нь Шинэ гэрээний гол сэдэвт багтдаг ч, 1-р зууны дэлхий ертөнцийн төв байгаагүй. Та улсынхаа нийслэлийн тухай бод доо. Иудей ийм нийслэл байгаагүй, харин Ром л нийслэл байсан юм. Томоохон их сургуулиуд бүхий боловсролын системийг бодож үзээрэй. Иудейд тийм зүйл байсангүй, харин Афин, Александр хотууд тийм байжээ.

Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад Иудей нь улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч чухал биш, нийгмийн талаасаа ч ач холбогдолгүй байжээ. Монгол улсынхаа хамгийн ач холбогдол багатай бүс нутгийн нэгийг бодоод үзээрэй. Иудей нь Ромын эзэнт гүрэн дэх тийм л газар байсан юм.

Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл нь Бурханы хаанчлалыг Ромын эзэнт гүрний буланд байгаа өчүүхэн газрын, цөөн хүний жижиг бүлгээс бүх үндэстнийг хамарсан мод мэт болно гэдгийг харуулдаг.[1] Иудей рабби нар Бурханы хаанчлалыг иудейчүүдээр хязгаарлан төсөөлж байсан бол, Есүс Бурханы хаанчлалыг дэлхийн хязгаарт хүрнэ хэмээн номложээ.

Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)

Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл нь хаанчлалын ер бусын өсөлтийг бас харуулдаг. Есүс хөрөнгийг хаанчлал хэрхэн тархах бэлгэдэл болгожээ. Гурван хэмжүүр гурилаар 100 хүний талхыг хийж болно. Эхлэл нь өчүүхэн байвч, хаанчлал агуу хүчтэй болж өснө.

Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл нь хаанчлалын тогтвортой өсөлтийг харуулж байна. Хөрөнгө гэдэг онцгой, бөмбөг шиг тэсэрдэг зүйл биш. Харин алгуурхнаар талхыг исгэдэг зүйл. Иудей рабби нар Бурханы хаанчлал нь дэлхий дахиныг хамарсан тэмдгээр танигдаж гарч ирнэ гэж зааж байсан бол, харин Есүс Бурханы хаанчлалыг дэлхий даяар тархах хүртлээ алгуур байдлаар өснө хэмээн сургасан юм.

Нуусан эрдэнэс ба үнэт сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44-46)

Эдгээр сургаалт зүйрлэл нь хаанчлалын баяр хөөрийн тухай заадаг. Аль алинд нь нэгэн хүн асар үнэтэй зүйл олоод, байгаа бүхнээ худалдаж, түүнийг авдаг талаар өгүүлсэн. Эдгээр сургаалт зүйрлэлийн гол санаа нь золиос гаргах тухай биш, харин үнэ цэнтэй зүйлийг олж авсан баяр хөөрийн тухай юм. Баярласандаа тэр хүн явж хамаг юмаа зардаг шүү дээ. Жинхэнэ дагалдагчид Христийг дагахын төлөө бүхнээ зориулахдаа баяртай байдаг.

Эдгээр сургаалт зүйрлэлээс хаанчлалын ер бусын үнэ цэн харагдаж байна. Бурханы хаанчлал нь амьдралд хандах бүхий л хандлагад нөлөөлдөг. “Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр” (Марк 9:47). Бурханы хаанчлалд орох нь дэлхийн юмсыг золиослохуйц үнэ цэнтэй.

Загасны торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)

Галил нууранд загас агнуурын завинууд том том тор чирж, хүнсэнд хэрэглэх ба хэрэглэхгүй загаснуудыг барьдаг байжээ. Тиймээс загасчид эрэг дээр гарч ирээд загасаа сайн муугаар нь ялгадаг байв.

Үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэлтэй адил, энэхүү сургаалт зүйрлэл нь үеийн төгсгөл ирэхэд шүүлт болно гэдгийг дагалдагчдад сануулжээ. Тэд даруйхан ирэх шүүлтийг хүлээхийн оронд Бурхан товлосон цагтаа зөвт ба хорон муу хүмүүсийг шүүнэ гэдгийг мэдэж, хаанчлалыг номлох ёстой байв. Сайн мууг тусгаарлах эцсийн шүүлт бий. Гэхдээ хэзээ болох нь Бурханд хамаатай асуудал юм.

Гэрийн эзний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:51-52)

Есүс дагалдагч нартаа үржил шимтэй хөрс байх ёстой тухай цуврал хэдэн сургаалт зүйрлэлийг заасан байдаг. Тэрээр энэхүү цувралаа хаанчлалыг бусадтай хуваалцах үүрэг хариуцлагын талаар зааснаар төгсгөжээ. Сайтар сургагдсан гүүш хүн мэдлэгийнхээ сан хөмрөгөөс бусдад заах ямар нэг зүйл гаргах ёстой. Бид зөвхөн өөрийнхөө төлөө юм сурдаггүй. Дагалдагчид бусад дагалдагчдыг сургах чадвартай болохын тулд суралцдаг.

Арван маанэгийн тухай сургаалт зүйрлэл[2] (Лук 19:11-27)

► Лук 19:11-27 эшлэлийг унших.

Энэхүү сургаалт зүйрлэлийг Лук номд өгүүлсэн. Гэхдээ Есүс Чидун уулан дээр үүнтэй төстэй сургаал ярьсныг Матай номд тэмдэглэсэн байдаг. Хүмүүс Бурханы хаанчлал даруй бий болно гэж бодож байсан учраас Есүс Йерусалимын ойролцоо арван маанэгийн тухай сургаалт зүйрлэлийг өгүүлжээ (Лук 19:11).

Есүсийг Йерусалимд ойртоход хүмүүс улс төрийн Аврагчийг хүсэмжлэн, улам баярлан зоригжиж байв. Харин Есүс хаанчлалыг хүлээх зуураа итгэмжтэй байхыг сануулахын тулд энэхүү сургаалт зүйрлэлийг ярьжээ. Тэд Багшийнхаа заасан зүйлийг болгоомжлон нуух бус, харин хаанчлалын өсөлт хөгжлийн төлөө нөөц боломжоо ашиглах ёстой юм.


[1]Даниел 4:12 ба Езекиел 31:6-д шувууд үүрээ засдаг модоор олон үндэстнийг хамарсан агуу хаанчлалыг төлөөлүүлсэн байдаг.
[2]Маанэ бол мөнгөний нэгж. Тухайн үеийн ажилчны гурван сарын цалинтай тэнцэх мөнгө байв.

Хаанчлал бүрэн байгуулагдах нь

► Матай 24-25-р бүлгийг унших.

Есүсийн эхний сургаалууд голчлон хаанчлалын эхлэлийн тухай байлаа. Түүний газар дээрх үйлчлэлийн төгсгөл ойртох тусам Тэрээр ирээдүйд хаанчлал бүрэн байгуулагдах талаар илүү ихийг өгүүлсэн. Матай 24-25-р бүлэгт Есүс Чидун уулын ойролцоо байхдаа ирээдүйд биелэгдэх хаанчлалын талаарх амлалтыг олонтоо өгүүлжээ.

Сайтар ажиглах нь: Херодын cүм

НТӨ 19-р зуунд Агуу Херод Йерусалимын Сүмийн их засварыг эхлүүлжээ.[1] Энэ Сүмийг НТӨ 516 онд Зерубабел барьсан бөгөөд Соломоны барьсан анхны Сүмээс жижиг бөгөөд энгийн байв. Херод Йерусалимын Сүмийн анхны үзэсгэлэнтэй төрхийг сэргээхээр төлөвлөж, 80 гаруй жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Херод барилгын ажилд 10,000 чадварлаг ажилчин томилж, мөн Сүмийн зөвхөн тахилч нар орж болох хэсгүүдэд ажиллуулахаар 1,000 леви хүнийг сургажээ.

Херод дэлхийн хамгийн агуу Сүмийг барьсан хүн гэдгээр дурсагдана гэж найдаж байв. Есүсийг үйлчлэлээ хийж байх үед уг Сүмийн ажил 46 дахь жилдээ үргэлжилж байлаа (Иохан 2:20). Сүмийн ажил НТ

63 онд бүхэлдээ дууссан боловч, үүнээс хойш ердөө долоон жилийн дараа НТ 70 онд Ромын жанжин Титус Йерусалим хотыг бүслэн, улмаар тус Сүм сүйджээ.

Херодын Сүм нь Соломоны Сүмээс хоёр дахин том, баярын үеэр Йерусалимд ирсэн мянга мянган иудейн мөргөлчид багтахаар том зайтай байжээ. Энэ Сүм Ромын эзэнт гүрний гайхамшгуудын нэг байв.


[1]"Temple Comparison" Ricardo Gandelman гэрэл зураг (CC BY 2.0) болон EB Vol. IV ба Gal m.-ийн Сүмийн план зургаас авч бүтээсэн бөгөөд https://www.flickr.com/photos/sgc-library/52345523784, public domain (CC0)-с үз.

Хаанчлал бүрэн байгуулагдах нь (Үргэлжлэл)

Йерусалимд байх сүүлийн долоо хоногийн үеэр дагалдагчид нь Есүст Сүмийн барилгыг үзүүлэхээр иржээ. Сүмийг барих ажил үргэлжилсээр байсан учраас магадгүй өмнө ирснээс хойш өөрчлөгдсөн зүйлийг үзэхээр ирсэн болов уу.

Харин Есүс энэ Сүмийн сүйрлийн талаарх эш үзүүллэгийн үгсээр “Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно” хариулжээ. Дагалдагчид ч “Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч” (Матай 24:2, 3) гэж асуув.

Дагалдагч нарын асуулт хоёр хэсэгтэй, Есүсийн хариулт ч хоёр хэсэгтэй байв. Хуучин гэрээний эш үзүүлэгчид ойр тохиолдох болон алс ирээдүйд тохиолдох зүйлийг эш үзүүллэгтээ оруулдаг байсны адил Есүс ч бас удахгүй болох үйл явдал болон үеийн төгсгөлд болох зарим үйл явдлыг эш үзүүлжээ.

  • Дагалдагчид “Энэ нь хэзээ болох вэ?” гэж асуусан. “Энэ” явдал (Сүмийн нэг чулуу нөгөө дээрээ давхарлаж үлдэхгүй сүйрэх) нь НТ 70 онд болсон.

  • Дагалдагчид “Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” гэж асуусан. Есүс ирээдүйд буцан ирэх тухайгаа “Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна” гэж хэлсэн (Матай 24:30).

Хаанчлалд иудей, харь гэлтгүй бүх үндэстний хүмүүс багтана гэж Есүс илэрхийлжээ. Харь үндэстнүүд Бурханы хаанчлалд орох нь Бурханы төлөвлөгөө байсан гэдгийг “Ертөнцийн сууриас” (Матай 25:34) хэмээн илэрхийлсэн. Бурханы хаанчлал бол ард түмэндээ зориулсан Бурханы мөнхийн төлөвлөгөө юм.

Хаанчлалыг хүлээж байх зуураа бид итгэмжтэй байх ёстой гэдгийг Чидун уулнаа ярьсан хоёр сургаалт зүйрлэлээр зааж байна. Таван мунхаг бүсгүй хүлээж байсан ч, зохих ёсоор бэлтгээгүй байв. Нэг таланттай зарц бас хүлээж байсан ч, итгэмжтэйгээр зохицуулсангүй. Хаанчлалын иргэдийн хувьд бид Хаанд үйлчлэхдээ итгэмжтэй, тууштай байхаар дуудагдсан.

Эцсийн шүүлт дээр сайн мууг тусгаарлана гэж Матай 13-р бүлэгт амлажээ. Сургаалын гол санаа нь энэ шүүлт хэзээ, хэрхэн болох тухай биш, харин хаанчлалын иргэд эцсийн шүүлтэд бэлтгэлтэй байхын тулд өнөөдөр хэрхэн амьдрах тухай юм. Тэр өдөр Хаан “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40) гэж хэлнэ. Бид Хааныг эргэн иртэл байнгын бэлэн байдалд амьдрах ёстой. Түүнийг буцаж иртэл бид итгэмжтэй байх ёстой.

Хэрэгжүүлэлт: Дагалдагч байхын өртөг

► Лук 9:21-27 эшлэлийг унших.

Зөвхөн нигүүлслээр л Бурханы хаанчлалын иргэн болно. Бид сайн үйлсээрээ хаанчлалын иргэн болохгүй. Гэхдээ энэ нь дагалдагч байхад өртөг төлөхгүй гэсэн үг биш. Лук 9-р бүлэгт Есүс дагалдагч нартаа дагалдагч байхын өртөг зориулалтын тухай заасан.

Даллас Виллард “Нигүүлсэл нь хүчин чармайлтын эсрэг зүйл биш, харин олж авахын эсрэг зүйл юм”[1] гэж хэлсэн. Дагалдагчийн хувьд гаргаж буй хүчин чармайлт маань нигүүлслийг үгүйсгэж байгаа юм биш. Үнэн хэрэгтээ дагалдагч байх хүчийг олж авах цорын ганц арга зам нь Бурханы нигүүлсэл билээ.

Есүсийн сургаалын төлөв байдлыг ажиглаарай: загалмай, тэгээд алдар.

  • Есүс үхэл, амиллынхаа талаар эш үзүүлсэн (Лук 9:21-22). Үүгээр Есүс биднийг хаанчлалын иргэд болгох төлөөсийг төлсөн юм.

  • Дагалдагч байхын өртөг юу болох талаар Есүс дагалдагч нартаа (Лук 9:23-25) “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” гэж хэлжээ. Есүс хаанчлалыг байгуулахын тулд загалмай дээр зовж шаналсан. Тиймд хэрэв бид хаанчлалд амьдрахыг хүсэж байгаа бол загалмайг үүрэх ёстой.

  • Есүс Бурханы хаанчлалын талаар “Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно” (Лук 9:26-27) гэж хэлсэн.

Бид загалмайг үүрэлцэхгүйгээр хаанчлалын алдрыг хуваалцаж чадахгүй. Есүс “үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн…” (Филиппой 2:8-9) билээ.

Бурханы хүүхдүүдийн хувьд бид ч үүнийг мөн дуурайх ёстой. “Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно” (1 Петр 5:10). Энэ бол хаанчлалын амьдралын хэв маяг юм. Христ өргөмжлөгдөхөөсөө өмнө загалмай дээр зовсон. Есүсийн дагалдагчид мөнхийн алдар сууг эдлэхээсээ өмнө загалмайг үүрэх ёстой.

Есүс үнэнч дагалдагчдыг хайж байв. Тэрээр дагалдагчдыгаа хурц оюун ухаантай байхыг шаардаагүй, харин үнэнч зүрх сэтгэлтэй байхыг шаардсан юм. Тэгвэл дагалдагч байхын өртөг юу вэ? “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

1. Дагалдагч хүн өөрийгөө үгүйсгэх ёстой. Өөртөө “Үгүй” гэж хэлэх нь хүнд хэцүү зүйл юм.

2. Дагалдагч хүн загалмайгаа үүрэх ёстой. Есүсийн дагалдагчид загалмай гэдэг нь үхэл гэсэн утгатайг ойлгосон бөгөөд загалмай нь зовлон зүдгүүр, ичгүүрийг илэрхийлж байв. Анхны Христэд итгэгчид дагалдагч байхын тулд загалмай шаардагдана гэдгийг мэддэг байжээ. Игнатус итгэлийнхээ төлөө амиа зориулахаар Ром руу явахдаа “Би дагалдагч болж эхэлж байна” гэж хэлсэн байдаг. Дагалдагч байхад загалмай шаардлагатай.

3. Дагалдагч хүн зан чанар, биеэ авч явах байдлаараа Есүсийг дуурайсаар байх ёстой. Дагах гэсэн үйл үг одоо цаг дээр байна.

Дагалдагч байх нь ямар үнэ цэнтэй вэ? Есүс дагалдагч байх гурван шалтгааныг хэлсэн. Хачирхалтай нь олон хүн эдгээр шалтгаанаас болж дагалдагч байхаас зайлсхийдэг аж. Ер нь бид яагаад дагалдагч байхад өртөг төлөх ёстой вэ?

1. Аюулгүй байдал. Загалмайнаас зайлсхийж, амиа аврахыг оролдсон хүн мөхөх болно (Лук 9:24).

2. Жинхэнэ баялаг. Христтэй адил болохоос татгалзсан хүн бүхнээ алдах болно (Лук 9:25).

3. Шагнал. Христийг дагасан хүмүүс л хаанчлалд орох болно (Лук 9:26-27).

► Лук 14:25-33 эшлэлийг унших.

Есүс дагалдагч байх талаарх сургаалаа улам өргөжүүлжээ. Түүний зааврыг гурван хэсэгт хувааж болно.

1. Дагалдагч байхын өртөг (Лук 14:26-27)

2. Өртгийг тооцоолохгүйгээр дагах мунхаглал (Лук 14:28-32)

3. Дагалдагч байхын өртгийг сануулах нь (Лук 14:33)

Машин авахаар очих үед зарим борлуулагч эцсийн өртгийг нуух гэж оролддог. Тиймээс “Сайхан машин байгаа биз, ямар хүчирхэг гэж бодно!” гэх мэтийн юм ярина. Тэгээд тухайн хүн машиныг бүрэн шохоорхон, ихэд татагдсан хойно л уг машины үнийг хэлдэг.

Харин Есүс дагалдагч нартаа хэзээ ч хаанчлалд хүрэх хялбар замыг санал болгож байгаагүй юм. Тэрээр үнийн шошгоо эхлээд харуулж,

Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй. Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй (Лук 14:26-27) гэж хэлсэн юм.

Эдгээр эшлэлд аливаа зүйлийг үзэн ядаж байгаа бол үүнийг өөр нэг зүйлээс бага хайрлаж байгаа гэсэн утгатай болохыг хэлжээ. Есүс "Чи намайг аав, ээж, эхнэр, үр хүүхэд, ах, эгч нараасаа, бүр өөрийнхөө амьдралаас ч илүү хайрлахгүй бол миний дагалдагч байж чадахгүй!" гэжээ.

Дагалдагч байхын өртөг тэгэхээр юу вэ? Бүх зүйл! Христийн дагалдагч байх нь Мессиагийн амлалтуудын баяр хөөрийг хуваалцахаас илүү зүйл юм. Энэ нь загалмайг үүрэлцэхийг шаарддаг.

► Иоханы Сайнмэдээнд дагалдагч байх гурван нэмэлт нөхцлийг дурдсан байна. Иохан 8:31, Иохан 13:35, Иохан 15:8 эшлэлийг унших. Лук, Иохан номд заасан дагалдагч байх нөхцлийн дагуу, та үйлчлэлдээ дагалдагч бэлтгэж байна уу?


[1]Dallas Willard, The Great Omission: Reclaiming Jesus’s Essential Teachings on Discipleship. (New York: HarperOne, 2006)

Дүгнэлт: Бурханы хаанчлал гэж юу вэ?

Христ эргэн иртэл бид хаанчлалынх нь тухай сургаалын бүх нарийн ширийн зүйлсийг ойлгохгүй. Гэсэн ч Сайнмэдээний номуудад Бурханы хаанчлалын олон шинж чанарыг харуулсан байдаг.

  • Бурханы хаанчлал бол сүнслэг хаанчлал юм. “Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм” (Ром 14:17). Шинэ итгэгчид Сатаны хүчнээс салж, Бурханы хаанчлалын нэгэн хэсэг болдог.

  • Бурханы хаанчлал нь эцсийн цаг үед бодит, улс төрийн засаглал байх болно.

  • Бурханы хаанчлал Иудей үндэстнээр зогсохгүй, бүх дэлхийн үндэстнүүдийг хамарна.

  • Бурханы хаанчлал нь Бурханы хүч дэлхий дээр ажиллахыг хэлдэг. Хаанчлал нь бодит засаглал биш юм. Арван маанэгийн тухай сургаалт зүйрлэлд хаанчлалыг газарзүйн байрлал бус, харин захирах эрх мэдэл гэж хэлсэн (Лук 19:11-12).

  • Бурханы хаанчлал ер бусын юм. Хүн хаанчлалын үрийг тарьдаг ч, ургуулж чадахгүй. Бурханы хаанчлал Бурханы хүчээр өсдөг.

  • Бурханы хаанчлал ирээдүйн бүрхэг найдвар бус, харин яаралтай хариу нэхдэг өнөөгийн бодит байдал юм.

  • Бурханы хаанчлал Есүсийн үйлчлэлээр эхэлсэн. Чөтгөрүүдээс дээгүүрх Түүний эрх мэдэл нь Бурханы хаанчлал Сатаны хаанчлалыг ялан дийлснийг харуулдаг.

  • Бурханы хаанчлал чуулганаар дамжуулан урагшилсаар байна. Өнөө үеийн итгэгчид хэрхэн амьдрахаар дуудагдсаныг Уулан дээрх номлол харуулдаг.

  • Бурханы хаанчлал Христийг сүр жавхлантайгаар хаанчлахаар ирэх үед бүрэн гүйцэлдэнэ. Сатаны хүч нурж, Бурхан үүрд засаглана.

► Энэ курсын төгсгөлд “Хаанчлалын сайнмэдээ” гэсэн номлол бий. 7-р хичээлийг эхлэхээс өмнө уншаарай.

6-р хичээлийн даалгавар

Есүсийн Уулан дээрх сургаалд тулгуурлан гурван цуврал номлол бэлтгэ. Номлолын сэдэв нь “Бурханы хаанчлал дахь амьдрал”. Бид Бурханы хаанчлалын иргэдийн хувьд хэрхэн амьдрах ёстойг зааж сургаарай. Сургаалаа сайн мэдээ болгон номлож буй эсэхээ нягтал. Бурханы хаанчлалын иргэдийн хувьд Бурханы нигүүлсэл бидэнд амьдрах хүчийг өгдөг гэдгийг харуулаарай.

Next Lesson