Нэг багц хэсэгт хийх таны ажиглалт уг хэсгийн бичлэгийн хэв маягаас шалтгаална. Түүхэн хүүрнэлд хэн, юу, хэзээ, хаана гэсэн асуултууд багтана. Онол сургаалын хэсэгт зааж сургахтай холбоотой асуултууд багтана.[1]
Нехемиа 1:5-11 эшлэл нь залбирал юм. Түүний залбиралд дараах зүйлс багтсан байна:
Магтаал “Аугаа хийгээд сүрдэм Бурхан... гэрээгээ сахигч” Нэгэнд зориулагджээ.
Гэм нүглээ улайх “Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилын хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.”
Түүний гуйлт хүсэлт Бурханы амлалтад үндэслэгджээ. “Харин та нар Над руу эргэж... Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна.”
Энэ үе шатанд тус багц хэсгийн содон хачирхалтай, нарийн ширийн зүйлсийг тэмдэглэх нь чухал. Нехемиагийн залбирлын дараа түүний намтартай холбоотой нарийн ширийн зүйлсийг өгүүлдэг: "Тэгэхэд би хааны сөнч байв." Энэ нь эхэндээ тийм ч чухал санагдахгүй байж болох ч, хүүрнэл цааш өрнөх тусам энэ нь чухал болно.
Хэрэв бид Библийн толь бичгээс "сөнч" гэсэн үгийг харвал,[2] сөнч нь зүгээр л зарц биш, харин өндөр албан тушаалтай, хааны итгэлт хүн байсан гэдгийг мэдэх боломжтой.[3]
Багц хэсгээс бид ямар зүйлсийг ажиглах хэрэгтэй вэ? Дараах зүйлсийг анзаарна уу:
Ерөнхийгөөс тодорхой руу чиглэх харилцаа
Олон багц хэсэг ерөнхий тойм байдлаар эхэлж, улмаар тодорхой нарийн ширийн зүйлсээр хөгжин дэлгэрүүлэгддэг. Эдгээр нарийн ширийн зүйлс нь ерөнхий агуулгыг цаашид дэмжих байдлаар тайлбарлагддаг.
Ерөнхийгөөс тодорхой руу чиглэх харилцаа нь Паулын захидлуудад түгээмэл тохиолддог. Галат 5:16 эшлэлд Сүнс доторх амьдралыг махбод доторх амьдралтай эсрэгцүүлсэн байдаг. "Харин би та нарт хэлье. Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй." Энэ ерөнхий агуулгыг цаашид өгүүлэх хэд хэдэн тодорхой санаанууд дэмждэг. Галат 5:19-21 эшлэл нь махбодын үйлсийг тодорхойлдог. Харин Галат 5:22-23 эшлэл нь Сүнсний үр жимсийг тодорхойлдог.
Зарим хүүрнэл ерөнхийгөөс тодорхой руу чиглэсэн хэв маягтай байдаг. Эхлэл 1 ба 2-р бүлэг нь ерөнхий агуулгаас тодорхой нарийн ширийн зүйлс рүү шилжин, энэ хэв маягтай адил бичигдсэн байна. Энэ нь гурван алхмаар явагддаг:
1. Эхлэл 1:1 эшлэл ерөнхий агуулгыг танилцуулж байна: “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.”
2. Эхлэл 1:3-31 эшлэл нь бүтээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг. Эхний өдөр Бурхан гэрлийг бүтээсэн. Хоёр дахь өдөр Бурхан усыг тэнгэрээс салгасан гэх мэт.
3. Эхлэл 2-р бүлэг илүү тодорхой зүйлсийг өгүүлдэг. Өгүүлэгч ертөнц хэмээх ерөнхий бүтээлээс хүн хэмээх тодорхой бүтээл рүү шилждэг. Түүх бүхэл бүтэн ертөнцөөс тодорхой газар нутаг болох Еден цэцэрлэгийн сэдэв рүү нарийсдаг. Бурханы нэр хүртэл өөрчлөгддөг. Эхлэл 1-р бүлэгт хүч чадлыг илтгэсэн нийтлэг нэр болох Бурхан гэдэг нэрийг ашигласан. Харин Эхлэл 2-р бүлэгт ЭЗЭН Бурхан гэдэг нэрийг ашигласан бөгөөд энэ нь Адам Ева хоёртой харилцах Түүний ойр дотно харилцааг харуулсан хувийн нэр юм.[4]
Бичлэгийн энэ хэв маяг нь ихэвчлэн ерөнхийгөөс тодорхой руу шилждэг. Заримдаа эсрэгээрээ, тодорхойгоос ерөнхий рүү шилждэг. 1 Коринт 13-р бүлэгт Паул 1-12-р эшлэлд хайрын талаарх тодорхой шинж чанаруудыг өгүүлсэн байдаг. Харин тус бүлэг Паулын сургаалыг нэгтгэн дүгнэсэн “Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн” гэсэн ерөнхий агуулгаар төгсдөг.
Асуулт ба хариултын хэсгүүд
Хэрэв багц хэсэг асуултаар эхэлж байгаа бол асуулт нь тухайн багцлалын үлдсэн хэсгийн ач холбогдлыг харуулдаг. Ром номд энэ хэв маяг түгээмэл гардаг. Нигүүлсэл нь нүгэлт амьдралын хэв маягийг зөвтгөдөг гэж маргадаг хүмүүст Паул "Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлслийг ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу?" (Ром 6:1) хэмээн асуусан байдаг. Дараа нь тэрээр Бурханы нигүүлсэл нь Христэд итгэгч хүнд нүглийг ялах хүч өгдөгийг баталж, "Огт үгүй! Нүглийн хувьд үхсэн бид цаашид яахан түүн дотроо амьдрах билээ?" (Ром 6:2) хэмээн хариулсан.
Маркийн Сайнмэдээ энэ бүтцийг байнга ашигладаг. Марк 2:1–3:6 нь таван хэсэг асуултаар эхэлсэн байдаг. Дөрвөн удаа эсэргүүцэгчид асуулт тавьсан. Тэр болгонд Есүс өмгөөлж хариулсан байдаг. Сүүлчийн хэсэгт Есүс фарисайчуудын хариулах боломжгүй асуултыг асуусан. Энэ нь томоохон хэсэгт ямар бүтэц бий болгож байгааг анзаараарай. Үүнгүйгээр бид таван тусдаа түүхийг унших байсан. Асуулт, хариултаар бүрэлдсэн бүтцийг харах үед энэхүү таван түүх нь Хүний Хүүд аврах эрх мэдэл байгааг гэрчлэн харуулдаг.
1. Саа өвчтэй хүнийг эдгээсэн (Марк 2:1-12)
Асуулт: “Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ?”
Хариулт: Есүс саа өвчтэй хүнийг эдгээж эрх мэдлээ харуулсан.
2. Нүгэлтнүүдтэй хамт хооллосон (Марк 2:13-17)
Асуулт: “Тэр яагаад татвар хураагчид ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ?”
Хариулт: “Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.”
3. Мацаг барих нь (Марк 2:18-22)
Асуулт: “Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ?”
Хариулт: “Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй.”
4. Амралтын өдрийн хууль (Марк 2:23-28)
Асуулт: “Хараач, тэд яагаад Амралтын өдөр хууль бусыг үйлдэнэ вэ?”
Хариулт: “Хүний Хүү Амралтын өдрийн Эзэн мөн.”
5. Амралтын өдөр эдгээх нь (Марк 3:1-6)
Асуулт: “Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэхийн... аль нь хуульд нийцэх вэ?”
Хариулт: Есүсийг эсэргүүцэгчид хэлэх үггүй болжээ.
Харилцан яриа
Сайнмэдээний номуудад Есүс болон түүний эргэн тойрны хүмүүс хоорондын яриаг олонтоо дүрсэлсэн байдаг. Дараах асуултуудыг тавьснаар бид Есүсийн сургаалыг илүү сайн ойлгох боломжтой:
Харилцан ярианд хэн хэн оролцож байна вэ?
Харилцан яриаг ямар ажиглагчид сонсож байна вэ? Тэд хэрхэн хариулж байна вэ?
Ямар зөрчил эсвэл нөхцөл байдлын улмаас харилцан яриа үүсэх болов?
Матай 21:23–22:46-д Есүс болон Түүнийг эсэргүүцэгчдийн хоорондын цуврал харилцан яриаг өгүүлсэн. Хэсэг бүлэг хүмүүс тус бүрдээ Есүсийг унагах зорилготой асуултуудыг тавьжээ.
Эхлээд шашны удирдагчид Түүний эрх мэдлийн талаар асуусан (Матай 21:23-46).
Фарисайчууд болон Херодын талынхан (ихэвчлэн бие биедээ дайсагнадаг) татварын талаар асуулт тавьж, Түүнийг унагахын тулд нэгдэцгээв (Матай 22:15-22).
Саддукайчууд (амиллыг үгүйсгэдэг) амиллын дараах гэрлэлтийн талаар асуулт тавьжээ (Матай 22:23-32).
Фарисайчууд тушаалуудын талаар асуулт тавьж, дахин туршив (Матай 22:34-40).
Эцэст нь Есүс тэдний хариулж чадахгүй асуултыг тавьж, мэтгэлцээнийг дуусгав (Матай 22:41-46).
Олон түмэн тэдгээр хэсэг бүлэг хүмүүс Есүсийг хуурахаар оролдож буйг болон Есүс асуусан болгоныг хэлэх үггүй болгож байгааг харж байлаа. “Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа” (Матай 22:33).
Харилцан яриа нь Иов номыг ойлгоход чухал ач холбогдолтой. Энэ номд Бурхан ба Сатан, Иов ба түүний найзууд, Иов ба Бурханы хоорондох харилцан яриаг өгүүлдэг.
Хабаккук ном бүхэлдээ эш үзүүлэгч болон Бурханы хоорондох харилцан ярианаас бүрддэг. Ном нь дараах бүтэцтэй байна:
Хабаккукын асуулт : Бурхан Иудагийн нүглийг яагаад тэвчдэг вэ (1:1-4)?
Бурханы хариулт : Вавилон Иудаг ялах болно (1:5-11).
Хабаккукын асуулт : Бурхан Иудаг шүүхдээ бузар муу Вавилоныг хэрхэн ашиглах вэ (1:12-2:1)?
Бурханы хариулт : Хабаккук Бурханы зорилго дотор итгэлээр амьдрах ёстой (2:2-20).
Сэтгэл хөдлөлийн өнгө аяс
Сэтгэл хөдлөлийн өнгө аяс гэдэг нь бичигчийн илэрхийлж буй сэтгэл хөдлөлийг хэлнэ. Бичвэр нь хийсвэр мэдээллээс илүүтэйгээр хайрладаг Бурхан болон Түүний бүтээсэн хүмүүс хоорондын харилцааны түүх юм. Ийм дотно харилцаанд сэтгэл хөдлөл багтдаг. Анхааралтай уншигчид бичигчийн сэтгэл хөдлөлд анхаарал хандуулдаг.
Багц хэсгийн сэтгэл хөдлөлийн өнгө аясыг олохын тулд сэтгэл хөдлөл (баярлах, жигших, уйлах) эсвэл харилцааг (эцэг, хүү, охин) илэрхийлсэн үгсийг анзаараарай. Бичигчийн болон хүүрнэл дэх дүрүүдийн сэтгэл хөдлөлийг сонсоорой.
► Филиппой 1:1-8 болон Галат 1:1-9 хэсгийг унших. Багц хэсэг бүрийн сэтгэл хөдлөлийн өнгө аяс ямар байна вэ? Эдгээр танилцуулга хэсгээс Паул Филиппой болон Галат дахь чуулгануудтай ямар харилцаатай байсныг та юу гэж дүгнэх вэ?
[1] Энэ хэсгийн ихэнх материалыг J. Scott Duvall ба J. Daniel Hays нарын
Grasping God’s Word (Grand Rapids: Zondervan, 2012) номын 4-р бүлгээс авсан.
[3] J. D. Douglas,
New Bible Dictionary , (2nd edition), (Wheaton: Tyndale House, 1982)
[4] Еврей хэлний
Элохим гэдэг нэрийг англи Библиүдэд
Бурхан хэмээн орчуулдаг. Энэ нь бүх дэлхийг хамарсан, эрхэмсэг нэр юм. Еврей хэлний
Иавэ гэдэг нэрийг англи Библиүдэд "
ЭЗЭН " гэж орчуулдаг. Энэ нь Гэтлэл 3:14 эшлэлд илчлэгдсэн Түүний хувийн нэр юм.
Previous
Next