Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Audio Course Purchase

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 5: Есүстэй адил номлох нь

2 min read

by Randall McElwain


Хичээлийн зорилго

Энэ хичээлийн төгсгөлд суралцагч:

(1) Есүсийг үр нөлөөтэй номлогч болгосон шинж чанаруудыг таньж мэднэ.

(2) Үр нөлөөтэй номлолд Ариун Сүнсний оролцоо чухал болохыг үнэлнэ.

(3) Хоньчин-пасторын хувьд итгэмжит байхад өөрийгөө зориулна.

(4) Есүсийн номлолын жишээ загварын дагуу номлол бэлтгэнэ.

Үйлчлэлийн зарчим

Үр нөлөөтэй номлол нь зөвхөн хүний хүчин чармайлтын үр дүн биш, харин энэ нь Ариун Сүнсээр хүчирхэгждэг.

Танилцуулга

Есүсийн номлолыг сонсоод олон түмэн хэрхэн хариу үйлдсэн талаар харцгаая.

  • “Тэгээд Есүсийг үгээ гүйцээмэгц ард олон... гайхаж байлаа” (Матай 7:28-29).

  • “олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж” (Марк 11:18).

  • “Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв” (Марк 12:37).

Есүсийн номлол хүчирхэг байсан. Түүний номлолыг сонсохоор мянга мянган хүмүүс цуглардаг байжээ. Есүсийн номлолын хэв маяг өнөөдөр бидэнд үлгэр дуурайл болох нь гарцаагүй. Дэлхий дээр Есүс хүмүүн чанараараа үйлчилсэн гэдгийг бид санах хэрэгтэй. “Есүс Бурхан байсан учраас хүчирхэг номлогч байх нь мэдээж шүү дээ” гэж бид бодох хэрэггүй юм. Харин “Есүс хүн байсныхаа хувьд хүч, эрх мэдэлтэйгээр номлолоо хүргэдэг байв. Түүний номлол хүмүүсийг үнэн рүү хандуулж байлаа. Би илүү үр нөлөөтэй сайнмэдээний номлогч болохын тулд Есүсээс юу сурч болох вэ?”

► Та өөрийгөө НТ 30 оны үед амьдарч байсан, Есүсийн номлолыг сонссон хүн гэж төсөөлье. Та юу харж, сонсохыг хүсэх вэ?

Есүс эрх мэдэлтэйгээр номлосон

► 2 Коринт 4:1-6 эшлэлийг унших.

Есүсийг Капернаумд номлох үед хүмүүс Түүний сургаалд гайхаж байлаа. Учир нь Тэр эрх мэдэлтэйгээр ярьжээ (Лук 4:32). Уулан дээрх сургаалыг сонсоод “Ард олон сургаалыг нь гайхаж байлаа. Тэр хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв” (Матай 7:28-29) гэжээ. Хуулийн багш нар өөрсдийн онолд дэмжлэг болгон бусад рабби нараас эш татдаг байсан бол, харин Есүс эрх мэдэлтэйгээр номлосон.

Пасторуудын хувьд бид эрх мэдэлтэйгээр номлох ёстой. Бидний эрх мэдэл Есүсийн эрх мэдлээс ялгаатай. Түүний эрх мэдэл нь угаасаа Түүнийх байсан бол, харин бидний эрх мэдэл нь Есүс Христийг төлөөлж буйн хувьд бидэнд өгөгдсөн юм. Бидний эрх мэдэл бидний номлодог сургаалаас эхтэй.

Бид Есүс Христийг төлөөлж буйн хувьд эрх мэдэлтэй номлодог

Есүс “Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн” хэмээжээ. Үүний дараагийн эшлэлд Тэр дагалдагч нартаа үүрэг даалгаврыг өгч томилон “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун…. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” (Матай 28:18-20) гэж хэлсэн юм. Бид Есүсийг төлөөлөхөөр томилогдсон учраас бидэнд эрх мэдэл байгаа юм.

1783 онд АНУ-ын болон Жорж III хааны төлөөлөгчид Америкийн хувьсгалт дайныг дуусгах Парисын гэрээнд гарын үсэг зурахаар цуглажээ. Жорж III хаан гэрээнд гарын үсэг зурахаар Парист очоогүй. Жорж Вашингтон ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин хоёр талын төлөөлөгчид өөрсдийн захирагчдын нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байв.

Үүнтэй адил бид Есүс Христийг төлөөлж буйн хувьд номлодог. Паул “Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм” (2 Коринт 4:5) гэж бичсэн. Паулын эрх мэдэл нь түүнийх байгаагүй. Тэр үйлчлэгч байсан хэдий ч, Эзэн Есүс Христийн төлөөлөгч байсан юм.

Бидэнд өгөгдсөн сургаалын улмаас бид эрх мэдэлтэй номлодог

Бидний эрх мэдэл бидний номлодог Бичвэр дээр суурилдаг. Паул “Заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог” (2 Коринт 4:2) гэж бичсэн. Паул шударга бус эсвэл Бурханы Үг сургаалыг сулруулах аливаа зүйлийг хийхээс татгалзжээ.

Зарим пасторууд Библид итгэх хэрэггүй гэж заадаг их сургуулиудад суралцсан байдаг. Тэд эрх мэдэлтэйгээр номлохоо больж, эргэлзээгээр дүүрсэн. Яагаад? Тэд Библийн эрх мэдэлд эргэлзэж, дан ганц хүний мэргэн ухаанд тулгуурладаг. Бурханы үйлчлэгчид бидний эрх мэдэл Бурханы Үгэнд суурилсан байх ёстой.

Хэрэв та Үг сургаалд итгэдэггүй бол Бурханы Үгийг номлох ямар ч шалтгаан байхгүй. Бид Бурханы Үг сургаалд итгэсэн цагт л үүнийг эрх мэдэлтэйгээр номлож чадна.

Бидний эрх мэдэл Есүсээс болон бидний номлодог сургаалаас эхтэй гэдгийг ойлгох нь пасторуудыг хоёр аюулаас зайлсхийхэд тусалдаг.

(1) Эхний аюул нь ихэрхэл бөгөөд “Би бол пастор. Би Босс! Хэн ч надаас асууж чадахгүй” гэж хэлдэг.

Энэхүү ихэрхэл хүмүүсийг сайнмэдээнээс холдуулдаг. Паул “Бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж…” (2 Коринт 4:5) хэмээжээ. Бидний эрх мэдэл Есүсээс болон Бурханы Үгээс эхтэй.

Буруугаа хүлээн зөвшөөрөх даруу байдал бидэнд байх учиртай. Нэгэн пастор “Би алдаа гаргасан бол үүнийгээ чуулганд хэлдэггүй. Тэд миний эрх мэдэлд итгэл алдрах болно” гэж хэлсэн байна. Энэ пастор бидний эрх мэдэл алдаа дутагдал дээр маань суурилдаггүй гэдгийг мартжээ. Бидний эрх мэдэл Бурханы Үгэнд суурилдаг. Бид чуулганыг Бурханы Үгийн эцсийн эрх мэдэл рүү чиглүүлэх ёстой. Миний үгс чухал биш, харин Бурханы Үг туйлын чухал билээ.

(2) Удаах аюул нь хуурамч даруу байдал бөгөөд “Би зүгээр л пастор хүн. Надад эрх мэдэл байхгүй. Мэргэжлийн зөвлөгч нар сэтгэл судлалын талаар ихийг мэддэг, шинжлэх ухааны эрдэмтэд дэлхийн гарал үүслийн талаар ихийг мэддэг, нийгэм судлаачид хүний бэлгийн дур хүслийн талаар ихийг мэддэг. Харин би мэргэжлийн хүн биш учраас сэтгэл зүйн хэрэгцээ, бүтээл болон ёс суртахууны талаар ярьж чадахгүй” гэж хэлдэг.

Паул “Бид үйлчлэгчид хэдий ч, Есүс Христийг төлөөлж буйн хувьд эрх мэдэлтэй” гэж хэлсэн. Үйлчлэгчийн хувьд бид даруу амьдрах ёстой. Гэхдээ Есүс Христийн төлөөлөгчийн хувьд бид итгэл төгс номлох ёстой. Бид Бурханы Үгийг үнэн зөв номлосноор орчлон ертөнцийн Хааны эрх мэдлээр үйлчилдэг.

Есүсийн сургаалууд тусламж хэрэгтэй хүмүүст сайнмэдээг авчирсан

Есүс сонсогчдынхоо хэрэгцээнд яриагаа хандуулдаг байсан. Хаанчлалын сайнмэдээг тунхаглан, Галилаар аялан явахдаа Тэр олон түмэн хаягдаж, туйлдаж цөхөрсөн байгааг хараад тэднийг өрөвдсөн (Матай 9:35-36). Иудейчүүд Ромын боолчлолд байв. Ядуу хүмүүсийн хувьд ядуурлаас гарах найдвар бараг үгүй байлаа. Уяман өвчтэй хүмүүс нийгмээс гадуурхагдаж, татвар хураагчид нийгэмдээ гологдов. Эдгээр хүн бүрд Есүс найдварыг авчирсан.

Та хүмүүсийн хэрэгцээнд яриагаа хандуулахдаа тэдний анхаарлыг татдаг. Хэрэв таныг говьд амьдарч байхад “Өнөөдөр амийн усны талаар номлох болно” гэж хэлвэл та анхааралтай сонсоно! Хэрэв би настай, бие муутай хүн байгаад “Өнөөдөр бүргэд мэт хүч өгдөг Бурханы тухай номлох болно” гэхийг сонсвол би сонсох болно!

Сайнмэдээ гэдэг нь “сайн мэдээ” гэсэн утгатайг Есүс үргэлж санаж байсан. Тэр итгэл найдвар хэрэгтэй хүмүүст сайн мэдээг хүргэхээр ирсэн. Үр нөлөөтэй номлол нь биднийг сонсогч хүмүүст итгэл найдварыг авчрах ёстой. Есүсийн адил бид “Би хэнд номлож байна вэ? Тэдний хэрэгцээ юу вэ?” гэж асуух учиртай.

Хэн нэгэн автомашины осолд орж, цус алдаж үхэх аюулд байна гээд төсөөлье. Эмнэлэг дээр эмч түүнд автомашины ослын талаарх тоо баримт, статистик танилцууллаа. Дараа нь чагнуур үүсэж бий болсон түүхэн хөгжлийг тайлбарлав. Эцэст нь анхаарал болгоомжгүй жолоо барих ямар аюултайг түүнд анхааруулсан гэвэл яаж сонсогдож байна.

Эмчийн хэлсэн бүхэн үнэн боловч тухайн хүний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Шархыг боож, өвчин намдаах эм өгөх хүн хэрэгтэй. Номлол өнөөгийн баримтуудаас илүү их зүйлийг хийх ёстой. Номлол маань сонсогчдынхоо хэрэгцээнд хандсан байх учиртай.

Бидний унасан ертөнц дэх муу мэдээг харж сонсох амархан байдаг. Харин сайнмэдээ илүү ихийг гүйцэтгэдэг. Энэ нь эвдэрсэн ертөнцөд итгэл найдварыг авчирдаг. Есүс сонсогчдод үргэлж найдварыг төрүүлдэг байв. Есүс хэзээ ч үнэнийг хэлэлгүй өнгөрч байгаагүйтэй адил бид хэзээ ч үнэнээс зугтаах ёсгүй юм. Зөвөөр номлогдсон үнэн итгэл найдвар авчирдаг гэдгийг Есүс мэдэж байсан. Нэгэн настай номлогч “Хүмүүсийн загатнасан газрыг маажих хэрэгтэй” гэж хэлсэн. Та хүрэхийг зорьж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд яриагаа хандуулах хэрэгтэй.

Есүсийн сургаал зэмлэж, ятгадаг

Есүс сонсогчдынхоо хэрэгцээнд яриагаа хандуулж эхэлдэг ч, Түүний зорилго нь тэдний шарханд түр зуур боолт хийхээс ч илүү гүн гүнзгий байв. Есүсийн номлол тэдний мөс чанарыг зэмлэн ятгаж, улмаар амьдралыг нь өөрчилдөг.

Есүс сонсогчидтой нүүр тулж, тэдний нүглийн шүүлтийн талаар номлохоос айж байгаагүй. Есүс завхайрч байхдаа баригдсан эмэгтэйд “Би ч чамайг шийтгэхгүй” гэж хэлсэн боловч “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) хэмээжээ.

Иохан Бетзада цөөрөм дэх өвчтэй хүнийг эдгээсэн Есүсийн үйлчлэлийн талаар өгүүлсэн байдаг. Есүс тэр хүнийг эдгээгээд “Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв” (Иохан 5:14). Есүс нүглийн асуудалтай нүүр тулахаас айж байгаагүй.

Есүсийг номлох үед сонсогчид зэмлэл ятгалгыг хүлээн авдаг байсан. Орчин үеийн олон номлогчидтой адилгүй, Есүс зөв шударга амьдрах зайлшгүй шаардлагатайг номлосон. Есүс “Миний Эцэг та нараас тушаалуудыг нь сахихыг хүсэж хүлээдэггүй” гэж хаана ч хэлж байгаагүй юм. Харин Тэрээр “Та нарын зөвт байдал фарисайчууд болон хуулийн багш нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй” (Матай 5:20) гэж хэлжээ. Есүсийн номлол нь Түүнийг сонсогчдыг зэмлэж, ятгадаг байв.

Есүсийн сургаал амьдралыг өөрчилдөг

[1]Америкийн иргэний дайны үеэр ерөнхийлөгч Абрахам Линкольн Др. Финеас Гурлигийн пасторлаж байсан чуулганд хамрагддаг байжээ. Нэг цуглааны дараа найз нь “Номлолын талаар чи юу гэж бодож байна?” гэж асуухад Линкольн “Сайн бодол санааг өгсөн, сайн толилуулга байлаа” гэж хариулжээ.

Тэгэхэд найз нь “Чамд тэгээд таалагдав уу?” гэхэд Линкольн “Үгүй. Энэ орой пастор Гурли бүтэлгүйтсэн гэж би бодож байна” гэжээ. Найз нь гайхаад “Яагаад ингэж хэлэв?” гэхэд Линкольн “Тэр биднээс ямар нэгэн агуу зүйл хийхийг асуусангүй” гэж хариулсан байдаг. Ерөнхийлөгч Линкольн номлол нь хариу үйлдэлд уриалдаг гэж үздэг байжээ. Номлол амьдралыг өөрчилдөг гэдэгт тэр итгэдэг байв.

► Матай 18-р бүлгийг унших.

Есүс амьдралуудыг өөрчлөхийн тулд номлосон. Түүний номлол амьдралд ойр байв. Матай 18-р бүлэгт Есүсийн “Тэнгэрийн хаанчлал дахь харилцаанууд”-ын талаар заасан номлолыг тэмдэглэсэн. Есүс дараах зүйлсийг заажээ. Үүнд:

  • Даруу байдлын ач холбогдол (18:2-6)

  • Сорилтод хариу үйлдэх талаар (18:7-9)

  • Алдагдсан хүмүүст хэрхэн хандах талаар (18:10-14)

  • Таны эсрэг нүгэл үйлдсэн хүмүүст хэрхэн хандах талаар (18:15-20)

  • Уучлах хэрэгцээ шаардлага (18:21-35)

Эдгээр нь өдөр тутам амьдралд тохиолддог практик асуудлууд юм. Есүс сонсогчдынхоо жинхэнэ хэрэгцээнд хандан ярьдаг байсан. Тэр амьдралуудыг өөрчлөхийн тулд номлосон.

Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээсний дараа түүний амьдралыг мөнхөд өөрчлөх сургаалыг түүнд өгчээ.

Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд тэр—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. Есүс—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. Тэр—Эзэн, би итгэж байна гээд Түүнд мөргөв (Иохан 9:35-38).

Есүс өлссөн хүмүүст талх өгсний дараа тэдний амьдралыг мөнхөд өөрчлөх үнэнийг номлосон. “Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35).

Амьдралыг өөрчилдөг номлолд Бурханы Үгийн үнэн болон хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамт байдаг. Үр нөлөөтэй номлол нь хүмүүсийн хэрэгцээнд хандан Бурханы үнэнийг ярьдаг.

Есүс номлохдоо сонсогчдынхоо оюун санаа, сэтгэл хөдлөл, хүсэлд хандан ярьдаг байв. Жинхэнэ өөрчлөлтөд энэ гурав хамаатай ажээ.

Есүс оюун санаанд нь ярьсан

Та Матай 18-р бүлгээс харилцааны талаар урьд өмнө хэзээ ч хэлэгдэж байгаагүй Есүсийн заасан хамгийн мэргэн сургаалыг уншдаг. Хүмүүс нь бие биетэйгээ даруу байдлаар харилцдаг тийм нийгмийг төсөөлөөд үз дээ. Уучилж өршөөх нь ердийн хэм хэмжээ байдаг тийм нийгмийг төсөөлье. Есүс сонсогчдынхоо оюун санаанд хандан мэргэн ухааныг хэлсэн.

Есүс сэтгэл хөдлөлд нь ярьсан

Сайнмэдээний номуудад Есүсийг сонсохдоо хүмүүс гайхширсан, бахдан биширсэн, шагшин гайхсан тухай 34 удаа өгүүлсэн байдаг. Еммау тосгон хүрэх замд дагалдагч нар “Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу?” (Лук 24:32) хэмээн ярьжээ. Есүсийг сонссон хүмүүс Түүний нигүүлслийн үгсэд баярлан догдолж, өөрсдийн нүгэлдээ харамсдаг байсан бөгөөд хамгийн гол нь ирээдүйд итгэх найдварыг мэдэрч байлаа.

Есүс хүсэлд нь ярьсан

Есүс зөвхөн сонсогчидтой болсондоо сэтгэл хангалуун байсангүй. Харин Тэр дагалдагчдыг дуудсан юм. Есүс дан ганц гадаад өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаагүй, харин Тэр зүрх сэтгэл, амьдралуудыг хувьсган өөрчлөхийн төлөө дуудлагыг өгсөн. Өмнө нь нүгэл үйлдсэн самари эмэгтэй эсвэл Хуулийг ягштал дагаж мөрддөг баян залуу байсан эсэхээс үл хамааран, Есүс сонсогчдоо Бурханы хүсэлд буулт хийн захирагдахыг уриалан дууддаг байв. Бид Есүстэй адил номлох үедээ сонсогчдыг амьдралын шинэ замналд уриалан дуудах болно.


[1]

“Библи зөвхөн мэдлэгийг маань нэмэгдүүлэхийн тулд бус, харин бидний амьдралыг өөрчлөхийн тулд өгөгджээ.”

- Д. Л. Мүүди

Сайтар ажиглах нь: Та сайнмэдээг номлож байна уу?

Нэг пастор Ром 1-р бүлгээс ижил хүйстнүүдийн нүглийн эсрэг номложээ. Тэр үнэнийг номлосон. Гэвч ямар нэг зүйл дутуу байна. Тэр цуглаанд ижил хүйстэнд татагддаг энэ асуудалтайгаа тэмцэлдэж буй нэгэн залуу сууж байв. Энэ залуу ижил хүйстэн байх нь нүгэл гэдгийг мэдэж, чөлөөлөгдөхийн төлөө залбирч эхэлсэн. Тэр залуугийн хувьд өөрийн нүглийн талаарх үнэнийг мэдсэн. Харин одоо тэр Бурхан уруу татлагыг давах ялалтыг өгч чадна гэсэн сайн мэдээг (сайнмэдээ) сонсох хэрэгтэй юм.

Нэгэн пастор Есүсийн гэр бүл салалтын эсрэг сэрэмжлүүлгээс эш татжээ. Тэрээр гэр бүл салалтыг хөнгөн авч үздэг хуулиудад харамсаж байна. Тэр үнэнийг номлосон. Гэвч ямар нэг зүйл дутуу байна. Тухайн цуглаанд залуу хос хамрагдсан бөгөөд тэд бага насны хоёр хүүхэдтэй гэр бүлийн зөрчлөө шийдвэрлэж чадаагүйн улмаас гэр бүлээ цуцлуулахаар хуульчид хандсан байж. Тэдний хувьд гэр бүл салалт нь нүгэл гэдгийг мэдсэн. Харин одоо тэд эвдэрсэн гэр бүлийг Есүс эдгээж чадна гэсэн сайн мэдээг (сайнмэдээ) сонсох хэрэгтэй юм.

Пастор индрээс “Үр хөндөлт гэмгүй хүүхдүүдийг хөнөөж буй аллага” гэж хашхирчээ. Тэр үнэнийг номлосон. Гэвч ямар нэг зүйл дутуу байна. Тэр цуглаанд дунд эргэм насны нэгэн эмэгтэй өсвөр насны охин байхдаа үр хөндөлт хийлгэхээр эмнэлэгт очсон өдрөө санан уйлжээ. Хорин жил өнгөрсөн ч Бурхан түүнийг уучилсан эсэхэд эргэлзсээр байлаа. Үр хөндөлт нь нүгэл гэдгийг тэр мэддэг байсан. Харин одоо тэр өнгөрсөн амьдралыг нь уучилдаг Бурханы сайн мэдээг (сайнмэдээ) сонсох хэрэгтэй юм.

Есүс үнэнийг хэлэлгүй өнгөрч байгаагүй, гэхдээ Тэр итгэл найдварыг авчрахаа хэзээ ч мартаж байсангүй. Есүс сайнмэдээ амьдралуудыг өөрчилдөг гэдгийг мэдэж байсан. Ижил хүйстний асуудалтай залууд хандан Есүс “Уруу татлагыг ялан дийлэхэд Миний нигүүлсэл чамд хангалттай”, гэрлэлтийн харилцаа нь эвдэрсэн хосод хандан Тэр “Би хайргүй мэт санагдсан ханийнх нь зүрх сэтгэлийг хайраар сэргээж чадна”, төрөөгүй хүүхдийнхээ эсрэг нүгэл үйлдсэн эмэгтэйд Есүс “Би бусад бүх нүглийг уучилдаг шигээ үр хөндөлтийн нүглийг ч уучлах болно. Яв, дахиж бүү нүгэл үйлд” хэмээн хэлэх байсан болов уу.

Сайнмэдээ нь нүглийн шүүлттэй холбоотой сургаалыг ч агуулдаг. Бид шүүлтийн талаар эрх мэдэлтэйгээр номлох ёстой. Гэхдээ бид Есүс шиг номлохдоо амьдралыг өөрчлөх нигүүлслийн хүчийг мартаж болохгүй. Бид эвдэрсэн ертөнцөд Бурханы нигүүлслийн сайн мэдээг хүргэх учиртай.

Сайнмэдээ нь үргэлж хоёр сайн мэдээг агуулдаг. Нэгд, сайнмэдээ нь Бурхан бидний төлөө юу хийснийг бидэнд хэлдэг. Энэ нь найдваргүй ертөнцөд итгэл найдварыг авчирдаг.

Удаах нь, сайнмэдээ Ариун Сүнсний хүчээр бид хэн болж чадахыг хэлж өгдөг. Сайнмэдээ байсан газарт маань хэзээ ч биднийг үлдээхгүй. Энэ нь биднийг Бурхантай илүү гүнзгий харилцаан дотор алхахад уриалдаг.

Есүсийн сургаал нь энгийн бөгөөд мартахын аргагүй байсан

Есүс үнэнийг заахдаа хүмүүсийг хэзээ ч залхааж байгаагүй. Тэр хэрхэн энгийн бөгөөд шулуухан номлохыг мэддэг байсан. Түүнийг гүн гүнзгий үнэний талаар ярихад хамгийн боловсролгүй хүн ч анхааран сонсдог байжээ.

Үр нөлөөтэй номлогчийн зорилго нь гүн гүнзгий мэдлэгээр сонсогчдыг гайхшруулах биш юм. Харин номлогч хүний зорилго нь Бурханы Үгийг энгийн бөгөөд хүчтэйгээр дамжуулах, Бурханы Үгийн үнэнийг Ариун Сүнс сонсогчдод ятгах боломжийг олгох явдал юм.

Есүс сургаалуудаа хэрхэн энгийн бөгөөд сонирхолтой болгож байсан бэ?

Есүс түүх ярьдаг байжээ

Есүсийн номлолыг сонсдог байсан хүмүүс Түүний “Би та бүхэнд нэг түүх ярьж өгье” гэхийг олонтоо сонсдог байв. Түүний ярьсан түүхүүд сонсогчдыг эзэмдэж, тэдний чихийг Түүний сургаалд нээж өгдөг байжээ.

Бидний ихэнх нь номлолын гурван гол санаанаас илүү түүхийг удаан санаж тогтоодог. Сайн түүхүүд нь номлолын гол санааг санахад бидэнд тусалдаг. Гайхалтай түүх нь номлогчийн хүргэхийг зорьж буй сургаалыг нэгтгэн дүгнэдэг.

► Номлол сонсохдоо хамгийн сүүлд сонссон түүхийнхээ талаар ярилц. Энэ нь номлогчийн сургаалыг үр нөлөөтэй хүргэж чадсан уу? Та тэрхүү түүх яагаад яригдсан зорилгыг санаж байна уу? Түүх ярихгүйгээр номлол үр нөлөөтэй, мартахын аргагүй байх байсан болов уу?

Есүс энгийн үг хэллэг ашигласан

Багш аливаа ойлголтыг хэдий чинээ сайн ойлгох тусам, суралцагчдад төдий чинээ энгийнээр тайлбарлаж чаддаг. Хэрэв багш аливаа ойлголтыг заахдаа адармаатай үг хэллэг ашиглаж байвал ихэвчлэн тухайн багш өөрөө сэдвээ ойлгоогүй бөгөөд үүнийгээ нуух гэж оролдож байна гэсэн үг. Та ямар нэг зүйлийг илүү сайн ойлгох тусам түүнийг илүү энгийнээр илэрхийлэх боломжтой.

Есүс сонсогчдынхоо ойлгодог хэл рүү заах үнэнээ хэрхэн хөрвүүлэхийг мэддэг байсан. Тэр тариаланчдад үр тарих талаар, хоньчдод хонины тухай, загасчдад загасчлах талаар номлосон. Олон хүн Есүсийн сургаалыг үгүйсгэдэг байсан ч, хэн ч Түүний номлолоос залхаж байгаагүй.

Есүсийн сургаалыг загасчид, тариачид, гэрийн эзэгтэйчүүд ойлгож чаддаг байв. Гэсэн хэдий ч Түүний сургаал эрдэмтэд, шашны удирдагчид, улс төрийн албан тушаалтай хүмүүсийн асуудлыг ч хөнддөг байжээ. Есүсийн номлол нийгмийн бүх давхаргад хүрч байсан. Энгийн гэдэг нь гүехэн гэсэн үг биш. Бидний номлол сайнмэдээний гайхалтай үнэнийг энгийн бөгөөд тодорхой байдлаар илэрхийлэх ёстой.

Есүс давталтыг ашигласан

Нэгэн залуу пастор чуулгандаа сэтгэл дундуур байв. Тэр “Би хоёр жилийн өмнө энэ тухай номлож байсан, тэд үүнийг аль хэдийн мэдсэн байх учиртай” гэж хэлсэн. Харин найз нь түүнд дагалдагчдыг ойлгох хүртэл Есүс нэг ижил сургаалаа олон удаа номлож байсныг сануулжээ.

Найз нь тэрхүү пастораас “Чиний номлол Есүсийнхээс илүү гэж бодож байна уу?” гэхэд

“Мэдээжийн хэрэг үгүй!” гэж хариулж.

Найз нь дахин “Танай чуулганы гишүүд дагалдагчдаас илүү ухаалаг гэж бодож байна уу?” гэхэд,

“Үгүй!” гэж тэр хариулав.

Найз нь “Тэгвэл чи Есүстэй адил үнэнийг дахин давтах хэрэгтэй юм байна” гэжээ.

Есүс нэг ижил үнэнийг дахин давтан номлодог байсан. Тэр дагалдагч нартаа үхэл болон амиллынхаа талаар дахин дахин заажээ. Тэрээр хаанчлалын тухай сургаалыг олон удаа номлосон. Есүс эдгээр үнэн амин чухал гэдгийг мэдэж байсан тул сонсогчдод хүрэх хүртэл Тэрээр сургаалыг олон удаа номлодог байв.

Есүсийн сургаал жинхэнэ байлаа

Есүсийн номлол жинхэнэ байсан. Түүний амьдрал заасан сургаалтай нь таарч байв. Есүс зүгээр л бурханлаг амьдралын тухай номлоогүй, харин Тэр бурханлаг амьдралаар амьдарсан юм. Есүсийн амьдрал болон заасан сургаал нь зөрчилддөг гэж хэн ч хэлж чадахгүй. Есүс номлосныхоо дагуу амьдарчээ.

Та машин барьж сурмаар байна гэж төсөөлье. Та жолооны хичээл заадаг хоёр багшийг олсон. Нэг багш нь машин барьж үзээгүй ч, жолооны тухай олон ном уншжээ. Харин нөгөө багш нь олон жил жолоо барьсан, осол гаргаж байгаагүй хүн байв. Та аль багшийг нь сонгох вэ?

[1]Одоо та христитгэлийн амьдралаар амьдрахыг хүсэж байна гэж төсөөлж үзье. Та хоёр пасторыг олсон. Нэг пастор нь нүгэлт амьдралаар амьдардаг ч, сайн номлодог хүн байж. Харин нөгөө пастор нь Бурхантай ойр дотно харилцаа бүхий амьдралтай хүн байв. Та аль пасторыг сонгох вэ?

Бидний номлол жинхэнэ байх ёстой. Бид номлодог амьдралаараа амьдрах ёстой. Олон номлогчид хэсэг хугацаанд үнэнч дүр эсгэж хуурамчаар үйлдэх боломжтой гэдгийг олж мэдсэн байдаг. Өргөлийн мөнгө хулгайлдаг хэрнээ шударга үнэнч байдлыг номлодог тийм номлогчид хүмүүс хууртагдаж болох юм. Завхайрдаг хэрнээ ёс суртахуун номлодог номлогч хүмүүсийг төөрөгдүүлж магадгүй. Эхнэрээ зоддог хэрнээ хайрыг номлодог пасторт хүмүүс хууртагдаж болох юм. Гэхдээ эцсийн эцэст үнэн ил болох л болно. Хоосон зүрх сэтгэлээс сүнслэг хүчгүй үйлчлэл л бий болно. Түүнийг бидний дотор ажиллахыг зөвшөөрөх үед Бурхан биднээр дамжуулан ажилладаг.

Номлолын сэтгэл татам байдал нүгэлт амьдралыг нуухыг хэзээ ч бүү зөвшөөр. Үр нөлөөтэй номлол нь Бурханыг таньж мэддэг зүрх сэтгэлээс эхэлдэг.


[1]

“Есүс хэзээ ч ‘Та тэднийг үйлчлэлийнх нь хэмжээгээр мэдэх болно’ гэж хэлээгүй. Харин ‘Та тэднийг үр жимсээр нь—Эцэгийн хүсэлд дуулгавартай байдлаар нь танина’ гэжээ.”

- Крэйг Кеенер

Хэрэгжүүлэлт: Пастор бол хоньчин

► Марк 6:30-34 эшлэлийг унших.

Пастор хүний хамгийн сайн дүр төрхийн нэг нь хоньчин юм. Есүс “Үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөв. Учир нь тэд хоньчингүй хонь мэт байв.” Есүс цугласан олон хүмүүсийг харахдаа хоньчин хэрэгтэй хонин сүргийг харав.

► Марк 6-р бүлэгт өгүүлдэг 5,000 хүний дунд хэн байх байсныг төсөөлж үзээрэй. Жагсаалт гарга.

  • Таны жагсаалтад хүмүүсийг залилдаг татвар хураагчид багтсан уу? Тэд тэнд байсан л байх. Эдгээр шударга бус татвар хураагчдыг буруутгах нь амархан хэдий ч Есүс аврал хэрэгтэй хонин сүргийг олж харсан.

  • Таны жагсаалтад Есүсийг барьж авахаар урхи занга бэлдэх шүүмтгий фарисайчууд багтсан уу? Тэд тэнд байж л байсан. Есүс тэднийг олны өмнө эвгүй байдалд оруулах нь амархан байсан байх. Гэвч Тэр зөв зам хэрэгтэй зөрүүд хоньдыг олж харсан.

  • Таны жагсаалтад завхайрснаасаа болоод өөрийгөө буруутгах, итгэл эвдсэн нөхөр багтсан уу? Тэр тэнд байсан л байх. Есүс залруулга болон эдгэрэл хэрэгтэй унасан хоньдыг олж харсан.

  • Таны жагсаалтад орон гэрээ эсэргүүцэж, сургуулиа хаяж зугтаан нэргүй олны дунд орсон өсвөр насны хүүхдүүд багтсан уу? Тэд тэнд байж л байсан. Есүс тэнэж төөрсөн хоньдыг олж харжээ. Тэднийг цааш төөрч одохоос нь өмнө зөв зам руу эргүүлэн авчрах хэрэгтэй байв.

Та номлохдоо хэнийг хардаг вэ? Та зөвхөн чуулганыхаа алдаа дутагдлыг уу эсвэл хонин сүргийнхээ гүн гүнзгий хэрэгцээг үү? Та зөвхөн удирдах зөвлөлийн ууртай гишүүний царайг харж байна уу эсвэл бусдыг шархлуулдаг шархадсан хоньдыг харж байна уу? Та зөвхөн итгэлээ хаясан нэгнийг хардаг уу эсвэл нүглээсээ болж зовж шаналж буй хоньдыг хардаг уу? Есүс тусламж хэрэгтэй хоньдыг олж харсан.

► Иохан 10:1-18 эшлэлийг унших.

Пасторуудын хувьд бид хоньчин байхаар дуудагдсан. Хоньчин хонин сүрэгтээ хэрхэн үйлчилдэг вэ? Иохан 10-р бүлэгт тэрхүү үлгэр дуурайлыг харуулжээ.

Хоньчин хоньдоо хөтлөн дагуулдаг

Хоньдоо туух шилбүүргүй хоньчныг бид харж байна. Харин хоньчин хоньдоо зөв чиглэлд хөтлөн дагуулдаг. “Хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана. Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг” (Иохан 10:3-4).

Бид Сайнмэдээний номуудыг уншихдаа Есүс Петр, Иохан, Томасыг шилбүүрээр цохиод аваасай гэмээр олон тохиолдлыг хардаг! Тэд дахин дахин асуудалд орсоор л байсан. Гэвч Есүс тэднийг цохихын оронд хоньчны таягаа ашиглан эдгээр сул дорой, тэмцэлдэж буй дагалдагчдыг татан авч, зөв зам дээр гаргасан.

Хоньчин хүний хувьд Бурхан танай чуулганд тавьсан хоньдыг та хөтлөн дагуулж байна уу эсвэл зөнгөөр нь явуулж байна уу? Та хоньдыг хөтлөн дагуулдаг хоньчин уу эсвэл хоньдод дуулгавартай дагахыг тушаадаг менежер үү?

Хоньчин хоньдоо халамжилдаг

Та заримдаа “Би өглөө 9:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл ажилладаг ажил хиймээр байна. Амралтын өдрүүдээр амарч, 17:00 цагаас хойш утсаар ярьдаггүй ажил” гэж боддог уу? Энэ нь их таатай сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол хоньчин хүний амьдрал биш.

Хоньчин хоньдоо зөвхөн ажлын цагаар бус, тусламж хэрэгтэй үед нь халамжилдаг. Хоньчин хүн гэмтсэн хургандаа “Намайг маргааш өглөө 9:00 цагт ажилдаа очих хүртэл хүлээж байгаарай” гэж хэлж чадахгүй. Хоньчин хүн хургаа аврахаар шөнө дөлөөр гарч явдаг.

Үүний нэгэн адил пастор хоньдоо тусламж хэрэгтэй үед нь халамжилдаг. Сүнслэг хоньдыг халамжлах нь номлохоос илүү зүйл юм. Номлох нь үүнд багтдаг ч зөвлөгөө өгөх, айлчлах, сонсох, залбирах, заримдаа зүгээр л өвдөж буй хургатай хамт суух ч үүнд багтдаг.

Тийм ээ пасторуудаа, та өөртөө анхаарал тавих ёстой. Хэрэв та бие махбод, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд өөрийгөө ядрааж туйлдуулбал үр нөлөөтэй хоньчин байж чадахгүй. Есүс ганцаараа байх цагийг гаргасан, таны хувьд ч ганцаараа байхад цаг гаргах ёстой. Гэхдээ Есүс хоньдоо халамжлахын тулд өөрийн тав тухыг золиослох ёстой цаг үе байдгийг мэдэж байсан.

Үйлчлэх ба амрах энэхүү тэнцвэрийг хадгалах нь амаргүй байж болно. Ухаалаг пастор-хоньчны хувьд та Ариун Сүнсний удирдамж зааварт болон таны эргэн тойронд буй хүмүүсийн ухаалаг зөвлөгөөнд мэдрэмжтэй байх учиртай. Ариун Сүнсний “Амарч, шинэчлэгдэхийн тулд зогсож, холдох цаг боллоо” гэж хэлэх дуу хоолойг сонс. Түүнчлэн “Чамд жаахан хугацаа хэрэгтэй байна” гэж хэлэх эхнэр эсвэл хамтран ажиллагсдынхаа дуу хоолойг ч сонсоорой. Бурханы танд даатгасан хоньдыг халамжлах шинэ хүсэл тэмүүллээр шинэчлэгдсэнийхээ дараа та буцаж ирээрэй.

Хоньчин хоньдоо хамгаалдаг

Есүс аюулыг хараад зугтан оддог хөлсний хүнийг амь насаа эрсдэлд оруулан байж хоньдоо хамгаалдаг сайн хоньчинтой харьцуулсан байдаг. Хөлсний хүн хоньдын төлөө санаа тавьдаггүй, харин хоньчин хүн хоньдынхоо төлөө амиа зориулдаг (Иохан 10:13, 15).

Есүс амьдралынхаа эцсийн цаг мөч хүртэл дагалдагч нартаа санаа тавьсан. Сүүлчийн оройн зоог дээр Тэрээр удахгүй нүүр тулгарах зовлон зүдгүүрт тэднийг бэлджээ. Цэцэрлэгт Тэрбээр Петр, Иаков, Иохан нарт үргэлжлүүлэн сургасан. Загалмай дээр Тэр Мариаг Иоханы асрамжид захиж үлдээсэн. Сайн Хоньчин хоньдоо эцэс хүртлээ анхаарч халамжилсан юм.

Паул Ефесийн чуулганы ахлагчдад хоньчноор үйлчлэх үүрэг даалгаврыг өгчээ. Тэд Есүсийн цусаар худалдан авсан сүрэгт санаа тавих ёстой байв. Дараагийн эшлэлд Паул сүрэг рүү довтлох догшин чононуудын талаар сэрэмжлүүлжээ. Хоньчид сүргийг хамгаалах үүрэг хүлээсэн (Үйлс 20:28-31).

Пастор-хоньчны хувьд Бурхан танай чуулганд тавьсан хоньдыг та хамгаалдаг уу? Та тэднийг онол сургаалын алдаанаас, гэр бүл, гэрлэлтийн эсрэг дайралтаас болон бусад сүнслэг халдлагаас хамгаалдаг уу? Та хоньчин уу эсвэл хөлсний хүн үү?

Ирэх Ням гарагт номлохын өмнө хоньдынхоо хэрэгцээг харуулж өгөхийг Бурханаас гуйгаарай. Танай сүргийн шархадсан зүрх сэтгэлүүдийг харуулж өгөхийг Түүнээс асуу. Номлож байхдаа бурханлаг хоньчны хайр хэрэгтэй туйлдсан, арчаагүй хоньдыг олж хараарай.

Сайтар ажиглах нь: “Золгүй еэ!”

► Матай 23:1-39 эшлэлийг унших.

Есүс өөрийг нь үгүйсгэсэн хотуудад хандан (Матай 11:21), ард олныг төөрөгдүүлсэн фарисайчууд болон хуулийн багш нарт (Матай 23:13-29), өөрөөс нь урвах Иудасын талаар ярихдаа (Марк 14:21) “золгүй еэ” гэсэн хэллэгийг ашигласан байдаг. Бид заримдаа эдгээр “золгүй еэ” хэллэгийг Есүсийн хайрыг мартсан ууртай өнгө аясаар, тэр ч байтугай Түүнээс татгалзсан хүмүүсийн дуу хоолойгоор уншдаг.

Золгүй еэ гэдэг үг шүүлтийн тухай ч, энэ нь мөн харууслыг ч агуулдаг. “Золгүй еэ” гэсэн хэллэг нь шүүлтэд буй хүний төлөөх “харуусал болон өрөвдөх байдал”-ыг аль алиныг нь агуулдаг. Энэ нь Есүсийн “өөрсдийн нөхцөл байдлын жинхэнэ зовлон зүдгүүрийг ухаарч чадалгүй бүтэлгүйтсэн хүмүүсийн төлөөх гуниг харууслыг илэрхийлдэг.”[1] “Золгүй еэ” хэллэг нь гүнзгий харуусал, сэрэмжлүүлгийг ч мөн илэрхийлдэг.

Есүс хайртай хотынхоо хувь заяаны талаар уйлан байж, тэдгээр шашны удирдагчдын дээр шүүлтийг зарлан тунхагласан юм. “Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.” Өөрийг нь удахгүй цовдлох хотын хувь заяаны төлөө Есүс уйлжээ (Матай 23:37 болон Лук 19:41).

Энэ нь шүүлтийг номлох бидний загвар байх ёстой юм. Бидний номлол нүглийн эсрэг сэрэмжлүүлэг болон гэмшихээс татгалзсан хүмүүсийн дээрх шүүлтийн үг сургаалыг агуулсан байх учиртай. Гэхдээ бидний дамжуулах үгс нүгэлтэнд уурсах биш, харин нүглийнх нь талаарх харууслыг харуулах ёстой.

Нэгэн өсвөр насны тэрслүү хүү тамын тухай номлол сонсоод гэртээ иржээ. Аав нь түүнээс “Хүү минь, чи өнөөдрийн номлолын талаар юу гэж бодож байна?” гэж асуухад тэр “Надад таалагдаагүй. Намайг уурлуулсан!” гэж хариулж. Дараагийн долоо хоногт хүү өөр нэг номлогч тамын талаар номлохыг сонсжээ. Аав нь түүнээс дахин “Чи номлолыг юу гэж бодож байна?” гэхэд хүү “Би Есүст үйлчлэх ёстой. Би хэзээ ч тийм аймшигтай газар очихыг хүсэхгүй байна!” гэж хариулжээ.

Аав нь гайхаад “Өнгөрсөн долоо хоногт тамын тухай номлол чамайг уурлуулсан. Гэтэл энэ долоо хоногт тамын талаарх номлол чамайг гэмшихэд хүргэжээ. Ялгаа нь юу байсан бэ?” гэхэд хүү “Энэ номлогч надад тамын талаар сануулахдаа уйлсан” гэж хариулжээ.

Та шүүлтийн талаар номлохдоо уйлдаг уу? Та тамын тухай номлол бэлдэж байхдаа уйлдаг уу? Та шүүлтийн талаар сэрэмжлүүлэхдээ ч хоньдоо хайрладаг хоньчин байдаг уу?


[1]Martin H. Manser, Dictionary of Bible Themes. (London: Martin Manser, 2009). Мөн Joel B. Green and Scot McKnight, Dictionary of Jesus and the Gospels -ийг үзнэ үү. (Westmont, Illinois: InterVarsity Press, 1992).

Дүгнэлт: Номлол дахь Ариун Сүнсний үүрэг оролцоо

Номлогчдын хувьд бид сонсогчдыг ятгахын тулд Ариун Сүнсний хүч чадалд найдах ёстой. Хэрэв бид хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх дан ганц хүний арга барилыг ашиглавал тэр даруй үр дүнг нь харж болох ч, сүнслэг байдлын үр дүнг харахгүй байх боломжтой. Зөвхөн Ариун Сүнс л бидний сонсогчдод удаан үргэлжлэх өөрчлөлтийг авчирч чадна.

► 1 Коринт 2:1-16 эшлэлийг унших.

Сүнслэг өөрчлөлт нь зөвхөн Ариун Сүнсний хүчээр л бий болдог гэдгийг Паул ойлгожээ. Тэрээр Афинаас хөдөлж, Арейпагийн дэргэд гүн ухаантнуудтай мэтгэлцсэний дараа Коринт хотод ирсэн (Үйлс 17:16-18:1). Коринтод тэр Есүс Христийн болон Түүний цовдлогдсон талаар номлохоос өөр ямар ч мэргэн ухааны болон цэцэрхсэн үг хэллэг ашиглахгүй хэмээн шийдсэн байдаг. Тэрээр “Сүнс ба хүчний илрэлээр” (1 Коринт 2:1-5) номлосон.

Сүнс сүнслэг үнэнийг сүнслэг хүмүүст тайлбарладаг гэдгийг Паул мэдэж байлаа (1 Коринт 2:13). Паул боловсролыг чухалчилдаг, тэр агуу эрдэмтэн хүн байв. Тэр олон нийтэд хандан үр нөлөөтэй яриа хийдэг, эртний Грек мэтгэлцэх урлагт суралцсан хүн юм. Тэрээр логик аргумент хэрхэн бүтээхийг мэддэг байсан. Ром ном бол логик бүтцийг харуулдаг шилдэг бүтээл юм. Гэхдээ хамгийн чухал нь Паул Ариун Сүнсний хүчийг үнэлдэг хүн байлаа. Жинхэнэ итгэл үнэмшил нь зөвхөн Сүнсний ажлаар дамжуулан ирдэг гэдгийг тэр мэдэж байсан.

Паул Коринт захидалдаа “Хүчний давамгайлал нь биднийх биш, харин Бурханых гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнэсийг шавар савнуудад тээдэг” (2 Коринт 4:7) гэж бичсэн. Сав бол эрдэнэс биш! Үйлчлэлийн удирдагчид бид бол шавраар хийгдсэн эвдэрхий савнууд билээ. Гэхдээ бидэнд үйлчилдэг хүмүүсийнхээ төлөө сайнмэдээ болох эрдэнэсийг тээж явах гайхалтай завшаан оногджээ.

Энэ нь үйлчлэлийн удирдагч нарт хандсан хүчтэй сануулга юм. Саванд байгаа эрдэнэсийн оронд саванд анхаарлаа хандуулж төвлөрөх нь амархан байдаг. Бид дамжуулж буй сургаалаасаа илүү толилуулалтдаа анхаарах боломжтой. Бид эрдэнэсээс илүү саванд анхаарлаа хандуулдаг. Хүч чадал нь бидэнд биш, харин Бурханд харьяалагддаг гэдгийг харуулахын тулд Тэр шавар савыг зориудаар ашигладаг гэдгийг Паул бидэнд сануулжээ. Бид Бурханы хүч чадлын замд хөндөлсөх учиргүй. Зөвхөн Түүнд хамаарах алдрыг бид хүртэх ёсгүй. Бид Сүнсний хүч дотор номлох учиртай.

5-р хичээлийн даалгаврууд

(1) Матайн Сайнмэдээ нь таван гол сургаалыг багтаасан. Сургаал бүрийг уншиж, үүнийг үр нөлөөтэй болгож буй сургаалын нэг шинж чанарыг олж мэдээд доорх хүснэгтэд бич. Энэхүү даалгаварт зөв эсвэл буруу гэсэн хариулт байхгүй. “Есүс намайг хэрхэн залруулж, урамшуулж, Түүний сургаалыг санаж, хэрэгжүүлэхэд минь тусалдаг вэ?”

(2) Дараагийн номлолоо бэлдэж байхдаа Есүсийн сургаалаас олж мэдсэн шинж чанаруудаа эргэн харна уу. Үр нөлөөтэй дамжуулахын тулд Түүний сургаалыг жишээ загвар болгон ашиглаарай. Энэхүү номлолоо ангийнхантайгаа хуваалц. “Би номлолдоо Есүсийн үлгэр дуурайлыг шингээсэн үү?” гэсэн асуултаар сургаалаа үнэлж дүгнээрэй.

Хэвлэж болох PDF-ийг эндээс авах боломжтой.

Сургаал Шинж чанарууд
Уулан дээрх сургаал
(Матай 5-7-р бүлэг)
 
Элч нарыг илгээсэн
(Матай 10-р бүлэг)
 
Хаанчлалын сургаалт зүйрлэлүүд
(Матай 13-р бүлэг)
 
Хаанчлал дахь амьдрал
(Матай 18-р бүлэг)
 
Чидун уулан дээрх яриа
(Матай 24-25-р бүлэг)
 

 

Next Lesson