► 2 Тимот 4:6-22 эшлэлийг унших.
Паул Тимотод "Өвлөөс өмнө ирэхийг хичээ" (2 Тимот 4:21) хэмээн бичжээ. Дараах нөхцөл байдлын дагуу Паулын хүсэлтийг анзаараарай:
Паул Ромын шоронд байна. Тэр удахгүй итгэлийнхээ төлөө амиа өгнө.
Тимот хэдэн зуун километрийн зайд орших Ефес хотод үйлчилдэг.
Намар тэнгисээр аялах нь аюултай байсан бөгөөд харин өвөл ямар ч боломжгүй байжээ. Тимот өвлөөс өмнө очихын тулд энэ захидлыг хүлээн авсан даруйдаа явах ёстой байж.
Түүхэн хам сэдэв нь Паулын хүсэлтийн цаана буй сэтгэл хөдлөлийг ойлгоход тусалж байна. Паул зүгээр л "Боломжтой үедээ ирээрэй" гэж хэлээгүй. Тэр сүнслэг хүүгээсээ "Би үхэхээсээ өмнө чамайг дахин хармаар байна. Хэрэв чи өвөл хүртэл хүлээвэл аялах боломжгүй болно. Хэтэрхий оройтохоос өмнө ирээч" хэмээн гуйж байна. Та түүхэн хам сэдвийн талаар юу ч мэдэхгүй байсан ч захидлын утга санаа бол хэвээрээ л байна. Гэхдээ түүхэн хам сэдэв нь Паулын хүсэлт яаралтай байгааг харуулдаг.
Түүхэн ба соёлын хам сэдэв нь чухал ач холбогдолтой. Учир нь Бурхан дэлхийн хүн бүр ойлгож чадах ганцхан хэл дээр Библийг өгөөгүй. Бичвэрийн талаарх дараах хоёр чухал зүйлийг анзаараарай:
1. Бичвэрийн зарчмууд нь цаг үргэлж, газар сайгүй, хүн бүрийн хувьд үнэн байдаг.
2. Бичвэрийн зарчмууд нь тодорхой цаг үед, тодорхой газарт, тодорхой хүмүүст өгөгдсөн.
Библийг хөрвүүлэх нь [1]
1
Тэдний суурин
Бичвэрийн анхдагч мэдээ, сургаал
2
Гол
Эртний ертөнц ба бидний ертөнцийг тусгаарладаг түүхэн ба соёлын ялгаа
3
Гүүр
Текстэд зааж буй зарчим
4
Газрын зураг
Шинэ гэрээний холбоо хамаарал (Хуучин гэрээний багц хэсгүүдийн хувьд)
5
Бидний суурин
Зарчмыг өнөөгийн ертөнцөд хэрэгжүүлэх
Бичвэрийн түүхэн ба соёлын нөхцөл байдлыг сайн ойлгох тусам Библийн нийтлэг зарчмуудыг төдий чинээ сайн ойлгодог.
Түүхэн ба соёлын хам сэдвийг судлахдаа бид анхны сонсогчдод зориулсан мэдээ сургаалыг ойлгохын тулд Библийг "тэдний суурин" газарт уншдаг. Дараа нь бид эртний ертөнц болон бидний ертөнцийг тусгаарлаж буй "гол" буюу ахуй соёлын ялгааг авч үздэг. Библийн ертөнцийг сайн ойлгох тусам Бурханы Үг өнөөгийн бидний ертөнцөд хэрхэн ярьж байгааг илүү тод сонсох боломжтой болдог.
Бичвэрийг анхдагч хам сэдвийн хүрээнд унших нь чухал юм. Учир нь энэ нь Библийн хөрвүүлгийн чухал зарчмын суурь болдог: Өнөөдөр Библийн текстийг хөрвүүлэхэд хүчин төгөлдөр байгаа аливаа хөрвүүлэг нь текстийн анхдагч мэдээ сургаалтай нийцэх ёстой. Би текстийн анхдагч мэдээ сургаалтай зөрчилдөх утга санааг хайж болохгүй.
Түүхэн ба соёлын хам сэдэв гэж юу вэ? Түүхэн ба соёлын хам сэдэв гэдэг нь бидэнд текстийг өөрийг нь ойлгоход тусалдаг текстийн гадна байгаа зүйл юм. Үүнд дараах асуултуудын хариулт багтана:
Цөлд израилчуудын амьдрал ямар байсан бэ? (Гэтлэл—Дэд хууль хам сэдэв)
I зууны үеийн Палестины ахуй соёл ямар байсан бэ? (Сайнмэдээний хам сэдэв)
Галат болон Филиппой хотод Паулыг ихэд бухимдуулсан хуурамч багш нар хэн байсан бэ?
Түүхэн ба соёлын хам сэдвийг судлахдаа асуух зарим асуултууд:
(1) Библийн бичигчийн талаар бид юу мэддэг вэ?
Бурхан хүмүүсээр дамжуулан айлдсан тул бичигчийн талаарх мэдлэг нь Бурханы Үгийг илүү сайн ойлгоход тусалдаг.
Паулын захидлуудыг уншихдаа итгэгч болохоос өмнөх түүний амьдралыг санах хэрэгтэй. Тэр "Махбодод түшиглэх шалтгаан гэвэл надад ч бий" (Филиппой 3:4-6) гэж бичсэн бөгөөд фарисайчууд Хуулийг нарийн чанд сахидаг байсныхаа төлөө өндөр хүндлэл хүлээдэг байсныг бид мэдэх хэрэгтэй юм. Тэдний хоёр нүүр гаргаж, Есүсийг хүлээн авахаас татгалзсаныг бид мэддэг. Түүнчлэн Бурханы хуулийн нарийн ширийн зүйлийг ч тэд хайрладаг байсныг мөн санах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, Паул өөрийгөө нүгэлтнүүдийн "эхнийх" гэж тодорхойлсон байдаг (1 Тимот 1:15) Ингэхдээ Паул чуулганыг хавчиж, Христэд итгэгчдийг үхэлд хүргэж байснаа санаж байв. Энэ нь Дамаск руу явах замд Христтэй уулзахаас өмнөх түүний амьдралын дурсамж юм.
Гэтлэл номыг уншихдаа Мосе Фараоны ордонд ямар эрх эдэлж байсныг мэдэх хэрэгтэй. Ордон дахь тансаг амьдралыг нь бодож үзвэл Еврей 11:25 эшлэлд Мосегийн тухай хэлсэн зүйлийг бүр илүү гүнзгий ойлгоно. "Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм." Залуухан Мосед олгогдсон боловсрол, ахуй соёлын боломж бололцоог нь харвал Бурхан агуу үндэстнийг удирдуулахаар үйлчлэгчээ бэлтгэж байсныг ч бид олж хардаг.
(2) Библийн сонсогчдын талаар бид юу мэддэг вэ?
Библийн бичигчийн талаар суралцахын зэрэгцээ анхны сонсогчдын талаар аль болох ихийг мэдэж авах хэрэгтэй.
1 ба 2 Шастир номд багтсан ихэнх материал нь Самуел болон Хаадын номд давтагдсан байдаг. Яагаад? Шастир ном нь израилчууд цөллөгөөс буцаж ирсний дараа бичигджээ. Бурхан Израилыг яагаад шүүлтийн зовлонд оруулсан талаар Хаад номд өгүүлдэг бол, Бурхан ард түмэндээ санаа тавьсан хэвээр байсныг Шастир номд харуулдаг.
Йерусалим бүслэгдэж, сүйрч байсан тэдгээр өдрүүдэд Иеремиа номлож байлаа. Түүний шүүлтийн тухай мэдээг уншихдаа амлагдсан шүүлт нь тун удахгүй болохыг санах хэрэгтэй. Гэсэн хэдий ч Иеремиа номоос Бурханы амлалтыг ч бид уншдаг: "Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна" (Иеремиа 29:11). Энэ амлалт хүмүүсийг харь улсад олзлогдохын өмнө иржээ. Бурханы ард түмэндээ зориулсан төлөвлөгөөнд тэднийг гэмшилд авчрах шүүлтүүд багтдаг.
1 Иохан захидал нь зөвхөн сүнслэг зүйл л сайн, харин махбод, биет зүйлс бузар муу гэсэн худал сургаалтай тулгарч байсан итгэгч хүмүүст зориулагджээ. Хуурамч багш нар Есүс жинхэнэ хүн байгаагүй, харин зөвхөн хүн шиг харагдаж байсан гэж сургаж байв. Иохан уншигчдадаа Есүс бие махбодтой байсныг сануулж бичсэн. "Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай" (1 Иохан 1:1).
Хуурамч багш нар мөн аврал нь цөөн хэдэн хүнд илчлэгдсэн нууц мэдлэгээр дамжин ирдэг хэмээн сургаж байлаа. Бурханыг үнэхээр таньж мэдэхийн тулд бид дуулгавартай байх ёстойг Иохан бичжээ. "Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ" (1 Иохан 2:3). Мөнх амийг өгдөг тэрхүү мэдлэг нь хайрыг агуулдаг. “Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ” (1 Иохан 3:14).
(3) Номын түүхэн нөхцөл байдлын талаар бид юу мэддэг вэ?
Нэгэн номлогч "Өнөөдөр би Христэд итгэгч хүн хэрхэн эхнэр авах ёстой талаар номлоно. Шүүгчид 21:20-21-д хэлсний дагуу бид хөрш зэргэлдээ суурин руу явж, бутанд нуугдах хэрэгтэй. Тосгоны залуухан бүсгүйчүүдийн нэг нь зөрж өнгөрөхөд түүнийг барьж аваад гэртээ авчрах хэрэгтэй. Энэ бол эхнэрээ сонгох Библийн загвар юм" хэмээн заасан гээд төсөөлөөд үз дээ. Бичвэрийг хэрэгжүүлж буй түүний арга барилд та эргэлзэх болно!
Номлогчийн хэрэгжүүлэлтэд юу буруу байна вэ? Шүүгчид номд Бениамин овгийн эрчүүд нэг удаа ийм аргаар эхнэр авсан гэж өгүүлсэн байдаг. Ингэхдээ Израилын нэг овгийг авч үлдэх сайн зорилгын төлөө ингэсэн гэж өгүүлдэг. Гэсэн хэдий ч номлогч түүхэн хам сэдвийг үл тоомсорлож байна. Энэ түүх нь Шүүгчид номын төгсгөлд гардаг бөгөөд Израил Бурханы төлөвлөгөөнөөс эмх замбараагүй байдал руу хэрхэн унаж доройтсоныг харуулдаг. Гэрлэлтийн талаарх Бурханы төлөвлөгөөг бус, харин Бурханы хүмүүс Түүний эсрэг босоход юу болдгийг энэ түүх харуулдаг.
Заримдаа бид бичигч эсвэл сонсогчдын талаар бага мэдээлэлтэй байдаг ч, ерөнхий түүхэн нөхцөл байдлын талаар мэддэг. Бид Рут номыг хэн бичсэнийг мэдэхгүй ч, үйл явдлууд нь шүүгчид захирч байсан өдрүүдэд болсныг мэддэг (Рут 1:1). Энэ нь Израилд нийгмийн ёс бус байдал ноёрхож байсан цаг үе юм (Шүүгчид 21:25). Израил Бурханд итгэмжгүй хандсаныг моаб бэлэвсэн эмэгтэй Рутын итгэмжит байдалтай эсрэгцүүлж Рут номд өгүүлжээ.
Энэ хүүрнэлд Боаз хэрхэн хувиа бодолгүй Руттай гэрлэж, Наомигийн нас барсан хөвгүүдэд хууль ёсны өв залгамжлагчийг бий болгосон талаар мөн өгүүлдэг. Ойрын хамаатан-өв золигчийн хувьд Боаз Наомигийн төлөө хүү өгөхдөө өөрийн өв залгамжлах эрхээ золиосолжээ. Ийнхүү Боаз Давидын удам угсаанд байр суурийг эзэлсэн юм (Матай 1:6, 16).
Иона номыг хөрвүүлэхэд түүхэн нөхцөл байдал чухал:
Ниневе нь Израилын хамгийн аюултай дайсан Ассирын нийслэл хот байв.
Ионаг Ниневед номлож байсан тэр үед Амос болон Хосеа нар Бурханы Израилын дээрх шүүлт Ассираар дамжин ирнэ хэмээн сэрэмжлүүлж байлаа.
Хүний өнцгөөс харвал Ионагийн ассирчуудад номлохоос татгалзсаныг ойлгох боломжтой. Бүх хүмүүсийг ялгаварлалгүйгээр хайрладаг Бурханы үзэл бодлыг Иона ном харуулдаг.
(4) Номын ахуй соёлын нөхцөл байдлын талаар бид юу мэддэг вэ?
Бичвэрийн түүхэн ба соёлын хам сэдэв нь Библийн ертөнц дэх ахуй соёлын ёс заншлыг мөн авч үздэг. I зууны үеийн Палестин дахь ёс заншлыг мэдсэнээр бид Есүсийн заасан сургаалт зүйрлэлүүдийг шинээр харж ойлгох боломжтой:
Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэл нь (Лук 10:30-35) иудей сонсогчдыг гайхшруулж байсан. Шашны удирдагчид шархадсан аялагч хүнд туслаагүйд Есүсийг сонсогч хүмүүс төдийлөн гайхаагүй. Харин түүнд тусалж, аврах нэгнийг гарцаагүй рабби эсвэл фарисай хүн байх гэж тэд хүлээсэн. Гэтэл тэдний жигшдэг самари хүнийг хайр энэрлийн үлгэр жишээ болгон Есүс сургажээ.
Ачлалгүй хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг уншихдаа (Лук 15:11-32) иудей эцэг хүн нэр төрөө эрхэмлэдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Сонсогчдын хувьд эцэг нь хүүгээ буцаж ирэхийг зөвшөөрөхгүй, эсвэл түүнийг боол болгохыг зөвшөөрнө хэмээн хүлээж байсан. Гэтэл эцэг нь төөрөлдсөн хүүгээ буцаж ирэхэд баярласандаа нэр төрөө хөсөр хаяж хүү рүүгээ гүйжээ. Энэ үйлдэл нь маш цочирдом байсан тул зарим дорно дахины соёлд энэ хүүрнэлийг "Гүйж буй эцгийн сургаалт зүйрлэл" хэмээн нэрлэдэг. Үүнтэй адилаар бидний тэнгэрлэг Эцэг биднээс уучлал эрэхийг хүлээхийн оронд, Тэрээр тэрслүү нүгэлтнүүдийг эрж хайдаг. Энэ бол бидний Эцэгийн хэмжээлшгүй агуу хайрын дүр зураг юм.
Паулын захидлуудыг I зууны ахуй соёлын нөхцөл байдлыг харгалзан унших хэрэгтэй. Ефес 5:21–6:9 хэсэг нь Паулын уншигчдын хувьд цочирдом мэдээ байсан. Эхнэр хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн Паулын тушаал нь хэвийн сонсогдож байсан байх. Харин нөхрүүдэд Христ өөрийгөө золиослосон үлгэр дуурайлыг дагах ёстой хэмээн тушаах нь Ром гаралтай сонсогчдын ой тойнд багтахгүй байжээ. Хүүхдүүд эцэг эхээ дуулгавартай дагах ёстойг ойлгож болох байсан ч, хүүхдүүдээ уурлуулахгүй байхыг Ромын ертөнц дэх эцгүүдэд хэн ч урьд хожид хэлж байсангүй.
Паул Филиппойчуудад хандан тэнгэрт харьяалалтай иргэд адил амьдрахыг уриалсан байдаг (Филиппой 3:20). Тэр үүнийг иргэншил нь Ромын эзэнт гүрэнд онцгой эрх эдэлдэг Филиппой хотынхонд хандан бичсэн юм. Энэ хот нь тэтгэвэрт гарсан цэрэг армийнхныг суурьшуулахаар байгуулагдсан тул Филиппой хотын иргэд иргэншлээ маш өндрөөр үнэлдэг байжээ. Паул тэдний жинхэнэ иргэншил нь дэлхий дээрх аль нэг хотод биш, харин тэнгэрт байгааг сануулсан юм. Энэхүү түүхэн ба соёлын нөхцөл байдлыг мэдэх нь Филиппой захидлыг илүү сайн ойлгоход тусалдаг.
Түүхэн ба соёлын хам сэдвийг нээж илрүүлэх нь
Бидний үзсэнчлэн, Бичвэрийн багц хэсгийн түүхэн ба соёлын хам сэдвийг судлах нь асуулт асуух байдлаар эхэлдэг. Бид асуултуудынхаа хариултыг хэрхэн олох вэ? Курс хичээлийн хавсралтад бидэнд хариулт өгөх хэд хэдэн Библи судлалын эх сурвалжийг тайлбарласан байгаа. Мөн Shepherds Global Classroom байгууллагын бүтээсэн Хуучин гэрээ болон Шинэ гэрээг танилцуулах курс хичээлүүдийг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр курс нь Библийн ном тус бүрийн нөхцөл байдлыг мэдэхэд тусална.
Previous
Next