Толинд өөрийгөө хараад төд удалгүй ямар харагдаж байснаа мартдаг хүнийг дүрсэлсний дараа Иаков амьдралдаа Бичвэрийг зөв хэрэгжүүлдэг хүний талаар өгүүлжээ. "Тиймээс мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг хүн нь үйлсдээ ерөөгдөх болно" (Иаков 1:25). Үгийг сонсох нь хангалтгүй, бид Үгийг хэрэгжүүлэх ёстой. Бичвэрийг зөвөөр хэрэгжүүлэхэд юу шаардлагатай вэ?
Бичвэрийг зөвөөр хэрэгжүүлэхийн тулд та гурван зүйлийг хийх ёстой.
Алхам 1: Бичвэрийн утгыг мэдэх
Ажиглалт, хөрвүүлгийн хичээлүүд яагаад чухал байгаа шалтгаан бол энэ юм. Хэрэв бид текстийг мэдэхгүй л бол бидний хэрэгжүүлэлт зөв байж чадахгүй. Бид "I зууны Христэд итгэгчид энэ Бичвэрийг өөрсдийн ертөнцөд хэрхэн хэрэгжүүлсэн бэ?" гэсэн асуултаар хэрэгжүүлэлтийн алхмыг эхлүүлдэг.
Жишээлбэл, Паул "Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна" (Филиппой 4:13) гэж бичсэн байдаг. Зарим багш нар үүнийг "Христ надад хүч өгдөг" учраас би хүссэн бүхнээ биелүүлж чадна гэсэн амлалт хэмээн тайлбарладаг. Тамирчид "Би өнөөдрийн тоглолтод ялна, учир нь "Би Христээр бүхнийг хийж чадна" гэж тунхагладаг. Итгэлээр эдгээх чадвартай гэгддэг хүмүүс сонсогчдод "Хэрэв танд хангалттай итгэл байвал та эдгэрэх болно. Учир нь "Та Христээр бүхнийг хийж чадна" гэж батлан хэлдэг. Хөгжил дэвшлийн хуурамч сайнмэдээг номлогчид “Бурхан таныг баян болгохыг хүсэж байна. Та зөвхөн Бурхантай хамтран ажиллах хэрэгтэй. Та ‘Христээр бүхнийг хийж чадна’” гэж зарладаг.
“Филиппой дахь Христэд итгэгчид энэ эшлэлийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?” гэж асууснаар энэ нь энэ дэлхийн амжилтын тухай амлалт биш, харин сүнслэг тэвчээртэй холбоотой амлалт байсныг бид олж мэддэг. Энэ үед Паул Ромд баривчлагдсан, түүний сонсогчид хавчлагад өртсөөр байв. Дэлхийн ололт амжилтыг олж авсан талаар энд хэлээгүй, харин тэр итгэл, дуулгавартай байдлаар бүх нөхцөл байдлыг тэсвэрлэж чадсан хэмээн хэлжээ. Паул бүх нөхцөл байдалд сэтгэл хангалуун байхыг сурсан. Учир нь Христээр дамжуулан Бурхан түүнийг хийхийг хүссэн зүйлийг хийж чадсан юм. Энэ нь тав тухтай амьдралын тухай биш, харин бэрхшээл зовлонтой тулгарсан ч сэтгэл хангалуун байдлаа алдахгүй байх тухай юм.
Алхам 2: Бичвэр амьдралд хэрхэн хэрэгждэгийг ойлгох
Паул Тимотод бусдад үр нөлөөтэй үйлчлэхийн тулд өөрийгөө мэдэх ёстойг анхааруулсан. "Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна" (1 Тимот 4:16). Тимот өөртөө болон номлодог онол сургаалдаа анхаарлаа хандуулснаар сонсогчдод үр нөлөөтэй үйлчилж чадах байв.
Би текстийг болон анхны уншигчдад энэ нь хэрхэн хэрэгжсэнийг мэдсэнийхээ дараа өөрийгөө болон текст миний амьдралд хэрхэн хэрэгждэгийг мэдэх ёстой. Магадгүй би өөрийгөө харахдаа, Бурхан намайг ерөөж, туслаасай гэж ихэнхдээ хүсэн хүлээдэггүй ч байж болох юм. Филиппой 4:13 эшлэл надад амьдралын бэрхшээлийг итгэлтэйгээр даван туулахыг сануулдаг. Учир нь "намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна."
Одоо хэрэгжүүлэлт тодорч, тодорхой болж байна. Энэ эшлэлийн хажууд би "Христийн үнэт зүйлсийг эсэргүүцдэг орчинд ажиллаж байхад минь Бурханы нигүүлсэл намайг итгэмжит байхад хүчирхэгжүүлнэ гэдэгт би итгэж найдах болно. Би Христээр бүхнийг хийж чадна" хэмээн бичих боломжтой. Энэ нь эшлэлийг 1-р зуунаас 21-р зуунд авчирдаг.
Бичвэрийн зөв хэрэгжүүлэлт нь бодит амьдрал дээр хэрэгжих болно. Бурханы Үг амьдралын бүх талбарыг хамардаг. Би Бичвэрийг хэрэгжүүлэхдээ "Энэ текстийн ‘шашны’ хэрэгжүүлэлт юу вэ?" гэж асуудаггүй. Харин "Энэ текст амьдралын бүх салбарт хэрхэн хэрэгжих вэ?" хэмээн асуудаг.
Жон Веслей "Христийн сайнмэдээ шашныг бус, харин хамтын харилцааг таньдаг. Энэ нь хувьчилсан ариун байдлыг бус харин хамтын ариун байдлыг таньдаг " гэж бичсэн байдаг.”[1] Бид нийгмээс нуугдсан лам нар шиг биш, харин бусадтай харилцдаг итгэгчид адил сайнмэдээний амьдралаар амьдардаг. Бид бусдаас тусгаарлагдах замаар бус, харин чуулганы хамт олны нөхцөл байдал дунд ариун байдалд өсдөг.
Өмнө нь бид Ефес 4:29 эшлэлийг харсан. Би энэ эшлэлийн хэрэгжүүлэлтийг авч үзэхдээ үүнийг бусад итгэгчидтэй харилцах харилцаандаа хэрэгжүүлэх ёстой: "Миний үг яриа итгэгчдийг босгон байгуулж байна уу, эсвэл тэднийг нурааж байна уу?" Би энэ эшлэлийг гэр бүлийн харилцаатайгаа холбох ёстой: "Миний үг яриа гэр бүлийг минь босгон байгуулж байна уу, эсвэл хань ижил, хүүхдүүдийнхээ итгэлийг сулруулж байна уу?" Би энэ эшлэлийг ажилтайгаа холбох ёстой: "Би эерэг үг хэлдэг ажилтан уу, эсвэл сөрөг санаа бодлыг түгээдэг үү?" Ефес 4:29 эшлэл амьдралын бүх салбартай холбогдож байна.
Ийм учраас эзэдтэйгээ зөв харилцаанд байдаг боолууд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэлтэйгээр харуулдаг хэмээн Паул бичсэн юм (Тит 2:10). Бичвэрийг няхуур хэрэгжүүлэх үед бидний эргэн тойрны хүмүүс сайнмэдээнд татагддаг.
Алхам 3: Бичвэрт дуулгавартай байх
Библи судлалын эцсийн зорилго бол өдөр тутмын хэрэгжүүлэлт юм. 2 Тимот 2:3-6 эшлэлд Паул Христэд итгэгчдийг цэрэг, гүйгч, тариачин хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээр дүрслэл нь зорилгодоо тууштай байгаа хүнийг харуулдаг. Цэрэг тулалдааны үеэр амрахгүй; гүйгч уралдааны дундуур зогсохгүй; тариачин ажил нь дуусах хүртэл газар хагалахаа зогсоохгүй. Христитгэлийн амьдрал тэвчээрийг шаарддаг. "Өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе" (Еврей 12:1).
Та Бичвэрийг судлахдаа "Энэ үнэнийг хэрэгжүүлэх ёстой миний амьдралын талбар юу вэ?" гэж асуугаарай. Үнэнийг амьдралдаа системтэйгээр хэрэгжүүлэхэд туслахыг та Бурханаас хүс. Ийнхүү үйлдэх үед Бурхан танд үнэнийг илүү их илчлэх болно. Та сүнслэг хоол тэжээлийг бүр ихээр хүсэмжлэх байдлаа хөгжүүлэх болно.
Хэрэв Бурхан Ефес 4:29 эшлэлээр дамжуулан таны үг яриаг өөрчлөгдөхийг ятгавал та бусдыг босгон байгуулах үгийг хэлж хэвшихэд өөрийгөө зориулах ёстой. Энэ нь өдөрт нэг удаа хэн нэгний амьдралд нигүүлслийн үг хэлэх боломж олгохыг Бурханаас хүсэх гэх мэт энгийн байж болно. Энэ нь таны харилцаанд бусдыг гэмтээх үг яриа гарах үед найзыгаа танд сануулж хэлж байхыг хүсэх ч байж болно. Энэ нь Бурханы Үгийг өдөр бүр хэрэгжүүлэх арга зам болдог.
Коллежид сурдаг нэгэн залуу амьдралынхаа тодорхой талбарт сорилттой тулгарч тэмцэлддэг байв. Одбаяр хөгжим сонирхдог байсан бөгөөд зарим дуу бичлэг нь түүний сул тал болж, уруу татагддаг байжээ. Одбаяр уруу татлагыг ялахыг хүсдэг байсан ч Бичвэрийг тууштай хэрэгжүүлдэггүй байлаа.
9-р сард сургууль дээр нь сэргэлтийн цуглаан болдог бөгөөд Одбаяр тэр үед Бурханы өмнө очин шийдвэр гаргажээ. Тэрээр дотуур байранд өрөөндөө буцаж ирээд зохисгүй санагдсан хөгжим бичлэгүүдээ гарган хаяв. Хэдэн долоо хоног тэрээр сайн гэрчлэлтэй амьдарсан ч хэсэг хугацааны дараа тэр шинэ хөгжим бичлэгүүдийг худалдан авчээ. Удалгүй тэрээр урам хугарч, 11-р сар болоход "Би буцаад уначихлаа" гэж хэлэх болно.
2-р сар гарахад сургууль дээр нь Библийн конференц болно. Одбаяр Бурханы өмнө очоод шийдвэрээ гаргана. Тэр бичлэгүүдээ хаяж, хэдэн долоо хоног сайн гэрчлэлтэй амьдарна. Харин 4-р сар гарахад тэр дахин хөгжим бичлэгүүдээ худалдан авч, үйл явц дахиад эхэлнэ!
Одбаярт юу хэрэгтэй байсан бэ? Илүү сайн хөрвүүлэг үү? Үгүй! Тэр өөрийнхөө сул талыг сайн мэдэж байсан. Оюун бодлоо цэвэр байлгах талаар Библи юу гэж хэлснийг тэр мэддэг байсан. Тодорхой төрлийн хөгжим түүний сүнслэг алхаанд хэрхэн нөлөөлдгийг тэр мэддэг байсан. Одбаярын асуудал нь хөрвүүлэг биш, тэр зүгээр л мэддэг зүйлээ хэрэгжүүлэх хэрэгтэй байв.
Та амьдралынхаа аль талбарт хэрэгжүүлэлт хийх хэрэгтэй байна вэ?
[1] John ба Charles Wesley нарын 1739 оны
Hymns and Sacred Poems хэвлэлийн өмнөх үг
.
Previous
Next