Баривчилгаа
► Матай 26:1-5, 14-56 эшлэлийг унших.
Зовлонгийн долоо хоногийн Лхагва гарагт Есүс хоёр өдрийн дараа үхнэ гэдгээ эш үзүүлжээ. Санхедрин зөвлөлийнхөн Алгасал баярын дараа хүмүүс хотыг орхин явсан хойгуур Есүсийг баривчлахаар төлөвлөсөн нь энэ эш үзүүллэгээс даруй 9 хоногийн өмнө байв. Гэхдээ Иудас Эзэнээсээ урвахыг зөвшөөрсөн тул тэд Есүсийг дагалдагчдын нэгийнх нь тусламжтайгаар баривчлахаар болсон юм.
[1] Ахлах тахилчдад яагаад Иудас хэрэг болов? Тэд Есүсийг олон түмнээс хол байхад нь баривчлах хэрэгтэй байсан. Есүс олны дунд нэр хүндтэй байсан учраас хэрэв Түүнийг олны өмнө баривчилбал үймээн гарах нь тодорхой байв.
Есүс дагалдагч нартайгаа Алгасал баярын зоог барьсны дараа залбирахаар Гетсемани цэцэрлэг рүү явсан. Загалмай дээр тарчлах биеийн зовлон, Эцэг Бурханаас тусгаарлагдах сүнслэг шаналантай тулгарсан Есүс “Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа” (Матай 26:39). Есүс ийм туйлын хүнд сорилтын өмнө ч Эцэгийн хүсэлд захирагдсан юм.
Тэр үдэш Иудас бөөн хүн дагуулан Есүсийг баривчлахаар ирэв.[2] Тэрээр Есүсийг үнсэлтээрээ зааж өгөхөд Есүс цэргүүдэд хандан ингэж хэлжээ. “Есүсийг тэдэнд “Тэр чинь Би байгаа юм” гэхэд тэд ухарч газар унацгаав” (Иохан 18:6). Энэ бүлэг цэрэг үхлийн хүчийг атгасан хүнээс айж байлаа. Дайснууд нь биш, харин Есүс нөхцөл байдлыг удирджээ. 19-р зууны номлогч Октав Винслов “Есүсийг хэн үхэлд тушаасан бэ? Мөнгөнд шунасан Иудас биш, айдаст хөтлөгдсөн Пилат биш, атаархсан иудейчүүд ч биш. Харин хайрынхаа төлөө Эцэг Бурхан тушаасан!”[3] гэсэн байдаг.
Шүүлт
► Матай 26:57-27:26, Лук 22:54-23:25, Иохан 18:12-19:16 эшлэлийг унших.
Есүсийг шүүх хэрэг явдалд Иудейн шүүх болон Ромын шүүх хоёулаа оролцжээ. Иудейн хууль нь эртний эрх зүйн тогтолцооны дундах хамгийн хүмүүнлэг хууль байсан. Иудейн хууль амийг хамгаалахын төлөө боломжтой бүхнийг хийдэг хууль байв. Ромын хууль харин чанд хатуу, цогц байдлаараа алдартай байлаа. Эдгээр хуулиуд эрт үеийн дэлхийн хамгийн шилдэг хууль эрх зүйн тогтолцоо байсан боловч, нүгэлтнүүд Бурханы Хүүг хөнөөх явдлаас хамгаалж чадаагүй юм.
Есүсийг баривчилснаас хойших хэдэн цагийн туршид зургаан удаа шүүхийн сонсгол хийжээ. Үүнд иудейн шашны шүүх, Ромын шүүх багтаж байв. Иудейн хуулийн дагуу бол Есүсийг шүүсэн иудейчүүдийн шүүх нь хууль бус байсан гэж түүхчид үздэг. Есүсийг буруутгах гэж яарсандаа Санхедрин зөвлөлийнхөн дараах алхмуудыг хийсэн.
Шөнө шүүх ажиллагаа явуулсан (хууль бус)
Есүсийг баривчлахаас өмнө албан ёсоор буруутгаагүй (хууль бус)
Есүсийг өмгөөлөх гэрч нарыг дуудаагүй (хууль бус)
Иудейн хуулинд зааснаас илүү хурдан яаралтай шүүх хурал хийсэн (хууль бус)
Егөөтэй нь, тэд Алгасал баяраас өмнө Есүсийг цовдолж, баяраас өмнө биеийг нь зайлуулахын тулд энэ бүхэн тохиолдсон юм. Тэд Алгасан баярын хургыг зохих ёсоор нь идэх гээд Бурханы Хургыг алжээ!
Шүүх ажиллагааны явц
(1) Аннасын өмнөх иудейн шүүх хурал (Иохан 18:12-14, 19-23)
Аннас насан туршдаа тэргүүн тахилч байжээ. Ромчууд Аннасыг хүргэн Кайафаар нь сольсны дараа ч ихэнх иудейчүүд Аннасыг “тэргүүн тахилч” гэх цолоор нь дууддаг байв. Тиймээс Аннасын өмнөх сонсгол нь албан бус бөгөөд ямар нэг ял тулгаагүй, гэрч оролцоогүй юм.
(2) Санхедрин зөвлөлийн өмнөх иудейн шүүх хурал (Матай 26:57-68)
Санхедрин зөвлөлийн бүрэн бүрэлдэхүүний өмнөх анхны шүүх хурал өглөөний 02:00 цагт болсон бололтой. Тэд албан ёсны шүүх хурлыг нар мандахаас өмнө хийж чадахгүй байсан хэдий ч, иудейн удирдагчид илүү хурдан явуулахыг хүсэж байв. Шөнийн шүүх хурал албан бус байсан ч, Санхедрин зөвлөлийнхөн албан бус шүүх сонсгол явуулж, Бурханыг доромжилсон хэргээр Есүсийг яллаж, үхэх ял оногдуулах ёстой хэмээн үзсэн байна.
(3) Санхедрин зөвлөлийн өмнөх албан ёсны шүүх хурал (Лук 22:66-71)
Өглөө болоход зөвлөлийнхөн албан ёсны шүүх хурал хийв. Энэ хурал дээр тэд Есүсийг Бурханыг доромжилсон хэмээн албан ёсоор буруутгажээ.
(4) Пилатын өмнөх Ромын эхний шүүх хурал (Лук 23:1-5, Иохан 18:28-38)
Ромчууд Санхедрин зөвлөлд гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах эрх олгодоггүй байв (Иохан 18:31). Тэд цаазын ялыг Пилатаар гаргуулах гэсэндээ Бурханыг доромжилсон хэмээн Есүсийг буруутгаж байснаа, улс төрийн бослогын ял болгон өөрчилжээ. Тиймээс Есүсийг “манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд” (Лук 23:2) хэмээн буруутгасан юм.
Алгасал баярын өдрүүдэд иудейчүүд бузартвал баярын зоогийг идэж чадахгүй болдог учраас үүнээс зайлсхийж, Ромын ямар нэг байшинд ордоггүй байжээ. Тэд ордонд орохгүй учраас Пилат ордны хаалганы гадаа зам дээр шүүхийн сонсголыг явуулсан юм.
(5) Херод Антипасын өмнөх Ромын шүүх хурал (Лук 23:6-12)
Есүсийг гэмгүй гэдгийг Пилат мэдэж байв. Гэхдээ иудей удирдагчдын уурыг хүргэхийг хүссэнгүй. Пилат Есүсийн тухайд “Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй” хэлэхийг сонсоод (Лук 23:5) энэхүү хүнд байдлаас зайлсхийхээр шийджээ. Алгасал баярын долоо хоногийн үеэр Галилын захирагч Херод Антипас Йерусалимд ирсэн байв.[4] Есүс Галилаас гаралтай тул Пилат энэ хэргийг Херодоор шүүлгэхийг хүсжээ. Тэгээд Пилат Есүсийг Херод руу явуулсан боловч Херод энэ хэрэгт оролцохыг хүссэнгүй.
(6) Пилатын өмнөх сүүлчийн шүүх хурал (Матай 27:15-26, Лук 23:13-25, Иохан 18:39-19:16)
Есүсийг буцаагаад авчрах үед Пилат өөр шийдэл хайж байлаа. Тэрээр Есүсийг гэмгүй гэдгийг мэдэж байсан тул “та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй” гэжээ (Лук 23:14). Пилат гэмгүй Есүсийг яллахыг хүсээгүй юм.
Иудейн удирдагчид Пилатыг үнэнч бус байсан гэж Цезарьт мэдэгдэнэ хэмээн заналхийлсэн учраас Пилат тэдний шаардлагад бууж өгөв. Пилат сул дорой удирдагч байсан. Өмнө нь Пилат цэргүүдэд эзэн хааны дүрсийг бариулан Йерусалим руу оруулж, үүнээс болоод үймээн гарахад хүрч байв. Иудейчүүд Пилатын ордны гадаа 5 хоног хуран цуглаж эсэргүүцэл илэрхийлжээ. Пилат жагсагчдыг ална гэж заналхийлэхэд жагсагчид ариун хотод Цезарийн дүрсийг залснаас үхсэн дээр хэмээн зарласан аж. Тиймээс Пилат ухрахаас өөр аргагүй болж байжээ.
Ийм явдал тохиолдож байсан учраас Пилат иудейчүүдээс айж байлаа. Ялангуяа Ром дахь дээд захирагч Сежанус нь Иудейг захирах Пилатын чадварт итгэхгүй байв. Тиймээс хэрэв Есүсийг суллавал Цезарьт гомдол гаргана гэсэн иудейн удирдагчдын заналхийллээс болоод Пилат тэдэнд Түүнийг цовдлуулахаар өгчээ (Иохан 19:16). Пилат Есүсийг гэмтэй гэдэгт итгэсэндээ үхэх ял оноогоогүй, харин өөрийнхөө сул дорой байдлаас болж ийнхүү зөвшөөрчээ.
Шүүх хурал болох зуур Петр Есүсийг үгүйсгэв.
Алгасал баярын зоогийн үеэр Есүс Петрт “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно” гэж хэлж байсан (Иохан 13:38). Ингээд Есүсийг шүүгдэж байх үед Петр Есүсээс гурвантаа урважээ.
Петрийн ичгүүртэй уналтын тухай уншиж байхдаа бид Петрийг тэр шөнө урвасан цорын ганц хүн биш гэдгийг санах хэрэгтэй. Зөвхөн Петр Иохан хоёр л шүүх хурлын дэргэд байсан. Харин бусад дагалдагчид айсандаа зугтаасан шүү дээ.
Петр Есүст хайртай байсан нь тодорхой. Тэгвэл Петр яагаад унав? Бид өмнөх бүлгээр Есүсийн сорилтын талаар болон сорилтын үед яах ёстой талаар суралцсан. Харин Петрийн уналтаас сорилт тулгарах үед бидэнд тус болох сэрэмжлүүлгийг харж болно. Петрийн уналтад нөлөөлсөн багадаа хоёр шинж байсныг харж болно.
(1) Хэт өөртөө итгэлтэй байх
Сатаны дайралтыг Есүс сэрэмжлүүлэх үед Петр “Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй” гэж бардамнажээ (Матай 26:35). Бид өөртөө хэт итгэлтэй байх үедээ унаж бүдэрдэг. Бид зөвхөн Сүнсний хүчээр л ялалттай итгэгчийн амьдралаар амьдардаг. Хэт их итгэлтэй байх нь сүнслэг уналтын эхний алхам юм.
(2) Залбиралгүй байх
Гетсемани цэцэрлэгт байхдаа Есүс дагалдагч нартаа “Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа” гэж сануулсан (Лук 22:40). Айсуй сорилттой тулгарах хүч чадлын төлөө залбирахын оронд Петр унтаж байсан.
Залбиралгүй байх нь сүнслэг талаар уналтад ороход нөлөөлдөг. Идэвхитэй залбиралгүйгээр ялалттай итгэгчийн амьдралаар амьдрах боломжгүй. Сатан Христэд итгэгч ажилчдыг залбирах цаггүй болтол нь олон үйл ажиллагаанд татан оролцуулахыг оролддог. Хэрэв бид залбирах завгүй явах юм бол тун удахгүй унах болно гэдгийг Тэр мэднэ.
► Өөрийнхөө христитгэлийн амьдрал, үйлчлэлийг эргээд хараарай. Сорилтод орж байсан талбар, унахад ойрхон очсон үеэ бодоорой. Уналтад ороход ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ? Хэт итгэлтэй болоход хүргэсэн үйлчлэлийн ямар нэг амжилт танд байсан уу? Залбиралд хангалттай цаг зарцуулаагүйгээс уналтад хүргэсэн тун завгүй үе танд байсан уу? Ирээдүйд анхааруулга болох өөр хүчин зүйлс байв уу?
Шүүлтийн үеэр Иудас амиа хорлов.
Матай Петрийн үгүйсгэлийн тухай өгүүлээд залгуулаад Иудасын амиа хорлолтын тухай хэлдэг. Иудас урвалтаа хараад бодлоо өөрчилж, 30 мөнгөн зоосыг ахлах тахилч, ахлагчдад аваачиж өгөөд “Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ” (Матай 27:3-4) гэсэн. Иудас урвасныхаа хөлсөнд авсан мөнгөө шидээд, явж өөрийгөө дүүжилжээ (Матай 27:5). Иудас насан туршдаа гэм буруу үүрч явснаас амиа хорлохыг илүүд үзсэн аж.
Матай номд Петрийн гэмшил, Иудасын харуусал хоёрыг зэрэгцүүлэн харуулсан байдаг. Петр Иудас хоёр хоёулаа хийсэн зүйлдээ гэмшиж байсан. Гэхдээ Матай Иудасын тухай өгүүлэхдээ гэмшлийг илэрхийлдэг жирийн үг биш, харин бодлоо өөрчилснийг илэрхийлдэг үгийг ашигласан байна. Энэ ялгаа нь хүмүүс нүглийн буруутгалд ямар хариу үзүүлдгийг ойлгоход тустай.
Паул ч (нүглийн үр дүнд) үүссэн харуусал, гэмшил хоёрын ялгааг (нүгэлдээ харамсаж, чиглэлээ өөрчлөх) бичсэн байна. Элч маань захидалдаа “Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог” (2 Коринт 7:10) гэжээ.
Бурханлаг гашуудал нь жинхэнэ гэмшлийг авчирч аврал, амь руу хөтөлнө. Дэлхийн уй гашуу нь зөвхөн буруутгал, үхэл рүү хөтөлнө. Петр, Иудас хоёр хоёулаа харамссан хэдий ч, зөвхөн Петр л гэмшжээ.
Иудас урвалтынхаа үр дагаврыг хараад ичгүүр, буруутгалыг биш үхлийг сонгосон. Тэрээр гашуудаж байсан ч гэмшээгүй юм. Харин Петр уналтынхаа үр дүнг хараад жинхэнэ гэмшлийг сонгосон. Иудасын гашуудал үхэлд, Петрийн гашуудал гэмшил ба насан туршийн үр нөлөөтэй үйлчлэлд хүргэжээ.
► Та нүглээсээ болоод харуусаж байгаа боловч жинхэнээсээ гэмшээгүй хүнийг харсан уу? Үр дүн нь ямар байсан бэ? Бид номлолоороо дамжуулан хүмүүсийг яаж жинхэнэ гэмшил рүү хөтлөх вэ?
Загалмай
► Матай 27:27-54 эшлэлийг унших.
Иудей нь Ромын цэргүүдийн хувьд аймшигтай цэг байв. Хүмүүс нь Ромын цэргүүдийг үзэн яддаг, зеалот бүлгийнхэн нь цэргүүдийг хороохоор төлөвлөдөг тийм газар байсан аж. Алгасал баярын үеэр бослогоос сэрэмжилж цэргүүд бэлэн байдалд байна. Цэргүүдийн хувьд үүнээс муу даалгавар гэж байгаагүй байх. Тиймээс иудей хоригдлыг цаазаар аваачих үедээ цэргүүд уг хэрэгтэнд үзэн ядалтаа гаргадаг байв.
Үүрэг даалгавраа үзэн ядаж хатуурсан, тэрхүү ард түмнийг үзэн яддаг цэргүүдийн харгислал, Есүст хандсан хандлагаас нь харагддаг. Өөрөөр хэлбэл, буцаагаад хариу өгч чадахгүй хүнийг цохиж, доромжилж, өргөст титэм өмсгөж, үүндээ баясаж байснаас нь харагддаг. Есүс энэ бүгдээс болж тарчилж байсан ч, тэр цэргүүдийн өөдөөс уурласан нэг ч үг хэлээгүй юм.
Загалмайн түүхийг судалж байсан олон эрдэмтэн Есүсийн загалмай дээр хэлсэн 7 үгийг анхаардаг. Хүний сүүлчийн үг тухайн хүнд юу чухал байсныг илэрхийлдэг. Есүс үхэлтэй тулгарах үедээ юу хэлсэн бэ?
Уучлалын үгс
Цэргүүд Есүсийг загалмай дээр хадаж байх үед Тэрээр “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэсэн (Лук 23:34). Эцэслэхийн өмнө ч Есүс хайр, уучлалаа харуулсан билээ.
Үхвэл зохих дээрэмчинд Есүс “Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” гэж амласан юм (Лук 23:43).
Энэрлийн үгс
Есүс ээжийгээ Иоханд хариуцуулж “Эмэгтэй, хараач, хүү чинь” гэж хэлээд Иоханд “Хараач, эх чинь” гэсэн (Иохан 19:26-27). Урьд нь Есүс гэр бүлийн хамгийн гүн хэлхээ холбоо нь сүнслэг байдал юм хэмээн зааж сургасан “Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав” (Матай 12:49-50).
Есүсийг үхэх үед дүү нар нь итгэгч биш байсан тул Түүний сүнслэг гэр бүлийн нэг хэсэг байгаагүй юм. Тиймээс Есүс ээжийгээ сүнслэг дүү хайрт Иоханыхаа асрамжинд үлдээжээ.
Биеийн тарчлалын үгс
Бурханы Хүү байлаа гээд Есүс загалмай дээрх махбодын тарчлалаас ангид байсангүй. Тэрээр гэмт хэрэгтэн мэт бүхий л биеэрээ тарчлан зовсон юм. Аймшигтай халуунд усгүй хэдэн цаг болсны дараа Есүс “Би цангаж байна” гэж хэлсэн (Иохан 19:28).
Сүнслэг шаналлын үгс
Есүсийн загалмай дээр хэлсэн зүрх зүсэм үгсийг Матай болон Марк тэмдэглэжээ: “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” (Матай 27:46 ба Марк 15:34, Дуулал 22:1-ээс эш татсан).
Есүс хүмүүн чанарынхаа хувьд Давидын мэдэрсэнтэй адил орхигдох мэдрэмжийг амссан. Хүмүүс Давидыг шоолж, түүн рүү толгой сэгсэрч байсан шиг (Дуулал 22:7), тэд Есүсийг шоолж толгой сэгсэрч байлаа (Матай 27:39). “Тэр цаг мөчид Бурханд хаягдсанаа Давид сэтгэл санаагаараа мэдэрсэн шиг Есүс, “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” хэмээн хашхирчээ.
Гэсэн хэдий ч Бурхан өөрийг нь орхиогүйг Давид олж мэдсэн. Тэр энэ талаар хожим нь Дуулалд гэрчилсэн байдаг. "Учир нь, Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм” (Дуулал 22:24).
Үүнтэй адилаар Бурхан өөрийг нь орхиогүйг Есүс мэдэж байлаа. Есүсийн загалмай дээр хэлсэн дараагийн үг нь Эцэгтээ хандсан хашхираан байв. Эцэг нь Түүнийг орхиогүйг мэдээд Есүс “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая” (Лук 23:46) хэмээн залбирсан.
Есүс хүмүүн чанарынхаа хувьд бидний адил Бурхан залбирлыг сонсохгүй байгаа мэт санагдах хоосон мэдрэмжийг амссан юм. Гэвч бидний тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ хэзээ ч орхидоггүй тэрхүү бодит байдлыг Есүс бас амсаж туулсан. Бид Түүний оршихуйг мэдрэхгүй байсан ч Тэр биднийг сонсдог гэдгийг мэдэж, Түүнд хандан хашхирч чадна.
Дуулгавартай байдлын үгс
“Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая” (Лук 23:46) Есүс амьдралынхаа туршид Эцэгтээ итгэмжтэй амьдарсан. Тэгээд загалмайтай тулгарах үедээ Тэрээр “харин Таныхаар болог гэж” (Матай 26:39) хэлсэн. Тэрбээр Эцэгийн хүсэлд дуулгавартай байж, эцсийн үгээ ийнхүү хэлсэн юм.
Ялалтын үгс
“Гүйцэлдлээ” (Иохан 19:30). Есүс өөрийг нь илгээсэн Эцэгийнхээ даалгаврыг гүйцэтгэсэн гэдгээ энэ үгээр тунхагласан юм. Нүглийн шийтгэл төлөгдөж, Сатан ялагдсан. Исаиа 53-р бүлэгт буй Хуучин гэрээний хургаар эш үзүүлсэн цагаатгал ийнхүү биелж, амлалт гүйцэлджээ.
Бурхан загалмай дээр нүглийг үл мэдэгч Түүнийг нүгэл болгосон учир бид Түүний дотор Бурханы зөвт байдал болох юм (2 Коринт 5:21). Исаиа 53-р бүлэгт бидний нүглийг үүрэх зовлонт Зарцын талаар эш үзүүлэгч ярьжээ (Исаиа 53:4-12). Энэхүү орлуулах эвлэрүүлэл нь загалмай дээр хийгдсэн гэдгийг Паул харуулдаг.
Түүний дотор бид Бурханы зөвт байдал болохын тулд Есүс бидний төлөө нүгэл болжээ (2 Коринт 5:21). Бид нүглийн боолчлолд амьдрахаа нэгэнт больсон. Христийн үхлээр бид зөвт болгогдсон юм. Бид зөвхөн Түүний дотор зөвт байхаар дуудагдсан гэж Паул хэлээгүй. Харин оронд нь бид Түүний дотор Бурханы зөвт байдал болно гэжээ. Загалмай дээрх Христийн ажлаар дамжуулан жинхэнэ хувьсан өөрчлөлт бий болдог. Биднийг зөвт болгохын тулд Христ нүгэл болсон юм.
Өө тэнгэрлэг хайр минь, өршөөж биднийг хэлтрүүлсэн гэж үү!
Өө тэнгэрлэг хайр минь, өршөөж биднийг хэлтрүүлсэн гэж үү!
Өнө мөнхийн Бурхан миний төлөө үхсэн гэж үү!
Өрлөг Эцэгийн мөнхийн Хүү
Өрөвдөлт миний бүх нүглийг модон дээр үүрчээ.
Өнө мөнхийн Бурхан миний төлөө үхжээ:
Өө миний Эзэн, миний Хайр цовдлогдсон юм!
Өрийг нь өвтгөж эсэргүүцсэн биднийг Бурханд буцаахаар
Өргөст миний болон чиний төлөө цовдлогджээ.
Өө итгэгтүн, итгэгтүн
Өр нимгэн Есүсийн цус бүгдийг нь худалдан авсанд
Өөрийн зүгээс бүгдийг уучилсан гэдэг үнэнд
Өө миний Эзэн, миний Хайр цовдлогдсон юм!
Өнгөрөн одож холдолгүй
Өөдөө Түүнийг хараарай,
Өршөөлт Ханхүү
Өөрийн цусаа урсган байж амь ба амар тайвныг өгсөн юм!
Өө ирэгтүн, харагтун
Өршөөн Аврагчийн үхлийг,
Өө хэлэгтүн, зарлагтун
Өөр илүү гасланг Түүн шиг тээсэн нь үгүй
Өө ирэгтүн, мэдрэгтүн
Өр зүрхэнд цутгагдах Түүний цусыг
Өө миний Эзэн, миний Хайр цовдлогдсон юм!
- Чарльз Весли
[1]
“Есүс хүмүүний зовлонгоосоо ангижрахын тулд бурхан чанараа ашиглаагүй, харин залбирч хүч чадлыг олж байсан.”
- Т.В Килпатрикаас авав.
[2] Иохан 18:3 энэ хэсэг цэргийг “баг” буюу “бүлэг” цэрэг гэж тодорхойлжээ. Ромын цэргийн бүлэг ихэвчлэн 600 хүнээс бүрддэг байв.
[3] John Stott,
The Message of Romans (Westmont, Illinois: InterVarsity Press, 1994), 255-с эш татав.
[4] Алгасалын долоо хоногийн үеэр Ромын эрх баригчид бослого гарахад бэлэн байх үүднээс Палестинд ирдэг байжээ.
Previous
Next